Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00071

 

С.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00460 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 598 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.О-

          Хариуцагч: А.Г-од холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 9,328,000 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 5,462,000 төгрөг гаргуулах тухай

          иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, хариуцагч А.Г- түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: А.Г-од 2014 оноос хойш 1-3 сая төгрөгийг зээлдүүлж, эргэн тооцоо нийлж байсан. Гэтэл А.Г- нь зээлж авсан болон наймаа хийсэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөхгүй байна. Үүнд: 1/. 2016-10-10-ны өдөр 2 сая төгрөг зээлүүлсэн.Уг зээлээс 2017-02-17-ны өдөр 200,000 төгрөг, 2017-02-27-ны өдөр 300,000 төгрөгийг хүүд, 2018-03-09-ний өдөр үндсэн зээл 2 сая төгрөг, хүү 200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016-11-28-ны өдөр 3 сая төгрөгийг хүүтэй зээлүүлсэн. 3 сая төгрөгийг төлөөгүй. 2/. А.Г-од 1 сая төгрөг 2017-11-07-ны өдөр бэлнээр тамхи авсан борлуулж чадаагүй. А.Г-од 1 сая төгрөгийн тамхийг хүлээлгэж өгсөн ба тэрээр уг тамхийг зарж борлуулаад ашиг гэж 23,000 төгрөгийг 2017-12-06-ны өдөр өгсөнч тамхины үнэ 1 сая төгрөгийг өгөөгүй. 3/. А.Г-оос тамхи авахаар хэлэлцэж, авсан тамхиа А.Г-оор татвар нэмэгдсэн үнээр заруулахаар тохирсон. Г-од 2017-12 сард 4 удаагийн шилжүүлгээр 21 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Г- нь 2017-12-07-ны өдөр 5 сая төгрөг, 2017-12-08-ны өдөр 6 сая төгрөг, 2017-12-18-ны өдөр 5 сая төгрөг, 2017-12-25-ны өдөр 5 сая төгрөгөөр 21 сая төгрөг хүлээн авсан боловч 17,447,000 төгрөгийн тамхи өгсөн. 2017-12-13-ны өдөр 1,187,000 төгрөгийн тамхи, 2017-12-24-ний өдөр 9,715,000 төгрөгийн тамхи, 2017-12-25-ны өдөр 6,545,000 төгрөгийн тамхи авсан. А.Г-той 8,715,500 төгрөгийн тамхийг зарж борлуулаад, үлдэгдэл 8,731,500 төгрөгийн тамхийг анх хэлэлцэж тохирсон ёсоор татвар нэмэгдүүлсэн үнээр заруулахаар тохиролцон хүлээлгэн өгсөн. Тооцоолол нь 2018-01-29-ний өдөр 3,375,000 төгрөгийн тамхи, 2018-02-12-ны өдөр 1,325,000 төгрөгийн тамхи, 2018-02-15-ны өдөр 3,173,500 төгрөгийн тамхи, 2018-02-20-ны өдөр 858,000 төгрөгийн тамхи болох юм. Ингээд А.Г- нь тамхийг зарж борлуулснаар нэхэмжлэгчийн Хаанбанкны 5064766112 тоот дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнд: 2018-02-11-ний өдөр тамхины үнэ 2 сая төгрөг, 2018-02-19-ний өдөр тамхины үнэ 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд 8,731,500 төгрөгийн тамхины үнээс 5 сая төгрөгийг шилжүүлсэн гэж үзвэл А.Г- нь 3,731,500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тодорхой харагдана. Харин А.Г- нь надад 2 удаагийн үйлдлээр 1,956,500 төгрөгийн тамхийг буцааж өгсөн. А.Г- нь надад 2018-02-28-ны өдөр 1,437,500 төгрөгийн тамхийг хүлээлгэн өгсөн баримт, А.Г-оос надад 2018-03-12-ны өдөр 519,000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгсөн баримт. Дээрх 3,731,500 төгрөгийн үлдэгдлээс буцааж авсан тамхины мөнгө болох 1,956,500 төгрөгийг хасаад 1,775,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж байна. Ингээд энэхүү тамхины наймаанаас 5,328,000 төгрөг авлагатай гарч байна. Иймд дээрх 3 удаагийн тооцоогоор А.Г-оос нийт 9,328,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Тамхины үлдэгдэл 5,328,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3 сая төгрөг, тамхи зарахаар авсан 1 сая төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг А.Г-оос гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл   5,462,000 төгрөг үндэслэлгүй. 5,462,000 төгрөгийн нэхэмжлэлээ ямар нотлох баримтаар тогтоогоод байгааг ч ойлгохгүй байна. А.Г-ын сөрөг нэхэмжлэлийг уншвал харин ч миний нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.

       Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчтэй ямар ч тооцоогүй. Бүрэн төлсөн. Харин өөрийн илүү өгсөн 5,462,000 төгрөгийг нэхэмжилж байна. 3 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн. С.О- 2017-12-07-ны өдөр, 12-08-ны өдөр, 12-18-ны өдөр хүртэл 16 сая төгрөгийг шилжүүлсэн, 2017-12-25-ны өдөр 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний дүнд 12-13-ны өдөр 5 блок, 9 нэр төрөл, 45 блок, үнэ нь 1,187,000 төгрөгний тамхийг авч өгсөн. 2017-12-18-ны өдөр 5 сая төгрөгийг шилжүүлэхдээ арай хямд аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Тамхийг Бүрд худалдааны төвийн тамхины залууд 2,635,000 төгрөг бэлнээр, картнаас 3,300,000 төгрөг, нийт 5,935,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2017-02-28-ны өдөр тамхи авахдаа шилжүүлгээр 1,191,000 төгрөгийг шилжүүлэн тамхи худалдан авсан. Тэр өдөр 4 төрлийн 5,765,000 төгрөгийн тамхийг аваад 2017-12-19-ний өдөр н.Амартүвшин гэдэг хүүг дагуулан, тамхиа авсан. С.О-д 2017-12-13-ны өдөр өгсөн 1,187,000 төгрөгийн тамхины бичилт дээр нэг хуудсан дээр бичигдэн үлдсэн. 2017-12-25-ны өдөр мөн 5 сая төгрөгийг шилжүүлэхэд тамхийг нь авч өгсөн. Өөрт байсан тамхинаас 30 ширхэг улаан шонхор тамхи 510,000 төгрөг, нийт 5,205,000 төгрөг болсон. Энэ хүний захисан тамхи 12-24-ний өдөр нийт 11,055,000 төгрөгийн тамхи болсон. 2017-12-21-ний өдрийн 9,715,000 төгрөгийн тамхин дээр 2017-12-25-ны өдөр тамхи өгөхдөө 1 хайрцаг эссэ 1,340,000 төгрөгний тамхи нэмээд 11,055,000 төгрөг болсон. 2018-02-28-ны өдөр 9,025,000 төгрөгийн тамхийг өгөөд дахиж тамхины асуудал нэхэмжлэгчтэй яриагүй. 2018-03-19-ний өдөр тооцоо нийлэхэд миний өгсөн 9,025,000 төгрөгийн тамхийг аваагүй гэдэг. Нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийн мөнгөний тооцоо дууссан гэдгийг хүүхэд нотолж байгаа учраас нэхэмжилж байгаа 9,328,000 төгрөгийг өөрийн өгсөн тамхины үнэ 5,765,000 төгрөг, 9,025,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөгөөс хасаад тамхины үлдэгдэл мөнгө 5,462,000 төгрөгийг С.О-гоос гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 101/ШШ2019/00460 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан А.Г-оос 9,328,000 төгрөг  гаргуулан С.О-д олгож, 5,462,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 164,198 төгрөг, хариуцагчаас төлсөн 102,342 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 13,408 төгрөгийг гаргуулан хариуцагчид буцаан олгож, хариуцагчаас 164,198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 598 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00460 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 406 дүгээр зүйлийн 406.6-г үндэслэн хариуцагчаас 8 605 000 гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулан  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагч хяналтын гомдолдоо: 1/. 3 сая төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагад А.Г- 2016-10-10-ны өдөр 2 сая төгрөг, 2016-11-28-ны өдөр 3 сая төгрөг аман хэлцлээр хүүтэй тохирон зээлдүүлж 2 сая төгрөгөө хүүтэй нь авсан, үлдэгдэл 3 сая төгрөгөө нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан Хаанбанкны С.О-гийн данснд А.Г-ын данснаас 2017-02-17-ны өдөр 200,000 төгрөг, 2017-02-27-ны өдөр 300,000 төгрөг, 2017-03-09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2017-04-05-ны өдөр 300,000 төгрөг /хх-6/, 2017-11-05-ны өдөр 300,000 төгрөг, 2017-12-05-ны өдөр 300,000 төгрөг, 2018-01-01-ний өдөр 300,000 төгрөг /хх-7/, 2018-02-05-ны өдөр 200,000+100,000=300,000 төгрөг /хх-8/ нийт 4,200,000 төгрөгийн орлогыг хүү болон зээлэнд төлсөн байхад тогтоогдохгүй байна гээд 3 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн буруу. Мөн хүүд суутгасан 700,000 төгрөгийг Иргэний хуулийн 282.3-т зааснаар үндсэн нэхэмжлэлээс хасч байгаа мөртлөө 3 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр хэн ч уншсан ойлгомжтой байх ёстой зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн бол хүүд суутгагдсан мөнгө нь зээлийн үүргээсээ хасагдах хуульд нийцэж байна. Иймд хэргийн 6-8 дах талуудад авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар хариуцагчаас зээлийн хүүд гээд төлсөн 2,200,000 төгрөгийг үлдэгдэл зээл болох 3 сая төгрөгөөс хасч тооцож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-р талд үйл баримтуудыг тогтоогдож байна гэж үзсэн боловч хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. ...8,731,500 төгрөгийн тамхийг нэхэмжлэгч нь худалдан борлуулаад өгөөч гээд буцаагаад А.Г-од шилжүүлсэн үйл баримтанд талууд маргаагүй. Дээрх 8,731,500 төгрөгөөс А.Г- 5 сая төгрөгийг бэлэн төлсөн, 1,956,500 төгрөгийн тамхийг нэхэмжлэгч буцаан авсанд тус тус маргахгүй байна. /хх 1-3, 37-39, 111-117/ гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын маргасан болон маргаагүй үйл баримтыг зөв тогтоож чадаагүй учир шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны болсон гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчээс 2018-01-29-ний өдрөөс 2018-02-20-ны өдрийн хооронд 4 удаа 8,731,500 төгрөгийн тамхийг нь надад заруулахаар буцааж өгсөн гэж /хх 18-21/ байгаа баримтуудыг гарган өгсөн. Харин миний бие шүүх хурал дээр /хх-116/ 2018-02-20-ны өдөр нэхэмжлэгчээс 858,000 төгрөгийн тамхи аваагүй талаараа хэлсэн. Нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтууд дээр миний гарын үсэг байхгүй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нь 858,000 төгрөгийн тамхи өгсөн гэдгээ нотлоогүй, баримт байхгүй байхад анхан шатны шүүх мөн л ямар баримтыг үндэслэн нотлогдсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Давж заалдах шатны шүүхийн үндэслэж буй баримтууд нь үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэл бөгөөд эдгээр баримтууд дээр хариуцагч би 8,731,500 төгрөг болон 858,000 төгрөгийн тамхи буцаан авсан талаар хэлээгүй болно. Хариуцагчийн хэлээгүй, тайлбарлаагүй зүйлийг шийдвэр магадлалд тусгаж болохгүй бөгөөд нотлогдоогүй мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул 858,000 төгрөг хасагдах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-р талд: С.О- нь А.Г-од заруулахаар буцаан өгсөн тамхинаас 2018-02-28-ны өдөр 1,437,000 төгрөгийн, 2018-03-12-ны өдөр 519,000 төгрөгийн тамхийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон гэсэн боловч хэрэгт байгаа ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй харин ч 1,956,500 төгрөгийн тамхийг буцаан авсанд маргахгүй байна гэж 2 өөрөөр шийдвэрлэлээ. Бидний гол маргасан зүйл бол 2017-12-19-нд 5,765,000 төгрөгийн болон 2018-02-28-нд нэхэмжлэгч 1,437,000 төгрөгийн тамхи авсан, хариуцагч 9,025,000 төгрөгийн тамхи өгснийг аваагүй гэж маргадаг. Ямарч байсан нэхэмжлэгч энэ өдөр манай гэрээс /хх 23/ “цагдаа хотхоны гэрээс нь” гэж бичсэн байдаг./ тамхи авснаа хүлээн зөвшөөрч үнийн дүн тоо, ширхэг дээр зөрүүтэй байдаг. Хариуцагч миний хувьд урьд нь тамхи авах гээд гэрч Б.Цэрэнпилд 2,635,000 төгрөг бэлнээр 2017-02-15-ны өдөр бэлэн мөнгөний машинаас 3,300,000 төгрөг /хх-52/ өгч тамхи авах гэсэн энгийн болон ченж эссэ цагаан сар болоод тасарсан байна гээд 5,935,000 төгрөг өгсөн байсан үүн дээрээ 2012-2-28-ны өдөр гэрч Б.Цэрэнпилийн дансруу 1,191,000 төгрөг шилжүүлж /хх-53/ нийт 7,126,000 төгрөгийн үнэ бүхий эссэ 100 ширхэг/2 хайрцаг/, ченж эссэ 150 ширхэг /3 хайрцаг/ тамхийг авч өөрт байсан парламент 50 ширхэг /1 хайрцаг/ тамхитай нийлүүлэн 9 025 000 төгрөгийн 6 хайрцаг тамхийг /хх-42/ 2018-02-28-ны өдөр манай гэрийн гадаа миний машинаас өөрийнхөө машин руу хүү Г.Амартайваны хамт зөөгөөд аваад явсан. Мөн тухайн өдөр би түүний 95746666 дугаар луу залгасан ярианы билл /хх-71/, гэрч Б.Цэрэнпилийн дансруу мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр нотолсон төдийгүй хамгийн гол нь нэхэмжлэгчийн хүүхдийн хүүхэд болох Г.Амартайван гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх 6 хайрцаг тамхийг хэн хэн хэрхэн зөөсөн талаараа, мөн өвөө М.О-гоос “Чи бид хоёр очиж тамхи авсан нь үнэн үү” гэсэн асуултанд “очиж авсан” гэж тов тодорхой хэлсэн тул 9,025,000 төгрөгний 6 хайрцаг тамхи өгсөн нь нотлогдсон байгааг анхаарч үзэлгүй 2 өөр байдлаар шийдсэнийг зөвтгөж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй. Нэхэмжлэгчээс тамхи авч өгнө гээд 2017-12-18-ны өдрийн байдлаар 3 удаагийн гүйлгээгээр 16 сая төгрөг аваад, 2017-12-13-нд 1,187,000 төгрөгийн тамхи өгсөн байсан. 2017-12-18-ны өдөр Хаанбанкны өөрийн 5064765890 тоот данснаас 3 сая төгрөгийг тамхи борлуулдаг Б.Цэрэнпилийн байнга харьцдаг Хаанбанкны 5026461172 тоот данс руу /хх-49/ шилжүүлсэн. Энэ дансыг гэрч Б.Цэрэнпил нь өөрийн данс мөн болохыг 2017-12-18-ний өдрийн 3 сая төгрөгийн орлогыг өөрийн дансандаа орсон болохыг /хх-108/ гэрчилсэн. Дээрх 3 сая төгрөгийг шилжүүлчихээд бэлэн мөнгөний машинаас дахин данснаасаа 3 сая төгрөг /хх-49/ авч зарлагын баримтан дээр байгаа Ченж 50ш*29 200, Бест 50ш*27 300, парламент-50ш*37 800, цагаан бест 50*21 000 нийт 5,765,000 төгрөгийн /хх-46/ тамхийг авсныхаа маргааш нь 2017-12-19-ний өдөр нэхэмжлэгчтэй БЗД-н 16-р хорооллын 28-р байрнаас хүү Г.Амартайвантайгаа гарч ирэн 61-р байрны 1-р орц руу тамхиа зөөн оруулсан. Энэ байруудад нэхэмжлэгч болон түүний хүү Г.Амартайван нар амьдардаг болох нь /хх-90/ байгаа 16-р хорооны тодорхойлолт, /хх-91/ байгаа Г.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-94/ байгаа Гэрч Г.Амартайваны мэдүүлэг зэргээр нотлогддог ба гэрч Г.Амартайваны мэдүүлгээр 28-р байрны гаднаас 61-р байр луу очсон болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ямар нэгэн нотлох баримтуудыг үндэслээгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.О- 2018-10-03-ны өдөр шүүхэд хандан, А.Г-оос зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, тамхи авахуулахаар өгсөн 1,000,000 төгрөг, тамхины үлдэгдэл мөнгө 5,328,000 төгрөг, нийт 9,328,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

        А.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, сөрөг нэхэмжлэл гаргаж, С.О-гоос тамхины үлдэгдэл 5,462,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. 

       Анхан шатны шүүх А.Г-оос 9,328,000 төгрөг гаргуулан С.О-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас 8,605,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.   

      Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...700,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хассан атлаа 3 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй 9,025,000 төгрөгийн үнэтэй тамхи өгсөн... сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу ....” гэсэн үндэслэл заажээ.

      Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нар нь “Ченж”, “Бест”, “Парламент” зэрэг тамхийг худалдсан, зарж борлуулах хөрөнгө итгэмжилсэн гэж шүүх үзжээ.

      Зохигчийн хооронд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх болсон үндэслэлээ шүүх шийдвэртээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.   

      Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.   

    Аливаа гэрээ хүчин төгөлдөр байх нь үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах урьдчилсан нөхцөл юм. Иймд С.О-н нэхэмжлэл, А.Г-ын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэлт өгсөн байх шаардлагатай.

    Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч мэтгэлцээгүйгээс гадна шүүх дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00460 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 598 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 231,900 төгрөгийг захирамжаар А.Г-од буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ