Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03388

 

 

 

 

 

 

2022 08 03

101/ШШ2022/03388

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Д.Р,

 

Хамтран нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод байрлах, С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, Э ХХК 

 

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Я, паспортын дугаар нарт холбогдох

 

С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Гүйцэтгэх захирал томилох тухай, Компанийн охин компани Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Р, С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, 0 тоот регистрийн дугаартай С ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. С ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай болно. Үүнд: Э ХХК нийт хувьцааны 51 (тавин нэг)-н хувийн хувьцааг; Д.Р нийт хувьцааны 49 (дөчин ес)-н хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. Д.Р миний бие компани байгуулагдсанаас эхлэн өнөөг хүртэл С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болно. Д.Р миний бие компанийн хувьцаа эзэмшигч хийгээд Гүйцэтгэх захирлын хувьд С ХХК, болон түүний охин компани болох Н ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг Э ХХК-ийн захирал И улсын иргэн Яад мэдэгдэж байсан. Тухайлбал: 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг Э ХХК-ийн захирал Яад цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ахин хурал хийхээр товлож мэдэгдэхэд Я мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Я хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. Ингээд түүнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах гэхээр Я нь сураггүй алга болж, холбоо барих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Э ХХК болон тус компанийн захирал И улсын иргэн Я нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүнийн учир оршин суугаа газрыг тодруулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж Э ХХК-ийн захирал И улсын иргэн Яын оршин суугаа хягийг тодорхойлуулж байсан удаатай. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаяг руу Өмгөөллийн Э компанийн имэйл хаягтай М.Т гэж хүнээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэрүүд гэх материалуудыг илгээсэн байдаг. М.Тийн хувьд надтай биечлэн уулзаж байгаагүй бөгөөд, харин над руу мессэж бичиж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал шаардлагыг миний туслах н.Нгэж хүн хүлээж авсан байгаа гэсэн утгатай текстийг 2019 оны 12 дугаар сарын 23-нд ирүүлсэн байдаг бөгөөд би түүн рүү утсаар холбогдон тийм туслах надад байхгүй тэр материалуудыг би аваагүй байна гэдгээ мэдэгдсэн. Би утсаар ярьж очиж авч амжихгүй миний электрон шуудангаар илгээхийг санал болгосон. Гэтэл тэрээр над руу юу ч илгээгүй бөгөөд дахин холбогдоогүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11:11 минутад түүнээс С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал эхэлж байна. Та ирж байгаа юу? гэсэн мессэж илгээсэн байдаг юм. Би түүнд хариу бичиж би гүйцэтгэх захирлын хувиар ямар нэгэн хүсэлт, шаардлага хүлээж аваагүй байна, уг нь энэ хурлыг хуралдуулах нь надад хэрэгтэй байсан учраас тэр материалыг надад яагаад илгээгүйг нь асууж имэйл бичсэн боловч одоог хүртэл над руу илгээхгүй байсаар байна. Дээр дурдсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаягт Өмгөөллийн Э компанийн имэйл хаягтай М.Т гэж хүнээс ирсэн мэйлийн хавсралтад байсан "С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирцийн тэмдэглэл, хурлын тэмдэглэл, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаал англи, монгол хэл дээрх хувийг скандаж хавсаргасан байсан.

Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд нь дараах үндэслэлүүдээр Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнд: Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй гэж, 61.3-т Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж, 61.5-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ гэж, 61.6-т Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалттай билээ. Гэтэл Гүйцэтгэх захирал надад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг 51 хувийн хувьцаа эзэмшигч Э ХХК-иас албан ёсоор огт ирүүлээгүй, миний бие хүлээн аваагүй болно. Надад албан ёсоор санал, шаардлага гаргаагүй, түүнийгээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь дураараа хууль тогтоомжийг зөрчиж компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хүралдуулах журмыг зөрчсөн, Д.Р надад хувьцаа эзэмшигчийн хувьд хурлын тов мэдэгдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд байгаа учир уг хурал хийгээд хурлаас гарсан шийдвэр нь хууль бус болно. Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх хууль бус хурлаас гарсан шийдвэрт үндэслэж өнөөдрийг хүртэл С ХХК-ийн албан бланкыг ашиглаж, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж компанийн нэрийн өмнөөс сөрөг үр дагавар үүсгэх үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү Компанийн тухай хуулиар тогтоосон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журам, дэгийг ноцтой зөрчиж, Д.Р миний Компанийн тухай хуульд заасан Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, Гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдаж зөрчиж буйд туйлын гомдолтой байна.

Иймд С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Гүйцэтгэх захирал томилох тухай, Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК, Я ///-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль тогтоомжийн дагуу зарлан, хуралдсан тухай: Хариуцагч болох "Э" ХХК нь С" ХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигч ба хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй билээ. Ийнхүү хувьцаа эзэмшигчийн хувиар "Э" ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Рад "С" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах материал хүлээн аваагүй, танилцаагүй гэх боловч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах гэж буй талаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймээс Компанийн тухай хуулийн 61.2 дахь зүйлд заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь биечлэн гардуулан өгөхөөр түүний гэрийн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 0 тоот хаягт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед очсон. Гэтэл хариуцагч нь дээрх санал, шаардлагыг хүлээж авахаас татгалзаж түүний зүүн 4 зам дахь оффис Синержи плаза дахь оффисийн хаягаар илгээ гэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шууданд хүргүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилтан н.Нхүлээж авсан. 12 дугаар сарын 23-ны өдрийн 1.40 минутанд М.Т нь Д.Рын утас руу дээрх шууданг н.Н байна, хэзээ ээлжит бус хурлыг зарлах вэ гэдгийг зарлах тухай мессежээр асууж лавласан. Компанийн тухай хуулийн 61.4 дэх хэсэгт санал шаардлага хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах ёстой. 12 дугаар сарын 17-ноос ажлын 10 хоног тоолбол 12 дугаар сарын 31-нд шийдвэр гаргах хугацаа дуусах ёстой. Мөн М.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2.52 минутанд мессежээр мэдэгдсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж мэдэгдсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу хурал болох өдөр утсаар болон мессежээр хуралд ирэхийг сануулсан ч Д.Р ирээгүй. Ийнхүү хариуцагч нь "С" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу шаардлага хүргүүлсэн боловч Гүйцэтгэх удирдлага нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй удааж хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх боломжоор хангаагүй тул Э" ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 03 болон 07-ны өдрүүдэд "С" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гуйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болио" гэсний дагуу зарлаж зохих зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байдаг. Цаашилбал, энэ талаарх зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлж нэхэмжлэгчийн гар утсанд мессежээр мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү хурлын зарыг хүлээн авсан, цаашилбал, хурал хэзээ, хаана болох, ямар асуудал хэлэлцэх талаар бүрэн мэдээлэлтэй байсан боловч хуралд оролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 51 хувийн ирцтэйгээр Компанийн тухай хуулийн 69.1-д "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдор болно" гэсний дагуу зохион байгуулагдсан. Уг хуралд Компанийн Гүйцэтгэх захирал хүрэлцэн ирээгүй тул хэлэлцэх асуудлын 1 болон 2-т заасан асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулж, харин Компанийн Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотойгоор шинэ Гүйцэтгэх захирлыг томилох, түүнчлэн түүний охин компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдийн тус тус томилох асуудлыг шийдсэн болно. Гэтэл хуучин Гүйцэтгэх захирал Д.Р нь Компанийн тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл Компанийн тамга, тэмдэг болон компанийн санхүүгийн анхан шатны баримт материалуудыг хүлээлгэн өгөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон Гүйцэтгэх захирал Ж.Н миний үүрэгт ажлаа биелүүлэх, Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлуу бий болсон. Үүний дагуу Ж.Н миний бие Д.Раас "С ХХК-ийн тамга, тэмдэг, санхүүгийн баримт бичгүүдийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 61 дугээр зүйлийн 61.2, 61.3, 61.4, 61.5, 61.6-д заасан хууль тогтоомжийг зөрчиж компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуурах журмыг зөрчсөн, Д.Р миний Комнанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, гуйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдаж буйд туйлын гомдолтой" гэжээ. Нэхэмжлэгч Д.Р нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах шаардлага гаргах, зарлан хуралдуулах шаардлагыг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасан үүрэг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах ёстой. Хурал зарлах талаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Р ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Гэтэл нэхэмжлэгч Д.Р нь өөрөө хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж Гүйцэтгэх захирал л ганцаараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах бүрэн эрхтэй юм шиг, тус эрхийг нь "...үндэслэлгүйгээр... эдлүүлээгүй гэж хуулийг тайлбарлаж, хуулийн холбогдох нөхцөлүүдийг хасч хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хуулийг гуйвуулж байгаа нь тун харамсалтай байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч хэрхэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан талаар нэхэмжлэлдээ нарийвчлан дурдаагүй, хангалттай нотлоогүй ба өөрөө л хурал зарлан хуралдуулах шаардлага хүлээн аваагүй, хурал болох байсныг мэдээгүй гэж тайлбарлах боловч бусад нотлох баримт болон нэхэмжлэлд дурдсанаар энэ талаар бүгдийг мэдэж байсан нь харагддаг. Энэхүү хэрэг нь хувьцаа эзэмшигч Э ХХК-д холбогдох асуудал байхад тус компанийн захирал, Израйл улсын иргэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Рын иргэний үнэмлэх, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэр, Э ХХК-ийн хаягийн талаарх зураг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/10789 дугаартай захирамж, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2021/06701 дугаартай захирамж, итгэмжлэл, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг мэдэгдэх нь /имэйл/, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 04/199 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Үндэсний татварын албаны тодорхойлолт, итгэмжлэлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын С ХХК-ийн 2019 рны нийт цалингийн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11402 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Д.Рад хүргүүлсэн мэдэгдэл, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, Монгол шуудан ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/26 дугаартай тодорхойлолт, бичиг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар, Э ХХК-ийн англи, монгол хэл дээрх итгэмжлэл /сайн уншигдахгүй/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 1301 тоот хурлын өрөөнд хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн тэмдэглэл, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага гаргах тухай, Э ХХК-ийн англи, монгол хэл дээрх итгэмжлэл /сайн уншигдахгүй/, Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай Э ХХК байгуулах тухай дүрэм, Э /орчуулгатай/, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх нь, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр /төсөл/, Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр /төсөл/, Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан батлах тухай /төсөл/, баталгаат шуудангийн баримт, сонингийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2021/10981 дугаартай захирамж, С ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021 оны жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, баталгаат шуудангийн баримт, итгэмжлэл, хамтран хариуцагчийн хариу тайлбар, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20/14 дугаартай С ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шийдвэр, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр/, баталгаат шуудангийн дугтуй, Э инвестмент лимитед англи хэл дээр болон монгол хэл рүү орчуулсан орчуулгатай, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн захидал англи хэл дээр болон монгол хэл рүү орчуулсан орчуулгатай, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх нь зэрэг баримтуудыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдоос хавтаст хэрэгт ирүүлсэн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, мөн өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн тэмдэглэл, мөн өдрийн 11:00 цагт Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 1301 тоот хурлын өрөөнд хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл олгох тухай тушаал /англи, монгол хэл дээр/, /1хх-14-20 тал/,

Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай Э ХХК байгуулах тухай дүрэм, Э /орчуулгатай/, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р танаа С ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуудах санал, шаардлага гаргах тухай, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл олгох тухай тушаал /англи, монгол хэл дээр/, Монгол шуудан ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, бичиг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх нь, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр /төсөл/, Компанийн охин компани "Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр /төсөл/, Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан батлах тухай /төсөл, баталгаат шуудангийн баримт, сонингийн хуулбар, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн тэмдэглэл, мөн өдрийн 11:00 цагт Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 0 тоот хурлын өрөөнд хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ирцийн тэмдэглэл, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл олгох тухай тушаал /англи, монгол хэл дээр/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 9911-1525 утасны мессеж, /1хх-119-146/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэр, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/24 дугаартай хариу мэдэгдэх хуудас /2хх-36-38/ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Э ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/5558 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлийн хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/3585 дугаартай албан бичгээр Э ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийг хэргийн хуулбарыг ирүүлсэн, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлийн хавсралт, Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/4079 дугаартай албан бичиг, Юнител ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 05-01/3977 дугаартай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрч Ж.Нээс авсан мэдүүлэг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 752 дугаартай албан бичгээр Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр/ зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Р, С ХХК нь хариуцагч Э ХХК, Я /// нарт холбогдуулан С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Гүйцэтгэх захирал томилох тухай, Компанийн охин компани Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр С ХХК, хамтран хариуцагчаар Я ///-ыг нэхэмжлэгч Д.Р болон С ХХК-ийн хүсэлтээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулиар тогтоосон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журам, дэгийг ноцтой зөрчсөн, Д.Р миний Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдаж, зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Хариуцагч нар нь Компанийн тухай хуульд заасны дагуу ажиллагаа явагдсан, нэхэмжлэгч Д.Р өөрөө хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа гүйцэтгэх захирал л ганцаараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах бүрэн эрхтэй юм шиг, тус эрхийг нь ...үндэслэлгүйгээр... эдлүүлээгүй гэж хуулийг тайлбарлаж, хуулийн холбогдох нөхцөлүүдийг хасч хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хуулийг гуйвуулж байна, мөн энэхүү хэрэг нь хувьцаа эзэмшигч Э ХХК-д холбогдох асуудал байхад тус компанийн захирал, Израйл улсын иргэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

С ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь нэхэмжлэгч Д.Р ба тэрээр нийт хувьцааны 49 хувийг, хариуцагч Э ХХК нь нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг, гүйцэтгэх удирдлагаар Д.Р нь 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь С ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Э инвестмент лимитед /S.A.L Investments limited/ байх ба гүйцэтгэх удирдлага нь Я /// нь 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох н Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Я /// нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаалаар Г.Э, М.Т нарт ... Компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болох С ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага түүнтэй холбоотой материал гаргах, хүргэх, санал, шаардлагын хариу хүлээн авах, тайлбар, гомдол болон шаардлага гаргах, Компани буюу хувьцаа эзэмшигчийг төлөөлж С ХХК-иас санхүү, үйл ажиллагааны тайлан, бусад баримт бичгүүдийг шаардан гаргуулах... зэрэг эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, 61.2Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй гэж зааснаар С ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Э ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төөр дамжуулан тус компанийн гүйцэтгэх Д.Рад мөн хуулийн 61.3Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж зааснаар санал, шаардлага болон ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д.Рын Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягаар илгээсэн ЕЕ102251004MN бүртгэлийн дугаартай буухиа шууданг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12:35 цагт ажилтан Ж.Нт гардуулсан болох нь Монгол шуудан ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/26 дугаартай тодорхойлолт, бичиг хүлээн авсан бүртгэлийн дэвтэр, гэрч Ж.Нийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч Ж.Н2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө ... Би жижүүрээр ажиллаж байсан ... ажиллаж байсан компанийнхаа нэрийг сайн санахгүй байна... С ХХК байх... монгол талаасаа Д.Р, гадаад талаасаа Яиар гээд хөгшин гадаад хүн байсан... шуудангийн баримтад зурсан гарын үсэг минийнх мөн байна ... бичиг ирэхээр нь би гарын үсэг зураад авдаг байсан ... шуудангаар болон өөр ямар нэгэн байдлаар ирсэн баримт бичгийг Д.Рад өөрт нь өгдөг ... гэж мэдүүлсэнээс үзэхэд М.Тийн баталгаат шуудангаар явуулсан баримт бичгийг Д.Рын компанид ажиллаж байсан жижүүр нь хүлээн авч, цааш нь түүнд дамжуулсан гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ж.Нгэж хүн баримт бичгийг хүлээн авсан болохыг Д.Рад мэдэгдсэн мессежийг явуулсан болох нь зохигчдын тайлбар, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасан бөгөөд С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р нь ямар нэгэн хариу шийдвэр гаргаагүй байна.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгэр зүйлийн 61.7Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж зааснаар С ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20/14 дугаартай С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1100 цагт хийхээр зарлаж, хувьцаа эзэмшигч Д.Рад мэдэгдэхээр заасан болох нь 20/14 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

 

Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Я /// нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаалаар Г.Э, М.Т нарт тодорхой эрхүүдийг олгож, энэхүү итгэмжлэл нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал дуусах хүртэл, эсхүл сунгагдсан тохиолдолд уг хувьцаа эзэмшигчдийн хурал дуусах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан байна.

 

Д.Р нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Э ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 03 болон 07-ны өдрүүдэд баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч буцаагдсан, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тийн Xiaomi redmi note 9 pro маркийн хөх өнгийн гар утсанд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Рын 9911-1525 дугаарын утасны харилцагчтай харилцсан мессеж, дуудлаганд үзлэг хийсэн бөгөөд түүнийг Монголд ирснээс хойш 4 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр холбогдож, улмаар 1 минут 35 секунд орчим ярьсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж хурлын зарыг мэдэгдсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч Э ХХК нь С ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг бие даан хуралдуулах шийдвэр гаргаж, хуралдуулсан нь үндэслэлтэй, 49 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Р нь хурлын зарыг мэдсэн боловч ирээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Компанийн тухай хуулиар тогтоосон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журам, дэгийг ноцтой зөрчсөн, Д.Р миний Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдаж, зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Р нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 61 дүгэр зүйлийн 61.7заасныг баримтлан хариуцагч Э ХХК, Я /// нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С ХХК, Д.Р нарын С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Гүйцэтгэх захирал томилох тухай, Компанийн охин компани Н ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/20866 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ