Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2024          02           02                                        210/МА2024/00258

 

 

 

“С” ХХК, Д.Рэнцэнханд нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаар шийдвэртэй,

“С” ХХК, Д.Р нарын нэхэмжлэлтэй, “Э” ХХК, Израйл улсын иргэн Я нарт холбогдох

“С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоох, “С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох болон компанийн охин компани “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “С” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. “С” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай бөгөөд “Э” ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг, Д.Р-д нийт хувьцааны 49 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. Харин “Синержигоул” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Рэнцэнханд миний бие ажиллаж байна. Би компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд “С” ХХК болон түүний охин компани болох “Навиволд Монгол” ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг “Э” ХХК-ийн захирал Израйл улсын иргэн Я-д мэдэгдэж байсан.

Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг “Э” ХХК-ийн захирал Яи-т цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралд ирээгүй. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин хурал хийхээр товлож мэдэгдэхэд Яир Жакоб Порат мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн хэдий ч Яир Жакоб Порат хувьцаа эзэмшигчдийн хуралд ирээгүй. Ингээд түүнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах гэхээр Я нь сураггүй алга болж, холбоо барих боломжгүй нөхцөл байдал үүссэн. “Э” ХХК болон тус компанийн захирал Израйль улсын иргэн Я нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй тул оршин суугаа газрыг тодруулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж, “Э” ХХК-ийн захирал Израйль улсын иргэн Я-ын оршин суугаа хягийг тодорхойлуулж байсан.

1.2. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаяг руу Өмгөөллийн  компанийн имэйл хаягтай М.Т гэж хүнээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэрүүд гэх материалуудыг илгээсэн. М.Т-ийн хувьд надтай биечлэн уулзаж байгаагүй. Харин над руу мессеж бичиж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал шаардлагыг миний туслах н.Нэмэхцэцэг гэж хүн хүлээж авсан байгаа гэсэн утгатай текстийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн байдаг. Би түүн рүү утсаар холбогдон “тийм туслах надад байхгүй тэр материалуудыг би аваагүй” гэдгээ мэдэгдсэн. Би утсаар ярьж очиж авч амжихгүй миний электрон шуудангаар илгээхийг санал болгоход тэрээр над руу юу ч илгээгээгүй бөгөөд дахин холбогдоогүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал эхэлж байна, та ирж байгаа юу гэсэн мессэж илгээсэн. Би түүнд хариу бичиж гүйцэтгэх захирлын хувиар ямар нэгэн хүсэлт, шаардлага хүлээж аваагүй, уг нь энэ хурлыг хуралдуулах нь надад хэрэгтэй байсан учраас тэр материалыг надад яагаад илгээгүйг нь асууж имэйл бичсэн боловч одоог хүртэл над руу илгээхгүй байсаар байна. Дээр дурдсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаягт Өмгөөллийн Хаанлекс компанийн имэйл хаягтай М.Т гэж хүнээс ирсэн мэйлийн хавсралтад байсан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн компанийн охин компани “Нави” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирцийн тэмдэглэл, хурлын тэмдэглэл, “Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл олгох тухай тушаал англи, монгол хэл дээрх хувийг хавсаргасан байсан.

1.3. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй гэж, 61.3-т Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж, 61.5-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ гэж, 61.6-т Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл гүйцэтгэх захирал надад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг 51 хувийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК-аас албан ёсоор ирүүлээгүй. Надад албан ёсоор санал, шаардлага гаргаагүй, түүнийгээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь дураараа хууль тогтоомжийг зөрчиж компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхгүй байх бөгөөд Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хүралдуулах журмыг зөрчсөн, Д.Р-д надад хувьцаа эзэмшигчийн хувьд хурлын тов мэдэгдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд байгаа учир уг хурал хийгээд хурлаас гарсан шийдвэр нь хууль бус болно.

Түүнчлэн, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх хууль бус хурлаас гарсан шийдвэрт үндэслэж өнөөдрийг хүртэл “Синержигоул” ХХК-ийн албан бланкийг ашиглан гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж компанийн нэрийн өмнөөс сөрөг үр дагавар үүсгэх үйл ажиллагаа явуулж байна. Компанийн тухай хуулиар тогтоосон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журам, дэгийг ноцтой зөрчиж, Д.Р-д миний Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан.

Иймд “С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай компанийн охин компани “НавиВоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч “Эс” ХХК нь “Синержигоул” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Ийнхүү хувьцаа эзэмшигчийн хувиар “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Р-д “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах материал хүлээн аваагүй, танилцаагүй гэх боловч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах гэж буй талаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь зүйлд заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинтөгөлдөр нь биечлэн гардуулан өгөхөөр түүний гэрийн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25/4, 21 тоот хаягт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед очсон. Гэтэл хариуцагч нь дээрх санал, шаардлагыг хүлээж авахаас татгалзаж түүний зүүн 4 зам дахь оффис Синержи плаза дахь хаягаар илгээ гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шууданд хүргүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилтан н.Нэмэхцэцэг хүлээн авсан.

Мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Тү нь Д.Р-н утас руу дээрх шууданг н.Нэмэхцэцэг авсан, хэзээ ээлжит бус хурлыг зарлах талаар мессежээр асууж лавласан. Компанийн тухай хуулийн 61.4 дэх хэсэгт санал шаардлага хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах ёстой бөгөөд 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын 10 хоног тооллоход 12 дугаар сарын 31-нд шийдвэр гаргах хугацаа дуусах байсан. Мөн М.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мессежээр болон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгаж мэдэгдсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу хурал болох өдөр утсаар болон мессежээр хуралд ирэхийг сануулсан ч Д.Р-д ирээгүй. Хариуцагч нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу шаардлага хүргүүлсэн боловч гүйцэтгэх удирдлага нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй удааж хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх боломжоор хангаагүй тул “Эс” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 03 болон 07-ны өдрүүдэд “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэсний дагуу зарлаж зохих зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байдаг. Тодруулбал, энэ талаарх зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлж нэхэмжлэгчийн гар утсанд мессежээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь энэхүү хурлын зарыг хүлээн авсан, хурал хэзээ, хаана болох, ямар асуудал хэлэлцэх талаар бүрэн мэдээлэлтэй байсан боловч хуралд оролцоогүй. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 51 хувийн ирцтэйгээр Компанийн тухай хуулийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэсний дагуу зохион байгуулагдсан.

Уг хуралд Компанийн гүйцэтгэх захирал хүрэлцэн ирээгүй тул хэлэлцэх асуудлын 1 болон 2-т заасан асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулж, харин Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотойгоор шинэ гүйцэтгэх захирлыг томилох, түүнчлэн түүний охин компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдийн тус тус томилох асуудлыг шийдвэрлэсэн. Д.Р-д нь Компанийн тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл Компанийн тамга, тэмдэг болон компанийн санхүүгийн анхан шатны баримт материалуудыг хүлээлгэн өгөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон гүйцэтгэх захирал Ж.Нямбаяр миний үүрэгт ажлаа биелүүлэх, Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Үүний дагуу Д.Р-аас “С” ХХК-ийн тамга, тэмдэг, санхүүгийн баримт бичгүүдийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.2. Нэхэмжлэгч Д.Р-д нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах шаардлага гаргах, зарлан хуралдуулах шаардлагыг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасан үүрэг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор ээлжит бус хурлыг хуралдуулах ёстой. Хурал зарлах талаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Рэнцэнханд ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Гэтэл нэхэмжлэгч Д.Рэнцэнханд нь өөрөө хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж гүйцэтгэх захирал ганцаараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах бүрэн эрхтэй юм шиг, тус эрхийг үндэслэлгүйгээр эдлүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхэд үндэслэлгүйгээр халдсан мэтээр хуулийг буруу тайлбарласан нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч хэрхэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, хангалттай нотлоогүй. Харин өөрөө хурал зарлан хуралдуулах шаардлага хүлээн аваагүй, хурал болох байсныг мэдээгүй гэж тайлбарлах боловч бусад нотлох баримт болон нэхэмжлэлд дурдсанаар энэ талаар бүгдийг мэдэж байсан байдаг. Энэхүү хэрэг нь хувьцаа эзэмшигч “Э” ХХК-д холбогдох асуудал байхад тус компанийн захирал, Израйл улсын иргэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ойлгомжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар “Синержигоул” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани “Навивоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК, Porat Yairjacab нараас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК, Д.Р-д нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлээгүй. “Эс Эй  /SAL Investment Limited/ компаниас “Эс ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, тус компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох төлөөлөгч томилох эрх олгосон нотлох баримтуудыг үнэлээгүй.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т хариуцагч тал “Синержигоул” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Э” ХХК-ийн дүрэмд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэх, ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулах эрхийг олгосон байх боловч энэхүү дүрмээр гүйцэтгэх захирал, ерөнхий захиралд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрх олгоогүй байна гэж дүгнэсэн. “Синержигоуд” ХХК-ийн 51 хувийн хувьцааг “Эс  ХХК, 49 хувийн хувьцааг Д.Р-нд нар эзэмшдэг ба гүйцэтгэх удирдлагаар Д.Р-д бүртгэгдсэн. “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй “Эс” ХХК бөгөөд “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Яир  юм. “Эс” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Эс Эй Эл Инвестмент Лимитед” компанийн хуулийн этгээд бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Яир  байдаг. 3 дугаар хавтаст хэргийн 124-127 талуудад “Эс Эй” компаниас Яир -д “Эс т Лимитед” компанийн бүрэн эзэмшлийн охин компани болох “Эс ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүхий л бүрэн эрхийг олгосон итгэмжлэл авагдсан байдаг. Уг эрхийн хүрээнд М.Т-т дээрх бүрэн эрхүүдийг олгосон бөгөөд үүнийгээ сүүлд дахин хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр баталгаажуулж тус шүүхэд 2022 оны 6-р сарын 24-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн.

Хэрэв шүүх эрх олгогдоогүй гэж үзлээ ч Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсний дагуу хожим эрх бүрэн эрх олгогдсон бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Энэхүү итгэмжлэлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах болон холбогдох бусад эрхүүдийг дурдсан байдаг. Тус итгэмжлэл нь нотариатаар гэрчлэгдэж, монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдсан. Гэтэл шүүх итгэмжлэлийг үнэлэхгүйгээр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я Порат-д олгосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан “Эс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, “Эс” ХХК-ийн англи, монгол хэл дээрх итгэмжлэл, “Эс” ХХК байгуулах дүрэм, “Эс Эй ” компанийн англи, монгол хэлээр бичигдсэн бичвэр, “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл англи, монгол хэл дээрх “Эс Эй Эл Инвестмент Лимитед” компаниас Яир-д олгосон итгэмжлэл баримтуудаас “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Эс” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Яир Жакоб Порат болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх бөгөөд бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримталдаг. Шүүхийн журмаар цуглуулсан “Эс” ХХК-ийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт авагдсан материалаас үзвэл “Эс” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэр болон холбогдох баримт бичгүүд дээр гарын үсэг зурж, баталгаажуулсан этгээд нь Яир Порат байх бөгөөд “Эс Инвестмент Лимитед” компанийг төлөөлж байсан нь тодорхой байдаг. Тухайлбал, “Эс” компанийн шийдвэрээр “Эс” ХХК-ийг үүсгэн байгуулах итгэмжлэлийг Сүхбаатар дүүрэгт үйлдсэн байгаагаас харвал Яир Жакоб Порат гадаад улсын хуулийн этгээд “Эс Эй Эл Инвестмент Лимитед” компанитай холбоотой шийдвэрийг Монгол Улсад байхдаа гаргадаг байсан. Израйл улсын иргэн Янр  угтаа Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, түүний цор ганц хувьцаа эзэмшигч Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулагдсан “Эл Инвестмент Лимитед” компанийн хувьцаа эзэмшигч, захирал юм. Нэхэмжлэгч Д.Р-д нь нэхэмжлэлдээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд Яир Жакоб Порат нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах эрхтэй эсэх, итгэмжлэл авсан эсэх дээр маргаж, энэ талаар аливаа тайлбар өгөөгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралд гаргасан тайлбартаа “хувьцаа эзэмшигчдийн хуралд шийдвэр гаргах итгэмжлэлийг мөн аваагүй байсан” гэж нэг л удаа дурдсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэх, “Эс” ХХК, Я нь тухайн хурлыг хуралдуулах эрхтэй эсэх талаар маргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг өргөн хүрээгээр, өөрийн үзэмжээр тодорхойлсон. Итгэмжлэл нь хууль ёсны дагуу олгогдсон байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “Эс  Лимитед” компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг Олон улсын эрх зүйн дагуух үйлдлээр тодорхойлно гэсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлгүй хуулийн этгээд Монгол улсад бүртгэлтэй “Эс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байх тул тухайн компанийн төлөөлөх эрхийг олгохдоо Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцын дагуу баталгаажуулсан байна. “Эс ” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд томилсон талаарх итгэмжлэлийг баталгаажуулж, Апостиль гэрчилгээ олгосон байдлаар авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 3 дугаар хавтаст хэргийн 124-127 талуудад “Эс Эй Эл Инвестмент Лимитед” компаниас Яир Жакоб Порат-д “Эс Эй Эл Инвестмент Лимитед” компанийн бүрэн эзэмшлийн охин компани болох “Эс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүхий л бүрэн эрхийг олгосон итгэмжлэл авагдсан. Иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 543.5 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг Монгол Улсын хуулиар тодорхойлно, мөн хуулийн 543.6 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний эрх зүйн чадамжийг Монгол Улсын хуулиар тодорхойлно гэж тус тус заасны дагуу Монгол Улсад үйлдэгдсэн баримт бичиг нь Монгол Улсын хуулиар тодорхойлогддог. Энэхүү баримт бичгүүд нь Монгол Улсад үйлдэгдсэн ба Монгол Улсын нотариатаар гэрчлэгдэж, монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт шүүхэд хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх  хэсэгт зааснаар нотариатч нь баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Тодруулбал, нотариатаас хуулбар үнэн болохыг баталгаажуулсан баримт бичиг эх хувь баримт бичгийн нэгэн адил тооцогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаж буй хэлбэр юм. Хариуцагчийн зүгээс нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгсөн байхад шүүхээс хуульд заагаагүй үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй, апостиль гэрчилгээ авах шаардлагатай гэж үзэж хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улс Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд “...нотариатын үйлдлийг хэлэлцэн тохирогч нэг улсын нутаг дэвсгэр дээр үйлдэж хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэх албан ёсны баримт бичиг...” гэсэн нь хэлэлцэн тохирогч нөгөө улсад үйлдсэн баримтыг нотлох хүрээнд апостиль гэрчилгээ хийж, баталгаажуулалтыг халах харилцааг зохицуулсан. Гэтэл хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй баримт бичгийг шүүхээс баталгаажуулж ир гэж шаардах нь хууль тогтоомжид мөн л нийцээгүй байна.

Мөн шүүх Конвенцийн 3 дугаар зүйлд гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас 4 дүгээр зүйлд заасан гэрчилгээг олгох шаардлага тавигдана гэж шийдвэрлэсэн. Дээр дурдсанчлан Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцын 2 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч улс бүрд энэхүү конвенц үйлчлэх бөгөөд нутаг дэвсгэрт нь хэрэглэх баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг хална гэж, ийнхүү халахтай холбоотой апостиль гэрчилгээ олгох харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэхүү конвенц нь нэг улсын баримт бичгийг нөгөө улсын баримт бичгийн шаардлагад нийцүүлэх, баримт бичгийг олон удаагийн үйлдлээр баталгаажуулахаас хөнгөвчлөх, үнэн зөвийг баталгаажуулж буй хэлбэр ба баримт бичгийн агуулгыг гэрчлэх зорилгогүй байхад конвенцыг буруу тайлбарлаж, Монгол Улсад үйлдэгдсэн баримт бичгийг гадаадад үйлдэж, апостиль гэрчлүүлнэ гэж хуулиар олгогдоогүй шаардлагыг тавьсан.

Түүнчлэн, “Эс” компани Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулагдсан ба Монгол улсын нэгдэн орсон гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцод Их Британийн Виржинийн Арал нэгдэн ороогүй ба бие даасан улс биш тул апостиль гэрчилгээ анхнаасаа авах боломжгүй байна. Шүүх “Эс Лимитед” компанийг төлөөлөх эрхийг “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яир Жакоб Порат-д итгэмжлэлээр олгоогүй, Яир Ж нь “Эс Лимитед” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч болохыг нотолсон баримт мөн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна гэж нотлох баримтыг бүх талаас үнэлэлгүй шийдвэрлэсэн.

4.3. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчиж, зохигчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар Yair jacob porat нь холбогдох шийдвэр гаргахад Монгол Улсад байгаагүй, эсхүл байсан талаар маргаагүй, мэтгэлцээгүй байтал “... нарт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “С” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд Эс” ХХК-ийг төлөөлөн оролцох эрхийг тухайн хурлын дуусах хүртэл хугацаагаар олгосон. Гэтэл “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Яир Жакоб Порат-д нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр орсон нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Yair jacob porat нь зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр орсон талаарх мэдээллийг шүүхэд хүргүүлсэн ба түүний 2019-2021 онд Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх мэдээллийг шүүхэд хүргүүлээгүй байхад шүүх зөвхөн уг лавлагааны хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв Яир  нь Монгол Улсад байгаагүй гэж талууд маргасан тохиолдолд түүнийг Монгол улсад орж ирсэн талаарх лавлагаа, паспортны хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гарган өгөх бүрэн боломжтой байсан. Тодруулбал, Яир-д холбогдох шийдвэр гаргах, итгэмжлэл олгох үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад орж ирээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орж ирээд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Иймд хариуцагчийн зүгээс энэ асуудлаар талууд маргаж мэтгэлцээгүй тул эдгээр баримтыг гаргах шаардлага үүсээгүй. Мөн хариуцагч нь 2021 оны 10 сард Монгол Улсын хилээр гарч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орж ирэх талаарх Туркийн онгоцны билет, албан бичгийг хүргүүлсэн байхад уг баримтыг үнэлээгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан үзэж шийдвэрлэх ёстой байхад нэхэмжлэлд дурдаагүй, зохигчид маргаагүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй. Хэрэв “Эс” ХХК-ийн итгэмжлэлийг зохих ёсоор олгогдоогүй гэж байгаа бол уг шүүхэд хүргүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл өөрөө хүчингүй гэж үзэж буйтай адил юм. Иймд шүүх шийдвэр гаргахдаа мэтгэлцэх зарчмыг хангах, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангаагүй.

4.4. Шүүх “Эс ” ХХК-аас “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар шийдвэр гаргасан болох нь ээлжит бус хурлыг товлон зарласан эсэх байдал нотлогдон тогтоогдохгүй байна гэжээ. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.3 дахь хэсэгт зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлагад гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж, мөн хуулийн 61.4 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж зохицуулсан. “Эс” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М.Түвшинтөгөлдөр болон Г.Энх-Амгалан нарт компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, энэ тухай зарыг өдөр тутмын сонинд нийтлэх, биечлэн хүргэх, хурал явуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах, компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл хүргэх арга хэмжээ авах, тэдгээртэй харилцах зэрэг эрхийг тусгасан итгэмжлэл олгож, Яирт баталгаажуулсан байдаг. Тус итгэмжлэлийн хүрээнд М.Түвшинтөгөлдөр нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага гаргасан. Гэвч Д.Р-д нь гүйцэтгэх захирлын хувиар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар ямар нэгэн хариу шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь шийдвэр гаргаагүй тохиолдолд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэгч Д.Р-д нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага гаргахаар Яир Порат-ийг хайгаад олдоогүй гэх тайлбарыг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргах бөгөөд 65.1-т компанийн тухай хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Эндээс үзвэл хувьцаа эзэмшигчийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад гүйцэтгэх удирдлага нь хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хурлын зарыг эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээсэн. Гэтэл Д.Рэнцэнханд нь хувьцаа эзэмшигчийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргаж байсан, хурлын зарыг хувьцаа эзэмшигчид мэдээлж байсан талаар баримт авагдаагүй. Тиймээс Яир Жакоб Порат-ийг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч Д.Рэнцэнхандыг хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаж, хурлын зарыг хүргүүлэх нөхцөл шалтгааныг үгүйсгэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2, 44.3 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.5. Хэрэгт авагдсан “Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гэсэн бичвэрт 120 тамганы дугаартай нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байх боловч тухайн бичвэр үйлдсэн огноо харагдахгүй, бичвэр бүрэн уншигдахгүй, огноотой бичвэр хэсэгт шүүхийн хуулбарлав тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2, 44.4- т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэжээ. Нотариатын тухай хуулийн 49.1-д зааснаар нотариатч нь баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Тодруулбал, нотариатаас хуулбар үнэн болохыг баталгаажуулсан баримт бичиг нь эх хувь баримт бичгийн нэгэн адил тооцогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлагыг хангаж буй хэлбэр юм. Хариуцагчийн зүгээс нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгсөн байхад шүүхээс хуульд заагаагүй үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын бичвэр харагдахгүй, бүрэн уншигдахгүй байх зэрэг нь шүүгчийн нотлох баримтыг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах зэрэг үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан бөгөөд шүүхийн хуулбарлав тэмдэг нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх нөхцөл болохгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэрэгт шүүгчийн дурдсан итгэмжлэлүүдийн эх хувь нь авагдсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулах үүднээс хуульд заасны дагуу шүүхийн “хуулбарлав” тэмдгээр баталгаажуулж шүүхэд хүргүүлсэн. Хэрэв шүүх төрийн эрх бүхий байгууллага шүүхийн архивын хуулбар үнэн гэсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол өөр ямар нотлох баримт шаардлага хангасан болох нь ойлгомжгүй.

4.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дурдахдаа “Синержигоул” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болох “Эс Эй Эл” ХХК-ийн лавлагаа баримтаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй, "эл Инвестмент Лимитед” нэртэй хуулийн этгээд байх бөгөөд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Яир Жакоб Порат нь 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 16-д “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эл Инвестмент Лимитед” компаниас “Эс Эй Эл” ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, тус компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох төлөөлөгч томилох эрхийг “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яир Жакоб Порат-д олгосон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна гэж дурдсан нь хэргийн үйл баримтыг үгүйсгэж, дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нь хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон, нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. “Sal investment limited” компанийг төлөөлөх эрхийн талаар маргаж байгаа. “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Эс эй эл” ХХК байдаг. “Эс” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй гадаадын “Sal investment limited” компани бөгөөд өнөөдрийн хүртэл хэрэгт авагдсан баримтаар тус компанийн хувьцаа эзэмшигч нь хэн эсэх нь тогтоогддоггүй. Их британи, Виржиний аралд бүртгэлтэй гэх гадаад компанийн гүйцэтгэх захирлаар Израил улсын иргэн Yair Jacob Porat бүртгэгдсэн, энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, гүйцэтгэх удирдлагыг солих эрхтэй. “Эс эй эл” ХХК энэ эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн н.Түвшинтөгөлдөр, н.Энх-Амгалан нарт итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт тус тус зааснаар итгэмжлэлийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхдээ гаргасан алдаа нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн эрхийг итгэмжлэл болон тус компанийн дүрмээр олгоогүй байдаг.

“Sal investme” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Израйл улсын иргэн Yair Jacob Porat гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Итгэмжлэлийн хувьд 2 асуудал яригдах бөгөөд тгэмжлэлийг олгох эрхтэй этгээд олгосон юм уу, итгэмжлэлд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргах эрхийг олгосон юм уу гэсэн 2 асуудлыг шүүх анхаарч үзнэ үү. Израйл улсын иргэн Yair Jacob Porat нь гарын үсэг зурах эрхтэй юу, тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан эсэх асуудал яригдана. 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар талд Хил хамгаалах ерөнхий газрын Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа авагдсан бөгөөд Израйл улсын иргэн Yair Jacob Porat нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх олгосон итгэмжлэл 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу Израйл улсын иргэн Yair Jacob Porat Монгол Улсад орж ирэхээс өмнөх хугацаанд олгосон итгэмжлэлүүд гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Израйл улсын иргэн Yair Jacob Porat Монгол Улсад байсан гэдгийг өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй учраас гадаадын албан ёсны баримт баталгаажуулах олон улсын конвенцын дагуу апистоль гэрчилгээгээр итгэмжлэл гэрчлэгдсэн байхыг хууль зүйн үүднээс шаардаж байгаа. Хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг Иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 543.5, 543.6 дахь хэсэгт зааснаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас энэ хуулийн зүйл, заалт үйлчлэхгүй. Мөн итгэмжлэлийн агуулгыг анхаарч үзэх шаардлагатай. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл болон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлүүдэд н.Түвшинтөгөлдөрт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах тухай эрхийг олгоогүй. Итгэмжлэлд заагдсан эрхийн хэмжээ нь төлөөлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэхэд ашиглагдана. Ийм эрхийг олгоогүй байтал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан.

5.2. Талууд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай санал шаардлагыг н.Энхцэцэг гэдэг ажилтанд чинь хүргүүлсэн гэдэг. Энэ хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Эхний удаа н.Нэмэхцэцэгийг гэрчийн мэдүүлэг өгөхөд Д.Рэнцэнханд байлцаагүй, 2 дахь удаагаа хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд Д.Рэнцэнхандыг байлцуулж н.Нэмэхцэцэгээс мэдүүлэг авсан. н.Энхцэцэгийн зүгээс би өөр компанид ажилладаг байсан, Д.Рэнцэнханд гэдэг хүнд өгсөн эсэхийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн. Цахим шуудан болон мэйлээр харилцсан гэдэг боловч Компанийн тухай хуульд заасан санал шаардлагыг заавал бичгээр гардуулах зохицуулалт хэрэгжих ёстой. Анхнаасаа хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай олгосон итгэмжлэл нь өөрөө хүчингүй, гардуулсан гэдэг боловч санал шаардлага гардуулаагүй байж хувьцаа эзэмшигч Компанийн тухай хуулийг зөрчиж, 10 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаад тухайн хурлаас тогтоолууд гараад иргэн болон хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн. Хариуцагч тал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль бус хурал хийсэн гэсэн мөртлөө тус хурлаас гарсан гүйцэтгэх захиралд тамга, тэмдэг гэрчилгээ гаргуулъя гэсэн шаардлага гаргасан. Хурал хүчингүй байсан учраас бид хариуцагчийн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэг асуудлаар 2 шүүхэд хандаагүй, тухайн хурал хүчинтэй эсэх талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “С” ХХК, Д.Р нар нь хариуцагч “Эс” ХХК, Израйл улсын иргэн Яир Жэкоб Порат /Yair Jocob Porat/ нарт холбогдуулан “С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал томилох тухай болон компанийн охин компани “Навивоулд Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, “С” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

3. Хэргийн баримтаар дараахь үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Зохигчид “С” ХХК-ийг 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулж, тус компанийн дүрмийг баталж, улмаар 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 7-13/

 

3.2. Энэ компанийн  хувьцааны 49 хувийг нэхэмжлэгч Д.Р-д, 51 хувийг хариуцагч “Э” ХХК тус тус эзэмшдэг, уг компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Д.Р-д бүртгэлтэй болох нь “Синержигоул” ХХК-ийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон байна.

 

3.3. “С” ХХК-ийн дүрмийн 9.4-т “компани нь үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч цөөхөн бол заавал төлөөлөн удирдах зөвлөл хяналтын зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд эдгээр эрх үүргийг хувь нийлүүлэгчдийн хурал, түүнээс томилсон захирал хариуцна” гэж заасан бөгөөд тус компани төлөөлөн удирдах зөвлөл байгуулаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй  байна. /1-р хавтасны 8-13  тал/

 

4. “С” ХХК 51 хувийн хувьцаа эзэмшигч Гадаадын хөрөнгө оруулалттай “Эс ” ХХК-ийг Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Эс Эй Эл инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компани үүсгэн байгуулж, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд, мөн тус  компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлагаар Яир Жэко /Yair Jocob /-г 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд тус тус бүртгүүлжээ. /1-р хх-ийн 49-50, 2-р хх-ийн 105-156/

 

5. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д энэ хуулийг 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэж заасан.

 

5.1. “С” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй компани байх тул Компанийн тухай хуулийн 61  дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасныг үндэслэн “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Э инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компани нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэй байна.

 

5.2. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана” гэж, 61.4.”Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж, 61.5.”Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

 

5.3. Хэргийн  баримтаас үзвэл М.Т-өөс “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага гаргасан бөгөөд ээлжит бус хурлыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт Өмгөөллийн ЭмДи ХХН-д хуралдуулахыг мэдэгдэж, энэ талаар сонинд зар байршуулсан болох нь тогтоогдож байна.

 

5.4. Харин “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Э инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компани дээрх хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар “Сил” ХХК-ийн 49  хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, Д.Рэнцэнхандад албан ёсоор санал, шаардлага хүргүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, санал, шаардлагыг Баянзүрх дүүргийн 3 дугаар  хороо, Синержи плаза 4-401 тоот хаягт шуудангаар хүргүүлж, н.Нэмэхцэцэг гэх хүнд гардуулсныг нэхэмжлэгч Д.Р-ад гардуулсан гэж үзэхгүй. Учир нь гэрч н.Нэмэхцэцэгийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул “С” ХХК-ийн ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болохоор зохицуулсан байна.

 

6.1. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын “Эс Эй Эл инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компаниас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч “Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яир-т 3 жилийн хугацаатай олгожээ. Уг итгэмжлэлд “Эсл инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компанийн охин компани болох “Эсл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүхий л эрхийг  “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэх асуудалд бүрэн эрхтэйгээр санал өгөх, санал хураалтад оролцох, хурлын шийдвэр, тэмдэглэлд гарын үсэг зурах, эсхүл зурахаас татгалзах, хувьцаа эзэмшигчид мэдэгдэл хүргэх арга хэмжээ авах, тэдгээртэй харилцах гэх мэт ...эрхийг хэрэгжүүлэхээр олгосон байна. /3-р хх 126-128 тал/

 

6.2. Дээрх итгэмжлэлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Израйл улсын иргэн Яир рат /Yair Jocob Porat/-аас Г.Энх, М.Т нарт Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, энэ тухай зарыг өдөр тутмын сонинд нийтлэх, биечлэн хүргэх, хурал явуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах, компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл хүргэх, арга хэмжээ авах, тэдгээртэй харилцах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах, компани 51 хувийн хувьцаа болох “С” ХХК-ийн эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага түүнтэй холбоотой материал гаргах, хүргэх, санал, шаардлагын хариу хүлээн авах, тайлбар гомдол болон шаардлага гаргах...” гэх мэт бүрэн эрхийг хэрэгжүүлэх итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон. /3-р хх-ийн 118-119/

 

6.3. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Израйл улсын иргэн Яир-аас Г.Э, М.Т нарт “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт болох “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд “Э” ХХК-ийг төлөөлөн оролцох, “Синержигоулд” ХХК-ийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан болон хэлэлцэх асуудалтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай бусад бүхий л мэдээлэл, баримт бичигтэй танилцах, шаардан гаргуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх, санал хураалтад оролцох, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах, хурлын шийдвэр, тэмдэглэлд гарын үсэг зурах, тийнхүү зурахаас татгалзах, хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой хуульч авах болон Компанийн тухай хууль, дүрэмд заасан хувьцаа эзэмшигчийн хуралд хувьцаа эзэмшигчийн эдлэх бусад бүхий л бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ. /4-р хх-ийн 84-87/

 

6.4. Эдгээр итгэмжлэлийг хариуцагч нь Монгол улсад үйлдээгүй, харин гадаад улсад үйлдсэн бол Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид заасан баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас Апостиль гэрчилгээ олгосон байх шаардлага тавигддаг байна.

 

6.5. Хариуцагч нь дээрх итгэмжлэлүүдийг Монгол улсад үйлдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Яир Жэкоб итгэмжлэл үйлдсэн цаг хугацаанд Монгол улсад байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/5558 тоот албан бичгээр Яир Жэкоб Порат /Yair Jocob Porat/-ыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын хилээр орсон нь бүртгэлд авагдсан байна. Иймд “Эс Эй Эл инвестмент лимитед” /SAL Investment Limited/ компаниас Израйл улсын иргэн Яир Жэкоб Порат /Yair Jocob Porat/-т олгосон итгэмжлэл болон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр,  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Эс Эй Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Израйл улсын иргэн Яир Жэкоб Порат /Yair Jocob Porat/-аас Г.Э, М.Т нарт тус тус олгосон итгэмжлэлүүд Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид заасан шаардлагыг хангаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд хариуцагч нь дээрх 2 итгэмжлэлээр олгосон эрхийг хэрэгжүүлж “Эс Эй Эл” ХХК-ийн ээлжит бус хурлыг хуралдуулах талаар хийсэн ажиллагаа  нь Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх тул хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн, хувьцаа эзэмшигч Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Sal investment limited компаниас Э ХХК-нийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, тус компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох төлөөлөгч томилох эрхийг Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Яир Жэкоб Порат /Porat Yairjacab/-т олгосон талаарх баримт нотлох баримтаар авагдаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд “С” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

  

             

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН

 

                                 ШҮҮГЧИД                                     С.ЭНХБАЯР

 

                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ