Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 66

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн өмчийн харилцааны газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                 Х.Батсүрэн

                                Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчээр “Х к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0880 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, өмгөөлөгч Б.Б нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн г/, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х к” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг мэдэгдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь “түрээсийн гэрээг сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0880 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.г/, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С т” ХХК-ийн “Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х к” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасч, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3, 4 болгон өөрчлөн, гуравдагч этгээд “Х к” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын агуулгад:

3.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан байрны түрээслэгчээр 2008 оноос хойш хариуцагчтай гэрээ байгуулан үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан. Сонгон шалгаруулалт нэрийн дор хариуцагчтай байгуулсан гэрээ хууль бусаар цуцалж, дахин сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулаагүйгээс миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг захиргааны хэргийн шүүх буруу дүгнэж байна.

4.Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн өмчийн харилцааны даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалд НИТХТэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолыг баримталж ажлын хэсэг томилсон. Тус ажлын хэсэгт Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Э, гишүүдэд Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Г, мэргэжилтэн Ө.З, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Ц, нарийн бичгийн даргаар Санхүү, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Н нар бүрэлдэхүүнд орж байгаа иргэдийн хяналт, төрийн үйл ажиллагаа ил тод байх нөхцөлийг алдагдуулсан. Сонгон шалгаруулалтын комиссын бүх гишүүд төрийн буюу тухайн нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд байгаа нь эргэлзээтэй.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулаагүй гэж дүгнэсэн атлаа хуулийн заалтыг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн. Үнийн санал болох 1 м.кв талбайн үнийг гуравдагч этгээд 18000 төгрөг байхаар санал өгсөн гэдэг боловч энэ үнийн санал хуульд заасны дагуу ил тод байдлаар гаргасан гэдэгт нэхэмжлэгчийн зүгээс хардаж байгаа. Учир нь, аливаа тендер буюу төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс тухайн ажилд ирсэн материалыг хэзээ, хаана нээх, ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэх, материал нээхэд байгууллагын нууцад хамаарахаас бусад буюу хэн ямар үнийн санал өгсөн, хөрөнгийн баталгаа гаргасан эсэх асуудлыг ил тод, нээлттэй зарладаг.

6.Гэтэл манай тохиолдолд сонгон шалгаруулалтыг хэзээ шалгаруулах талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, сүүлд нь гуравдагч этгээдээс 1 м.кв үнийг 18000 төгрөгөөр түрээслэх санал ирүүлсэн тул “Х к” ХХК шалгарсан гэсэн хариуг цахим сайтад тавьсан байсан.

7.НИТХТэргүүлэгчдийн 2016 оны 65 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.4-д “материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна” гэж заасантай зөрчилдөх бөгөөд ажлын хэсэг материал бүрэн гэж хүлээн авч сонгон шалгаруулалтад оруулсан атлаа бүрдүүлэлтээс ямар үндэслэлээр оноо бага өгч байгаа зэрэг нь тодорхойгүй.

8.Мөн НИТХТэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.1-д сонгон шалгаруулалтад оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр санал өгсөн этгээдийг шалгаруулахаар журамласан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, нэгж талбайн үнийг нэхэмжлэгчид 76 оноо, гуравдагч этгээдэд 71 оноо өгсөн. Үүнээс үзвэл тус шалгууруудыг ямар үзүүлэлтээр дүгнэх эсэх нь тодорхойгүй, энэ талаар сонгон шалгаруулалтын хуралд ярилцаагүй, тэмдэглэлд байхгүй байна. Мөн хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2275 тоот албан бичигт “...сонгон шалгаруулалтын үнэлгээг урилгад заасан нөхцөлүүдийн дагуу нийт 5 үзүүлэлтээр дүгнэсэн. Иймд нэгж талбайн үнийн санал нь зөвхөн нэг үзүүлэлт болохыг анхаарна уу” гэж хариуцагч байгууллагаас үнийг зөвхөн нэг үзүүлэлт болгож байна.

9.НИТХТэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоол нь нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөгдөх буюу нийслэлийн өмчийн илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг түрээслэх харилцаанд байнга давтагдах буюу дээрх бүх шинжийг хангаж байгаа захиргааны хэм хэмжээний акт юм.

10.Мөн хуулийн 67.2, 67.3 дахь хэсэгт тус актыг бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд хууль зүйн үйлчлэлгүй байхаар заасан. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Яамны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3-2/83 дугаар албан бичгээр тус журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй талаар дурдсан.

11.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

12.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

13.Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгон шалгаруулалтын урилга гаргаж, нийслэлийн өмчийн 198 мкв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулахаар, улмаар тендерт оролцогчийн битүүмжилсэн баримт бичгийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр тус тус тогтоожээ.

14.Гэтэл хариуцагч нь дээрх байдлаар тогтоосон хугацаанд тендерийг нээж, үнэлэх ажиллагаа явуулаагүй, 20 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тендерийг нээж, оролцогчгүйгээр тендерийн үнийн саналыг задалсан нь дараах байдлаар хуульд нийцэхгүй байна. Үүнд:

А. тусгайлсан хуулийн тухайд:

15.Маргааны үйл баримт нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгох үйл баримт байх бөгөөд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд тендерийн баримт бичигт заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй бол хэрхэх тухай үр дагаврыг тусгайлан зохицуулаагүй байна.

16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж заажээ. Эндээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж ишлэл заасан, мөн хуулийн “тавдугаар” бүлэгт төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших журмыг зохицуулжээ.

17.Тухайлбал, хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар захиргааны байгууллага нь товлон зарласан хугацаанд шалгаруулалтыг эхлэх, 42 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зарлалд заасан болзлыг зөрчсөн бол хууль зөрчсөн сонгон шалгаруулалтад тооцохоор тус тус зохицуулсан байна.

18.Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтын урилгад заасны дагуу тендерийг нээх хугацаандаа нээгээгүй, урилгад заасан үүргээ биелүүлээгүй, заасан болзлоо өөрөө зөрчсөн тул зохих журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулаагүй гэж үзэхээр байна.

19.Хэдийгээр орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэн, төсвийн хөрөнгийг бүрдүүлэх болон төрийн өмчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа нь өөр өөр боловч, хамгийн ашигтай санал гаргасан этгээдийг сонгон шалгаруулж, түрээсийн эсхүл худалдах гэрээ байгуулах зорилгын хувьд адил бөгөөд энэ утгаараа хуулийн холбогдох зарчмыг төсөөтэй хэрэглэх боломжтой юм.

Б. ерөнхий харилцааг зохицуулсан хуулийн тухайд:

20.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тухайн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс бусад тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх учиртай.

21.Тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5 дахь хэсэгт заасан “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь захиргааны байгууллага нь тендер нээх ажиллагаанд оролцогчдыг оролцуулаагүй, ил тод явуулаагүй, хэн хэдэн төгрөгийн санал гаргасан болохыг тухайн ач холбогдолтой цаг хугацаанд мэдэх эрхээр тендерт оролцогчийг хангаагүй байна.

22.Хариуцагч “тендерийн журамд зааснаар хамгийн өндөр санал гаргасан этгээдийг сонгон шалгаруулсан нь журам зөрчөөгүй” гэж маргаж байгаа боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг баталж, уг журмын 7.1-д зааснаар хамгийн өндөр үнийн санал гаргасан этгээдийг шалгаруулахаар тусгайлан заасан байна. Шүүхээс хариуцагчийг “дээрх заалтыг зөрчсөн” гэж буруутгаагүй, уг үндэслэлээр хэргийн оролцогчид маргаагүй, маргааны үйл баримт өөр бөгөөд гагцхүү сонгон шалгаруулах ажиллагааны журамтай холбогдуулан “хэн хамгийн өндөр онооны санал гаргасан болох нь тодорхойгүй” талаар маргасан болно.

23.Хариуцагчаас сонгон шалгаруулах журам зөрчсөнөөс, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод явуулаагүйгээс гуравдагч этгээд хамгийн өндөр санал гаргасан гэдэг нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй, зөвхөн хэргийн нэг тал болох хариуцагчийн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй.

24.Түрээслэгчийг сонгон шалгаруулах гол үзүүлэлт нь үнийн санал учраас захиргааны байгууллага тендерийг оролцогчдыг оролцуулан үнийн саналыг нээх нь шударга ёс, тэгш өрсөлдөөний зарчимд нийцэх ба маргааны гол үйл баримт болох өндөр үнийн саналыг хэн гаргасан болох нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байгаа учраас захиргааны байгууллагыг зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Нөгөө талаар хариуцагч нь журамд заасан “эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 3 дугаар нүүрэнд сонгон шалгаруулалтын зар байршуулах” үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий тендерийн урилгад “одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх” гэсэн шаардлага оруулсан нь тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэжээ.

25.Анхан шатны шүүхээс “гуравдагч этгээд “Х к” ХХК-ийг илүү үнийн санал гаргасан гэж үзэх боломжгүй” талаар зөв дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, “сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу явуулсан эсэхээ хариуцагч тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар захиргааны байгууллага сонгон шалгаруулалтыг тогтоосон хугацаанд нээгээгүй болох нь нэгэнт тогтоогдсон байхад хариуцагчаас дахин ямар үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг “хэм хэмжээний акт биш” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, маргаан бүхий журам нь нийтээр дагаж мөрдөх, байнга давтагдах зэргээр хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулсан болно.

26.Маргаан бүхий тендер нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явагдсан, нэхэмжлэгчээс уг журмын зарим заалтыг ишлэж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байгаа атлаа “улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул журам эрх зүйн үйлчлэлгүй” гэх нь агуулгын зөрчилтэй, нэгэнт тухайн журмыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсны дараа ийнхүү маргаж буй нь үндэслэлгүй юм.

27.Давж заалдах шатны шүүхээс “шалгарсан компани нэхэмжлэгч компаниас илүү өндөр үнийн санал өгсөн болох нь маргаангүй тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаа ил тод байх зарчим, сонгон шалгаруулалтын урилгад заасан үүргээ захиргаа биелүүлсэн эсэхэд эрх зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна.

28.Захиргааны байгууллагаас орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад түрээслүүлэх шийдвэр гаргахдаа ямар нэгэн шалгуургүйгээр, дурын этгээдэд түрээслэх эрхгүй, нийтэд ашигтай санал болох хамгийн өндөр үнийн санал гаргасан этгээдийг түрээслэгчээр сонгох үүрэгтэй. Иймээс журмын дагуу явагдаагүй маргаан бүхий сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

29.Харин нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актын он сар, өдрийг тодорхой заагаагүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй боловч энэ талаар хэргийн оролцогчид аль аль нь маргаагүй, маргааны үйл баримтын хүрээнд дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

30.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0880 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчээр “Х  к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ