Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 184/2018/03662/И |
Дугаар | 210/МА2019/00865 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2019/00865
“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “М” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Бд холбогдох,
Гэм хорын хохиролд 8 695 394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүй дотоод хэргийн яамны 03-76 УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркын авто машиныг Х.Батцэрэн жолоодон 2017.9.01-ний өдөр Баянгол дүүргийн Өргөө кино театрын хойд замд хөдөлгөөнд оролцож явахад 60-91 УНГ улсын дугаартай Хонда Лого маркийн машины жолооч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан.
Ослын улмаас даатгуулагчид 8 695 394 төгрөгийн хохирол учирсныг М ХК нөхөн төлбөрт олгосон тул Г.Бэс гэм хорын хохирол 8 695 394 төгрөгийг нэхэмжилж байна.Осол гарсан газарт 2 талын даатгалын байгууллага очсон. Уг хэрэгт хариуцагчийн даатгуулагч А ХХК-иас 5 сая төгрөгийн нөхөн төлбөрт төлсөн. Манай талаас 3 сая төгрөгийг уг машины засварт мөн 5 695 318 төгрөгийг Хууль зүй дотоод хэргийн яам руу шилжүүлж хохирлыг барагдуулсан. Даатгалын гэрээнд даатгуулагчтай мөнгөн хэлбэрээр болон тодорхой сэлбэг хэрэгслээр төлбөрийг барагдуулахаар тохиролцож 8 695 394 төгрөгийн хохирлыг манай тал барагдуулсан.Г.Б өөрөө даатгалаа дуудаж А ХХК түүний буруутайг зөвшөөрч 5 сая төгрөг жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг машиныг Г.Б жолоодож явахдаа осол гаргасан нь үнэн боловч ослын газрын акт хэрэгт авагдаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2015 оны А/190 тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-т зааснаар акт тавих эсвэл ослыг цаашид материалжуулж шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэм буруутай гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй байна. Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор гэм буруутай гэж үзээд байна. Хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар хариуцагч Г.Бэс 5 695 394.18 /таван сая зургаан зуун ерэн таван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлээс 3 000 000 /гурван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106 076 /нэг зуун зургаан мянга далан зургаа/төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б авто тээврийн осол гаргасан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Замын цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор Г.Бийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй. Ослын газрын акт, тэмдэглэл хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгуулагчийн машиныг засах, сэлбэгт зориулж сэлбэг худалдаалдаг Н.Ганзоригт 3 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгө шилжүүлгийн баримт дээр даатгуулагчийн машины дугаарыг тодорхой бичсэн, төлбөрийн зориулалтаа тодорхой бичсэн, даатгуулагч маань сэлбэгээ авч, машинаа засуулснаар уг машины эвдрэлд төлөх төлбөрийн асуудлаар ямар нэг гомдол гараагүй, мөн шилжүүлгийн баримт хууль ёсны байхад 3 сая төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг даатгуулагчид өгсөн баримт байхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай үйл баримтыг тодруулах тогтоох шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.
Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 8 695 394 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./ хх-1-2, 26/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “..,хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай ажиллагааны улмаас гэрээт даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны авто машинд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 8 695 394 төгрөгийн хохирол учирч, даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр төлснийг хариуцагчаас гаргуулахаар” тодорхойлжээ. /хх-1-2/
“М” ХК, Хууль зүй дотоод хэргийн яамны хооронд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 176004500013 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан үйл баримт тогтоогджээ. /хх-8 /
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх, даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр байна. Нөхөн төлбөрийг гаргуулахын тулд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэм буруутай байх ёстой юм. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хариуцагч гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй тогтоолгох үүднээс ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг зөрчлийг хянан баталгаажуулсан баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй юм.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар ногдуулсан захиргааны шийтгэлд хариуцагч гомдол гаргаагүй ч Иргэний шүүхэд гэм буруугийн асуудлаар маргаж 2017 оны 625/02 ослын бүртгэлийн дугаартай зам тээврийн ослыг шалгасан материалаас нотлох баримт гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн ахлах зохицуулагч, хэсгийн төлөөлөгч нь хариуцсан бүсэд гарсан хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, хохирлын хэмжээ багатай зам тээврийн осол /зөрчил/-ын газарт хийсэн үзлэгийн дүнг үндэслэн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий байгууллагаар тогтоолгож, зам тээврийн осол /зөрчил/ гарахад нөлөөлсөн үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тодорхойлж, осол үйлдсэн буруутай этгээдэд захиргааны хариуцлага ногдуулахаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ. Гэтэл хэргийн 85-89 хуудсанд ирүүлсэн баримтууд дотор дээрх зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд авагдаагүй. Хэргийн 88-89 дүгээр хуудсанд авагдсан баримтын тал хэсэг нь хар, уншигдах боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх зөрчилд хамаарч байна.
Хариуцагчийн гэм буруу нь зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бэхжүүлсэн ул мөр зэрэг бусад баримтуудаар нотлогдсон байх ёстой юм. Хэрэв дээрх баримтууд тодорхой шалтгааны улмаас авагдаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэх юм. Анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн н.Ганзориг гэгчээс 3 000 000 төгрөгийн ямар сэлбэг хэрэгсэл худалдаж авсан талаарх үйл баримтыг тодруулах нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээ нотлох үүрэгтэй юм. /хх-13/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД