Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03389

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 10 өдөр

  Дугаар 102/ШШ2022/03389

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, М овогтой Д-ийн Б /РД: хх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ... хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, .. байр, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Д овогтой Д-ын Л /РД: хх/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И

Хариуцагч Д.Л

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Л-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Г-той орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй .... байрны .. дугаар давхрын ... тоот орон сууцыг Д.Г нь барьж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Дээрх гэрээний захиалагч Д.Б нь Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй ... байрны .. дугаар давхрын ... тоот орон сууц захиалах эрхийг Д.Л-д шилжүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Д.Л нь гэрээний төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 50,450,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,450,000 төгрөгийн 0,3 хувиар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэл алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 25,225,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Б нь Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй ... байрны ... дугаар давхрын ... тоот орон сууцыг 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлсэн. Тэр байрыг 3 сарын дараа зарсан бөгөөд эхний ээлжид 40,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь 40,000,000 төгрөгийг Д.Б-той Гэгээнтэн төвийн гадаа зогсоолд уулзаж өгсөн, тэрээр мөнгийг шууд н.О-д өгсөн. Энэ мөнгийг 23,000,000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас, 18,000,000 төгрөгийг дүүгээсээ тус тус зээл авч өгсөн. Хэрэв үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй байсан бол Д.Б нь 3 жил гаруй хугацаанд нэхэх боломжтой байснаас гадна тэрээр өөрөө Д.Л-д зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Б болон Д.Л нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ, хариуцагчаас Д.Л-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ... дугаартай дансны хуулга, Б.Б болон Д.Л нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн хх, хх, ххх дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Г-оос борлуулалтын жагсаалт, Д.Б-оос Б.А-д буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ байгуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг, шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч Д.Э, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Г нарыг асууж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Л нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Л нь орон сууц захиалах эрх шилжүүлэх гэрээний төлбөр 90,450,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгож багасгахаар нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Б-д хоёр удаа 40,000,000 төгрөг бэлнээр төлж гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас Д.Б, нөгөө талаас Д.Л нар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч тал болох Д.Б нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө баригдаж буй ... байрны .. дугаар давхрын .... тоот орон сууцны захиалагч талын эдлэх эрх, үүргийг Д.Л-д шилжүүлэх, эрх хүлээн авагч тал болох Д.Л хариу төлбөрт нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Нэхэмжлэгч Д.Б нь дээрх гэрээний зүйл болох орон сууц захиалах эрхийг Д.Г-той 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд уг гэрээний захиалагчийн эрхийг хариуцагч Д.Л-д шилжүүлсэн болох зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4.3. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Л нарын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээний 1.2-т “гэрээний дуусах хугацаа “.. тоот орон сууц захиалан бариулах гэрээ”-ний хугацаагаар тодорхойлогдоно” гэж заасан байх ба хугацаа тодорхойлох гэрээ болох Д.Б, Д.Г нарын хооронд байгуулагдсан “орон сууц захиалан бариулах гэрээ” гэх гэрээний 1.2-т “Д.Г нь захиалагчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг төлбөр бүрэн төлөгдсөн өдрөөс хойш хоёр сарын дотор гаргуулж өгнө” гэж хугацаа тогтоосон байна.

 

4.3.1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Л-тэй эрх шилжүүлэх гэрээ байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх гэрээний үүрэгт бусдад төлөх төлбөргүй байсан болох нь эрх шилжүүлэх гэрээний 4.1-т “эрх шилжүүлэгч ... тоот орон сууц захиалгаар бариулах гэрээний орон сууцны үнийн дүнг 100 хувь төлбөрийг Д.Г-т төлсөн бөгөөд энэхүү төлбөрийн дүнгээр эрх хүлээн авагч нь Д.Г-т төлбөр төлөхгүй гэдгийг баталж байна” гэж заасан нөхцөлөөр тогтоогдож байна.

 

4.3.2. Д.Б, Д.Г нарын хооронд байгуулагдсан “орон сууц захиалан бариулах” гэх гэрээний 1.2-т заасан хугацааны дотор буюу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Л-ийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөр этгээдийг бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Б нь орон сууц захиалан авах эрхээ гэрээнд заасан хугацаанд Д.Л-д шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

4.4 Хариуцагч Д.Л нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй, харин үлдэгдэл төлбөрийг төлсөн эсэх, түүний хэмжээний талаар маргаж байна.  

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар эрх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Хариуцагч тал нэхэмжлэгчийн хүлээн авсан 40,000,000 төгрөгөөс гадна дахин 40,000,000 төгрөг төлсөн гэх хөрөнгийн эх үүсвэрээ барьцаалан зээлдүүлэх газраас 23,000,000 төгрөгийг, дүү Д.Э 18,000,000 төгрөгийг тус тус зээл авч нэхэмжлэгч Д.Б-д өгсөн гэж тайлбарлаж байна.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Л нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “зээл олгов” гэх гүйлгээний утгатай 23,000,000 төгрөгийн орлогыг өөрийн харилцах дансаар хүлээн авсан, мөн Д.Э-аас 18,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр зээлдэж авсан болох нь Д.Л-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, гэрч Д.Э-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх боловч тухайн мөнгийг нэхэмжлэгч Д.Б-д хүлээлгэн өгсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

8. Мөн нэхэмжлэгч Д.Б нь талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаанаас хожим Д.Л-ийн данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан байдлыг үндэслэн түүнийг хариуцагч Д.Л-ээс 80,000,000 төгрөгийг хүлээн авч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй тул хариуцагч талаас гаргасан “талуудын хооронд тооцоо дууссан учир Д.Б нь Д.Л-д зээлсэн мөнгөө шилжүүлж байсан” гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

           

            9. Хариуцагч Д.Л нь Иргэний хуулийн  236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б гэрээнд заасан орон сууц захиалах эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч Д.Л нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Д.Л-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

11. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-т “төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд  төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

 

12. Алдангийн хэмжээг гэрээний 3.1.3-т заасан төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 50,450,000 төгрөгийн 0,3 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 25,225,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

  

   13. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Л-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг, алданги 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Л-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 /далан таван сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д.Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид 536,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ