Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00598

 

 

 

 

 

 

 

 

 

С.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Год холбогдох,

 

Зээл болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9 328 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 5 462 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Год 2014 оноос хойш 1-3 сая төгрөгийг зээлдүүлж, эргэн тооцоо нийлж байсан. Гэтэл А.Г нь зээлж авсан болон наймаа хийсэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөхгүй намайг хохироож байна. Үүнд:

Нэгдүгээрт 2016.10.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016.11.28-ны өдөр 3 000 000 төгрөгийг хүү төлөхөөр зээлсэн. Дээрх зээлээс 2017.02.17-ны өдөр 200 000 төгрөг, 2017.02.27-ны өдөр 300 000 төгрөгийг хүүд, 2018.03.09-ний өдөр үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 3 000 000 төгрөгийн үндсэн зээлээ төлөөгүй.

Хоёрдугаарт: А.Гоос тамхи худалдан авах зорилгоор 1 000 000 төгрөгийг 2017.11.07-ны өдөр бэлнээр өгч, 1 000 000 төгрөгтөө тамхи хүлээн авсан боловч тамхиа борлуулж чадаагүй. А.Год 1 000 000 төгрөгийн тамхийг  хүлээлгэж өгсөн ба тэрээр  уг тамхийг зарж борлуулаад ашиг гэж 23 000 төгрөгийг 2017.12.06-ны өдөр өгсөн. Харин тамхины үнэ 1 000 000 төгрөгийг өгөөгүй.

Гуравдугаарт: А.Гоос тамхи авахаар хэлэлцэж, авсан тамхиа А.Гоор татвар нэмэгдсэн үнээр заруулахаар тохирсон. Год 2017 оны 12 сард 4 удаагийн шилжүүлгээр 21 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Г нь 2017.12.07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017.12.08-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017.12.18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017.12.25-ны өдөр 5 000 000 төгрөгөөр  21 000 000 төгрөг хүлээн авсан боловч 17 447 000 төгрөгийн тамхи өгсөн. 2017.12.13-ны өдөр 1 187 000 төгрөгийн тамхи, 2017.12.24-ний өдөр 9 715 000 төгрөгийн тамхи, 2017.12.25-ны өдөр 6 545 000 төгрөгийн тамхи авсан. А.Гтой 8 715 500 төгрөгийн тамхийг зарж борлуулаад, үлдэгдэл 8 731 500 төгрөгийн тамхийг анх хэлэлцэж тохирсон ёсоор татвар нэмэгдүүлсэн үнээр заруулахаар тохиролцон хүлээлгэн өгсөн. Тооцоолол нь 2018.01.29-ны өдөр 3 375 000 төгрөгийн тамхи, 2018.02.12-ны өдөр 1 325 000 төгрөгийн тамхи, 2018.02.15-ны өдөр 3 173 500 төгрөгийн тамхи, 2018.02.20-ны өдөр 858 000 төгрөгийн тамхи болох юм. Ингээд А.Г нь тамхийг зарж борлуулснаар нэхэмжлэгчийн  Хаан банкны 5064766112 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүнд: 2018.02.11-ний өдөр тамхины үнэ 2 000 000 төгрөг, 2018.02.19-ний өдөр тамхины үнэ 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд 8 731 500 төгрөгийн тамхины үнээс 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзвэл А.Г нь  3 731 500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тодорхой харагдана.

 

Харин А.Г нь надад 2 удаагийн үйлдлээр 1 956 500 төгрөгийн тамхийг буцааж өгсөн. А.Г нь надад 2018 оны 02.28-ны өдөр 1 437 500 төгрөгийн тамхийг хүлээлгэн өгсөн баримт, А.Гоос надад 2018.03.12-ны өдөр 519 000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгсөн баримт. Дээрх 3 731 500 төгрөгийн үлдэгдлээс буцааж авсан тамхины мөнгө болох 1 956 500 төгрөгийг хасаад 1 775 000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Ингээд энэхүү тамхины наймаанаас 5 328 000 төгрөг авлагатай гарч байна. Иймд дээрх 3 удаагийн тооцоогоор А.Гоос нийт 9 328 000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Тамхины үлдэгдэл тооцоо 5 328 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, тамхи зарахаар авсан 1 000 000 төгрөг, нийт 9 328 000 төгрөгийг хариуцагч А.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчтэй ямар ч тооцоогүй. Бүрэн төлсөн. Харин өөрийн илүү өгсөн 5 462 000 төгрөгийг нэхэмжилж байна. 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. С.О 2017.12.07-ны өдөр, 12.08-ны өдөр, 12.18-ны өдөр хүртэл 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2017.12.25-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний дүнд 12.13-ны өдөр 5 блок, 9 нэр төрөл, 45 блок, үнэ нь 1 187 000 төгрөгний тамхийг авч өгсөн. 2017.12.18-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Тамхийг Бүрд худалдааны төвийн тамхины залууд 2 635 000 төгрөг бэлнээр, картнаас 3 300 000 төгрөг, нийт 5 935 000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2017 оны 02 сарын 28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1 191 000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр 4 төрлийн 5 765 000 төгрөгийн тамхийг аваад 2017.12.19-ний өдөр н.Амартүвшин гэдэг хүүг дагуулан, тамхиа авсан. С.Од 2017.12.13-ны өдөр өгсөн 1 187 000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017.12.25-ны өдөр мөн 5 000 000 төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510 000 төгрөг, нийт 5 205 000 төгрөг болсон. Энэ хүний захисан тамхи 12.24-ний өдөр нийт 11 055 000 төгрөгийн тамхи болсон. 2017.12.21-ний өдрийн 9 715 000 төгрөгийн тамхин дээр 2017.12.25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг эссэ 1 340 000 төгрөгний тамхи нэмээд 11 055 000 төгрөг болсон. 2018.02.28-ны өдөр 9 025 000 төгрөгийн тамхийг өгөөд дахиж тамхины асуудал нэхэмжлэгчтэй яриагүй. 2018.03.19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9 025 000 төгрөгийн тамхийг аваагүй гэдэг. Нэхэмжилж байгаа 9 328 000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9 328 000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5 765 000 төгрөг, 9 025 000 төгрөг, нийт 14 790 000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5 462 000 төгрөгийг иргэн С.Огоос нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: А.Г нь надаас тамхины үнэ 5 462 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 5 462 000 төгрөгийн нэхэмжлэлээ ямар нотлох баримтаар тогтоогоод байгааг ч ойлгохгүй байна. А.Гын сөрөг нэхэмжлэлийг анхааралтай уншвал харин ч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Гоос 9,328,000 /есөн сая гурван зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, 5,462,000 /таван сая дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,198 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,342 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,408 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан хариуцагч А.Год буцаан олгож, хариуцагч А.Гоос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 164,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч н.Амартайван, н.Энхболд нарын мэдүүлгээр нэхэмжлэгчид 9 025 000 төгрөгийн тамхи өгсөн болох нь тогтоогдож байхад шүүх буруу дүгнэсэн. Шүүхээс  А.Гын С.Од өгсөн гэх 5 765 000 төгрөгний тамхи  нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. А.Г нь нийт 5 765 000 төгрөгийн тамхи  өгсөн болох нь гэрч н.Амартайвны өгсөн мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 5 462 000 төгрөгийг иргэн С.Огоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч А.Гоос зээл 3 000 000 төгрөг, худалдан борлуулахаар авсан тамхины үнэ 1 000 000 төгрөг, мөн тамхи худалдан борлуулахаар аваад үнэ 5 328 000 төгрөгийг буцааж өгөөгүй тул нийт 9 328 000 төгрөгийг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ 9 328 000 төгрөгийн тооцоог дууссан, илүү 5 462 000 төгрөгийн тамхи нийлүүлсэн” гэж маргажээ. / хх-ийн 1-3, 37-39 /

 

Нэхэмжлэгч С.Огоос хариуцагч А.Год 2017 оны 12 дугаар сард 4 удаагийн шилжүүлгээр 21 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөнд талууд маргаангүй. Уг 21 000 000 төгрөгт нэхэмжлэгч нь хариуцагчаас тамхи авсан бөгөөд 8 731 500 төгрөгийн тамхийг нэхэмжлэгч нь худалдан борлуулаад өгөөч гээд буцаагаад А.Год шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй. Дээрх 8 731 500 төгрөгөөс А.Г 5 000 000 төгрөгийг бэлэн төлсөн, 1 956 500 төгрөгийн тамхийг нэхэмжлэгч буцаан авсанд тус тус маргахгүй байна. /хх-ийн 1-3, 37-39, 111-117 /

 

Түүнчлэн  нэхэмжлэгч нь хариуцагчид тамхи худалдан авах зорилгоор 1 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр бэлнээр шилжүүлж, 1 000 000 төгрөгтөө тамхи хүлээн авсан боловч тамхиа борлуулж чадаагүй тул дахин А.Год 1 000 000 төгрөгийн тамхийг худалдуулахаар хүлээлгэн өгсөн үйл баримтыг хариуцагч няцаагаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж байсан үйл баримттай ч мөн маргаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс 9 328 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Харин хариуцагч А.Г нь нэхэмжлэгчид дээрх 9 328 000 төгрөгийн тооцооноос тусдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр, худалдах худалдан авах гэрээгээр 5 462 000 төгрөгийн тамхи нийлүүлсэн тул 5 462 000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байна. / хх-ийн 37-39/

 

Зохигчийн хооронд  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээ амаар байгуулагдсан үйл баримт тогтоогдсон. Дээрх зээлээс нэхэмжлэгчийн тайлбараар “ .., 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 300 000 төгрөгийг хүүд, 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр  зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөгийг төлж, зээл 3 000 000 төгрөг үлдсэн” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй. /хх-ийн 1-3/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах юм.

 

Хэдийгээр хариуцагч давж заалдах гомдолдоо үндсэн нэхэмжлэлийн талаар дурдаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх юм. Талууд хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй боловч нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 300 000 төгрөгийг хүүд, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү 200 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийг хүүд хүлээн авсан тухай тайлбарласан байгааг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй байна.

 

Дээрх хүүд суутган авсан 700 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин дээрх 5 000 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөг үлдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул 3 000 000 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах нь зөв гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч А.Год 1 000 000 төгрөгийн тамхийг худалдуулахаар хүлээлгэн өгсөн боловч хариуцагч 23 000 төгрөгөөс өөр төлбөр тооцоо хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй. /хх-ийн 1-3/ Иймд хариуцагчийн төлсөн гэх 23 000 төгрөгийг мөн үндсэн нэхэмжлэлээс хасч тооцох ёстой буюу нийт 9 328 000 төгрөгөөс дээр дурдсан 723 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаанд хамаарах хуулийг зөв хэрэглээгүй байгааг залруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөгийн болон 5 328 000 төгрөгийн шаардлагуудаа тамхи худалдан борлуулуулахаар өгөөд буцааж аваагүй мөнгө, өөрөөр хэлбэл “тамхины үнэ” гэж тодорхойлсныг анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх зааснаар нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу тамхийг худалдуулахаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нь хүлээн авсан тамхийг нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн гуравдагч этгээдүүдэд худалдан борлуулах үүрэгтэй байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.6 дахь хэсэгт зааснаар худалдахаар хүлээн авсан тамхины үнийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм. Нэхэмжлэгч С.Огоос хариуцагч А.Год 8 731 500 төгрөгийн тамхийг худалдан борлуулуулах зорилгоор итгэмжлэн өгсөн, хариуцагч нь “5 000 000 төгрөгийг бэлэн төлсөн, 1 956 500 төгрөгийн тамхийг нэхэмжлэгчид буцаан өгсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй тул үлдэх 1 775 000 төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. /хх-ийн 121-125 /

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 406 дугаар зүйлийн 406.6 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэл 9 328 000 төгрөгөөс 723 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 8 605 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч нь дээрх үндсэн нэхэмжлэлийн тооцооллоос тусдаа 5 462 000 төгрөгийн тамхийг нэхэмжлэгчийн захиалгаар түүнд худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн гэх тайлбар, сөрөг нэхэмжлэлээ санхүүгийн баримтаар нотлоогүй байна. Тооцоололтой холбоотой үйл баримтыг гэрч эргэлзээгүй нотолж чадаагүй юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ “тооцоо хийгдээгүй тамхи” гэж тодорхойлон нийт 5 765 000 төгрөгөөр 12 дугаар сарын 09-ний өдөр н.Цэрэнпилээс тамхи худалдаж авч, нэхэмжлэгчид нийлүүлсэн, уг тамхийг нэхэмжлэгч нь ач хүү Г.Амартайваныхаа хамт зөөж авсан гэж тайлбарласан. Гэрчээр асуугдсан Б.Энхболд, Б.Цэрэнпил, насанд хүрээгүй гэрч Г.Амартайван нарын “А.Г нь тамхи худалдаж авдаг байсан”, нэг хоёр паачик ууттай тамхи авсан, би нэг хайрцаг тамхи өргөөд явсан,“ гэх мэдүүлгүүд нь А.Гоос С.Од 5 462 000 төгрөгийн тамхи өгсөн гэдгийг шууд эргэлзээгүй нотлохгүй юм.

 

Эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэж баталж байгаа тал эргэлзээгүй баримтаар эд хөрөнгийн нэр төрөл, тоо ширхэг, үнийн дүнг нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “406 дүгээр зүйлийн 406.6” гэж, “9 328 000” гэснийг “8 605 000” гэж, 2 дахь заалтын “164 198” гэснийг “152 630” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД