Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00229

 

Ч.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 864 дүгээр магадлалтай,

Ч.Г ын нэхэмжлэлтэй,

А.У т холбогдох,

“Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Тасганы овоонд байрлах автомашины худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 0.087 га газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, авто сэлбэг, дугуй засвар үйлчилгээ бүхий 108 м.кв газарт байрлах барилга байгууламж, газрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г , хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Г ын нэр дээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд авто машин засвар, үйлчилгээ, 60 автомашины дулаан гаражтай, 80x18 ам.дөрвөлжин метр, 0.087 га газар бүхий барилга байсныг бэлэглэлийн түр гэрээгээр, 61/0034 тоот гэрчилгээтэй газар байсныг 30 жилээр тус тус дүү Ч.Батболдод шилжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Г ын газар эзэмших 507 тоот гэрчилгээтэй, 108 м.кв газартай авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий бүгд 2 газар, үл хөдлөх хөрөнгө болох барилга, чингэлэгийн байгууламжууд байсныг дүү Ч.Батболдод бэлэглэн эзэмших эрхээ 15 жилээр түр шилжүүлсэн.

Ингээд Ч.Г , дүү Ч.Батболд хоёр хамтын үйл ажиллагаа явуулан хувь хуваалцан ашиг олж байтал төрсөн дүү Ч.Батболд нь 2015 оны 01 дүгээр сарын 03-нд Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, Тасганы овооны газарт байрлах Ч.Г ын автомашины дулаан гаражийн үл хөдлөх хөрөнгө бүхий барилга байгууламж дахь ажлын өрөөндөө онц хэрцгийгээр хоолойгоо огтлуулж, хэвлийдээ хутгалуулан амь насаа алдаж хохирсон. Эрүүгийн хэргийг цагдаа шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа 3 жил гаран үргэлжлээд дуусгавар болсон юм. Цаашид хамтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж газар, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга, байгууламж, чингэлэгийн байгууламжуудаа 15 жил, 30 жил түр хугацаа зааж гарын үсэг зурж, үзэглэсэн төрсөн ах дүү хоёр хүний нэг нь талийгаач болсон тул өөр хэнтэй ч тэр тусмаа А.У тэй хамтарч ажиллахгүй тул Ч.Г  нь дээрх эд хөрөнгүүдээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа.

А.У  нь талийгаач дүү Ч.Батболдын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулдаг, одоо олж буй орлого, ашгийг ганцаараа дураараа ашиглан эзэмшиж байгаа юм. А.У  нь ээж Д.Наранцэцэг, Ч.Г  болон эдний гэр бүлд дэндүү, хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй, шунахай сэтгэлээр хандаж, жудаггүй аашилж, биднийг үл тоон элдэв бусармаг үг, үйлдлээр доромжлон тохуурхаж, үл хүндэтгэж, энэхүү доромжлол тохуурхал нь надаар, миний гэр бүл, үр хүүхэд, төрөл садангаар зогсохгүй 80 нас хүрч яваа хөгшин буурал, миний төрсөн ээжид минь хүрч бэр болж байсан А.У ийн үйлдэл хирээс хэтэрсэн ээжийг минь илтэд басамжилж, гутаан доромжилж, сэтгэл санааны гутралд оруулж, элэглэн дооглон тохуурхал нь ээжийн минь сэтгэл санаа нь үймэрч гуньж гутарсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн тул би өөрийн бэлэглэлээр түр эзэмших эрхээ шилжүүлсэн хоёр газар, үл хөдлөх хөрөнгө-барилга байгууламж, чингэлэгийн байгууламжаа буцаан авахаар зориг шулуудсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрлөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлнэ..., 276 дугаар зүйлийн 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.5-д тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно, 279 дүгээр зүйлд Тусгай зориулалтын хийсэн бэлэглэлийн гэрээ, 279.3-т бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно, 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэглэгч түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280 дугаар зүйлийн 1-д бэлэг хүлээн авагч нь бэлгийг эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан, 280 дугаар зүйлийн 2-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно гэсэн хуулийн заалтыг тус тус баримтлан энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Ч.Г  анх 1986 онд 21 настай цэргээс халагдаж ирээд талийгаач дүү Ч.Батболдын хамт төрсөн аав, ах хоёртоо 2 байшин барьж өгч, тэд нарынхаа амьдралд тус дэм болж эхэлсэн ах дүү хоёр билээ. Мөн 1989 онд Дархан хотын Залуучуудын холбооны байранд талийгаач дүү бид хоёр тохиролцооны валютын барааны дэлгүүр ажиллуулж ажлын гараагаа эхэлсэн юм. 1992 онд талийгаач бид хоёр Орос, Хятад, Турк, Польш, Герман улсаар явж ачаа, бараа зөөж байлаа. 1995 онд Герман хүнс, Герман дугуй оруулж талийгаач дүүтэйгээ хамт Да хүрээ зах дээр худалдаж байв. 1996 онд талийгаач дүү маань У.Уранцэцэгтэй танилцаж гэр бүл болсон. 1999 онд Ч.Г  би өөрийнхөө нэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун талд газар авч талийгаач дүүтэйгээ хамтран Япон дугуйн худалдаа, засварын газар ажиллуулж тогтвортой ажлаа эхэлсэн юм.

2002 онд Ч.Г  дахин шинэ салбар байгуулахаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овоонд өөрийнхөө нэр дээр 80*18 ам дөрвөлжин метр буюу 0.087 га газарт Ч.Г ын гэсэн нэртэй 60 автомашин дулааны дулаан гараж бүхий авто төвийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын бүхий л ажлыг ганцаараа хийж, барилгын ажлын зураг, техникийн нөхцөл, зөвшөөрлийг хөөцөлдөж барилгаа бариулж, улсын комисст хүлээлгэн өгөх, ашиглалтанд оруулахад хийгдэх бүх ажлыг ганцаараа гардан гүйцэтгэсэн билээ. Ч.Г  миний бие дараагийн хоёр дахь барилга барих ажлыг мөн л зохион байгуулж барилга барих, тусгай зөвшөөрөл авах “Болд Эрин констракшн” ХХК-ийг 2013 оны 11 дүгээр сарын 13-нд байгуулсан боловч тухайн үед шинээр байгуулагдсан компани тул барилга барих зөвшөөрөл гарах боломжгүй гэснээр эхнэр Б.Сарантуяагийн компани дээр зөвшөөрлөө гаргуулж бүх л бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн юм. 2013 оноос 2014 онд Энхтайваны гүүрний баруун талын Япон дугуйн худалдаа, авто засварын газар дээр 2 давхар авто төвийн барилга барих гэж талийгаач дүү минь холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, би барилгын ажил гүйцэтгэх барилгын тусгай зөвшөөрлийг өөрийн эхнэр Б.Сарантуяа үүсгэн байгуулсан “Бадар Хундага Ивээл” ХХК-ийн нэрээр гаргуулж ажлаа эхлэхээр болсон ч бохирын шугам хоолойн асуудал шийдэгдэхгүй 1 жил ажил хойшлогдож дүү бид хоёр барилга барих ажлаа хөөцөлдсөөр 2014 оны 02 сард барилга барих бүх бичиг баримтаа бэлэн болгосон ч дүү маань 2015 оны 01 дүгээр сарын 03-нд нас барснаар бүх ажил бүтэлгүйтсэн юм. Дээрх хоёр газар, газар дээрх байгууламж, барилгыг зөвхөн талийгаач дүүтэйгээ хамтран өөрсдийн хүчээр барьж байгуулсан, өөр хэнтэй ч холбоогүй, талийгаач дүү Ч.Батболдын амьддаа байгуулсан “Май Кар” ХХК-д ч тэр, талийгаачаас хойш одоо А.У ийн үргэлжлүүлэн удирдаж буй дээрх компанид ч хамаагүй, дээрх компанийн нэрээр Ч.Г ын нэртэй газрууд, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга байгууламжуудыг ашигладаг зөвхөн дүү болон Ч.Г  хоёрын л хөрөнгө юм.

Талийгаач болсон дүү Ч.Батболд нь амьд сэрүүндээ худалдаа наймаанаас олсон ашиг орлогоороо өөрийнхөө хувийн дансандаа 4 тэрбум төгрөгийг банкинд хадгаламж болгон хийж хадгалсныг ах нь болох Ч.Г  зөвшөөрсөн бөгөөд түүний хадгаламжинд 4 тэрбум төгрөг байсан нь талийгаач дүү, Ч.Г  хоёр дундаа хуримтлуулсан мөнгө байсныг эхнэр нь болох А.У  авч ашигласан хэдий ч түүнтэй энэ мөнгөний талаар маргаж нэхэмжлэхгүй ээ. Мөн дүү Ч.Батболд нас барсан 2015 оны 01 дүгээр сарын 03-аас хойшхи одоог хүртэлх хугацааны худалдаа, үйлчилгээ, борлуулалтаас олсон орлогоос нь ашиг өг гэж А.У  болон түүний хүүхдүүдээс нэхэмжлээгүй, нэхэмжлэх ч үгүй, өнчирч хоцорсон эхнэр хүүхдүүдтэй нь булаацалдахгүй, буянаараа болог гэж үлдээнэ.

Дүүтэйгээ хамтарч худалдаа, үйлчилгээнээс олсон тэрбумаар тоологдох мөнгө, хөрөнгөтэй болсон ч гэлээ дүүгийн маань гэр бүл үүнийг өмчлөх зарцуулах буруу биш гэж би боддог юм. Харин үл хөдлөх хөрөнгөө буцааж авна. Ч.Г  өөрийн хүч хөдөлмөрөөр хоёр дүүрэгт 2 газар авч, барилгын ажлыг бүтээн байгуулсан үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, газруудаа хүний мөсгүй, цэвдэг сэтгэлтэй хууль бусаар эзэмшин ашиглаж байгаа А.У ээс буцаан авч эзэмших болно. Харин А.У т ямар ч хамаарал байхгүй, зөвхөн миний талийгаач дүү, бид хоёртой шууд хамааралтай 1986-2015 он хүртэлх 30 жилийн хамтын үйл хэрэг, үйл ажиллагааны бүтээн байгуулалт юм. Миний дүү Ч.Батболдыг амьд сэрүүн байхад А.У  нь үргэлж гэр бүлийн хэрүүл маргаантай, садар самуун явдалтай нэр холбогдож эхнэр, нөхрийн итгэл алдарч, сэтгэл хөрч, гэр бүлийн цэвэр ариун ёс зүйг хөсөр хаяж, ёс зүйтэй амьдрах боломжгүй болгосноор гэр бүл тайван биш, тогтворгүй байдалтай болж, салах сарнихаа урьтал болгодог байснаас сэтгэл санаа нь үймэрч, сэтгэл нь гутарч Ч.Батболд дүү минь ах нь болох надад гомдлоо тайлж ярихдаа: Миний амьдралыг А.У  нь бузарлаж, ясанд минь тултал туйлын ихээр гомдоож доромжилж байна даа гэсэн юм. Хэрэв миний дүү амьд сэрүүн байсан бол миний хувьд газар эзэмшил, үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн эрх шилжүүлснээ Ч.Г  би өөртөө буцаан эзэмших нэхэмжлэл үүсэхгүй, хамтын үйл хэрэг бүтээн байгуулалт үргэлжлэн явагдаж ашиг олж хувь хуваалцаж байх байлаа. Сүүлийн жилүүдэд миний дүү талийгаач Ч.Батболд нь эхнэр А.У тэй хувийн таарамжгүй харьцаатай болж эхнэр нь гэр бүлээ салгах, цуцлах хүртэл маргаан үүсгэж, үүний цаана эхнэр А.У т ихээхэн хэмжээний мөнгө, хөрөнгийн ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн юм. А.У  нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр болох талийгаач Ч.Батболдтой маргалдаж гэрээсээ 4 хүүхдээ авч яваад, хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд байнга л эд хөрөнгийн маргаан гаргахад нь Ч.Г  миний бие тэднийг эвлэрүүлэх санал гаргасан боловч А.У  хүлээж авалгүй миний дүү талийгаач Ч.Батболдыг байнгын дарамтанд оруулж байлаа. Миний дүү энэ байдлаасаа гарахын тулд эд хөрөнгө хуваах тодорхой санал гаргасан боловч түүнийг хүлээн авалгүй хөрөнгийн хэмжээ нь бага байна гэж голж бүх хөрөнгө, мөнгийг авч хоосруулах гэсэн сувдаг шунахай сэтгэл нь дэвэрч явсан юм. Гэр бүл, хөрөнгө, мөнгөний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх шүүх дээр л уулзъя гэдэг байлаа. Хэрэг гарах үед талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь өөрөө өөрийнхөө хоолойг хутгаар хэрчих ямар ч боломжгүй, болох ч үгүй нь харагдах байдлаараа тодорхой байлаа, түүний хоолой хэрчигдсэн байдал нь 2 давталттай урт гүн хэмжээний шарх үүссэн, мөн цагаан мөгөөрсөн хоолой таслагдсан хэвлийдээ 2 удаа хутгалуулсан, өмсөж явсан хувцаснууд нь урагдаж тасарсан байв. Талийгаачийн эхнэр А.У  нь гэр бүлээ цуцлуулж түүний эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр авах зорилгоор 2 тусдаа амьдарч байх хугацаанд ч тэр, урьд өмнө ч тэр, Солонгос иргэнтэй холбогдож “Май Кар” ХХК-ийн нэр доор Ч.Г ын худалдаа үйлчилгээний зориулалттай байсныг зориулалтыг өөрчилж эмнэлэг болгох санаа зорилго агуулж дүү бид хоёрын хөрөнгө мөнгийг үрэн таран хийхээр санаархаж дүүтэй минь санал нийлээгүйн улмаас миний дүүгийн амь нас золиос болж хорвоогийн мөнх бусыг үзлээ дээ дүү минь энэ маргааны улмаас Май Кар гэдэг оноосон нэр, хоосон компани гэж бухимдлаа илэрхийлж А.У ийн шуналыг дарж байсан юм.

Ч.Г  миний хувьд дүүгээ ийнхүү золгүй муухай үхлээр үхнэ чинээ бодож санаагүй явж, төрсөн ганц дүүдээ Итгэл-сэтгэл дүүрэн байснаас дүү Ч.Батболдод бүхий л газар, хөрөнгө, мөнгөө түүний нэр дээр бэлэглэн эрхээ шилжүүлж, банкинд мөнгөн хөрөнгөө хадгалуулж нэг хүнд хэт их мөнгө, хөрөнгө төвлөрүүлсний гай, лай нүүрлэж гор нь гарлаа даа хөөрхий. Манай, миний гэр бүлд өнчрөл, үхэл хагацал бий болж эцэг, ах, дүү нар маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж Ч.Г  миний амьдрал орвонгоороо эргэж эхнэр хүүхдүүд минь салж сарниж, шуналт эм А.У ийн бусармаг үйлдлийн золиос болж миний, бидний амьдрал маш ихээр хохирч байна. Миний, бидний төрсөн ээж, ах, дүү биднийг төрүүлсэн Д.Наранчимэг ээж минь 80 нас хүрч 2017 онд насан өөд болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Бэр болж явсан А.У  нь миний төрсөн дүү Ч.Батболдыг хэрцгийгээр амь нас нь хохирсноос хойш төрсөн ээжийг минь бузар муу муухайгаар гутаан үйлдэл, хөдөлгөөн, үг, хэлээр басамжлан доромжилсон юм. Талийгаач дүү Ч.Батболдын минь 2 том охин нь ээжийн минь оршин сууж амьдарч байсан Хурд хорооллын 6 өрөө байрных нь гадаа цонхон доор нь ирчихээд /төрсөн аавынхаа ээжийг шүү дээ/ хурдан үхээд өгөөч бид байрандаа ормоор байна гээд орилж хашхирч байсныг ээж маань уйлан гансран гомдоллож суусан ээжийнхээ энэ гомдлыг сонсоод би ямар их харуусч гомдов оо. Талийгаач дүү Ч.Батболдыг минь ээж Д.Наранчимэгийн төрсөн хүүхэд нь биш, өөр айлын өргөмөл хүүхэд гэж миний ээжид хэлсэнд ээж минь маш их гомдон шаналж байсан даа. Би, талийгаач дүү Ч.Батболдынхоо хамт ээждээ сар бүр, тус тусдаа 550 000 төгрөг нийт 1 100 000 төгрөгөөр тэтгэмж өгч амьдрал ахуйд нь байнга туслан санаа тавьж асардаг байсандаа хөөрхий. Талийгаач дүүг минь нас барсан тэр өдрөөс эхлээд ээж минь бэр А.У тэйгээ уулзахыг маш олон удаа хүсч хэлүүлсэн боловч бэр болж байсан А.У  ээжийн хүсэл сэтгэлийг үл тоож, ээжийн хүссэн хүсэлт бүр бүтэлгүй болж ээж маань бэр А.У ийг 3 жил харуулдаж хүлээсэн ч ирж уулзаагүй дээ. Энэ хугацаанд ээж минь их шаналж зовсон доо. Ээжтэй минь талийгаач дүүгийн 4 хүүхдийг нь ч уулзуулахүй, болохгүй гэсэн хариу авсаар ээж минь хорвоог орхин насан өөд болсон юм даа. Уг нь дүү минь нас барснаас хойш өөрийнх нь хувийн хадгаламжид байсан мөнгөнөөс ээжид нэг тэрбум төгрөг өвлөж өгөх ам гарч тохирсон боловч түүнийгээ өгөөгүй, ээж маань тэр өгнөө гэсэн мөнгийг авна, бэр маань өгнө гэж их ч хүлээсэн дээ хөөрхий. Сувьдаг, шунахай сэтгэлтэй хүний гараас нь сэтгэлээс нь мөнгө гараагүйд миний дургүйцэл үнэхээр их хүрсэн энэ их мөнгө нь талийгаач дүүгээ амьд сэрүүн байхад бид хоёрын худалдаа наймаанаас олсон ашиг орлого, бусдаас бүхнээс тэр ч байтугай өөрсдийнхөө гэр бүлийн дэл сул, илүү зарлага, зардлаас нарийлан, харамлан байж цуглуулчихаад эцэст нь буруу бусармаг сэтгэлтэй, санаа-заяа муутны золиос болгож орхилоо доо, яалтай ч билээ дээ. Талийгаач дүүг маань өөрөө амиа хорлосон гэдэг ч, өөрийгөө хорлоогүй ч гэдгийг одоо ч шийдээгүй. Энэ асуудлаас болж бүтэн 3 жил хэрэгт хийгдэх ажиллагаа зогсоож, мөн сэргээж мөрдөн шалгаж байгаад хаагдаж тодорхой шийдвэргүй дуусгавар болсон доо. Ч.Г  миний бие төрсөн дүүгээ онц хэрцгийгээр амь насаа алдаж цогцсын толгой хүзүүгээр салсан оёдлыг хараад ухаан балартаж, ухаан санаа уймарч даралт өсөн улмаар харвалт өгч улмаар эрүүл мэндийн маш хүнд цохилтыг авч хөрөнгө мөнгөний асар их хэрэгцээтэй болсноор өөрийн орон сууцаа банкинд барьцаалан мөнгө зээлэн мөн өөртөө байсан мөнгөө дуустал өөрийнхөө биеийг эмчлүүлж бүрэн гүйцэт, төгс эмчлэгдээгүй ч тахир дутуугийн группэд орсон, эхнэр хүүхдүүдээсээ салж тус тусдаа амьдрах болсноор ганц биеэрээ Улс төрийн академийн оюутны дотуур байранд хямд төсөр хөлсөөр оршин сууж, амь зууж амьдрахын эрхээр үдэш оройн цаг, бүрэнхийд намайг таньж мэдэх хүнээс нуугдаж нүүрэндээ хаалт зүүж хэсэг хугацаанд хоёр дахь түүхий эд цуглуулан түүнийхээ олсон мөнгөөрөө голоо зогоож хар бор ажил, ачигч, жолооч, хамгаалагч, барилгын туслах ажилтнаар ажиллаж амьд явах, амьдрахын төлөөх тэмцэлд өнөөдрийг хүртэл бүтэн гурван жил 1000 гаруй хоног амьдарч энэ хугацааны амьдралдаа маш ихээр зовж, шаналж, амиа хорлохыг ч хүртэл олон удаа санаархах бодолтой тэсвэр тэвчээрээ алдаж, гуньж гутарч явсан ч өвчин, зовлон, өнчрөл, хагацал, үхлийг тэсвэрлэн тэвчиж уужим тайван, эрүүл ухаанаар бодож амьдралаа үргэлжлүүлэхээр ухаарсан юм. Ч.Г  миний бие ийнхүү 3 жил гаруйн хугацаанд ядууран хоосорч зовлонт амьдралд унаж, хар бор ажил ачигч, жолооч, хамгаалагч, барилгын туслах ажилтнаар ажиллаж явсан ч одоо, эдийн засаг, мөнгөн хөрөнгийн гачаалд орлоо, амьдралаа өөрчилж босч болох хувь заяаг минь хүндэтгэж энэрэнгүй төрийн шударга хуулиар шийдвэр гаргаж өгөхийг хуулийн шүүхийн байгууллагад туйлаас хүсч байгаа минь энээ. Эдийн засаг, мөнгөн хөрөнгийн гачаалд орлоо, оноосон тэмдэгтийн хураамжаа л нэг төллөө дөө.

Ч.Г  би талийгаач дүү Ч.Батболдод түр бэлэглэлийн эрхээ шилжүүлж өгсөн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоо иргэн Ч.Г ын автомашин засвар, автомашины худалдаа, үйлчилгээний барилга /иргэн Ч.Г  миний нэртэй газар ашиглах 61/0034 тоот гэрчилгээтэй байсан байгууламж нь 60-н автомашины дулаан гаражтай, 80x18 м-ийн хэмжээтэй 0.087 га газар бүхий барилга, үл хөдлөх хөрөнгө. 2. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Г  миний нэртэй, газар эзэмших 507 тоот гэрчилгээтэй байсан 108 м.кв газарт Япон дугуйн худалдаа, үйлчилгээтэй чингэлэгээр байгуулсан байгууламж хөрөнгө бүхий түр эрхээ талийгаач Ч.Батболдоос Ч.Г  миний бие буцаан шилжүүлж авахаар энэхүү нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.У  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.У  миний бие Ч.Г оос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ч.Г ын нэхэмжлэлд дурдаад буй Чингэлтэй болон Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь талийгаач нөхөр Ч.Батболд бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн дундын өмч хөрөнгүүд юм. Миний бие өөрийн нөхөр Ч.Батболдтой 1997 онд гэр бүл болон техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд уйгагүй хамтдаа хөдөлмөрлөсний дүнд тодорхой хэмжээний амжилтанд хүрч чадсан билээ. Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач нөхөр болох Ч.Батболдын ар гэрийнхнээс тусалж дэмжсэн зүйл огтхон ч байхгүй болно. Нөхөр Ч.Батболдыг нас барсны дараа түүний ээж Д.Наранчимэг өөрийн хүү Ч.Батболдод ногдох эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өвийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд Д.Наранчимэгт 128 454 626 төгрөгийн өв олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг юм. Хадам ээж Д.Наранчимэг нь шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олон жилийн хүнд өвчний улмаас нас баран хүүхдүүд нь болох Ч.Сувданцэцэг, Ч.Г , Ч.Отгонцэцэг, Ч.Тэмүүжин, Ч.Гаригсансар нар нь 128.454.626 төгрөгийг өвлөн шүүхийн шийдвэрийн дагуу А.У  надаас гаргуулан хүлээн авсан билээ.

Миний нөхөр Ч.Батболдын нас барсан шалтгаанд гэр бүлийн зүгээс ямар ч хамааралгүй бөгөөд улсын прокурорын дүгнэлт гарсан болно. Харин өнчин насанд хүрээгүй 4 хүүхэдтэй үлдсэн намайг эд хөрөнгийн шуналын үүднээс далайлган сүрдүүлж, орон гэрээс минь хөөн гаргаж машин эд зүйлсийг булаан авч миний бие нь 4 хүүхдийн хамт 3 жил гаран байр хөлсөлж амьдарсан. Шүүхэд би нэхэмжлэл гаргаснаар орон гэрээ буцаан авч Ч.Г  болон эгч дүү нарт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж прокурорын тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй, тийм гэрээг надтай хийгээгүй. Мөн “Май Кар” ХХК нь миний өөрийн 2007 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж байсан компани билээ. Нэхэмжлэгч Ч.Г ын хувьд манай гэр бүлээр байнга тэжээн тэтгүүлж явдаг байсан бөгөөд манай гэр бүлтэй хамтын ямар ч бизнес эрхэлж байгаагүй, харин ч төрсөн дүү болох Ч.Батболдыг амьд сэрүүн байхад байнга харж үзсэнгүй хэмээн дарамталдаг байсан. Ч.Г  нь өөрөө хувиараа бизнес хийж байгаад дампуурч архи их ууж эрүүл мэндээ ч хохироон амьдрал нь дээр дурдсан болсонд манай гэр бүл болон миний хүүхдүүд, би ямар ч хамааралгүй билээ. Нөхрийг минь амьд сэрүүн байхад ч Ч.Г той гэр бүлийн дотно ч харилцаагүй байсан бөгөөд манай хүүхдүүд ч /том охиноос бусад нь/ танихгүй, нөхөр бид хоёр хадам ээжийгээ байнга тусалж дэмжин байр хүртэл авч өгч байсан. Миний нөхөр Ч.Батболдыг нас барснаар далимдуулан түүний эхнэр, өнчирч хоцорсон 4 хүүхдээс хууль ёсны эд хөрөнгийг нь булаан авахаар ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад маш их харамсаж байна. Ч.Г ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаад байгаа хоёр газар болон үл хөдлөх хөрөнгө нь талийгаач Ч.Батболд болон түүний эхнэр А.У  нарын хууль ёсны эд хөрөнгө юм. Анх Ч.Г ын нэр дээр байсныг үгүйсгэхгүй, гэхдээ төрсөн ах дүүс учир түр хугацаанд Ч.Г ын нэр дээр аваад буцаагаад шилжүүлээд авсан байдаг. Чингэлтэй байрлах газар нь анх Ч.Г ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан боловч буцаагаад Ч.Батболдын нэр дээр шилжсэн байдаг. Харин Баянгол дүүрэгт байрлах газар нь анхнаасаа Ч.Батболдын нэр дээр байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Ч.Г , Ч.Батболд нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан боловч 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Г  нь өмчлөгчөөс хасагдаж, дүүгийнхээ нэр дээр шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргаад 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасагдаж, хуулийн дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн. Дээрх эд хөрөнгүүдийг 15 болон 30 жилийн хугацаатай бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зүйл байхгүй. Хэрвээ бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байвал нэг жилийн дотор буцаан нэхэмжлэх эрхтэй байсан. Гэтэл энэ хугацаа аль хэдийн өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээний дагуу дээрх эд хөрөнгүүдийг шаардаж байгаа гэх боловч хавтаст хэрэгт ямар нэгэн бэлэглэлийн гэрээ гэх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд үүнийгээ нотолж чадсангүй. Талуудын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээ гэх зүйл байхгүй. Маргаан бүхий эд хөрөнгүүд нь талийгаач Ч.Батболдын өвлөгдөх эд хөрөнгөд орж, түүнийг хууль ёсны өвлөгч нарт оногдох хэсгийг шүүх хувааж шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.У т холбогдох бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 0.087 га газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, үйлчилгээтэй чингэлэгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 864 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хууль заасан хэмжээгээр төлөөгүй гомдлыг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн байна.

Учир нь Ч.Г  нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн 9-р хороо иргэн Ч.Г ын Автомашин засвар, үйлчилгээ, дулаан гараашийн барилга байсан хувь хөрөнгөнөөс Ч.Г оос дүү Ч.Батболдод бэлэглэлийн гэрээгээр эзэмших эрхээ 30 жилээр түр шилжүүлсэн, 60-н автомашины дулаан гарааштай, 80х18 ам дөрвөлжин метр, 0.087 га газар бүхий барилга, үл хөдлөх хөрөнгө, чингэлэгийн байгууламж бүхий 2 хувь хүний хөрөнгийг, Баянгол дүүргийн 3-р хороо Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Г ын газар эзэмших 507 тоот гэрчилгээтэй байсныг дүү Ч.Батболдод бэлэглэн эзэмших эрхээ 15 жилээр түр шилжүүлсэн ах дүү хоёрын хувийн хөрөнгө 108 м.кв газартай авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий 2 газар, Үл хөдлөх хөрөнгө болох барилга, чингэлэгийн байгууламжуудыг Ч.Г ын нэр дээр эргүүлэн шилжүүлэн авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.

Өөрөөр хэлбэл үнэлэгдэх боломжтой эд хөрөнгүүд болох 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 газар эзэмших эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар шаардаж нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан байгаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гээд тухайн эд хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр төлөх дүнг тодорхой заасан хуулийн заалтыг илтэд зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн учир шүүх хуралдаан явуулж, гомдлыг хэлэлцэх боломжгүй байсан.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу шүүх хуралдаан хийхгүйгээр гомдлыг хүлээн авахаас татгалзах захирамж гарган шийдвэрлэх ёстой юм.

Гэтэл шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.

Хоёр. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, шүүхээс тодруулах ажиллагаа явуулаагүй, талууд маргаантай үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэжээ” гэж дүгнэсэн байна.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, үүнийгээ нотлох ёстой.

Иймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж чадаагүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Мөн анхан шатны шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд хуралдаан болгон дээр хэргийн оролцогч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж, мэтгэлцэх боломжоор бүрэн хангаж, зохигчид тэгш эрхийн үндсэн дээр чөлөөтэй мэтгэлцээн явуулсан байхад давж заалдах шатны шүүх юуг үндэслээд мэтгэлцээн явагдаагүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дугаар сарын 15-ны өдрийн 864 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00476 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ч.Г  нь А.У т холбогдуулан “Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Тасганы овоонд байрлах автомашины худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 0.087 га газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, авто сэлбэг, дугуй засвар үйлчилгээ бүхий 108 м.кв газарт байрлах барилга байгууламж, газрыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэрт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлсөн байх ба шүүхийн шийдвэрт түүний төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь шийдвэрт заасан 70 200 төгрөгийг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлох боломжгүй, улмаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн, улсын орлого болгохоор шийдвэрт заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь заалтыг зөрчөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Ч.Г  нь өөрийн төрсөн дүү Ч.Батболдтой хамт хамтын үйл ажиллагаа явуулж, хувь хуваалцан ашиг олж байтал дүү Ч.Батболд нас барсан тул түүний эхнэртэй цаашид хамтран ажиллах боломжгүй гэх үндэслэлээр өөрийн бүтээн байгуулсан, үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буцаан авах агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч нь “...1989 оноос дүүгийнхээ хамт бизнес эрхэлж, Орос, Хятад, Турк, Польш, Герман улсаар явж, бараа зөөж, 1995 онд Герман улсаас дугуй, хүнс оруулж ирж Да хүрээ зах дээр худалдаж, 1999 оноос Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт газар авч, дүүтэйгээ хамтран дугуйн худалдаа, дугуй засварын газар ажиллуулж, 2002 оноос Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд өөрийн нэрээр газар эзэмших эрх авч, автомашины дулаан гараж бүхий авто төвийн барилга байгууламжтай холбоотой бүхий л бүтээн байгуулалтыг ганцаараа хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгч, дүүгийн хамт үйл ажиллагаа явуулж байсан. ...Хамтран ажиллаж байхдаа дүү Ч.Батболд өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байсан болохоор түүнийг нэр дээр эд хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлсэн, өөрөө бараа бүтээгдэхүүн гаднаас татах, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байсан гэж, мөн нэр дурдсан эд хөрөнгийг талийгаачид бэлэглэсэн, түүнийг нас барсны дараа эхнэр нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон...”  талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө Ч.Батболдыг нас барсны дараа түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжсэн, өвтэй холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, Ч.Г  нь хууль ёсны өвлөгчид хамаарахгүй, түүнчлэн газар эзэмшигч этгээд нас барснаар уг газар эзэмших эрх урьд нь эзэмшиж байсан этгээдэд шилжих үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, бүрэн дүүрэн үнэлэх үүргээ биелүүлээгүй, дан ганц өвлөх эрхтэй холбогдуулан нэхэмжлэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул түүнийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, тэрээр өвлөх эрхтэй, эсхүл өмчлөх эрхтэй холбоотой маргаан гаргасан эсэхийг шүүх тодруулаагүй, талуудын хооронд хамтран ажиллаж байсан хамтын үйл ажиллагаа байсан эсэх, нэхэмжлэгч нь өөрийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг ямар шалтгааны улмаас талийгаачид шилжүүлсэн болох, дээрх өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлсэн зорилго, агуулгыг тодруулах, энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцсэн, 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг тодруулалгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 864 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулууны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хариуцагч А.У ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                          ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД