Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00864

 

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ут холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Тасганы овоонд байрлах авто машины засвар үйлчилгээ, дулаан гараашийн / 60 машины дулаан гарааштай/ 0,087 га газар бүхий барилга, чингэлгийн байгууламж, Энхтайваны гүүрийн баруун талд Үзэсгэлэнгийн вагоны баруун талд байрлах авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий 108 м.кв газартай барилга байгууламжийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд авто машин засвар, үйлчилгээ, 60 автомашины дулаан гараажтай, 80*18 ам дөрвөлжин метр, 0.087 га газар бүхий барилга байсныг түр хугацаатай, гэрээгээр, 61/0034 тоот гэрчилгээтэй газар байсныг 30 жилээр тус тус дүү Ч.Батболдод шилжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Гын газар эзэмших 507 тоот гэрчилгээтэй, 108 м.кв газартай авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий бүгд 2 газар, үл хөдлөх хөрөнгө болох барилга, чингэлэгийн байгууламжууд байсныг дүү Ч.Батболдод 15 жилээр түр шилжүүлсэн. Ингээд Ч.Г, дүү Ч.Батболд хоёр хамтын үйл ажиллагаа явуулан  ашиг олж байтал  Ч.Батболд нь 2015.01.03-нд амь насаа алдсан. Цаашид хамтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж газар, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга, байгууламж, чингэлэгийн байгууламжуудаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа. А.У нь талийгаач дүү Ч.Батболдын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулдаг, одоо олж буй орлого, ашгийг ганцаараа ашиглан эзэмшиж байгаа. А.У нь ээж Д.Наранцэцэг, Ч.Г нарыг гутаан доромжилж, ноцтой гомдоосон тул  хоёр газар, үл хөдлөх хөрөнгө-барилга байгууламж, чингэлэгийн байгууламжаа нэхэмжилж байна.Нэхэмжлэгчийн нэртэй газрууд, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга байгууламжууд талийгаач, нэхэмжлэгч нарын хамтын хөрөнгө юм.Нэхэмжилж буй хөрөнгүүд хариуцагчид ямар ч хамаарал байхгүй. Дээрх хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаж буй хөрөнгүүд нь хариуцагчийн болон түүний нөхөр Ч.Батболдын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн дундын өмч.  Хариуцагчийн нөхөр Ч.Батболдыг нас барсаны дараа түүний ээж Д.Наранчимэг өөрт ногдох хэсгийн өвийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд Д.Наранчимэгт 128 454 626 төгрөгийн өв олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг.128 454 626 төгрөгийг өвлөн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулан хүлээн авсан. Май Кар ХХК нь 2007 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан нэхэмжлэгчийн  компани. Ч.Г манай гэр бүлтэй хамтын ямар ч бизнес эрхэлж байгаагүй. Анх Ч.Гын нэр дээр дээрх хөрөнгө байсныг үгүйсгэхгүй, гэхдээ төрсөн ах дүүс учир түр хугацаанд Ч.Гын нэр дээр аваад буцаагаад шилжүүлээд авсан байдаг. Чингэлтэй байрлах газар нь анх Ч.Гын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан боловч буцаагаад Ч.Батболдын нэр дээр шилжсэн. Харин Баянгол дүүрэгт байрлах газар нь анхнаасаа Ч.Батболдын нэр дээр байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Ч.Г, Ч.Батболд нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан боловч 2005.09.12-ны өдөр Ч.Г нь өмчлөгчөөс хасагдаж, дүүгийнхээ нэр дээр шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаад 2005.09.07-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасагдаж, хуулийн дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн. Маргаан бүхий эд хөрөнгүүд нь талийгаач Ч.Батболдын өвлөгдөх эд хөрөнгөд орж, түүнийг хууль ёсны өвлөгч нарт оногдох хэсгийг шүүх хувааж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Ут холбогдох бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 0.087 га газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, үйлчилгээтэй чингэлэгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь төрсөн дүүтэйгээ хууль ёсоор бэлэглэлийн гэрээ хийгээгүй, бичгэн хэлцэл хийснээ бэлэглэл гэж буруу ташаа тайлбарласан нь алдаа болсноо ухаарч алдаагаа залруулж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн З дугаар хороо Энхтайваны гүүрний баруун тал. Үзэсгэлэнгийн вагоны зүүн талын газар эзэмших 507 тоот гэрчилгээ нь Ч.Г миний нэртэй, 108м.кв. талбай бүхий Чингэлэгэн байгууламжтай газар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Тасганы овоон дахь газар эзэмших 61/0034тоот гэрчилгээ нь Ч.Гын  нэртэй, 80х18 м.кв. 0.087 га талбай бүхий барилга байгууламж бүхий үл хөдлөх хѳрѳнгѳ нь зѳвхѳн нэхэмжлэгчийнх байсан. Эдгээрийг л төрсөн дүүдээ сайн дураараа тодорхой хугацаа зааж шилжүүлсэн. А.У хууль ёсны юм шиг харагдах байдлаар ѳѳртѳѳ шилжүүлж авсан. Үл хѳдлѳх хѳрѳнгийн бүртгэлийг хийх хугацаанд нэхэмжлэгчийн бие тахир дутуугийн групптэй, ухаан санаа тогтворгүй, эрүүл мэнд хувьд сул дорой, эмчилгээ сувилагаатай байх үед хийсэн. Дүү бид хоёрын бичгээр хийсэн хэлцэл хавтаст хэргийн материалд байгаа. Талийгаач дүү Ч.Батболд ах Ч.Гтой хамтран ѳмчилж байсан эд хѳрѳнгийн бүртгэлээсээ өөрийгөө хасуулах хэлцлээ нотариатоор гэрчлүүлээд дүүдээ шилжүүлэхдээ өөрсдийнхөө хүсэл зорилгоо тодорхойлж, би ѳѳрийн ѳмчлѳлийн эрхээсээ татгалзаж, газар, ѳмч хѳрѳнгѳѳ болзол тавьж 15 жил, 30 жилийн хугацаатайгаар хэлцлээ хийсэн. Нэхэмжилж буй барилга, үл хөдлөх хөрөнгө бүхий газарт миний төрсөн дүү, түүний эхнэр байсан А.Уээс нэг ч төгрөг ороогүй. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, алдаа, хуулийн заалтыг буруу сонгосон зэргийг  хянан үзэхийг  хүсье гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч А.Ут холбогдуулан Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Тасганы овоонд байрлах авто машины засвар үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай, 0,087 га газар бүхий барилга, чингэлгийн байгууламж, Энхтайваны гүүрийн Үзэсгэлэнгийн вагоны баруун талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай 108 м.кв газартай барилга байгууламжийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч “дээрх хөрөнгө нь талийгаач нөхөр Ч.Батболд болон А.У нарын хамтран өмчлөх гэр бүлийн дундын өмч” гэж маргажээ. /1хх-1-10, 155-156/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, шүүхээс тодруулах ажиллагаа явуулаагүй, талууд маргаантай үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбарын агуулгаас үзэхэд дээрх хөрөнгийг “төрсөн дүү Ч.Батболдын хамт дундаа хамтран өмчилж байсан бөгөөд 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэлцэл хийж Ч.Г гадаадад ажиллах болсонтой холбоотойгоор хамтран өмчлөгчөөс хасагдаж, эзэмших эрхээ Ч.Батболдод 15, 30 жилээр түр шилжүүлсэн, 2015 онд дүү нас барж, одоо түүний эхнэр А.У хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа. А.Утэй хамтран ажиллаж чадахгүй тул хөрөнгөө буцаан гаргуулна” гэсэн утгатай тайлбар гаргажээ. Мөн “дүүдээ түр бэлэглэсэн”гэх тайлбар гаргасныг шүүхээс тодруулаагүй байна. / 1хх-1-10, 2хх-13-29 /

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, бэлэг хүлээн авагчийн өмчлөлд хөрөнгийг бүрмөсөн шилжүүлсэн агуулгатай байдаг. Мөн “болзолтой хэлцэл” хийсэн, хамтран ажиллаж байсан гэх олон янзын тайлбараас нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тодруулах тогтоох ажиллагааг явуулж, талуудыг бүрэн мэтгэлцүүлэхгүйгээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2 янзын алдаатай дүгнэлт хийгдсэн байгааг анхаарах нь зүйтэй.

 

Ч.Батболдын өвийн асуудал шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзсэн нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт одоо шийдвэрлэгдэж байгаа болоод өмнө шийдвэрлэгдсэн хэргийн талууд, маргааны зүйл адил байх ёстой. Хэргийн баримтаас үзэхэд А.У, Д.Наранчимэг нарын хооронд өвийг хуваах асуудлаар маргаан шийдвэрлэгджээ. /хх-229-241/

 

Одоогийн Ч.Гын гаргаж буй нэхэмжлэл нь өмчлөх эрхтэй холбоотой маргаан, эсхүл хэлцэлтэй холбоотой маргааны аль нь болохыг тодруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч Ч.Г нь төрийн байгууллагын архивт хандан бичмэл баримт, лавлагаа өгөхийг хүссэний дагуу тухайн байгууллагаас архивын хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн байна. Уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна./1хх-53-113, 2хх-35-39/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс болоод нэхэмжлэлийн үнэ мөн тодорхойгүй болжээ./ 1хх-1-10/

 

Хэргийн баримтаас үзэхэд 2005 оны үед Ч.Батболд, Ч.Г нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд байрлах хөрөнгийг 510 000 000 төгрөгөөр үнэлж байжээ. Ч.Г хөрөнгийг бүхэлд нь,Ч.Батболдын  өв залгамжлагчдын нэг болох, зөвхөн А.Уээс шаардсан шалтгаан, үндэслэл, нэхэмжлэлийн үнийн дүн, хэмжээ зэрэг асуудлууд бүгд тодорхойгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн “ дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн эх суурийг дүүгийн хамт тавьж, нэхэмжлэгч ганцаараа бичиг баримт, барилга бариулах, ашиглалтад өгөх ажлыг хийснээс гадна зөвхөн талийгаач дүүтэйгээ хамтран өөрсдийн хүчээр барьж байгуулсан. Зөвхөн дүү бид хоёрын хөрөнгө, 1986-2015 оны 30 жилийн хөдөлмөр юм гэсэн тайлбартай холбогдуулан хөрөнгийн гарал үүсэл, эх үүсвэрийг тодруулах шаардлагатай. Дээрх байдлыг тодруулснаар шүүхээс тухайн маргаантай хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

 

Мөн Ч.Г Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 455 тоот шийдвэрээр 4 040 м.кв газрыг 15 жилээр эзэмшиж байсан боловч тодорхой шалтгааны улмаас Ч.Батболдод ганцааранд нь эзэмшүүлэхээр шилжүүлж байгаа болно гэх бичилтийн хүсэл зориг агуулгыг тодруулан мэтгэлцүүлэх, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны асуудалд дүгнэлт өгч талуудыг мэтгэлцүүлэх нь зүйтэй байжээ. /1хх-64-68, 69-70/

 

Талуудын хооронд хамтран ажиллаж байсан үйл баримт байсан эсэхийг анхаарахаас гадна худ, ургийн холбоотой талуудын хувьд эвлэрэн хэлэлцэх боломж байсан эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д зааснаар анхаараагүй байна. / 1хх-131-149/

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “уульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно ”гэж заасан. Гэвч дээрх хөрөнгүүдийн хэд нь Ч.Батболдын, хэд нь Ч.Гын хөрөнгө байсан, дүү Ч.Батболдод ямар шалтгаан үндэслэлээр шилжүүлсэн, одоо буцаан шаардаж буй үндэслэл зэрэг тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД