Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00399

 

Ш.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаар магадлалтай,

Ш.А-ийн нэхэмжлэлтэй,

ТБ ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40.229.100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А-, түүний өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, Ч.Р, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ТБ ХХК-ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаал байхгүй болсон гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрээр ажилтан Ш.Аптанчимэг намайг ТБ ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/1293 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрийн дагуу Ш.А- намайг ТБ ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлаар буцаан томилсон. Намайг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1 дэх заалтыг үндэслэн дахин ажлаас халсан. ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01257 дугаартай шийдвэрээр ажилтан Ш.А- намайг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБ ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.728.028 төгрөгийг ТБ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч ТБ ХХК сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч ТБ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж өдийг хүрлээ. ТБ ХХК хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул иргэн Ш.А- миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 40.229.100 төгрөгийг гаргуулах, дээр дурдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлүүлэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Х.Мөнхзул нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Ш.А- нь 2013 оны 8 дугаар сараас ТБ ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1353 тоот тушаалаар Ш.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Ш.А-ийг ТБны Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.899.976 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. ТБ ХХК дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.899. 976 төгрөгийг олгож, ТБ ХХК-ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон. ТБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай ТБ ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу ТБны Улаанбаатарын банкны газар татан буугдаж газрын захирлын орон тоо хасагдсан тул Ш.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар цуцалсан. Ш.А- нь дээрх тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТБ ХХК-ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газар татан буугдсан байна гэж үзэн нэхэмжлэгч Ш.А-ийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэж нэхэмжлэгч Ш.А-ийг адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг ТБ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Шүүх шийдвэртээ Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБинд даалгасугай гэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан гэх Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлаагүй, 36 дугаар зүйлийн 36.2 дах заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийж ирсэн гэх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБинд даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь дан ганц хариуцагчаас хамаарах зүйл биш байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ш.А- нь шүүхийн шийдвэрт заасанчлан адил чанарын албан тушаалд харилцан тохиролцож томилогдох хүсэлтийг гаргаж байгаагүй, ажил олгогчийн зүгээс гаргасан хүсэлт саналыг хүлээн аваагүй, банкны зүгээс орон тоо байхгүй, зохицуулах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Ш.А-ийн өөрийнх нь илэрхийлсэн газрын захирлын албан тушаал гараагүй тул банкийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТБ ХХК-аас 38 619 936 /гучин найман сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 609 164 /нэг сая зургаан зуун есөн мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ТБ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359 096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 351 049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Х.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагчийн татгалзлыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаарх хууль зүйн үндэслэлийг дурдаагүй. Нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хангаж байгаа, хариуцагчийн татгалзлыг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй талаарх тайлбар, үндэслэлийг дурдахаас зайлсхийж “нэхэмжлэлийг хангаж байна” гэх ганц өгүүлбэрийг шийдвэртээ дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4 дэх хэсэгт заасан “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн шаардлагыг хангахгүй байгаагаас гадна хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа ямар үндэслэлээр хууль бус болсон нь бидний хувьд одоо ч ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн хуулийн 36.1.2-т “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгоно. Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр “Ш.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Улаанбаатар банкны газрын захирлын ажил, албан тушаал хасагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна” гээд тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн Улаанбаатар банкны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.А-тэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБанд даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тус шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсгийг баримтлаагүй, 36.2 дахь заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй юм. Шүүх хуульд маш тодорхой заагдсан “зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т заасан үндэслэлээр өмнөх ажилд нь тогтоосон бол 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны олговор олгоно” гэх заалтыг өөрийн үзэмжээр дэлгэрүүлэн, өргөтгөн тайлбарласан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ш.А-ийг адил чанарын албан тушаалд томилох боломж гараагүй, өөр ажил, албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгчтэй тохиролцоонд хүрээгүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан. Өөрөөр хэлбэл Ш.А- нь ТБанд ажил албан тушаалд томилогдоогүй байгаад банк буруугүй. Энэ шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Ш.А- болон банкны орон тоо, сул чөлөөтэй ажлын байр гараагүй зэргээс хамаарсан тул банк Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох үндэслэлгүй юм. Өнгөрсөн хугацаанд Ш.А-ийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаалтай адил чанарын ажлын байр өнөөдрийг хүртэл хугацаанд гараагүй тул банкийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.А-, ТБ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40.229.100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй  байна.

Ш.А- ТБ ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад тухайн албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халагдсныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.12-ны өдрийн 182/ШШ2018/01257 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчтэй тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг ТБ ХХК-д үүрэг болгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар олгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт зохигч гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Ш.А- нь 3 хүртэлх насны хүүхэдтэй атал ТБ ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг, тухайлбал, ажил олгогч …гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд уг шийдвэрийн ...олговор гаргуулах шаардлагыг хариуцагч 2018.12.29-ний өдөр биелүүлж, харин “адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг даалгах” шаардлагыг  биелүүлээгүй, тохирох ажил санал болгоогүй байна.

Шүүхийн шийдвэрээр Ш.А-ийг ажлаас халсныг хууль бус гэж үзсэн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар урьд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах эрхтэй. Энэ талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий байна.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Х.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ТБ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 351.050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ