Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг 

Прокурор                                                         Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               А.Мөнхбат

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1921007850150 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******. Урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “” гэх газарт Ниссан Санни маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас уг тээврийн хэрэгсэл шатсаны улмаас гал алдаж хээрийн түймэр гарч Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766 500 төгрөгийн шууд бус, 154 185 727,5 төгрөгийг шууд хохирол, иргэн Ж.*******ын эд зүйл шатаж 4 950 000 төгрөгийн, иргэн ын эд зүйл шатаж 800 000 төгрөгийн, иргэн *******д 530 000 төгрөгийн, иргэн *******өд 1 220 000 төгрөгийн, иргэн д 2 000 000 төгрөгийн шууд хохирол нийт 164 452 227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч *******  овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 164 452 227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 154.185.727,5 /нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

- Шүүгдэгч *******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ын 2 дугаар гудамжны 02 тоотод байх 700м2  газрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологид учруулсан шууд бус хохиролд 766.500 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ж.*******, , *******, *******, нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* нь 2019.11.04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “” гэх газарт машинтай явж байгаад тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвс ноцож шатсанаас гал алдаж хээрийн түймэр гарч 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хохирогч иргэдийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, төлбөрийн чадваргүй олон ам бүлтэй зэргийг харгалзан үзэж учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж нэхэмжлэл гаргаагүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Дорнод аймгийн Булган сумын байгаль орчны байцаагч байгаль экологид учруулсан 154.185.727,5 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин гал түймэр унтраахад гарсан зардал буюу 766.500 төгрөгийн шууд бус хохирлыг нэхэмжилсэн. Шүүгдэгч ******* шууд бус хохирлын 766.500 төгрөгийг төлж барагдуулсан байдаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулж, экологид учруулсан хохирол болох 154.185.727,5 төгрөгийг гаргуулахаар зааж шийдвэрлэсэн. Шүүгдэгч *******ын хувьд амьдралын боломж бололцоо энэ их төлбөрийг төлөх чадварын хувьд ямарч боломжгүй, шүүхээс тогтоовол төлөхөө илэрхийлдэг. Гэр бүлээ тэжээн тэтгэх зорилгоор тухайн оршин суугаа газрынхаа мал бүхий иргэдийн цөөн тооны малыг өрх бүрээс сарын 25.000 төгрөгөөр хариулж амжиргаагаа залгуулдаг. Энэ байдлыг нь Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогддог.

Иргэний нэхэмжлэгч ийг Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ-с нэхэмжлэгчээр тогтоож, экологид учруулсан хохирлоос татгалзах эрхтэй болохыг заасан. Тухайн хэрэг явдлаас болж түймэр гарсан гэх Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “” гэх 7769.5 га газар нөхөн сэргээгдэж хэвийн байдалдаа орсон тухай иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн байдаг.

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлж, экологид учруулсан хохирол болох 154.185.727,5 төгрөгийг иргэний нэхэмжлэгч итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний  өвс ихтэй замгүй газраар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ шаардлагатай хэмжээний анхаарал болгоомж алдсаны улмаас, тухайлбал тээврийн хэрэгслийн халуун яндангаас хуурай өвсөнд цонолт өгч гал алдах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байтал янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас хээрийн түймэр гаргаж, Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээр шатааж байгаль орчинд 154,185,727.5 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, түймэр унтраахад гарсан зардал буюу 766,500 төгрөгийн шууд бус хохирол, мөн нэр бүхий 5 иргэний эд хөрөнгө түймэрт өртөж нийт 9,500,000 төгрөгийг хохирол, бүгд 164,452,227.5 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч  *******т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлын тухайд давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтэд хүрэв.

“Иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлэхгүй гэсэн байхад шүүх хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасан боловч, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох бөгөөд энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь “нэхэмжлэх зүйл байхгүй. Шатсан талбайд өвс ногоо ургаж сэргэсэн” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэхүү мэдүүлгээр шүүгдэгчийг шууд хохирол нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм. Учир нь, хэрвээ нь өөрт учирсан хохирлын хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд хохирлыг нэхэмжлэхгүй гэж байгаа бол түүний хүсэлтийг шүүх хүлээн авахад хуульд харшлах зүйлгүй. Гэвч тэрээр, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэгчээр оролцохоор албаны ажил үүргийн хувиар томилогдсон тул, тэрээр нэхэмжлэлээс татгалзах эрхгүй, хэрвээ татгалзаж байгаа бол түүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй юм.

Аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг төлөөлж оролцож байгаа этгээд нэхэмжлэлээс татгалзах гэх мэт хүсэлт гаргах үед шүүх энэ талаар шийдвэрлэхдээ юуны өмнө тухайн төлөөлөгч нь төлөөлж байгаа цаад субьектээсээ энэ эрхийг авсан эсэхийг шалгадаг. Төлөөлөгчийн үйлдлийн легитим чанарыг шалгана гэсэн үг. Энэ талаас нь байгаль орчны салбарын хууль тогтоомжийг судлан үзэхэд, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс татгалзах эрхийг иргэний нэхэмжлэгч д олгосон зохицуулалт байхгүй байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэх, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэх заалтууд нь заавал хэрэгжих учиртай императив хэм хэмжээ мөн болж байна.

Түүнчлэн “тухайн шатсан газарт эргээд өвс ногоо ургаж сэргэсэн” гэх баримт нь гэм буруутай этгээдийг байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хүний зүй бус ажиллагааны улмаас сүйдсэн байгаль орчин зарим тохиолдолд тодорхой цаг хугацааны дараа жам ёсоороо эргэн сэргэх үйл явц байдаг. Гэвч үүнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирол нөхөн төлөх хууль зүйн хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болгох нь буруу юм. Хэрвээ энэ үндэслэлээр гэм буруутай этгээдийг хохирол нөхөн төлөөхөөс чөлөөлбөл, энэ нь нэгдүгээрт,  байгаль орчин өмнөх байсан шиг хэмжээнд эргээд нөхөн сэргээгдэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн экологийн тэнцлийн алдагдал, хохирлыг тооцон үзэхгүй учир дутагдалтай дүгнэлт болно. Хоёрдугаарт, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн журмын зорилго нь зөвхөн тухайн хэсгийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг төлүүлэхээр хязгаарлагдахгүй, цаашид байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилгыг давхар агуулдаг. Байгаль өөрийн жамаар нөхөн сэргээгдсэн гэх хуульд заагдаагүй шалтгаанаар хохирлыг төлүүлэхгүй байх нь эрх зүйн энэхүү зорилгыг үгүйсгэсэн үндэслэлгүй шийдвэр болно. Иймээс хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин байгаль орчинд учирсан шууд хохирол 154,185,727.5 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгчээр нөхөн төлүүлсэн шүүхийн шийдвэр нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий Иргэний хуулийн нэгэн зохицуулалтыг хэрэгсэхгүй орхигдуулснаараа  учир дутагдалтай болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Тухайлбал Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан  үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн тухайн  этгээд хэдийгээр гэм буруутай байлаа ч гэлээ, түүний эд хөрөнгийн байдлыг харгалзаж байхыг хуулиар шаардсан байна. Нэгтгэн дүгнэвэл, санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль дотор, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

Шүүгдэгч *******ын гэм буруугийн тухайд дүгнэвэл: тэрээр санамсар болгоомжгүй зан үйлээр гал алдаж түймэр тавьсан, тэр даруйдаа түймрийг унтраах гэж өөрийн чадах чинээгээр оролдсон ч салхи ихтэй, хуурайшилт өндөртэй байснаас түймэр хурдан тархаж, улмаар их хэмжээний хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн эд хөрөнгийн  тухайд: Хэрлэн сумын 5-р баг  Уудам 2 дугаар гудамжны 02 тоотод гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газартай, нэн ядуу өрхийн бүртгэлтэй /хх-ийн 118, 232-р тал / нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******ын гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан 154,185,727 төгрөгийн шууд хохирлыг багасган, үүний 5 хувьтай нь тэнцэх хэмжээ буюу 7,709,286 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 2020/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дахь заалтад “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 154,185,727.5  /нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэснийг “4.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******аас байгаль орчинд учруулсан хохиролд  7,709,286 /долоон сая долоон зуун есөн мянга хоёр зуун наян зургаан/ төгрөг гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс  2021 оны 06 дугаар сарын 10-ны хооронд цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                 Л.НАРАНБАЯР