Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/00360

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр   Дугаар 182/ШШ2019/00360                 Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Ш.А-ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Т ХХК-д холбогдох 

 

Ажилгүй байсан хугацааны цалин 40.229.100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Х.М, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.А миний бие салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр салбарын удирдлагын газрын захирлын албан тушаал байхгүй болсон гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халагдсан. Ажлаас халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрээр ажилтан Ш.Аптанчимэг намайг Т ХХК салбарын удирдлагын газрын захирлын ажил албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1067 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон. Т ХХК Гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1293 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 тоот шийдвэрийн дагуу Ш.А намайг Т ХХК салбарын удирдлагын газрын захирлаар буцаан томилсон. Ажилтан Ш.А миний бие хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад Т ХХК гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1 дэх заалтыг үндэслэн дахин ажлаас халсан. Дахин ажлаас халсан Т ХХК гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/378 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01257 дугаартай шийдвэрээр ажилтан Ш.А намайг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХК даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11.728.028 төгрөгийг Т ХХК гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч Т ХХК сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч Т ХХК хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж өдийг хүрлээ. Т ХХК хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх тул иргэн Ш.А миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 40.229.100 төгрөг /2017 оны 11 cap 6.866.228 төгрөг, 12 cap 5.470.333 төгрөг, 2018 оны 01 cap 4.962.000 төгрөг, сарын дундаж цалин нь 5.766.187 төгрөг ажлын 21.5 хоног, 1 өдрийн дундаж цалин 268.194 төгрөг, 2018-06-12-ний өдрөөс 2019-01-07-ны өдөр хүртэл ажлын 150 хоног 268.194 төгрөг, нийт 40.229.100 төгрөг/ болж байна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 40.229.100 төгрөгийг гаргуулах, дээр дурдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлүүлэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.А нь 2013 оны 08 дугаар сараас Т ХХК  салбарын удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1353 тоот тушаалаар Ш.Атэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Ш.Аийг Т ХХК  салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.899.976 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.Т ХХК дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.899.976 төгрөгийг олгож, Т ХХК  салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон. Т ХХК төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай “Т ХХК удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолын дагуу Т ХХК газар татан буугдаж газрын захирлын орон тоо хасагдсан тул Ш.Атэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар цуцалсан. Ш.А нь дээрх тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Т ХХК салбарын удирдлагын газар татан буугдсан байна гэж үзэн нэхэмжлэгч Ш.Аийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх /3 хүртэлх насны хүүхэдтэй/ заалтыг үндэслэж нэхэмжлэгч Ш.А адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажиллаж байсан  салбарын удирдлагын газрын захирлын ажил, албан тушаал хасагдсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон тул нэхэмжлэгчийн Улаанбаатар банкны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Атэй тохиролцсоны үндсэн дээр түүнийг өмнө эрхэлж байсан албан тушаал, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил буюу адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХК даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гээд тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Ш.Атэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХК даалгасугай гэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан гэх Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй. Мөн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь хэсгийг баримтлаагүй, 36.2 дах заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар ажилгүй байсан бүх хугацааны олговрыг олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийж ирсэн гэх боловч Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ш.Атэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХК даалгасугай гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь дан ганц хариуцагчаас хамаарах зүйл биш байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ш.А нь шүүхийн шийдвэрт заасанчлан адил чанарын албан тушаалд харилцан тохиролцож томилогдох хүсэлтийг гаргаж байгаагүй, ажил олгогчийн зүгээс гаргасан хүсэлт саналыг хүлээн аваагүй, банкны зүгээс орон тоо байхгүй, зохицуулах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Ш.Аийн өөрийнх нь илэрхийлсэн “газрын захирлын албан тушаал” гараагүй тул банкийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 40.229.100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь шүүх Ш.Аийг салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Атэй тохиролцсоны үндсэн дээр түүнийг өмнө эрхэлж байсан албан тушаал, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил буюу адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХКдаалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01257 дугаар шийдвэрээр салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Атэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Т ХХК даалгаж шийдвэрлэсэн байх боловч уг шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйн учир нэхэмжлэгчийн хүсэлтээр албан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хавтаст хэргийн 7-13 дугаар тал/

 

Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага одоог хүртэл биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын сарын 12-ны өдрийн 01257 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Ш.Аийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 17.298.562 төгрөгийг 3 сард тооцоод /17.298.562 төгрөг: 3сар/ дундаж цалин 5.766.187 төгрөг, сарын дундаж цалин 5.766.187 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /5.766.187 төгрөг: 21.5 хоног/ өдрийн дундаж цалин нь 268.194 төгрөг байна.

 

2018 оны 6 дугаар сарын 12-нээс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 38.619.938 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас 38.619.938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгож шийдвэрлэв. 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 38.619.936 /гучин найман сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.609.164 /нэг сая зургаан зуун есөн мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359.096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 351.049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ат олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН