Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02693

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/02693 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөөний 0 корпусд байрлах Н ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оддын хотхон, 00 байрны 0 тоот хаягт байрлах М ХХК /000000/-д холбогдох

 

Чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг, нийт 33 870 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг, нийт 33 870 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Н ХХК нь М ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэгтэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборт 12 жилийн 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг суурь, хаягжуулалтын хамт хийлгэхээр харилцан тохиролцож, хоёр талаас хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Тус гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан ба гэрээний 3.4-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-ийн Хаан банкны 5112014625 тоот дансанд шилжүүлж, Н ХХК өөрийн үүргээ биелүүлсэн. Гэрээний дагуу М ХХК нь 30 хоногт багтаан 12 жилийн 1 метр өндөртэй 12 ширхэг хүрэл цутгуур баримлыг 1 метр өндөр суурь, хаягжуулалтын хамт хийж дуусган, актаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл М ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэг гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийгээгүй алга болж, утас нь холбогдохгүй байсан тул бид ажлын байр гэх хаягаар Төв аймагт очиход хаалга нь түгжээтэй байсан. Мөн олон газраар хайсан. Тэгтэл М ХХК-иас гэрээний хугацаа дуусаад 28 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхний зөвхөн 5 ширхэг баримлын хэсгийг манай комисст хүлээлгэн өгөлгүй, хашааны үүдэнд буулгаад хаяад алга болсон. Тэр 5 ширхэг баримал нь гоо зүйн үзэмжийн хувьд мэргэжлийн бус хүүхдээр хийлгэсэн бололтой, загвар хийц, чанар муу байсан тул бид эхний 5 ширхэг баримлыг сольж ирүүлэх талаар шаардсан боловч утас нь холбогдохгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд дахин 28 хоногийн дараа 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7 ширхэг баримлыг ирүүлсэн. Эдгээр 7 ширхэг баримлын зарим нь гэрээнд заасан 1 метр өндөр хэмжээнд хүрэхгүй байсан боловч өмнөх 5 ширхгээс арай дээр хийцтэй байсан тул хүлээн авч болох юм байна гэж үзсэн. Гүйцэтгэгч М ХХК нь гэрээт хугацаандаа ч баримлаа ирүүлээгүй, баримлуудыг заасан газарт 1 метр өндөр бетон суурин дээр суурилуулж, хаягжуулж, хүлээлгэн өгөх ёстой боловч суурь ч хийгдээгүй тул захиалагч нээлтээс өмнө өөрийн ажлаа үргэлжлүүлэхийн тулд гэрээний 4.1, 7.3-т заасан эрхийн дагуу 12 жилийн баримлын суурь хийх ажлыг өөр гүйцэтгэгч болох Сэрвэн овоот ХХК-тай 16-1584 тоот гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн зардал гарган хийлгүүлсэн. Гүйцэтгэгч нь 70 хувийн санхүүжилт авсан хэр нь гэрээний хугацаа дуусаад 6 сар гаруй хугацаанд гүйцэтгэл нь 30 хувьтай боловч гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл манай компани дээр ирж гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөлгүй зугтаж байна. Бидний зүгээс гүйцэтгэгч М ХХК-д дизайн хийц, өнгө муу, гадаргуу барзгар, өндрийн хэмжээ хүрэхгүй могой, туулай, бар, нохой, хулганын 5 ширхэг баримлыг сольж, шаардлага хангасан бүтээгдэхүүн ирүүлэх шаардлага тавьсан боловч шаардлагыг биелүүлээгүй, манай компанийг хохироосон. Иймд хариуцагч М ХХК-ийг чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгаж, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг, нийт 33.870.000 төгрөг гаргуулж Н ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: М ХХК нь Н ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг нийт 30 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-д зааснаар нийт санхүүжилтийн 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан. Гэрээнд зааснаар тус баримлуудыг 1 метр суурийн хамт хийж гүйцэтгэх байсны дагуу гэрээт хугацаанаасаа 10 хоногийн өмнө очиход Н ХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажлын гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч нар бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гэж хэлээд хэмжээ аваад буцаасан. 7 хоногийн дараа эхний 5 баримлаа аваачиж өгөхөөр Н ХХК руу утасдахад суурь хийх хүмүүсээ шалгаруулж байгаа тул болоогүй байна гэсэн хариуг өгсөн. Ийнхүү хариу өгснөөс хойш хэд хоногийн дараа ахин утасдахад 3.000.000 төгрөгөөр хийх байсан бидний суурийн ажлыг өөрсдөө дур мэдэн өөр компаниар 8.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгүүлсэн байсан. Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-т заасан захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл бололцоог хангаж, ажлын чанар, үр дүнд нь муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар захиалагч талаас шалтгаалах бүхнийг хийж гүйцэтгэнэ гэсэн үүргээ зөрчиж, биднийг гэрээт хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүй. Ийнхүү гэрээт хугацаа өнгөрснөөс хойш 6 хоногийн дараа баримлуудаа өгч байгаач ээ, сууринд нь тааруулъя гэсний дагуу 5 ширхэг могой, туулай, бар, нохой, хулганын хүрэл баримлуудыг аваачиж өгсөн байдаг. Харин 5 баримлын сүүлийн өнгөлгөөний ажлыг сууринд нь суурилуулсны дараа хийж гүйцэтгэнэ гээд өгсөн. Дараа нь 5 баримлын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэхээр очсон боловч үүдний харуул нь оруулахгүй, өгөхгүй гэж хэлсэн. Н ХХК-ийн менежер нь үлдсэн 7 баримлыг хийж гүйцэтгээд авчраад өгвөл үлдэгдэл 30 хувийн төлбөрийг өгнө гэсний дагуу сүүлийн баримлын өнгөлгөөг нь хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн нийт 12 ширхэг хүрэл баримлуудыг гэрээнд заасны дагуу актаар хүлээн авах ёстой байсан боловч Н ХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй байсан бөгөөд хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Иймд дээрх баримлуудыг актаар хүлээлгэн өгөөгүйд бидний буруу байхгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ баримлуудыг 1 метр өндөр бетон суурин дээр суурилуулж, хаягжуулж хүлээлгэн өгөх ёстой байсан гэх боловч суурийн ажлыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн тул суурийн бичвэр, суурилуулах ажил нь бидэнд хамааралгүй болно. Мөн эхний хийж гүйцэтгэсэн 5 баримал нь гоо зүйн үзэмжийн хувьд мэргэжлийн бус хүнээр хийлгэсэн бололтой, загвар хийц, чанар муу байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 12 жилийн баримлын дүрс нь өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг бөгөөд үүнийг нэгэн ижил хэмжээнд хийх боломжгүй. Мөн Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.11-т заасны дагуу 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгүүлсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Учир нь бид гэрээнд заасан ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас баримлыг хугацаандаа хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан ажлыг хугацаандаа хүлээж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний хугацаа хэтэрсэнд бидний буруу байхгүй. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн тул алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал нь суурийн ажлыг өөрсдийн дураар бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар гүйцэтгүүлчхээд энэхүү ажлын хөлсөө биднээс нэхэмжилж байгаад гомдолтой байна. Бидний хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган хийсэн бүтээлүүдийг маань үнэгүйдүүлж, гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19.5000.000 төгрөгийг маань өгөлгүйгээр янз бүрийн арга хэрэглэж байгаад харамсалтай байна. Бид хийсэн бүтээлдээ чанар, ур хийцийн өндөр баталгааг өгөх бөгөөд, ямар ч уран бүтээлч, энгийн хүн харахад өндөр түвшинд хийгдсэн бүтээл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М ХХК нэхэмжлэгч Ньютур ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: М ХХК нь Н ХХК-тай 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг нийт 30 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.1-д зааснаар нийт санхүүжилтийн 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан. Гэрээнд зааснаар тус баримлуудыг 1 метр суурийн хамт хийж гүйцэтгэх байсны дагуу гэрээт хугацаанаасаа 10 хоногийн өмнө очиход Н ХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажил гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч гэх хүмүүс бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гэсний дагуу өөр компаниар 8.00.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгүүлсэн байсан. Ийнхүү гэрээт хугацаа өнгөрснөөс 6 хоногийн дараа баримлуудыг сууринд нь тааруулах хэрэгтэй байна гэсний дагуу могой, туулай, бар, нохой, хулгана зэрэг 5 ширхэг хүрэл баримлыг аваачиж өгсөн. Н ХХК-ийн менежер нь үлдсэн 7 баримлыг хийж гүйцэтгээд авчраад өгвөл үлдэгдэл 30 хувийн төлбөрийг өгнө гэсний дагуу сүүлийн 7 баримлын өнгөлгөөг нь хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Манай компани гүйцэтгэсэн ажлаа зохих журмын дагуу актаар хүлээлгэн өгөхөөр очих болгонд Н ХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй, хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Иймд дээрх баримлуудыг актаар хүлээлгэж өгөөгүйд бидний буруу байхгүй болно. Бид ур хийц, хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн боловч ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19.500.000 төгрөгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн болно. Иймд гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 19.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16-1452 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож авах эрхтэй байхаар тохиролцсон. Манай компанийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж, баримлуудаа бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Н ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй нийт 867 хоног хэтрүүлсэн байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн нэг хоногийн алдангийн хэмжээ 97.500 төгрөг буюу нийт 84.532.500 төгрөгийн алданги бодогдсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу 19.500.000 төгрөгийн 50 хувь болох 9.750.000 төгрөгийн алдангийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Н ХХК-аас гэрээний санхүүжилтийн төлбөр 19.500.000 төгрөг, алданги 9.750.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М ХХК-тай 30 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-д баримал угсралтын ажлуудыг ямар хэмжээтэй хийх, мөн өнгө дизайнаа хүртэл нарийн тусгаж тохиролцсон. Гүйцэтгэгч нь цаг хугацаандаа ажил гүйцэтгэх гэрээгээ эс биелүүлсэн учир манай компани өнөөдрийг хүртэл маш их хохирсон. Сөрөг нэхэмжлэлдээ дур мэдэн өөр компаниар 8.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн гэжээ. Хэрэв М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ цаг хугацаанд нь буюу 30 хоногийн дотор биелүүлсэн бол манай компани бусдаар 8.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй зугтаж алга болсон учир арга буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэрвэн-Овоот ХХК-тай гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг хийлгэсэн. Хэрэв манай компани нь М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар үүргээ биелүүлээгүй байсан бол 2016 оны 8 дугаар сараас эхлэн хариуцагч М ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийг бүтэн 3 жилийн турш шантралгүй хайж, эрэн сурвалжлах шаардлагагүй байсан. Бид цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, Д.Эрдэнэбилэгт холбогдуулан гомдол гаргаж байсан. Эрэн сурвалжлах ажиллагаагаар одоогийн хаягтаа оршин суудаг хэр нь бүртгэлгүй, оршин суудаггүй гэж хорооны ажилтантай хуйвалдсан байсныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны ажилтанд холбогдуулан гомдол гаргаж, мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болсон гэдэг үндэслэлээр гомдол гаргасны эцэст манай нэхэмжлэлийг гардан авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 00022 дугаартай шийдвэр, Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018.11.12-ны өдрийн 3005/58902 дугаар албан тоот, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 12849 дүгээр шүүгчийн захирамж, 2016.09.01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2016.06.20-ны өдрийн 16-1452 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2019.05.14-ний өдрийн итгэмжлэл, Сэрвээт овоот ХХК-тай тооцоо нийлсэн акт, 2022.07.17-ны өдрийн итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 183/ШЗ2017/12849 дугаар иргэнийн хэргээс хуулбарласан шүүхийн хуулбар үнэн тэмдэгтэй болон нотариатаар батаогаажуулсан баримтууд, сэрвээт овоот ХХК-ний нэхэмжлэх, 294 дугаартай төлбөрийн даалгавар, Сэрвээт овоот ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн акт, н.Бямбажав танаа гэх албан бичиг, /1хх 7-9, 10-23, 45-89, 140-165, 179-182, 178-184, 232, /

 

6. Хариуцагчаас: 2016.09.01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2016.06.20-ны өдрийн 16-1452 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, М ХХК-ийн 2016.06.17-ны өдрийн 11/16г албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээ, өдрийн 248 дугаартай итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эмнэлэгийн магадлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Сэрвэт овоот ХХК-ийн 2022.03.11-ний өдрийн 22/09 албан тоотзэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 35, 44-62 ху, 127ху, 176 ху, 2хх 82-85/

 

7. Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн хүсэлтээр шинжээчээр Бэсгэ ХХК, зохигчдын хүсэлтээр Монгол урчуудын эвлэлийн холбоо зэрэг байгууллагуудыг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан, Худалдаа хөжглийн банкин дахь Сэрвээн овоот ХХК-ний 2016.09.01-2016.09.1-6ны өдрийн хоорондох хугацааны дансны хуулга зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /1хх 44-89 ху, 198 ху, 204-239 ху, 2хх 62-68 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох доголдолтой 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 ширхэг сууринд хаягжуулалт хийхийг даалгах, гэрээний 4.1.11-д заасан торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8 000 000 нийт 33 870 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Талууд 2016.06.20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборт 12 жилийг билэгдэл амьтдын 12 ширхэг хүрэл цутгуур баримлыг суурь, хаягжуулалтын хамт 1 сарын хугацаатай, 65 000 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. Урьчилгаа төлбөрт 70 хувьтэй тэнцэх 45 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр М ХХК-ийн Хаан банкны 5112014625 тоот дансанд шилжүүлсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээгээр 1 метрийн өндөртэй суурь, 1 метрийн өндөртэй баримал, доороо хаяг байрлах самбартай, цутгуурын зузаан 0.8 мм, өнгө нь ногоовтор байхаар хэлбэр хэмжээ, өнгө зэргийг нарийвчлан тохирсон боловч гүйцэтгэгчээс ирүүлсэн 5 баримал загвар хийц, чанарын шаардлага хангахгүй тул чанарын шаардлага хангасан 5 баримлаар солиулах шаардлага гаргаж байна. Мөн хариуцагч 1 метрийн өндөртэй бетон суурин дээр баримал суурилуулах ажлаа хийж гүйцэтгээгүй, энэ талаар шаардлага тавихад харуицагчийн хаяг тодорхогүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй тул тухайн ажлыг Сэрвэн овоот ХХК-иар 8 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн бөгөөд өнөөг хүртэл хаягжилт хийх үүргээ биелүүлээгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний доголдол, алданги, хохиролд хариуцагчаас 33 870 000 төгрөг гаргуулж, доголдолтой 5 баримлыг шаардлага хангасан 5 баримлаар солиулж, хаягжил хийхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

3. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Доголдолтой гэх 5 баримал буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлуудын өнгөлгөөг хийж гүйцээх боломж олгоогүй, 12 жилийн баримлын дүрс нь өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг учир нэг ижил хэмжээнд хийх боломжгүй. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд доголдолгүй гэдэг нь нотлогдсон тул 5 баримлыг өөр баримлаар солиулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Суурийн ажлыг гүйцэтгээгүй тухайд маргахгүй боловч нь 3.000.000 төгрөгөөр хийх байсан суурийн ажлыг өөрийн дураар бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар 8.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлчихээд энэхүү ажлын хөлсийг биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгч тухайн баримлуудыг 6 жилийн хугацаанд ашигласан. Алдангийг ямар үнийн дүгнээс тодорхойлж шаардаж байгаа нь тодорхойгүй, Суурийн ажлыг хийхээр гэрээний хугацаанаас 10 хоногийн өмнө очиход Н ХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажлын гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч нар бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гэж хэлээд хэмжээ аваад буцаачихаад өөр компаниар дур мэдэн гүйцэтгүүлсэн ба биднийг ажил хийх боломж нөхцөлөөр хангаагүй, хашаандаа оруулдаггүй, нэвтрүүлдэггүй, хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Энэ нь гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөх боломжгүй болгосон тул суурийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн зарлыг хариуцах үндэслэлгүй. Мөн бид гэрээнд заасан ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн боловч захиалагч хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул алданги торгуулийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хаягжилтыг хийгээгүй тухайд маргахгүй бөгөөд хаягжилтын ажлыг хийж гүйцэтгэхэд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-иас ажлын хөлс, алданги 29 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан 2016.06.20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 4.2.12-т захиалагч гэрээнд заасан төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож авах эрхтэй гэж заасан. Бид гэрээний дагуу 12 баримлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл төлбөр болох 19 500 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул 867 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн 9 750 000 төгрөгөөр тооцож, нийт 29 250 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгч Н ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Гэрээний 1.2-т баримал угсралтын ажлуудыг ямар хэмжээтэй хийх, өнгө дизайн зэргийг нарийн тусгаж тохиролцсон. Гүйцэтгэгч нь цаг хугацаандаа ажил гүйцэтгэх гэрээний үүргээ эс биелүүлсэн учир манай компани өнөөдрийг хүртэл маш их хохирсон. Хэрэв М ХХК гэрээний үүргээ цаг хугацаанд нь буюу 30 хоногийн дотор биелүүлсэн бол манай компани бусдаар 8.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байхад харуицагч гэрээний үүргээ биелүүлээгүй зугтаж алга болсон учир арга буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэрвэн-Овоот ХХК-тай гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг хийлгэсэн. Хэрэв манай компани нь М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар үүргээ биелүүлээгүй байсан бол 2016 оны 8 дугаар сараас эхлэн хариуцагч М ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийг бүтэн 3 жилийн турш шантралгүй хайж, эрэн сурвалжлуулах шаардлагагүй, цагдаагийн байгууллагад хандаж, оршин суугаа хаягийг тогтоох зэрэг ажиллагаа хийж байснаар хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн нь нотлогдох тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5,6,7 дугаарт дурдагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Зохигч 2016.06.20-ны өдрийн 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборт 12 жилийг билэгдэл бүхий 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг 1 метр суурин дээр 1 метрийн өндөртэйгээр хүрэл цутгуураар хийх, гэрээний үнийн дүнд суурь, хаягжуулалт хамаарах ба гэрээг 1 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон,

6.1.2 Нэхэмжлэгч гэрээт ажлын урьдчилгаа төлбөрийн 70 хувь болох 45 000 000 төгрөгийг 2016.07.08-ны өдөр М ХХК-ийн Хаан банкны 5112014625 тоот дансанд шилжүүлсэн,

6.1.3 Хариуцагч 2016.08.27-ны өдөр эхний 5 ширхэг баримлыг өнгөлгөө хийгээгүй ирүүлсэн, үлдэх 7 баримлыг 2016.10.22-ны өдөр ирүүлсэн,

6.1.4 Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2017.01.31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2017.11.28-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2017/12849 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

6.1.5 Маргаан бүхий 12 жилийн дүрслэл бүхий 12 баримал нэхэмжлэгчийн эзэзмшилд байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байна.

7. Зохигч гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний урьдчилгаа төлбөрт 45 000 000 төгрөгийг гүйцэтгэгч хүлээн авсан, суурийн ажлыг болон маргаан бүхий 5 баримлын өнгөлгөөг хийгээгүй үйл баримтын тухайд маргаангүй, харин 5 баримал доголдолтой эсэх, баримлын суурийг бусдаар гүйцэтгүүлсэн зардлыг хариуцагч төлөх эсэх, суурийн ажлыг гүйцэтгээгүй үндэслэл шалтгаан, гэрээт ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан эсэх талаар маргаантай.

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба 2016.06.20-ны өдрийн 16-1452 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

8.1 Хүрэл цутгууран баримлын суурийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн хохирол 8 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч 1 метрийн өндөр бүхий суурийн ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон боловч тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй тухайд маргаагүй, харин хийж гүйцэтгээгүй үндэслэл шалтгааны хувьд хариуцагч хийхээр очиход захиалагч тал өөрсдөө хийнэ гэж буцаасан, 3 000 000 төгрөгийн өртөг бүхий ажил тул 8 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 352.1Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж, 352.2.2-т захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байхаар заасан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь Сэрвэн-Овоот ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016.09.01-ний өдрийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээнд тухайн ажлыг 8.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон байх боловч Сэрвэн овоот ХХК-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 473007956 дугаарын дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч 2019.09.14-ний өдөр 4 000 000 төгрөгийг 12 жилийн суурь гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Мөн 2016.10.14-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколоос үзэхэд үлдэгдэл төлбөрийн 800 000 төгрөгийг 08-76 УБЕ маркийн машины үнэд тооцохоор, 2 744 000 төгрөгийг шатахууны карт цэнэглэх хэлбэрээр олгохоор тохиролцсон байх ба нэхэмжлэгч энэ үйл баримтыг нотлохоор Н.Бямбажав танаа гэх баримтыг, шатахуун олгосон баримтын хамт ирүүлсэн.

Дээрх Н.Бямбажав танаа гэх баримтын ...гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 700 000 төгрөг, ... гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 2 200 000 төгрөгийг 08-76 УБЕ цистерний үнэд суутгав гэх бичиглэлүүд нь 2016.10.14-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколд дурдсан үнийн дүнгээс зөрүүтэй, хэд дугаартай гэрээнд хамаарах болох нь тодорхойгүй бүдэг, шатахуун олгосон гэх баримтууд гадаад хэл дээр байх тул шүүх, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнээд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа хэмжээнд буюу 4 000 000 төгрөгийн хэмжээнд хангахаар шийдвэрлэсэн. /1 хх 181-184 ху/

8.2 Нэхэмжлэгч Н ХХК-ийн нийт 12 ширхэг 12 жилийн билэгдэл бүхий амьтдын дүрсийг хүрэл цутгуур хэлбэрээр хийлгэх захиалга өгснөөс 5 ширхэг нь чанарын шаардлага хангахгүй буюу өндрийн хэмжээ, зузаан, өнгөлгөө зэрэг нь гэрээгээр тохирсон хэмжээнээс жижиг, гоо зүй, дүрслэлийн хувьд болхи болсон нь ажил гүйцэтгэх гэрээний доголдолд хамаарах үндэслэлээр гаргасан шаардлага хангах 5 баримлаар солиулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх-ээр шаардлага гаргах эрхтэй байхаар заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зохигчдын хүсэлтээр, талуудын маргаантай үйл баримт болох 5 баримлын доголдлын талаар тодруулахаар шинжээч томилсон бөгөөд шинжээчээр ажилласан Монголын урчуудын эвлэлийн хорооноос 2022.05.31-ний өдөр ...өгөгдсөн 1 метр гэсэн хэмжээнээс өндөр өргөний хэмжээс хэлбэлзэлтэй байж болох учир үндсэндээ хэмжээсийн хувьд байж болно гэж үзэж байна. ...өнгөлгөө шаардлагатай байна гэж үзэв....цутгуурын зузаан баримлын хэлбэрээс шалтгаалан гадаргуунуудад харилцан адилгүй цутгагдана. Овор хэмжээ багатай баримлын хувьд 0.5-0.8 мм байхад баримлын насжилтад нөлөөлөхгүй тул цутгуурын зузаан стандартын шаардлага хангасан гэж үзэв гэх агуулга бүхий дүгнэлтийг ирүүлсэн байна. /хх 96ху/

Иймд доголдолтой гэх 5 ширхэг баримлыг нэхэмжлэгч зориулалтын дагуу ашиглаж байгаа үйл баримтыг дээр дурдсан шинжээчийн дүгнэлттэй харьцуулан дүгнээд маргаан бүхий хулгана, бар, могой, туулай, нохой зэрэг амьтдын хүрэл цутгууран баримал нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасанд хамаарах доголдолгүй ажил гэж дүгнээд 5 ширхэг баримлыг шаардлага хангасан 5 баримлаар солиулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

8.3 Торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч алданги 22 750 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр 45 000 000 төгрөгөөс, торгууль 3 120 000 төгрөгийг төлөгдөөгүй төлбөр 19 500 000 төгрөгөөс тооцон, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.6-д заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж, 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.6-д ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 хувиар алданги тооцож авна гэж, 4.1.11-д гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 40 хувиар торгууль шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч суурь болон хаягжилтын ажлыг хийж гүйцэтгээгүй буруутай болох нь тогтоогдох боловч нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс биш, урьдчилгаа төлбөр болон төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрөөс алданги, торгуулийн үнийн дүнг тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул алданги, торгуульд холбогдох 25 870 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8.4 12 жилийн баримал тус бүрд хаягжилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Хариуцагч дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 12 жилийн баримал тус бүрд хаягжилт хийхийг М ХХК-д даалгах нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19 500 000 төгрөг, алданги 9 750 000 төгрөг, нийт 29 250 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Зохигч үлдэгдэл төлбөр 19 500 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын тухайд маргаангүй бөгөөд 12 жилийн дүрслэл бүхий баримлыг доголдолгүй гэж дүгнэсэн нь хариуцагч үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхийн үндэслэл болох ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үед үүрэг дуусгавар болгохоор заасан тул хариуцагч М ХХК нь 12 жилийн дүрслэл бүхий хүрэл цутгуур баримал тус бүрд хаягжилтийн ажлыг хийж гүйцэтгэмэгц нэхэмжлэгч Н ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Улмаар, нэхэмжлэгч Н ХХК-ийн Сэрвэн овоот ХХК-иар гүйцэтгүүлсэн суурийн ажлын хөлсний зардлын хангасан үнийн дүнгийн хэмжээ болох 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлвөл зохих 19 500 000 төгрөгөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасныг зөрчихгүй гэж үзээд нэхэмжлэгчээс 15 500 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэж, хаягжилтийн ажлыг хийж гүйцэтгэгээгүйн улмаас гэрээг хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох 9 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

10. Түүнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан 2016.06.20-ны өдрийн 16-1452 дугаар гэрээний Нийтлэг үндэслэл хэсэгт гэрээний талуудыг нэг талаас Сод Монгол групп ХХК, нөгөө талаас М ХХК гэж бичигдсэнийг зохигч бичиглэлийн алдаа гарсан, гэрээний талууд болон хүчин төгөлдөр байдлын тухайд маргаангүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг тус тус баримтлан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 ширхэг хүрэл цутгууран баримлыг доголдолгүй баримлаар сольж ирүүлэхийг хариуцагчид даалгах болон торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хэрэгсэхгүй болгосон 4 000 000 төгрөг, нийт 29 870 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ХХК нь 12 ширхэг баримал тус бүрд хаягжилт хийх ажлыг гүйцэтгэмэгц нэхэмжлэгч Н ХХК-иас 15 500 000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 750 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 12 жилийн баримал тус бүрд хаягжилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгч Н ХХК-иас 255 450 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ