Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/04049

 

 

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, ... давхарт байрлах, регистр ..., С...ХХК,  

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Ч...ХХК, 

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, .... тоотод байрлах, регистр ...., Г...ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага:400,000,000 төгрөг гаргуулах, ... улсын дугаартай Catepillar 320 DL маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М..., өмгөөлөгч Г.Ж..., хариуцагч Ч...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т..., хариуцагч Г...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г...., гэрч Н.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С...ХХК нь хариуцагч Ч...ХХК, Г...ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн урьдчилгаанд төлсөн 400 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай Catepillar 320 DL маркийн экскаватороос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

С...ХХК нь Ашигт матмалын ашиглалтын М... MV-... дугаар тусгай зөвшөөрлийг 2045 он хүртэл хугацаагаар эзэмших байсан ба эдгээр тусгай зөвшөөрлүүдийн дагуу Өмнөговь аймгийн .... нүүрсний уурхайг нээн ажиллуулж байсан.Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд олборлолтын үйл ажиллагааг өөр компаниар гүйцэтгүүлэхээр 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ч...ХХК-тай Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээг байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 400 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн боловч Ч...ХХК нь олборлолтын ажил огт хийгээгүй.Харин Ч...ХХК-ийн захирал Н.П..., Г...ХХК-ийн захирал Ч.А... нар бид олборлолтын ажлыг хамтарч хийх хүсэлтэй байна гэсний дагуу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Ч...ХХК-тай урд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Г...ХХК-ийг оролцуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан болно.

Тухайн үед Ч...ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.П... нь манайх хөрөнгө муутай, менежмент хийгээд, тухайн ажлыг гүйцэтгэж эхлэхийн тулд машин, техник хэрэгслүүдээ зөөх, кемп ажилтнууд гээд урт хугацаанд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байсан.

Энэ агуулгаар кемп бариад эхний мөнгийг танай тал хариуцаад, олборлолтын ажил эхлээд явахаар С...ХХК-д Ч...ХХК өглөг өгөх үүрэг үүснэ.Ирээдүйд авлагатай болох учир 400,000,000 төгрөгийг гаргаад өгвөл ажлаа эхлэх боломжтой гэснээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

Тухайн үед ашигт малтмалын талбай буюу уурхайн талбай хэсгийг сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах яриа яригдаж, олон нийтийн хэрэгсэл, нутгийн иргэдээс уурхай ажиллуулахгүй гэх тэмцэл гаргаж байсан.Гэхдээ энэ нь ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй үндсэн шалтгаан биш.

Ч...ХХК-тай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгээгүй.Бодит байдал дээр техник хэрэгсэл, хүн хүч байхгүй компани болж таарсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ярилцахад Ч...ХХК-аас Г...ХХК гээд тоног төхөөрөмжтэй компани байна.Энэ компанитай хамтраад олборлолтын ажил хийе гээд санал тавиад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний гурван талт гэрээ байгуулсан.

Гэрээний 3.7, 3.8 дахь хэсэгт гүйцэтгэгч нь тээврийн зардал 214 900 000 төгрөг, барилга байгууламжийн 185 100 000 төгрөгийг шилжүүлж авсан гэдгийг дурдаад, гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно, энэхүү төлбөрийн барьцаанд энэ гэрээний хавсралт 5-д дурдсан гэрээгээр зохицуулагдана гээд 400 000 000 төгрөг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаагаар хангагдсан.

Гэвч Г...ХХК болон Ч...ХХК-ууд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд ямар нэг ажил гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй.Ингээд Ч...ХХК 2017 оны 8 дугаар сард ажил гүйцэтгэхгүй гэж татгалзсан, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай компани Г...ХХК-ийн охин компани болох Г...М... ХХК-тай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компаниар олборлолтын ажлаа гүйцэтгүүлсэн.Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, дуусгавар болсон учир 400 000 000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх 3 талт гэрээ байгуулагдах болсон шалтгаан, зорилго, Иргэний эрх зүйд ямар төрлийн гэрээнд хамаарагдах вэ гэдгийг зөв ярихгүй бол хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн манай компани машин техник тоног төхөөрөмж зөөлгүүлэх, кемп байгуулах зорилгоор гэрээ байгуулсан мэт зүйл ярьж байна.Уг гэрээний эцсийн зорилго нь нүүрсний олборлолт хийх байсан.Хариуцагч нар олборлосон нүүрсний хэмжээгээр гэрээнд заасан төлбөрийг авах үндсэн ажил гүйцэтгэх гэрээ байсан.Ч...ХХК ажил эхлэхэд өөрсдөө тоног төхөөрөмжөө аваачиж, ажлыг эхлүүлэх боломжгүй байсан учраас манай байгууллагаас 400 000 000 төгрөгийг гаргуулан мөнгийг харин ажил гүйцэтгэж нүүрс олборлож, ажлыг хөлс олгож эхлэхээр ажлын хөлснөөс 400 000 000 төгрөгийг нөхөж буцааж суутгуулах байдлаар явъя гэх байдлаар тохирсон.Уг үйл баримт нь гэрээний зүйл заалтаар нотлогдоно.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь нүүрс олборлох байсан боловч хариуцагч байгууллагууд нүүрс олборлоогүй.Нүүрс олборлоогүй шалтгаанаа нутгийн иргэдийн бослого үймээнээс үүдсэн гэж тайлбарладаг.Гэтэл гэрээний 6 дугаар зүйлд зааснаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний биелэлт саатах буюу хугацаа хойшлох асуудал гарч байгаа болохоос өгсөн мөнгөө буцаан шаардахтай холбоотой асуудалд эрх зүйн үр дагавар үүсэхгүй.

Харин ч гэрээний талууд гэрээний хэрэгжилтийг биелүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа.Гэтэл хариуцагч нар 400 000 000 төгрөгийг өгөхөөс татгалзаж, ажил гүйцэтгэх боломжийг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй гэж тайлбарлаад байгаа.Манай зүгээс 2017 оны 8 дугаар сард хэвийн байдалд орж ажлаа гүйцэтгээч гэхэд хариуцагч байгууллага ажлаа гүйцэтгээгүй буюу ирээгүйг улмаас Г...ХХК-ийн захирал А... уг ажлыг дангаар хийе.Ингэхдээ Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Г...М... ХХК-аар гэрээгээ шинэчилж байгуулах хэрэгтэй гэх хүсэлт тавьсны дагуу Г...М... ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг шинэчилж байгуулсан.

            Энэ талаарх баримтууд хэрэг авагдсан, хариуцагч нарын нэхэмжлэгч тал өөрөө ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлээгүй гэх байдлыг үгүйсгэж байна.Учир нь манайх нэг жил гаруй хугацаанд Г...М... ХХК-тай олборлолтын ажил гүйцэтгүүлсэн.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т ажлын хөлсөнд гүйцэтгэгчийн эвдрэлийн зардал болох зөөврийн зардал заагдаагүй бөгөөд 400 000 000 төгрөгийг ажлын хөлсөөр нөхөх зарчмаар тохирсон.Манай компанид гарсан зардлын агуулгаар хариуцагч талууд ямар нэг байдлаар гүйцэтгэл, ажлын үр дүн хүлээлгэж өгөөгүй.Худалдаж авсан гэх тоног төхөөрөмж, хэрэгслүүд нь хаана байгаа, тэрийг өгөөгүй байдлаас харахад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нарт мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэж шаардаж байгаа гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагуудтай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 400 000 000 төгрөгийг буцааж гаргуулах тухай шаардлага гаргасан. Талууд гэрээ байгуулсантай маргадаггүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3.6, 3.7 дахь заалт болон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2017/12.18.1 дугаартай гэрээний 3.7, 3.8 дахь заалтуудад 400 000 000 төгрөгийг шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч талаас бүрэн биелүүлсэн.

Гэрээний зорилго нь Өмнөговь аймгийн .... нутаг дэвсгэр ...ийн нүүрсний уурхайд хэдэн тоног төхөөрөмж, хэдэн гэр аваачиж өгөх байгаагүй, ямар ажил гүйцэтгэх болсонтой талууд маргахгүй байна.

Ч...ХХК нь бид нар тоног төхөөрөмжөө авч очиж, түр байрлах гэр кемпээ байгуулсан гэж байна.Ч...ХХК болон Г...ХХК нь С...ХХК буюу захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хүн ажиллуулж байгаа тохиолдолд хуульд зааснаар ажлын байр, багаж хэрэгслээр хангах үүрэг нь ажил олгогчид байгаа.

            С...ХХК нь захиалагч болохоос Ч...ХХК болон Г...ХХК нарын ажилчдын амьдрах, ажиллах багаж хэрэгсэл, гэр орныг бэлтгэх үүрэг байхгүй, иймээс уг төлбөрийг эргүүлэн та бүхний хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс дарамт учруулахгүйгээр хуваах байдлаар суутгаж, төлбөрөөс хасна гэх тохиролцоо гэрээнд байгаа.Энэ талаар хариуцагч Ч...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч асуугдсан.Тухайн үед Ч...ХХК-ийг төлөөлөөд С...ХХК-тай гэрээ байгуулсан Ч...ХХК-ийн захирал Найдангийн П... гэрчийн мэдүүлэгт уг мөнгийг дарамт учруулахгүйгээр суутган авах ёстой, бид нар зөвшөөрч байгаа, иймд бид нар ажилчдаа байрлуулах кемпийг авч ирсэн буюу бид нарын ажилчид байрлах зүйлийг хүлээн зөвшөөрсөн, ийм зорилгоор уг 400 000 000 төгрөгийг авсан.

Ч...ХХК ажил хийхгүй гэх шаардлага тавьж уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон, түүнээс биш иргэдийн бослого нь гэрээ хэрэгжихгүй болсон үндэслэл шалтгаан биш, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих боломжгүй болсон шалтгаан нь Ч...ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй гэх нөхцөл байдлаас үүдэж уг гэрээ үргэлжилж хэрэгжээгүй.

Ч...ХХК нь гэрээг хэрэгжүүлэхэд бидэнд гаргах мөнгө алгата бүхэн өгчих, ажлын хөлснөөсөө суутгаад тооцъё гэсний дагуу шилжүүлсэн мөнгөө шаардах эрх үүсэж байгаа юм.Нэгэнт ажил хийгээгүй явсан учраас гэрээнээс татгалзаж байгаа, гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй гэдэгтэй талууд маргахгүй байгаа тул Иргэний хуулийн 205, 206 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шилжүүлсэн 400 000 000 төгрөгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч Ч...ХХК хариу тайлбартаа:Гэрээ байгуулагдсан, гэрээ цуцлагдсан болон 400 000 000 төгрөгийг өгсөн авсантай маргахгүй байна.

Харин 400 000 000 төгрөг авчхаад огт ажил, үйлчилгээ хийгээгүй гэдэгтэй маргаж байгаа бөгөөд манайх авсан мөнгөнийхөө хэмжээнд тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн байгаа.Нэхэмжлэгч байгууллагын Цагдаад гаргасан залилуулсан гэх гомдлыг Эрүүгийн журмаар шалгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэгт бүртгэлтийн хэрэг хаах тухай ... дүгээр тогтоолоор Ч...ХХК 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу С...ХХК-аас авсан 400 000 000 төгрөгөөр Өмнөговь аймгийн ....ийн нүүрсний ордод 180 хүний кемп, гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг татан авч, 2018 оны 01 дүгээр сард очсон боловч уг үйл ажиллагаа нь газрын маргаанаас үүдэж эхлээгүй, 2018 оны 3 дугаар сарыг хүртэл тус компани байрлаж байгаа ажилчдаа аваад буцсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна гээд хэргийг хаасан байдаг.

Анхны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3.6-т гүйцэтгэгчийн уурхайн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тээвэр, зөөврийн зардал 214 900 000 төгрөгийг захиалагч тал хариуцна гэж заасан, 214 900 000 төгрөгийг захиалагч тал анхнаасаа хариуцна гэж тохиролцож мөнгийг шилжүүлсэн.Үлдэгдэл 185 100 000 төгрөг нь түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт байсан. Үүнээс элэгдэл хорогдол, хийсэн ажлын суутгалыг тооцох талаар талуудын тохиролцоо байсан.

Дээр нь Г...ХХК орж, хамтарч ажиллах гэрээг байгуулсан.Захиалагч талаас шалтгаалсан нөхцөл байдлын улмаас олборлолтын ажил цааш явуулах боломжгүй болсон учраас гэрээ цуцлах асуудал яригдаж, гэрээ цуцлагдсан.Түүнээс нэхэмжлэгчийн анх нэхэмжлэлдээ үндэслэл болгосон гэрээнээс татгалзсан асуудал байхгүй.Гэрээ хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрсөн, Ч...ХХК тодорхой ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд гэрээнээс татгалзах асуудал яригдахгүй.

Харин гэрээ цуцлагдах асуудал яригдах боломжтой.Гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр гэрээний хэрэгжилт явагдах эрх зүйн үр дагавартай.Гэрээ цуцлагдсаны дараагаар 400 000 000 төгрөгийн талаар талуудын хооронд яригдсан.Г...ХХК-ийн захирал болох А... нь Г...М... ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг.Энэ компаниараа тодорхой ажил гүйцэтгэе, авсан 400 000 000 төгрөгөө үүнд тооцож явъя гэх тохиролцоог хийсэн боловч Г...М... ХХК болон С...ХХК-уудын хооронд төлбөр тооцооны асуудлаар Иргэний хэрэг үүсэж, ийм зүйл яригдаагүй гэдэг.

Ч...ХХК гэрээний дагуу тодорхой ажлуудыг хийсэн, 400 000 000 төгрөгтэй холбоотой асуудлаар талууд тохиролцоод цааш ажил гүйцэтгэж явах юм байна гэж ойлгосон.Кемпийн тоног төхөөрөмж, гэр контейнер хаана гэх асуудал яригддаг, кемп байгуулсан үйл баримт тогтоогддог, гэрчүүд мэдүүлсэн, зураг нь байгаа, кемп худалдаж авсан санхүүгийн тооцоо, баримтуудыг хэрэгт өгсөн.

Гэтэл гэрчүүдийн мэдүүлгээр кемпийн тоног төхөөрөмж бүх зүйлийг Г...ХХК-ийн захирал болон нягтлан хүлээж авсан байдаг. Ч...ХХК-ийн хувьд гэрээний хүрээнд боломжтой ажил үүргүүдийг хийсэн тул Ч...ХХК-д холбогдох шаардлага үндэслэлгүй гэв

Хариуцагч Г...ХХК хариу тайлбартаа:С...ХХК болон Ч...ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан.

С...ХХК нь гэрээг нэг толгойтой байгуулж, компанийн гүйцэтгэлийг тусад нь тооцоод тус тусын дансанд гүйцэтгэлээ авахаар харилцан тохиролцсон, гэрээнд Ч...ХХК-тай хамт үүрэг хүлээнэ гэсэн заалт байхгүй.Мөн гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болох 214 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч уг мөнгө огт олгогдоогүй.Тус урьдчилгаа мөнгө түр кемп байгуулах, нүүлгэн шилжүүлэх зардал байсан.

Гэрээ байгуулснаас хойш 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд 2 гүйцэтгэгч компани нь тоног төхөөрөмжөө байршуулж, ажил эхлэхэд бэлэн болсон байсан бөгөөд уг цаг хугацаанд урьдчилгаа төлбөр олгогдоогүй.Бид 3 удаа албан бичгээр болон амаар уулзаж урьдчилгаа төлбөрөө олгох шаардлага тавьж байсан, манайх 2018 оны 3 дугаар сарыг хүртэл ажил эхлэхийг хүлээсэн боловч  тохиролцсон ёсоор ажил эхлээгүй, урьдчилгаа төлбөр олгогдохгүй сул зогсолт үүсэжхөрс хуулалтын тоног төхөөрөмжийн зээлийн эргэн төлөлт болон банкны эргэн төлөлт зэрэг зардал гарч манайх санхүүгийн хүндрэлд орсон.

Талууд харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г...ХХК-ийн хөрөнгө оруулалттай Г...М... ХХК-тай гэрээ байгуулсан, 2019 оны 5 дугаар сард лиценз цуцлагдсан гэх үндэслэлээр гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон.Үүнтэй холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн мөнгө болох 400 000 000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн хариуцагч Ч...ХХК-д шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Улаанбаатар хотоос Б...ийн нүүрсний уурхайд тоног төхөөрөмж зөөвөрлөхөд буюу буулгалтын хөлсөнд зарцуулсан.Гэр кемп болон контейнерыг манайд хүлээлгэж өгсөн баримт байхгүй, манайх өөрсдийн байгуулсан гэр кемпэд үйл ажиллагаа явуулж байсан.Тухайн тоног төхөөрөмж, гэр кемпийг хүлээлгэж өгсөн бол ажил хүлээлцэх акт үйлдэх ёстой байсан.

Гэрээнд заасан хугацаанд захиалагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, гэр кемп болон контейнеруудыг Г...ХХК-д хүлээлгэж өгсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С...ХХК, П...ХХК, Ч...ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан ...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ, зохигч талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн даалгавар, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, С...ХХК-ийн Г...ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, хавсралтууд, С...ХХК-ийн Ч.А...тэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар магадлал, Г...М... ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, /1хх 6-35, 73-87,125-140/

Хариуцагч Ч...ХХК-аас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Т... ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Н...тай байгуулсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Д... ХХК-тай байгуулсан “Бараа худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн Ж.Э..., Н.П... нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Х.Б...тай байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2017 оны З дугаар сарын 16-ны өдрийн Э... ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр М.Б...тай байгуулсан Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар 11 нэгний өдөр Ч...ХХК нь Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт болон Ж.Э...той байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл, Ч...ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 он, 2018 оны 1-3 дугаар сарын тайлан, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Ч...ХХК-д холбогдох 2017 онд хийгдэж байсан зарлагын НӨАТ-ын баримт, Ч...ХХК-д холбогдох 2017 оны Хаан банкны зарлагын баримтууд болон, Интернет банкаар шилжүүлэг хийсэн мэдээлэл, Ч...ХХК-д холбогдох 2017.02.02-ны өдрөөс 2019.05.30 өдөр хүртэлх “Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б...ийн нүүрсний олборлолтын ажилтай холбоотой ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу гарсан зардлын тооцоо, зарлагын баримтууд, эд материал хүлээлцсэн баримтыг шүүхэд өгсөн. /1хх 40-43,  156-2хх 23/

Хариуцагч Г...ХХК-аас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн. /1хх 47/

            Талуудын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Ашигт малтмал газрын тосны газар, Өмнөговь аймгийн ... Засан даргын тамгын газар, ирсэн баримтууд, гэрч О.Б..., Н.П..., Г.Ц..., Д.Б...  нарыг асуусан тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./1хх 107-110, 112-114, 143-149, 2хх 227-232/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:С...ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 400 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Ч...ХХК, Г...ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүйн улмаас гэрээнээс татгалзсан, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгээгүй тул 400 000 000 төгрөгийг буцаан авна, ... улсын дугаартай Catepillar 320 DL маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарласан.

            Хариуцагч Ч...ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Манайх 400 000 000 төгрөгийг гэр кемпийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл бэлтгэх, зөөвөрлөх ажиллагаанд зарцуулсан.Орон нутгийн иргэдийн бослого гарч 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс кемп байгуулах үйл ажиллагаа эхэлж 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зогссон.Манайх 400 000 000 төгрөгийн хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэсэн, тээврийн зардал 214 900 000 төгрөг, түр кемп барилга байгууламжид 185 100 000 төгрөг гэж заасан, 380 261 959 төгрөгийг зөвшөөрөхгүй, 19 738 042 төгрөгийн үлдэгдэл байгааг өгч болно гэж тайлбарласан.

Хариуцагч Г...ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:С...ХХК гүйцэтгэлийг тусад нь тооцоод тус тусын дансанд тохиролцсон, мөнгө түр кемп байгуулах, нүүлгэн шилжүүлэх зардал байсан. Ч...ХХК-д шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Улаанбаатар хотоос Б...ийн нүүрсний уурхайд тоног төхөөрөмж зөөвөрлөхөд буюу буулгалтын хөлсөнд зарцуулсан.Гэр кемп болон контейнерыг манайд хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С...ХХК, П...ХХК, Ч...ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ, зохигч талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн даалгавар, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, С...ХХК-ийн Г...ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, хавсралтууд, С...ХХК-ийн Ч.А...тэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, хавсралт, Г...М... ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх 2017/12.18.1 дугаар гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч байгууллага нь 400 000 000 төгрөгийг Ч...ХХК-д шилжүүлсэн тухай үйл баримтад маргаагүй байна./1хх 17-26, 27/

Талуудын маргааны зүйл нь 400 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад буцаан өгөх эсэх үйл баримт байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Б...ийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-т “Гэрээний дагуу захиалагчийн Өмнөговь аймгийн ...ийн нүүрсний уурхайд гүйцэтгэгч нь олборлолтын ажлыг өөрийн болон гэрээний дагалдах гэрээнд тусгагдсан компани, хувь хүний тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан захиалагчаас гаргаж өгсөн ажлын хэмжээ, хуваарийн дагуу түүний удирдлага, шаардлага, хяналт дор энэхүү гэрээ, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан бусад нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэжээ./1хх 17-26/

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214 900 000 төгрөгийг захиалагч тал гэрээ байгуулахаас өмнө урьдчилан шилжүүлсэн байх бөгөөд энэхүү зардлыг энэ гэрээний 3.4-т заасантай адил нөхцөлөөр суутган тооцно” гэжээ.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажилчдын байр, хоол зэргийг энэхүү гэрээний 3.8-д зааснаар зохицуулна” гэж талууд тохирсон байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185 100 000 төгрөгийг захиалагч тал шилжүүлсэн бөгөөд нийт 24 сараар элэгдэл байгуулан түр кемпед байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно” гэжээ.

Зохигч талуудын тохирсон дээрх гэрээний заалтаас үзэхэд уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214 900 000 төгрөг, түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185 100 000 төгрөгийг 24 сараар элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцаж, үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх, үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно гэсэн тохиролцоо нь уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214 900 000 төгрөг, түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185 100 000 төгрөгийг 24 сарын дараагаар элэгдлийн зардлыг захиалагч байгууллага хариуцах, гүйцэтгэгч байгууллага нь 12 сарын хугацаанд ажил гүйцэтгэсэн байх, улмаар гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутгах хэлбэрээр 400 000 000 төгрөгийг захиалагч байгууллага нь буцаан авах агуулгатай байна.

Гэтэл хариуцагч нарын Өмнөговь аймгийн ...ийн нүүрсний уурхайд түр кемп байгуулах үйл ажиллагаа нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд явагдсан, үүнээс хойш хариуцагч Ч...ХХК, Г...ХХК-иуд гэрээнд зааснаар Б...ийн нүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгэж С...ХХКажлын үр дүнг хүлээлгэж өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд гэрээнд зааснаар 24 сараар элэгдлийн зардлыг тооцох, 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцох нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхтэй гэж үзнэ.

Нөгөө талаар талуудын хооронд хийгдсэн барьцааны гэрээ нь энэхүү 400 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад буцаан өгөх үүрэгтэй болохыг мөн нотолж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагаас ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн 400 000 000 төгрөг нь талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу С...ХХК нь хариуцагч нараас ажлын үр дүнг хүлээн аваад төлж байгаа хөлс биш байна.

Түүнчлэн Ч...ХХК-ийн 380 261 959 төгрөгийг зарцуулсан гэх бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэрээ, хэлцлүүд, Ч...ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б...ийн нүүрсний олборлолтын ажилтай холбоотой ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу гарсан зардлын тооцоо, зарлагын баримтууд, эд материал хүлээлцсэн баримтууд болон  гэр, кемп, тоног төхөөрөмж хаана байгаа, хэнд хүлээлгэн өгсөн талаарх баримт, тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад хамааралгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 228 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Ч...ХХК, Г...ХХК-иас 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч С...ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь ... улсын дугаартай Catepillar 320 DL маркийн экскаватороос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН