Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00912

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С-ээс  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-тай 2013.12.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018.03.30-ны өдөр ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж ажлаас халсан. Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн гэх боловчаль хэлтэс, газар ямар ажил албан тушаал байх нь тодорхойгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй. 2018.12.19-ний өдрийн байдлаар сүүлийн гурван сарын цалингаа тооцсон. 2018.04.01-ний өдрөөс эхлээд 2018.11.30-ны 8 сарын хугацаанд ажилгүй байсан. 2017.12 сар, 2018 оны 1, 2 дугаар сар гээд ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингаа нийгмийн даатгалын дэвтрээсээ аваад 3 сарын цалингийн дунджаар 3 111 517 төгрөгийг ажилгүй байсан 8 сардаа үржүүлээд 24 892 135 төгрөг мөн 1 өдрийн дундаж цалингаа бодож 1 761 236 төгрөг гэж үзээд нийт 26 653 371 төгрөг болсон. Компани дундаж цалин бодож тэтгэмж олгосон дүнг зөвшөөрч байгаа. Хийдэг ажил нь, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс хэвээр байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль бус. Нийгмийн даатгалаас ирүүлсэн 2018.01 сараас 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаас харахад, хариуцагч зардал их тул ажилчдын тоог багасгаж хэмнэх зорилготой гэсэн. Гэтэл хэмнэх зорилгоор цомхотгол хийсэн гэдэг нь харагддаггүй. Хариуцагчийн 2018.05.30-ны өдөр гаргаж өгсөн нотлох баримтуудад Гоби коул энд энержи компанийн бүтцийг гаргаж өгсөн. 2018.02.14-ний өдөр гарсан Ж- 01 гэдэг тушаалын хавсралтын бүтцийг өгөөгүй. Сүүлд 09 дүгээр сарын 03-ны өдөр хоёр өөр бүтэц ирсэн 7 ажилтантай болсны дараа зурагдаж сүүлд гарч ирсэн байдаг. Мөн тушаалын 2.3-т байгаа 4 хэлтэс өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд байхгүй нь энэ тушаал болон хавсралт үндэслэлгүй гарсан.  Компаний бүтэц нь энэ тушаалын хавсралттай таарахгүй байгаа. Хэзээ, хаана хэн баталсан нь тодорхойгүй бүтэц ирүүлсэн. Д.Сийн хийж байсан ажлыг өөр хүн хийж байгаа. Ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу санхүүгийн хэлтэс нь бүтцийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн. Санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хамтатган хэрэгжүүлэхээр тооцоолж зарим албан тушаалыг цөөрүүлэх шаардлагатай болсон.  Ерөнхий захирлын эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т заасны дагуу 2018.02.14-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргаж 2018.02.26-ны мэдэгдлийг 27-ны өдөр гардуулаад 2018.03.30-ны өдөр халсан.Д.С-т 2018 оны 3 дугаар сард ажилласан гэж олгосон 2 013 733 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Сийг Г ХХК-ний нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал бүхэлд нь татгалзсаныг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар хариуцагч Г ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 902 057 /арван есөн сая есөн зуун хоёр мянга тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, шаардсан олговрын дүнгээс үлдэх 6 751 214 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 21 028 591 /хорин нэгэн сая хорин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгөөс шимтгэл хураамжийг хццолбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Г ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 257 460 төгрөг бүгд 327 660 /гурван зуун хорин долоон мянга зургаан зуун жар/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулан, сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 47 150 төгрөгийн тал хувь 23 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тал хувь болох 23 575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, М.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.02.12-ны өдрийн тогтоолд бүтцийг өөрчлөх (ихэсгэх, багасгах) бүрэн эрхийг албан ёсоор ерѳнхий захиралд олгосон.ТУЗ-ийн 2018.02.12-ны өдрийн тогтоолоор компанийн тухайн үеийн нөхцөл байдал ("the current circumstances"-ЭРѴѴгийн хэрэггэй холбоотойгоор)-ыг харгалзан бүтэцэд өөрчлөлт хийх эрхийг олгосон байгаа нь зарим албан тушаалууд цөөрөхийг ТУЗ-өөс мэдэж байсан.Компанийн ерөнхий захирал Компанийн тухай хууль, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.2, Компанийн ТУЗ-ын 2018.02.12-ны тогтоолд заасан эрхийнхээ дагуу 2018.03.14-ний өдөр (GD/01 тоот тогтоол гаргаж бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний 122 тоот тогтоолыг  шүүхийн шийдвэрийн албан ёсны сайтад байршуулсан нээлттэйгээр үзэх боломжтой. Дээрх маргааныг шалгах явцад холбогдох төрийн байгууллагуудад манай компанийн "эд хөрөнгө захиран зарцуулах" эрхийг хязгаарласан. Компанийн бүтцийн өөрчлөлт хийгдэж Бизнес хөгжлийн хэлтэс нь Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэстэй нэгтгэгдсэн нь бүтцийн GD/01 тоот тогтоолын хавсралт бүтцийн схем (хх 71-72 )-ээр, 2018 оны 02 дугаар сард 14 ажилтантай байснаа 6 сард 7 ажилтантай болж орон тоо цөөрсөн. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ны 2777 тоот тодорхойлолт (хх  63 )-оор нотлогдоно.Санхүү, хөрөнгө оруулалтын ерөнхий менежер, кассын нярав гэсэн хоёр албан тушаал үлдэж хоёр нягтлан бодогчийн албан тушаал хасагдсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх-1, 26-29, 74, 76/

 

Хэргийн баримтаас Д.С нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажиллаж байсан, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтанд 2018 оны 2 сарын 27-ны өдөр хүргүүлж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, ажилтанд 2 628 573 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон./хх 32, 153-154 /

 

Нэхэмжлэгч нь тус компанийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн G/D01 тоот тушаалыг хууль бус, төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог хасах цөөрүүлэх чиглэл өгөөгүй, орон тоо хасах болсон шалтгаан үндэслэл тодорхойгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь компанийн өмнөх удирдлага эрүүгийн хэрэгт холбогдож, компани санхүүгийн хувьд доголдсонтой холбоотойгоор төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу орон тоог цөөрүүлсэн талаар тайлбарлажээ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

 

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компанийн эрх бүхий албан тушаалтанд гүйцэтгэх захирал орох бөгөөд компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах эрхтэй юм. Компанийн дотоодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан бүтэц орон тоогоо өөрчлөх нь ажил олгогчийн эрх юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд GD/01 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүгийн хэлтсийг санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон өөрчилж, 2 нягтлан бодогчийн орон тоог хассан, гэрчүүдийн мэдүүлгээр тус компанийн нягтлан бодогчийн ажлыг өөр компанийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэхээр болсон үйл баримт тогтоогджээ. /1хх-71, 171-173/ Ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч орон тоог дахин шинээр бий болгосон гэх байдал тогтоогдоогүй, өөр компанийн ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх, санхүүгийн байдлаас шалтгаалан дотооддоо бүтцийн өөрчлөлт хийх зэрэг нь ажил олгогчийн бизнес санхүүгээ удирдах өөрийн эрх юм.

 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн, тушаал үндэслэлтэй, ажилтны нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, энэ талаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг батлахдаа найруулгын хувьд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байх тул найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сийн Г ХХК-ний нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 47 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД