Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00465

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00465

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03468 дугаар шийдвэртэй,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ч” ХХК, “Г” ХХК-д тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “С” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт Баянтэсийн нүүрсний уурхайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолтын үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Ч” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 400,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн. “Ч” ХХК нь олборлолтын ажил огт хийгээгүй.

“Ч” ХХК-ийн захирал Н.П, “Г” ХХК-ийн захирал Ч.А нарын хүсэлтийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-ийг оролцуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр “Г” ХХК-ийн 7508 УНН улсын дугаартай Хово өөрөө буулгагч, тус компанийн захирал Ч.Алтангэрэлийн 7113УНН улсын дугаартай Хитачи ЕХ1100 экскаватор, Ц.Амарсанаагийн 9882 УБ улсын дугаартай Катепиллер 320DL маркийн экскаватор, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээгээр Г майнинг ХХК-ийн 2 ширхэг өөрөө буулгагчийг тус тус урьдчилгаанд шилжүүлсэн 400,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус барьцаалсан. Гэвч “Г” ХХК, Ч ХХК-ууд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ямар нэгэн ажил гүйцэтгээгүй. Нэгэнт үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болно. Иймд “Ч” ХХК, “Г” ХХК-иудаас 400,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө буюу 9882УБ улсын дугаартай Катепиллер 320DL маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ

 

2. Хариуцагч “Ч” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: “С” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлж ажилласан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ хийж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн кемп байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад Баянтэсийн уурхайн үйл ажиллагаа манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас зогссон. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул “Г” ХХК нь нүүрс тээврийн зам барихаар үлдсэн тул кемп болон кемпийн тоног төхөөрөмжийг “Г” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Манай компани гэрээний урьдчилгаа төлбөрийн хэмжээнд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 380,261,958 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчид бичгээр тооцоог өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил үйлчилгээ үзүүлэх гурвалсан гэрээ байгуулагдсан. Гэрээнд заасан хугацаанд “С” ХХК олборлолтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай объектыг чөлөөлж өгөөгүй, төлөвлөгөөний дагуу ажиллуулах үүргээ биелүүлээгүйн улмаас уг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон.

Түүнчлэн “Г” ХХК нь Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 400,000,000 төгрөгөөс ямар нэгэн байдлаар төлбөр мөнгө аваагүй.

“Ч” ХХК-аас кемпийг манай компанид хүлээлгэн өгөөгүй. Гуравласан гэрээний дагуу хамтраад ямар нэг ажлыг гүйцэтгэсэн зүйл байхгүй.

Гэрээнд заасан хугацаанд захиалагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас олборлолтын ажил хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бодитой бий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Ч” ХХК, “Г” ХХК-иас 400,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэт нэг талын буюу хариуцагч “Ч” ХХК-ийч гаргасан тайлбар, баримт, гэрчийн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолд дурдагдсан мэдүүлгүүдэд үндэслэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс “Ч” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлсэн буюу гэрээ тодорхой хэмжээнд бодитоор хэрэгжсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч нар нь манай “С” ХХК-иас хүлээн авсан 400,000,000 төгрөгийн хариуд бодитоор хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, хүлээлгэн өгсөн эд хөрөнгө, машин механизм огт байхгүй билээ. Хариуцагч “Ч” ХХК-иас 380,000,000 гаруй төгрөгийн зарцуулалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 400,000,000 төгрөгтэй шууд хамааралтай гэдгийг хөдөлбөргүйгээр тогтоогддоггүй.

Хариуцагч “Г” ХХК-ийн оролцоотойгоор “Г мине ХХК нь нэхэмжлэгчтэй шинэ гэрээ байгуулах замаар уурхайгаас олборлох ажлыг гүйцэтгэн манай компаниас ажлын хөлсөө авсан.  

 “Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Пүрэвдорж 2021 оны 10 сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...8 билүү 9 дүгээр сард ажилдаа гар гэхэд нь гараагүй” гэж мэдүүлсэн байгаа нь олборлолтын ажил гүйцэтгэх үүргээ гүйцэтгэхээс татгалзсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

Мөн Н.Пүрэвдорж нь уг 400,000,000 төгрөгийг олборлосон нүүрснийхээ ажльн хөлснөөс суутгуулах байдлаар “С” ХХК-д буцаан төлөхөөр тохиролцсон гэж мэдүүлсэн.

Анхан шатны шүүх нь гэрээгээ цуцалсан гэж 400,000,000 төгрөгийг шаардаж байгаа бол шаардах эрхтэй, татгалзсан гэж нэхэмжилж байгаа бол шаардах эрхгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээнээс татгалзсан ч бай, цуцалсан ч бай манай компанийн хувьд 400,000,000 төгрөгийн хохирол амссан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ажил гүйцэтгэх гэрээ тодорхой хэмжээгээр хэрэгжсэн. Баянтэсийн уурхайн үйл ажиллагаа манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас зогссон. Энэ гэрээ зөвхөн нүүрс олборлох биш. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 400,000,000 төгрөгийн 214,900,000 төгрөгийг гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардалд шилжүүлсэн. Анх гэрээгээр тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг захиалагч тал хариуцахаар тохиролцсон. Орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Баянтэсийн нүүрсний уурхайг эсэргүүцсэн жагсаал, цуглаан хийснээс шалтгаалаад уг ажил тасалдсан. Хариуцагч “Ч” ХХК-ийн зүгээс ажлыг гүйцэтгэхэд зардал гаргасан. Зардал гарсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, албан бичиг явуулж байсан. Зарцуулсан санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс гэрээ хэрэгжээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нь хууль зүйн үр дагаварын хувьд өөр байдаг. Улсын Дээд шүүхийн 2016 оны зөвлөмжид гэрээнээс татгалзах, цуцлах талаар тайлбарласан байдаг. Гэрээ хэрэгжээд “Ч” ХХК ажлыг хийж байсан. Шилжүүлсэн мөнгө нь гэрээний хэрэгжилтэд зарцуулсан нь тогтоогдож байхад гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

 

7. Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 400,000,000 төгрөг нь “Г” ХХК-д олгогдоогүй. Хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тоног төхөөрөмжөө байрлуулж, ажлыг гүйцэтгэхэд бэлэн болсон. Нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ч” ХХК, “Г” ХХК-д холбогдуулан 400,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Ч” ХХК, “Г” ХХК-ууд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч “С” ХХК болон “Ч” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Талууд уг гэрээг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэчилж, бичгээр байгуулсан ба уг гэрээгээр “Ч” ХХК, “Г” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баянтэсийн нүүрсний уурхайд олборлолтын ажлыг захиалагч “С” ХХК-иас гаргаж өгсөн ажлын хэмжээ, хуваарийн дагуу түүний удирдлага, шаардлага хяналтанд гүйцэтгэхээр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаангүй.

 

4. Талуудын байгуулсан гэрээний 3.7-д Гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал болох 214,900,000 төгрөгийг захиалагч тал гэрээ байгуулахаас өмнө урьдчилан шилжүүлсэн байх бөгөөд энэхүү зардлыг энэ гэрээний 3.4 заасантай адил нөхцөлөөр суутган тооцно, 3.8-д Гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185,100,000 төгрөгийг захиалагч тал шилжүүлсэн бөгөөд нийт 24 сараар түр кемпэд байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно гэж тохиролцсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ч ХХК-ийг дээр дурдсан үүрэг буюу уурхайн үйл ажиллагаа явуулах уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж зөөх, түр кемпийн барилга байгууламж байгуулах зэрэг ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэснээр гэрээ бодитоор хэрэгжсэн гэж дүгнэхдээ ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлоогүйгээс үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж буй нөхцөлд гүйцэтгэсэн үүрэг ач холбогдолтой эсэх, гүйцэтгэсэн үүргийн хэмжээг зөв тодорхойлж тогтоосны эцэст харилцан буцааж өгөх үүрэг бий эсэхийг тодорхойлох юм.

Мөн төлбөрөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч “Ч” ХХК-ийн тайлбарыг шүүх анхаараагүй, дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчжээ. Түүнээс гадна 400,000,000 төгрөгөөр худалдан авсан эд хөрөнгийг гэрээний талуудын хэний өмчлөлд үлдээх эсэх асуудлаас хамаарч нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай юм.

 

5. Дээрх нөхцөл байдлын талаар талуудыг мэтгэлцүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх замаар алдааг залруулах, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                      

                             ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                        

                                                                                  Э.ЗОЛЗАЯА