Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00270

 

Д.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалтай,

Д.Сийн нэхэмжлэлтэй

“Г К”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Сийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Сээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г К”ХХК-тай 2013.12.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018.03.30-ны өдөр ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж ажлаас халсан. Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн гэх боловч аль хэлтэс, газар ямар ажил албан тушаал байх нь тодорхойгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй. 2018.12.19-ний өдрийн байдлаар сүүлийн гурван сарын цалингаа тооцсон. 2018.04.01-ний өдрөөс эхлээд 2018.11.30-ны 8 сарын хугацаанд ажилгүй байсан. 2017.12 сар, 2018 оны 1, 2 дугаар сар гээд ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингаа нийгмийн даатгалын дэвтрээсээ аваад 3 сарын цалингийн дунджаар 3 111 517 төгрөгийг ажилгүй байсан 8 сардаа үржүүлээд 24 892 135 төгрөг мөн 1 өдрийн дундаж цалингаа бодож 1 761 236 төгрөг гэж үзээд нийт 26 653 371 төгрөг болсон. Компани дундаж цалин бодож тэтгэмж олгосон дүнг зөвшөөрч байгаа. Хийдэг ажил нь, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс хэвээр байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль бус. Нийгмийн даатгалаас ирүүлсэн 2018.01 сараас 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаас харахад, хариуцагч зардал их тул ажилчдын тоог багасгаж хэмнэх зорилготой гэсэн. Гэтэл хэмнэх зорилгоор цомхотгол хийсэн гэдэг нь харагддаггүй. Хариуцагчийн 2018.05.30-ны өдөр гаргаж өгсөн нотлох баримтуудад “Г К Э Э”компанийн бүтцийг гаргаж өгсөн. 2018.02.14-ний өдөр гарсан Ж- 01 гэдэг тушаалын хавсралтын бүтцийг өгөөгүй. Сүүлд 09 дүгээр сарын 03-ны өдөр хоёр өөр бүтэц ирсэн 7 ажилтантай болсны дараа зурагдаж сүүлд гарч ирсэн байдаг. Мөн тушаалын 2.3-т байгаа 4 хэлтэс өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд байхгүй нь энэ тушаал болон хавсралт үндэслэлгүй гарсан. Компаний бүтэц нь энэ тушаалын хавсралттай таарахгүй байгаа. Хэзээ, хаана хэн баталсан нь тодорхойгүй бүтэц ирүүлсэн. Д.Сийн хийж байсан ажлыг өөр хүн хийж байгаа. Ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу санхүүгийн хэлтэс нь бүтцийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн.Санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хамтатган хэрэгжүүлэхээр тооцоолж зарим албан тушаалыг цөөрүүлэх шаардлагатай болсон. Ерөнхий захирлын эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т заасны дагуу 2018.02.14-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргаж 2018.02.26-ны мэдэгдлийг 27-ны өдөр гардуулаад 2018.03.30-ны өдөр халсан.Д.Ст 2018 оны 3 дугаар сард ажилласан гэж олгосон 2 013 733 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Сийг ”Г К”ХХК-ний нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал бүхэлд нь татгалзсаныг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар хариуцагч “Г К”ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 902 057 /арван есөн сая есөн зуун хоёр мянга тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, шаардсан олговрын дүнгээс үлдэх 6 751 214 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 21 028 591 /хорин нэгэн сая хорин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч “Г К”ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 257 460 төгрөг бүгд 327 660 /гурван зуун хорин долоон мянга зургаан зуун жар/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулан, сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 47 150 төгрөгийн тал хувь 23 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тал хувь болох 23 575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сийн “Г К”ХХК-ний нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 47 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.С хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалд “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлж чадаагүй алдаа гаргасан” гэсэн байна. Харин ч эсрэгээрээ Нийслэлийн шүүх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хайнга хандан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэсэн, хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарт ач холбогдол өгөн үнэлж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэг. Давж заалдах шатны шүүхээс “....компанийн өмнөх удирдлага эрүүгийн хэрэгт холбогдож, компани санхүүгийн хувьд доголдсонтой холбоотойгоор ТУЗ-с өгсөн чиглэлийн дагуу орон тоог цөөрүүлсэн...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Эрүүгийн хэрэг энэ хэрэгтэй ямар нэг хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл компанийн өмнөх удирдлагатай холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэрэгт ямар нэгэн баримт нотолгоо болохгүй. 2. Компани санхүүгийн хувьд доголдсон гэдгийг нотлох баримт байхгүй. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар ажилтнуудын тоо цөөрсөн гэдэг боловч, дээрх тайлангаас (хх 239) харахад ажилтны тоо цөөрсөн ч 2018 оны 4 дүгээр сараас цалин нь нэмэгдсэн, шинээр ажилтнууд нэмж ажилд авсан (хх-233), төлөгдөөгүй өр төлбөр байхгүй (хх-63) зэргээс үзвэл санхүүгийн ямар ч хүндрэлгүй болох нь харагдаж байна. 3. ТУЗ-өөс орон тоог цөөрүүл гэсэн чиглэл өгснийг нотлох баримт байхгүй. Компанийн ТУЗ-ийн 2018 оны 02-р сарын 18-ны өдрийн тогтоол (хх-64)-ын албан ёсны орчуулгад байхгүй утгыг хариуцагч өөрсдийн ойлголтоор орчуулан тайлбарласныг шүүх авч хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг Давж заалдах шатны шүүх үнэлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн. 4. Орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, ойлголтыг 2 шүүх хуралдааны турш хольж хэрэглэсэн. Хоёр. Давж заалдах шатны шүүхээс “...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Хуулийн дагуу Ерөнхий захирал нь ТУЗ-тэй байгуулсан гэрээ байхгүй тул компанийн дүрэмд заасан эрх хэмжээний дотор үйл ажиллагаагаа явуулна. Компанийн дүрмийн (хх-150) 6.3.4-т “Компанийн гүйцэтгэх удирдлага компанийн ТУЗ-ийн даргатай зөвшилцөн компанийн эрх бүхий албан тушаалтан /Санхүүгийн ерөнхий менежер, нягтлан, хуулийн асуудал эрхэлсэн ажилтан бусад албан тушаалтныг/-ыг томилох, тэднийг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн. Компанийн дүрмийн (хх-150) 6.3.5-д “Гүйцэтгэх удирдлага компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг ТУЗ-ийн даргатай зөвшилцөн гаргах бөгөөд энэ журмын дагуу гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр бус байна.” гэж заасныг мөн зөрчсөн, Гурав. Давж заалдах шатны шүүх: Хэргийн баримтаас үзэхэд GD/01 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүгийн хэлтсийг санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон өөрчилж, 2 нягтлан бодогчийн орон тоог хассан, гэрчүүдийн мэдүүлгээр тус компанийн нягтлан бодогчийн ажлыг өөр компанийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэхээр болсон үйл баримт тогтоогджээ. 1. Хариуцагч 2018-05-31-ний өдөр GD/01 тоот тушаал (хх 31, 38)-ыг, 2018-09-03- ны өдөр уг тушаалын 1-р хавсралт (хх 62, 71)-ыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Ийнхүү ялгаатай хугацаанд гаргаж өгсөн тушаал болон хавсралт нь хоорондоо зөрүүтэй байгаа бөгөөд Нийслэлийн шүүх үүнийг үнэлж үзээгүй. Үндсэн тушаалаа барих юмуу? тушаалын хавсралтаа барих юмуу? Энэ зөрүүтэй бичиг баримтууд хүчин төгөлдөр эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргаагүй. 2. “...Санхүүгийн хэлтсийг санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон өөрчилж, 2 нягтлан бодогчийн орон тоог хассан үйл баримт тогтоогджээ...” гэжээ. Гэтэл компани өмнө нь санхүүгийн хэлтэстэй байсан бөгөөд тэр хэлтэс нь 2 нягтлан бодогчтой байсныг нотлох баримтгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч компанийн өмнөх бүтэц орон тоог баталсан тушаал шийдвэр, бүтэц гаргаж өгөөгүй. Өмнөх бүтэц (хх 71) хэмээн гаргаж өгсөн баримт нь “Г К Э Э”гэсэн өөр компанийн лого бүхий, хаана хэзээ хэн баталсан ямар компанийн юу болох нь тодорхойгүй огноо, гарын үсэг, тамга тэмдэггүй компанийн бүдүүвч зураг байдаг. Би ч ийм зураг хийгээд, тэрийгээ нотариатаар батлуулаад ирж чадна. Гэтэл шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй уг баримтыг үндэслэн үйл баримтыг тогтоосон нь ИХШХШТ хууль зөрчсөн үйлдэл. 3. Давж заалдах шатны шүүх хянахдаа хүртэл орон тоо цөөрүүлсэн, орон тоо хассан хэмээн хоёуланг нь магадлалдаа тусгасан байна. “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 7-р сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн тогтоолын 15.1.1.-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. ”, 15.1.2.-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно.” хэмээн дээрх 2 үйлдэл нь ялгаатай болохыг зааж өгсөн байдаг. Хариуцагчийн гаргасан шийдвэр нь үндэслэл муутай учраас тэр шийдвэрээ байнга өөр өөрөөр тайлбарлан (хх-28, хх-225), тухайн шүүх хурлын нөхцөл байдалд тааруулан зөрүүтэй тайлбар мэдүүлэг өгдөг. Гэтэл Нийслэлийн шүүх ганц нотлох баримтад үндэслэн үйл явдлыг бодитой тогтоолгүйгээр хариуцагчийн үндэслэлгүй тайлбарт дулдуйдан хуулийг буруу хэрэглэсэн нь мөн л ИХШХШТ хууль зөрчсөн. “...гэрчүүдийн мэдүүлгээр тус компанийн нягтлан бодогчийн ажлыг өөр компанийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэхээр болсон... үйл баримт тогтоогджээ...” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх хуралдаан дээр “Манай компанид санхүүгийн менежерээр ороод 2 сарын 14-ний өдөр тушаал нь гараад, Д.Сийн ажлыг н.Номин хийж гүйцэтгэж байгаа” (хх-233) гэж мэдүүлсэн, гэрч Н.Болорчимэг “шинээр 4-р сард нягтлан авсан... (хх-175) “Г К”ХХК-ийн тайланг 2014 оноос хойш гаргаж байгаа...” гэж мэдүүлсэн зэргээс харахад гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх бөгөөд Нийслэлийн шүүх эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтад үндэслэн үнэлээгүй. Дөрөв. Магадлалд “....Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн, тушаал үндэслэлтэй, ажилтны нэхэмжлэл үндэслэлгүй байх тул...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 1. Компаниас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан тайлбар (хх-28)-таа “...Компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн оролцогч этгээдүүдэд компанийн мэдээллийг дамжуулж байгаа эсхүл ийм эрсдэл гаргаж болзошгүй, түүнчлэн хууль хяналтын байгууллагуудаас тайлбар авч, саатуулж болзошгүй албан тушаалтнуудыг ажлаас нэн даруй чөлөөлөх...” хэмээн нэр бүхий ажилтнуудыг ажлаас халах болсон шалтгаанаа бичсэн байдаг. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дээрх шалтгаанаар хүнийг ажлаас халж болохгүй учраас халхавчлах зорилгоор компанийн дүрмийг зөрчин хууль бусаар GD/01 тоот тушаал (хх-44), түүнд үндэслэсэн GD/11 (хх-12) тоот тушаалуудыг гаргасан. 2. Хариуцагч 2018-02-27-ны өдөр гардуулан өгсөн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл (хх-32)-д “Тантай 2013 оны 12 сарын 2-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн Е/4/13 тоот гэрээг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр цуцлах мэдэгдлийг үүгээр хүргүүлж байна” гээд түүнийхээ яг доод талд “Компани нь мэдэгдэл өгсөн энэ өдрөөр ажил, техник хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлийг хүлээлцүүлэх болно” гэж тодорхой бичсэн байгаа нь анхнаасаа шууд ажлаас хурдан чөлөөлөх компанийн хүсэл сонирхлыг илэрхийлж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5. “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” заалтыг хэлбэр төдий биелүүлсэн гэдэг нь харагдаж байна. 3. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн ерөнхий захирлын 00/11 тоот тушаал нь (хх-12) Хөдөлмөрийн тухай хуулийн “43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. ” гэсэн заалтыг зөрчсөн. Ажил хүлээлцсэн баримт (хх 154-р тал), тойрох хуудас (хх 153-р тал), гэрч Г.Золзаяагийн мэдүүлэг (хх 221- р тал) зэргээс Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч дууссан нь харагддаг. Гэтэл компани ажилтны ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж, ЭМНД-ын дэвтрийг өгөлгүй байсаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн “43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. 43.3.Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тав. Магадлалд дурдсан “...Ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч орон тоог дахин шинээр бий болгосон гэх байдал тогтоогдоогүй, өөр компанийн ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх, санхүүгийн байдлаас шалтгаалан дотооддоо бүтцийн өөрчлөлт хийх зэрэг нь ажил олгогчийн бизнес санхүүгээ удирдах өөрийн эрх юм...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 1. Компани гаргасан тайлбар (хх-26)-таа “...Зараяа холдингс ХХК-ийг эзэмшдэг. “Г К”ХХК (РД:0000000) нь Монгол улсад бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Г К Э Э”(РД:0000000) ХХК, Граунд просперити (РД:0000000) ХХК, Мөнхтун болор ХХК (РД:0000000)-иудын 100 хувь эзэмшдэг буюу толгой компани юм. Монгол улсад бүртгэлтэй дээрх 5 компанийн хувьд “Г К”ХХК нь бусад 4 компанийн захиргаа удирдлага, хөрөнгө санхүүжилт, бизнесийн бүхий үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг...” гэж, 2. “Г К”ХХК-ийн Еренхий захирлын GD/01 тоот тушаал (хх- 38)-д ...”Г К”ХХК, Гоби коул жд энержи ХХК, Зараяа холдингс ХХК, Граунд просперити ХХК, Мөнхтун болор ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг шинэчлэн баталсан бүтцэд тус тусад тэмдэглэсэн болохыг дурдсугай ..гэж, 3. 2018 оны 2-р сарын 12-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол (хх-64)-д ““Г К”ХХК-ий Ерөнхий захирал Мархаажийи Чойдорж нь Монгол дах компани бүрийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Г К”ХХК, “Г К Э Э”ХХК, Граунд просперити ХХК, Мөнхтун болор ХХК, Зараяа холдингс ХХК-ийн дотоод зохион байгуулалт болон менежментийн бүтцийг бие даан батлах эрхийг олгов ...” гэж тус тус мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа, Эндээс харахад дээрх 5 компани нь нэг л ерөнхий захиралтай бөгөөд тэр хүн нь эдгээр компаниудын бүтцийн өөрчлөлт нэрээр дургүй хүнээ компаниас орон тооны цомхотголоор халж, дуртай хүнээ өөрийн удирддаг бусад аль нэг компанийн нэр дээр ажилд авч байна. Тухайлбал “Г К”ХХК нь “Г К Э Э”ХХК-д нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаад өөрийн ажилтны ажлын байр хасагдсан учир үйлчилгээгээ үзүүлэхээ больсон... “Г К Э Э”ХХК нь өөрт хуучин байсан ажлын байрандаа ажилтан авснаар нэхэмжлэгч Д.Сийн ажлын байр хадгалагдаж байна гэж үзэх учир дутагдалтай” гэсэн тайлбараас 2 компанийн удирдлага М.Чойдорж нь өөрөө өөртэйгөө гэрээ хийж, түүнийгээ цуцлан, өөрийн удирддаг нэг компаниас ажилтан халж, нөгөө компани дээр ажилтан авч байгаа нь харагдаж байна. Ийнхүү хуулийн цоорхойг ашиглан дураар авирлаж байгаа ажил олгогчийн хууль бус үйлдлийг Нийслэлийн шүүхээс “ажил олгогчийн бизнес санхүүгээ удирдах өөрийн эрх” хэмээн үзсэн нь өрөөсгөл байна. Дээрх үндэслэлийн учир Д.С би магадлалыг эс зөвшөөрч байгаа тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ЭМНД-ын дэвтэрт бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “Г К”ХХК-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...санхүүгийн хэлтэс нь санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж үйл ажиллагааг хамтатган явуулах шаардлагатай болсон, орон тоог цөөрүүлсэн...” гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан ажиллаагүй байхад нь хууль бусаар олгосон гэж 2018 оны 3-р сарын цалин 2 013 733 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, олговрын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ. Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлаж чадаагүй байв.

Д.С нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Г К”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан санхүүгийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан, ийнхүү ажиллахдаа охин компани болох “Г К Э Э”ХХК-ийг хариуцан ажиллаж байсан, ажил олгогч ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтанд 2018 оны 2 сарын 27-ны өдөр хүргүүлж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлж, ажилтанд 2 628 573 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогджээ./хх 32, 153-154 /

Ажил олгогч 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн GD/01 тоот тушаалаар компанийн бүтцийг баталсан ба уг тушаалаар орон тоо цөөрсөн эсэх, тушаал нь хуульд нийцсэн эсэхийг зохигч маргажээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим үндэслэл буюу “...төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог хасах цөөрүүлэх чиглэл өгөөгүй, орон тоо хасах болсон шалтгаан үндэслэл тодорхойгүй..., цомхотголоос хойш ажилчдын цалингаа нэмсэн..., тушаалыг шүүхэд гаргахдаа хавсралтаа өгөөгүй, тушаалын хавсралт эргэлзээтэй...” гэх гомдол үндэслэлгүй байх ба дараах үндэслэлээр гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

“Г К”ХХК ямар бүтцээр ажиллах, бүтэц, орон тоогоо шийдвэрлэх нь тус байгууллагын бүрэн эрхийн асуудал боловч шийдвэр гаргахдаа хууль болон дүрмээ зөрчих ёсгүй байна.

1.Тус компанийн гүйцэтгэх захирал компанийн бүтэц орон тоог батлан, шийдвэрлэж байсан хэд хэдэн шийдвэр хэрэгт авагдсан боловч эдгээр шийдвэрт орон тоог зааж өгөөгүйгээс орон тоог цөөрүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй байдал тогтоогджээ. Хариуцагч нь орон тооны асуудлыг нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно гэж байгаа боловч энэ баримт нь шимтгэлийг зохих ёсоор төлсөн эсэхийг нотлохоос компанийн ажилчдын тоо зөв эсэхийг нотлох хангалттай баримт биш юм.

2. “Г К”ХХК-ийн дүрмийн 6.3.4-т “Компанийн гүйцэтгэх удирдлага компаний ТУЗ-ийн даргатай зөвшилцөн компаний эрх бүхий албан тушаалтан /Санхүүгийн Ерөнхий менежер, нягтлан, Хуулийн асуудал эрхэлсэн ажилтан, Ерөнхий инженер, Дотоод хяналтын менежер болон удирдлагын түвшинд ажиллах бусад албан тушаалтан/-ыг томилох, тэднийг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.” /хх-149/ гэж заасан байх ба гүйцэтгэх захирал нь нягтлан бодогч Д.Сийг ажлаас чөлөөлөхдөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай зөвшилцсөн болохоо нотлоогүй байна.

3. Нэхэмжлэгч Д.С нь М.Баярманла, Д.Номин нарыг шинээр ажилд авсан, Д.Номин нь миний ажлыг хийж байгаа гэж тайлбар гаргасан ба хариуцагч нь дээрх ажилтнуудыг бүтцийн өөрчлөлт хийхээс өмнө ажилд авсан байсан гэж маргасан боловч шүүхэд баримт, нотолгоо гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч нь “Г К Э Э”ХХК-д нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээ больсон тул бие даасан хуулийн этгээд болох “Г К Э Э”ХХК өөрт хуучин байсан ажлын байрандаа ажилтан авснаар Д.Сийн ажлын байр хадгалагдаж байна гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэсэн давж заалдах гомдол гаргаж байжээ.

Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай ажил олгогчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн GD/01 тоот тушаалын 1-д ““Г К”ХХК-ийн Ерөнхий бүтцийг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталж 2018 оны 2 дугаар 14-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. “Г К”ХХК, “Г К Э Э”ХХК, Зараяа холдингс ХХК, Граунд просперити ХХК, Мөнхтун болор ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг шинэчлэн баталсан бүтцэд тус тусад тэмдэглэсэн болохыг дурдсугай” /хх-44/  гэж зааснаас үзэхэд охин компаниудын бүтцийг давхар шийдвэрлэсэн, түүнчлэн “...4 сард шинээр нягтлан авсан...” гэх гэрч Н.Болорчимэгийн мэдүүлэг /хх-172/ зэрэг баримтад тулгуурлан Д.С нь “Г К Э Э”ХХК-ийн санхүүгийн ажлыг хариуцан гүйцэтгэж байсан, ажил үүрэг нь хэвээр байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, журам зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийжээ. Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 912 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хууль бусаар олгосон 2018 оны 3-р сарын цалин 2 013 733 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА