Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 537

 

Д.Ү-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 917 дугаар магадлалтай, Д.Ү-д холбогдох 1806008431080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Д-ийн Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Ү-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дахь талд “Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Ү-ийн шидсэн аяга зүүн нүдийг нь оносон талаар хохирогч Э.П-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, хохирогчоор өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан байхад шүүх ач холбогдол бүхий эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч Э.П-г ямар нэгэн эд зүйлээр цохисон болох нь нотлогдохгүй байх тул түүнд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэж, үндэслэлээ заасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй гэж үзэж буруу дүгнэсэн.

Гэтэл хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Ү нь хохирогч Э.П-д хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Э.П нь шүүгдэгч Д.Ү түүнд хөнгөн гэмтэл учруулсан гэх боловч гэрч А “Хэрэг болсноос 3 хоногийн дараа хохирогч Э.П шөнийн 24 цагийн орчимд Б, Э бид нарыг байж байхад ирэхэд зүгээр байсан” гэж мэдүүлсэн бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “хохирогч Э.П 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Сондра” нүдний эмнэлэгт үзүүлж, амбулаторийн үзлэгт “Шанааны баруун талаас сүүдэрлэж харагдана” гэж хохирогчийн зүүн нүдний гаднах харагдах байдлыг тодорхойлсноос гадна 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр КТГ авахуулсан зургийг Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгоо судлал мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнүүд уншаад хохирогчийн зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдэд хавдар хавангүй, цус хуралтгүй” гэж дүгнэсэн байхад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хохирогч Э.П-д учирсан гэх зүүн нүдний дээд зовхины улаан хүрэн өнгийн, цус хуралт, хавдар хаван, зүүн нүдний гадна булангийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан” гэж тогтоосон ба уг гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хурал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан. Учир нь тухайн өдрийн шүүх хуралдааны зараас үзэхэд шүүх хуралдаанд томилогдсон бүрэлдэхүүн нь шүүгч Д.Оюунцэцэг, О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нар байхад бүрэлдэхүүнд шүүгч Ш.Бат-Эрдэнэ оролцуулсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалагчаас тогтоол уншихдаа тогтоолынхоо үндэслэлийг хэлээгүй бөгөөд үндэслэлээ бичмэл байдлаар гаргах үедээ тодорхой бичнэ гэж хэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “Эхний 1463  дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.П-ийн зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэсэн. Гэтэл хоёр дахь 476 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтлийг хуучин гэмтэл байх боломжтой гэж дүгнэсэн атлаа яагаад хуучин гэмтэл гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд үндэслэл болгосон гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байхаас гадна эдгээр гэрчүүд шүүгдэгчтэй хамаарал бүхий хүмүүс юм. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн саналыг няцаан үгүйсгээгүй. Энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Ү-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.Ү-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судлах, шалгаж үнэлэхдээ хуульд заасан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах зэрэг нотлох ажиллагааны журмыг баримтлан үнэлж чадаагүй гэж дүгнэлээ.

Учир нь шинжээчийн 1463, 319 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.П-гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон байна.

Харин өөр буюу бүрэлдэхүүнтэй шинжээчийн 476 дугаартай дүгнэлтээр зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэснээс бус хохирогчийн биед учирсан бусад гэмтлийг үгүйсгээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. 

Мөн хохирогч Э.П-гийн биед 2018 оны 01 дүгээр сарын 13, 15, 16-ны өдөр хийсэн хэсэг газрын үзлэгээр ил харагдах зүүн нүдэнд учирсан гэмтлүүдийг эмч тодорхойлсон нь “аяга хохирогчийг оноогүй” гэх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн бодитой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. 

Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 917 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН