Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 947

 

                                      Ш.А-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ш.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТБ” ХХК--д холбогдох

 

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40 229 100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.А- миний бие “ТБ” ХХК--ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаал байхгүй болсон гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрээр ажилтан Ш.Аптанчимэг намайг “ТБ” ХХК--ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажил албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ТБ” ХХК--д даалгаж шийдвэрлэсэн. “ТБ” ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/1293 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрийн дагуу Ш.А- намайг “ТБ” ХХК--ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлаар буцаан томилсон. Намайг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад “ТБ” ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1 дэх заалтыг үндэслэн дахин ажлаас халсан. “ТБ” ХХК--ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01257 дугаартай шийдвэрээр ажилтан Ш.А- намайг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг “ТБ” ХХК--д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11 728 028 төгрөгийг “ТБ” ХХК--аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч “ТБ” ХХК- сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч “ТБ”-” хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж өдийг хүрлээ. “ТБ” ХХК- хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул иргэн Ш.А- миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 40 229 100 төгрөг /2017 оны 11 дүгээр cap 6 866 228 төгрөг, 12 дугаар cap 5 470 333 төгрөг, 2018 оны 1 cap 4 962 000 төгрөг, сарын дундаж цалин нь 5 766 187 төгрөг ажлын 21.5 хоног, 1 өдрийн дундаж цалин 268 194 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл ажлын 150 хоног 268 194 төгрөг, нийт 40 229 100 төгрөг/ болж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 40 229 100 төгрөгийг гаргуулах, дээр дурдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлүүлэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ТБ” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Х.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.А- нь 2013 оны 8 дугаар сараас “ТБ” ХХК--ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/1353 тоот тушаалаар Ш.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Ш.А-ийг ТБ Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 899 976 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. “ТБ” ХХК- дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 899 976 төгрөгийг олгож, “ТБ” ХХК--ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон. “ТБ” ХХК--ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай “ТБ” ХХК--ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу ТБ Улаанбаатарын банкны газар татан буугдаж газрын захирлын орон тоо хасагдсан тул Ш.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар цуцалсан. Ш.А- нь дээрх тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ТБ” ХХК--ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газар татан буугдсан байна гэж үзэн нэхэмжлэгч Ш.А-ийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх /3 хүртэлх насны хүүхэдтэй/ заалтыг үндэслэж нэхэмжлэгч Ш.А адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг “ТБ” ХХК--д даалгаж шийдвэрлэсэн. Шүүх шийдвэртээ Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБ-д даалгасугай гэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан гэх Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлаагүй, 36 дугаар зүйлийн 36.2 дах заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийж ирсэн гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБ-д даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь дан ганц хариуцагчаас хамаарах зүйл биш байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ш.А- нь шүүхийн шийдвэрт заасанчлан адил чанарын албан тушаалд харилцан тохиролцож томилогдох хүсэлтийг гаргаж байгаагүй, ажил олгогчийн зүгээс гаргасан хүсэлт саналыг хүлээн аваагүй, банкны зүгээс орон тоо байхгүй, зохицуулах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Ш.А-ийн өөрийнх нь илэрхийлсэн газрын захирлын албан тушаал гараагүй тул банкийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТБ” ХХК--аас 38 619 936 /гучин найман сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 609 164 /нэг сая зургаан зуун есөн мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “ТБ” ХХК--д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359 096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТБ” ХХК--аас улсын тэмдэгтийн хураамжид 351 049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Х.Мөнхзул нарын давж заалдах гомдолдоо:

... Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах. Гомдлын үндэслэл:

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн татгалзлалыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаарх хууль зүйн үндэслэлийг дурдаагүй. Нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хангаж байгаа, хариуцагчийн татгалзлалыг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй талаарх тайлбар, үндэслэлийг дурдахаас зайлсхийж "нэхэмжлэлийг хангаж байна" гэх ганц өгүүлбэрийг шийдвэртээ дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т "ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил. албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй" гэж заасан. Дээрх зохицуулалтуудын дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгоно.

Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн Улаанбаатар банкны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБ даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тус шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсгийг баримтлаагүй, 36.2 дахь заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй юм. Шүүх хуульд маш тодорхой заагдсан "зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр өмнөх ажилд нь тогтоосон бол 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны олговор олгоно” гэх заалтыг өөрийн үзэмжээр дэлгэрүүлэн, өргөтгөн тайлбарласан нь /36.2 дах заалтыг мөн хамаатуулан/ үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ш.А-ийг адил чанарын албан тушаалд томилох боломж гараагүй, өөр ажил, албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгчтэй тохиролцоонд хүрээгүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан. Өөрөөр хэлбэл Ш.А- нь ТБ-д ажил албан тушаалд томилогдоогүй байгаад банк буруугүй. Энэ шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Ш.А- болон банкны орон тоо, сул чөлөөтэй ажлын байр гараагүй зэргээс хамаарсан тул банк Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заалтын дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийж ирсэн гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг “ТБ” ХХК--д даалгаж шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд Ш.А-ийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаалтай адил чанарын ажлын байр өнөөдрийг хүртэл хугацаанд гараагүй тул банкийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч “ТБ” ХХК--д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40 229 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр Ш.А-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг үүрэг болгосон нь дан ганц хариуцагчийн үүрэг биш, ажил олгогчийн зүгээс өөр ажилд томилох санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авдаггүй, мөн өөрөө өөр ажилд томилогдох хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01257 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн Улаанбаатар банкны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг “ТБ” ХХК--д даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 11 728 028 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК--аас гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа болох нь хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-ийн 9-13 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд ажил олгогч “ТБ” ХХК- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан бүх хугацааны олговрыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, 46 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр тооцсон нь зөв болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн хариуцагч байгууллагаас 38 619 936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО