Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2022/01229

 

 

 

 

  2022         11             04                                       151/ШШ2022/01229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, Үдлэг гэх газар  оршин суух Боржигин овогт Цэцэгсайханы Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, Үдлэг гэх газар  оршин суух Боржигон овогт Дашнямын Батбаатарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлд: 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2009 оны 7 дугаар сарын 27-ны 163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш******* нэвтэрч, 7-8 жилийн өмнөөс хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэрэг бусад зүйлээр байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Багийн дарга, азрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. 7-8 жилийн хугацаанд манай газар дээр 2-3 нойл барьлаа. Иймд газрыг чөлөөлж өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 7 дугаар сарын 27-ны А/163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр 654 м.кв газар давхардалтай байна гэсэн. Энэ газар дээр хүлэмж, нойл барьсан. Эднийг зөөгөөд өөр газар барих боломжтой. Тиймээс давхардсан хэсгийг*******аас чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 4000 м.кв газрын өмчлөгч. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхэд саад болж буй зүйлийг зогсоох, эрх зөрчихөөс шаардах эрхтэй гэж заасны

дагуу өмчлөлийн газарт ногоо тарих гэсэн боловч хариуцагч хүлэмж барьсан учраас  ашиглах боломжгүй болсон. Тус газрыг хариуцагчийн өмчлөлийн газар гэж үзэх үндэслэлгүй байна. Маргаж байгаа зүйлс нь үл хөдлөх хөрөнгө биш, салгаж болно. Тиймээс 650 м.кв газрыг шүүхээр албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би *******,******* тоотод амьдардаг. Цэцэгсайханы Элбэгзаяад газраа эргүүлэн авах тухай нэхэмжлэл өгсөн боловч татгалзах хариутай буцаасан тул хариу тайлбар хийсэн. Иргэн Батбаатар миний бие 1995 онд өмч хувьчлалаар компани аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байгаа. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан болохоор 4000 м.кв гэж хэмжилтэнд орсон. Түүнээс хойш 2008 оны 4 сард кадастрын зурганд орж байхад манайх зургаа авахуулсан гэж Элбэгзаяа гэдэг нөхөр өөрөө өмчлөлийн хашаатай байж хаа хамаагүй зам байсан сул газар дээр зураг авахуулж мэдээллийн санд суулгуулсан. Ингэхдээ эзгүй хойгуур, хулгайгаар манай газар луу орж давхардуулан даруулсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нутгийн хүмүүс байна, учраа олчих байх гэж найдаад өдийг хүрсэн. Сум, багийн Засаг дарга, газрын даамалд шийдвэрлүүлэх гэж удаа дараа очиж байсан боловч шийдэхгүй өдийг хүрч сүүлд нь бид биш харин Элбэгзаяа нь ээжтэйгээ ирж 2 удаа ална гэж заналхийн, хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байдаг болсон. Элбэгзаяа нь тус газрыг эзэмшдэггүй, газрын 2/3-ыг зарж борлуулсан. Манай хашаа руу орсон. 300 м.кв газрыг худалдсан, газрын үндсэн хэсэгтэй нэмж ахин борлуулах гээд байгаа тул бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Элбэгзаяа нь олон газар хууль бус газар аван зарж, хэл ам хийж явдаг, төгсөрсөн газрын наймаачин хүн. Манайх 7 хүүхэдтэй учир өмчлөлийн гэрчилгээнд заагдсан хүүхдүүдээ салгаж авч чадахгүй Элбэгзаяад газрын багахан хэсгийг алдахад хүрсэн. Манайх тухайн газар дээр нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болно.

Элбэгзаяагийн зурганд харагдаж байгаа манай 4000 м.кв-аас үлдсэн хоосон байгаа хэсгийг газрын асуудлаа шийдэж байгаад хүүхдүүддээ авч өг гэж газрын даамал, дарга нар хэлсэний үндсэн дээр тэр хэсгийг өмчлөл болгож амжихгүй байна. Иймд миний энэ байдал, гомдлын дагуу шийдэж өгөхийг хүсэж хариу тайлбар гаргав” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ярьж буй тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би хүний хашаа руу мал оруулаагүй. Манайх эхлээд кадастрын зураг хийлгэсний дараа ******* кадастрын зураг даруулан мэдээллийн санд суулгасан. Тус газар нь манай газар байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 онд хашаагаа сунгасан. 2007 онд кадастрын зураг авахуулсан. 3-13 насны хүүхдүүдтэй учраас хүлэмжээ ойртуулсан. 2017 онд нэхэмжлэгч байцаа тарьсан. 2018 онд манжин тарьсан. Үүнээс өөрөөр өөртөө байгаа 3,000 м.кв газрыг эзэмшээгүй.  Өөрсдөө байдаггүй. 4,000 м.кв газраас 3,000 м.кв-ийг нь ашиглахгүй байж миний газрыг чөлөөлүүл гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч*******т холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Би 2009 оны 7 дугаар сарын 27-ны 163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш******* нэвтэрч, 7-8 жилийн өмнөөс хашаа болон ахуйн 00, хүлэмж зэрэг бусад зүйлээр байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой шинжээч аваачихад 654 м.кв газар байна гэсэн. Тиймээс давхардсан хэсгийг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Манайх эхлээд кадастрын зураг хийлгэсний дараа ******* кадастрын зураг даруулан мэдээллийн санд суулгасан. Тус газар нь манай газар байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 онд хашаагаа сунгасан. 2007 онд кадастрын зураг авахуулсан. 3-13 насны хүүхдүүдтэй учраас хүлэмжээ ойртуулсан. 2017 онд нэхэмжлэгч байцаа тарьсан. 2018 онд манжин тарьсан. Үүнээс өөрөөр өөртөө байгаа 3,000 м.кв газрыг эзэмшээгүй, ашиглаагүй. Өөрсдөө байдаггүй. 4,000 м.кв газраас 3,000 м.кв-ийг нь ашиглахгүй байж миний газрыг чөлөөлүүл гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.     

4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар дараах үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Маргааны зүйл болох *******, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 4112040161 /18634349052919/ нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгчөөр ******* бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн Г-1403000920 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07/751 дугаартай албан тоотоор ирүүлсэн “...Тухайн маргаж буй газрыг Батсүмбэр сумын Засаг даргын 2009 оны А/163 дугаар захирамжаар *******д өмчлүүлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна. (хх-6-7, 38-39)

Хариуцагч******* нь *******, Үдлэг хаягт байршилтай 180402007 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн Г-1403001710 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зургаар нотлогдож байна. /хх-23-24/

Хариуцагч*******ын өмчлөлийн газар, нэхэмжлэгч *******гийн өмчлөлд хууль ёсоор олгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн газрын байршлууд хоорондоо давхцахгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаантай харилцаа байхгүй байна.

Харин хариуцагч******* нь өөрийн өмчлөлийн газраа хашаалахдаа иргэн *******гийн өмчлөлийн 654 м.кв газрыг оруулан барьж, дээр нь хүлэмж, нойл барьсан үйл баримт хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07/751 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн газарт, хариуцагч******* 654 м.кв оруулан хашаа барьсан байна. *******гийн өмчлөлийн газартай*******ын эзэмшлийн хүлэмж, 00 зэргийг байршил талбайн хэмжээг харуулав. Тухайн маргаж буй газрыг Батсүмбэр сумын Засаг даргын 2009 оны А/163 дугаар захирамжаар *******д өмчлүүлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-38-40/

Газар өмчлөгч ******* нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул “Ц.Элбэгзаяа нь өмчлөлийн 4000м.кв газраасаа сул чөлөөтэй буюу давхцаагүй байгаа 3000м.кв газрыг өөрөө эзэмшиж, ашиглахгүй байгаа, цаашаа сунгах боломжтой, өөрөө ашиглахгүй бусдад худалдах зорилготой байгаа учраас газрыг чөлөөлөх боломжгүй” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх эрхтэй бөгөөд манайх эхлээд кадастрын зураг хийлгэсний дараа ******* кадастрын зураг даруулан мэдээллийн санд суулгасан. Тус газар нь манай газар байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 онд хашаагаа сунгасан. 2007 онд кадастрын зураг авахуулсан гэх боловч уг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д *******, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 18634349052919 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах хариуцагч*******ын 654 м.кв газрыг чөлөөлөхийг*******т даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч *******гийн *******, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 18634349052919 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах 654 м.кв газрыг чөлөөлөхийг*******т даалгасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч*******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН