Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00275

 

2023 01 30 210/МА2023/00275

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04049 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч ХХК, Г ХХК-иудад тус тус холбогдуулан гаргасан

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь ашигт матмалын ашиглалтын ++ дугаар тусгай зөвшөөрлийг 2045 он хүртэл хугацаагаар эзэмшиж, уг тусгай зөвшөөрлүүдийн дагуу ** уурхайд олборлолтын үйл ажиллагааг Ч ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Ч ХХК нь олборлолтын ажил огт хийгээгүй.

Ч ХХК нь Г ХХК-тай хамтран олборлолтын ажлыг хийх хүсэлт гаргасны дагуу Г ХХК-ийг оролцуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гурван талт гэрээг байгуулсан. Тухайн үед ашигт малтмалын талбай буюу уурхайн талбай хэсгийг сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах яриа яригдаж, олон нийтийн хэрэгсэл, нутгийн иргэдээс уурхай ажиллуулахгүй гэх тэмцэл гаргаж байсан ч энэ нь ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй үндсэн шалтгаан биш.

Гэрээний 3.7, 3.8 дахь хэсэгт гүйцэтгэгч нь тээврийн зардал 214,900,000 төгрөг, барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт болох 185,100,000 төгрөгийг шилжүүлж авсан гэдгийг дурдаад, гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно, энэхүү төлбөрийн барьцаанд энэ гэрээний хавсралт 5-д дурдсан гэрээгээр зохицуулагдахаар тохиролцсон.

Гэвч Ч ХХК 2017 оны 08 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г ХХК-ийн охин компани болох Г М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компаниар олборлолтын ажлыг гүйцэтгүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, дуусгавар болсон учир 400,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь нүүрс олборлох байсан боловч хариуцагч байгууллагууд нүүрс олборлоогүй. Иймд Ч ХХК, Г ХХК-иудаас 400,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө буюу 9882УБ улсын дугаартай Катепиллер 320DL маркийн экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулагдсан, гэрээ цуцлагдсан болон 400,000,000 төгрөгийг өгсөн авсантай маргахгүй байна. Харин манай байгууллага авсан мөнгөнийхөө хэмжээнд ажил гүйцэтгэсэн. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор Ч ХХК 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу С ХХК-аас авсан 400,000,000 төгрөгөөр ** ордод 180 хүний кемп, гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг татан авч, 2018 оны 01 дүгээр сард очсон боловч уг үйл ажиллагаа нь газрын маргаанаас үүдэж эхлээгүй, 2018 оны 03 дугаар сарыг хүртэл тус компани байрлаж байгаа ажилчдаа аваад буцсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна гээд хэргийг хаасан байдаг.

Анхны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3.6-д гүйцэтгэгчийн уурхайн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тээвэр, зөөврийн зардал 214,900,000 төгрөгийг захиалагч тал хариуцна гэж заасан, 214,900,000 төгрөгийг захиалагч тал анхнаасаа хариуцна гэж тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 185,100,000 төгрөг нь түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт байсан.

Г ХХК нь Г М ХХК-иар тодорхой ажил гүйцэтгэе, авсан 400,000,000 төгрөгөө тооцож явъя гэх тохиролцоог хийсэн боловч Г М ХХК болон С ХХК-иудын хооронд төлбөр тооцооны асуудал үүссэн.

Ч ХХК гэрээний дагуу тодорхой ажлуудыг хийсэн, 400,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар талууд тохиролцоод цааш ажил гүйцэтгэж явах юм байна гэж ойлгосон ба кемп байгуулсан үйл баримт тогтоогддог, гэрчүүд мэдүүлсэн, зураг нь байгаа, кемп худалдаж авсан санхүүгийн тооцоо, баримтууд хэрэгт авагдсан. Ч ХХК-д холбогдох шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Г ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: С ХХК болон Ч ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, компанийн гүйцэтгэлийг тусад нь тооцоод тус тусын дансанд гүйцэтгэлээ авахаар тохиролцсон. Ч ХХК-тай хамт үүрэг хүлээнэ гэсэн тохиролцоог хийгээгүй. Мөн гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болох 214,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч уг мөнгө огт олгогдоогүй.Тус урьдчилгаа мөнгө түр кемп байгуулах, нүүлгэн шилжүүлэх зардал байсан.

Гэрээ байгуулснаас хойш 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд 2 гүйцэтгэгч компани нь тоног төхөөрөмжөө байршуулж, ажил эхлэхэд бэлэн болсон байсан бөгөөд уг цаг хугацаанд урьдчилгаа төлбөр олгогдоогүй. Бид 3 удаа албан бичгээр болон амаар уулзаж урьдчилгаа төлбөрөө олгох шаардлага тавьж байсан.

Талууд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тохиролцож Г ХХК-ийн хөрөнгө оруулалттай Г М ХХК-тай гэрээ байгуулсан, 2019 оны 05 дугаар сард лиценз цуцлагдсан гэх үндэслэлээр гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон.

Гэрээнд заасан хугацаанд захиалагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Г ХХК-д гэр кемп болон контейнеруудыг хүлээлгэж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ХХК, Г ХХК-иас 400,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 9882УБ улсын дугаартай Катепиллер 320DL маркийн экскаватороос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Г ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

С ХХК нь хариуцагч компаниудтай байгуулсап 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний урьдчилгаа төлбөр 400,000,000 төгрөгийт хариуцагч Ч ХХК-д олгогдсон, мөн гэрээ байгуулагдахаас өмнө болон дараа нь Г ХХК-д урьдчилгаа төлбөр шилжээгүй зэрэг үйл баримтад үнэлэлт өгөлгүйгээр гэрээний заалтыг шууд иш татан тайлбарласан нь үндэслэлгүй ба анхан шатны шүүх буцаан шаардах урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу гэрээний дагуу олгогдоогүй төлбөрийг  ХХК-аас гаргуулахаар шийдвэр гаргаж манай компанийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Гэрээний 3.7-д урьдчилгаа 219,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх гэсэн заалтыг тусгасан боловч бодит нөхцөл байдалд урьдчилгаа төлбөр гэрээний дагуу шилжүүлээгүй болох нь Г ХХК-аас С ХХК-д хандан урьдчилгаа төлбөр шаардсан удаа дараагийн албан бичгүүд болон нэхэмжлэгч компаниас Г ХХК-д ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай хүсэлтийн хариу албан бичиг зэргээр тогтоогддог.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний 4.23-т заасан нутгийн захирагааны байгууллага, ард иргэдтэй харилцах ба үүнтэй холбоотой үүсэх аливаа асуудлыг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр нэн даруй шийдврлэх үүргээ биелүүлээгүйн улмаас олборлолтын ажил 2018 оны 03 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд эхлээгүй бөгөөд энэхүү сул зогсолтоос болж гэрээ цуцлагдсан.

Дээрх нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас урьдчилгаа 400,000,000 төгрөг нь уурхайд байрласан ажилчдын байр хоолны зардал, техник тоног төхөөрөмж зөөвөрлөлтийн ирж, очихын зардал зэрэгт хий хоосон зардалд зарцуулагдаж, хохирол учирсан үйл баримтад анхан шатны шүүх бусад баримттай харьцуулан дүгнэлт өгч чадаагүй.

Мөн нэхэмжлэгч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас олборлолтын ажил гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор гүйцэтгэгч компаниудын ажлыг эхлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон гэр кемп, тоног төхөөрөмж эргүүлэн татах зэрэг зардал нь Ч ХХК-д учирсан хохирол төлбөрт тооцогдох үйл баримтад үнэлэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 3.7-д заасны дагуу 219,000,000 төгрөг манай байгууллагад орж ирээгүй болох нь баримтаар нотлогдоно. Хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээ болон 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнүүд авагдсан. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан шилжүүлгийн баримтаар нотлогдсон. Тухайн 400,000,000 төгрөг нь гэрээний 3.7, 3.8-т заасны дагуу 219,000,000 төгрөг болон 185,000,000 төгрөгийн нийлбэр юм.

Анхан шатны шүүхээс гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд тухайн 400,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн хөлс эсхүл ажлыг эхлүүлэхийн тулд өгсөн төлбөр эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн тухайн төлбөрийг буцааж олгох эсэх асуудалд анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Уг 400,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн хөлс биш юм. Гэрээний 4.2.3-т заасны дагуу асуудал яригдсан бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гэрээ байгуулах боломжгүй болсон тул тухайн төлбөрийг төлөх ёсгүй гэж хэлсэн.

2018 оны 08 дугаар сард уг ажил нь эхэлсэн тул гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэ гэж С ХХК-аас мэдэгдэл өгсөн. Гэтэл очиж ажиллаагүй гэдгээ хариуцагч байгууллагын хүсэлтээр н.П гэрчийн мэдүүлэг өгч, 2018 оны 03 дугаар сард бүгд буусан бөгөөд аман байдлаар дахин зогслоо гэж 08, 09 дүгээр буцаад ажил гэхэд ажилд гараагүй. Тухайн үед ажиллаж байсан н.П нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн 400,000,000 төгрөгийг буцаад хийсэн ажлын хөлснөөс суутган байдлаар төлж барагдуулах ёстой байсан гэж мэдүүлсэн.

Тухайн хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хянан шийдвэрлэгдэж байна. Өмнө нь тухайн 400,000,000 төгрөгийн дагуу байгуулсан гэрээг хэн авсан эсэх нь тодорхойгүй. Захиалагч С ХХК нь авсан атлаа дахин мөнгөө нэхэмжилж байгааг тодруулах шаардлагатай гэж буцаасан. Уг хэрэг нь давж заалдах шатны шүүхээс буцсаны дараа хангамжийн бараа, эд хөрөнгө гэх ямар ч зүйл үлдээгүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч ХХК, Г ХХК-иудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Чандмань каротаж ХХК, Г ХХК-иуд эс зөвшөөрч маргажээ.

 

3. С ХХК нь Ч ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нүүрс олборлолтын үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр тохиролцсон ба урьдчилгаанд 400,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш гэрээг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн Г ХХК-ийг гүйцэтгэгчээр нэмж оролцуулахаар байгуулсан байна.

3.1. Дээрх гэрээний 3.6-д гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214,900,000 төгрөгийг захиалагч хариуцахаар, мөн гэрээний 3.7-д гүйцэтгэгчийн байрлах түр кемпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт 149,000,000 төгрөгийг захиалагч гаргах бөгөөд нийт 24 сараар элэгдэл байгуулан түр кемпед байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үлдэх өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно гэж тохиролцжээ.

3.2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч ХХК-ийг машин техник зөөх, кемп ажилтнуудын зардал буюу урьдчилгаа төлбөрт 400,000,000 төгрөг шилжүүлэн авч уг ажлыг хийж гүйцэтгэж эхлэмэгц ажлын хөлснөөс буцаан төлөхөөр тохирсон боловч ажил гүйцэтгээгүй тул 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж,

Хариуцагч Ч ХХК нь 180 хүний кемп барьсан, тоног төхөөрөмжүүдийг татан авч очсон боловч биднээс шалтгаалахгүй газрын маргаанаас үйл ажиллагаа эхлээгүй, 2018 оны 3 сард ажилчдаа аваад буцсан, машин техник зөөх, кемп байгуулах зардлыг гэрээнд тохиролцсон, бэлтгэл ажлыг 400,000,000 төгрөгөөр гүйцэтгэсэн тул буцаан төлөх төлбөргүй гэж,

Хариуцагч Г ХХК нь урьдчилгаа төлбөрөөс тус компанид мөнгө олгогдоогүй, ажил эхлээгүй, харин Ч ХХК-д шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж зөөвөрлөхөд зарцуулсан, тоног төхөөрөмж, гэр кемп, контейнерийг манайд хүлээлгэж өгөөгүй тул төлөх төлбөргүй гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргаж байна.

 

3.3. Энэ хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.4. Үүнээс хойш анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай.

 

3.5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгээгүйгээс гэрээг цуцалсан тул урьдчилгаанд шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг буцаан шаардсан, гэтэл хариуцагч нар техник тоног төхөөрөмж зөөж авчирсан, кемп барьж байгуулсан, ажилчдаа байршуулж үүргээ гүйцэтгэсэн тул буцаан төлөх төлбөргүй гэж маргасан байхад шүүх хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхой болгоогүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхой болгосноор тэдгээрийн хооронд гэрээний 3.6, 3.7-д тохирсон харилцан тооцох үүрэг бий эсэхийг тогтоож, мөн 400,000,000 төгрөгөөр худалдан авсан эд хөрөнгийг хэнд үлдсэнийг хэрхэн тооцох талаар тус тус дүгнэх шаардлагатай.

 

3.6. Өөрөөр хэлбэл гэрээ хэрэгжсэн 3 сарын хугацаанд ажил гүйцэтгэсэн эсэх, хэрэв зохих хэмжээний ажил гүйцэтгэсэн бол түүнтэй холбоотой гарсан зардал хэд байсан эдгээрийг харилцан тооцох эсэх талаар талуудаас тодруулж энэ талаар мэтгэлцүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 1,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЭНЭБИШ