Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2023/00001

 

 

 

 

 

 

 

 

 2023            01             17                                                 223/МА2023/00001

 

 

 

Ц.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/01229 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-т холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэл, өмгөөлөгч С.Сувдмаагийн тайлбарын агуулга: “...Би 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 163 тоот захирамжаар 4000 м.кв газрыг өмчилж авсан. Гэтэл хариуцагч Д.Б миний газар дээр хашаа татан ногооны хүлэмж, нойл зөвшөөрөлгүй барьсан. 

Би газар чөлөөлж өгөх шаардлагыг хариуцагчаас удаа дараа шаардахад хэл амаар доромжилж эсэргүүцсэн. Энэ талаар газрын даамалд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй.

Хариуцагч Д.Б-ын барьсан хашаа, ногооны хүлэмж, нойл нь миний өмчлөлийн 654 м.кв газар дээр байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагчийн барьсан зүйл нь газраас үл салгаж болох зүйл биш.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхэд саад болж буй зүйлийг зогсоох, эрх зөрчихөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Э-гийн өмчлөлийн 654 м.кв газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч  Д.Б-т даалгаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Г-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би 1995 онд өмч хувьчлалаар компанийн аж ахуйн хашааг аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн 4000 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн.

Манайх 2002 онд хашаагаа сунгасан. 2007 онд кадастрын зураг хийлгэсэн. Харин Ц.Э 2008 оны 4 дүгээр сард кадастрын зураг хийлгэхдээ хаа хамаагүй зам байсан сул газрыг мэдээллийн санд өөрийн газар гэж суулгуулсан байсан.

Ингэхдээ эзгүй хойгуур, хулгайгаар манай газар луу орж зургаа давхардуулж гаргуулсан байсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нутгийн хүмүүс байна, учраа олчих байх гэж бодож өдийг хүрсэн.

Энэ асуудлаар Сум, багийн Засаг дарга, газрын даамалд удаа дараа хандаж байсан ч шийдээгүй.

Ер нь Ц.Э газрынхаа 2/3-ыг зарж борлуулсан. Ц.Э энэ мэт олон газар авч зарж, хэл ам хийж явдаг наймаачин. Тэрээр 2017 онд байцаа,  2018 онд манжин тарьсан. Үүнээс өөрөөр газраа эзэмшээгүй. 

 Харин манайх 3-13 насны 7 хүүхдүүдтэй. Гэрчилгээнд заагдсан газраа салгаж авч чадах байх хугацаанд Ц.Э авчихсан. Уг газарт манайх хүлэмж барьж олон жил ногоо тарьж амдралын эх үүсвэрээ болгодог. Иймд нэхэмжлэгч ашиглахгүй байгаа газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц.Э-гийн Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 18634349052919 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах 654 м.кв газрыг чөлөөлөхийг Д.Б-т даалгаж,   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г давж заалдах гомдол, тайлбарын агуулга: “ ...манайх хүний газар луу дайрч хашаа бариагүй. Харин 1995 оноос хойш өдий хүртэл амьдарч байгаа хашаандаа хүлэмж барьж ногоо тарьсан.

Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийлгээд 4000м.кв гэж гэрчилгээ олгож байсан. Түүнээс хойш 2008 онд цахимжиж кадастрын зураганд ороход 11000 м.кв байсан. Гэтэл тус багийн иргэн Ц.Э хөндий зам байсан газар болох 2 айлын зайнд кадастр хийлгэхдээ манай хашааг оруулан газрыг давхардуулан авсан байсан.

Мөн биднийг эзгүй хойгуур удаа дараа хэмжилт хийлгэж 300 м.кв,  400 м.кв  болсон гэж байсан. Гэтэл одоо 600 гаруй болсон гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 9 ам бүлтэй нөхрийн нэр дээр 4000 м.кв газар байдаг. Үлдсэн хэсгийг нь өөрийн болон 7 хүүхэддээ авах гээд бичиг баримт, хүүхдүүдээ цуглуулж амжихгүй байх хугацаанд уг газар сул байгаад байсаныг ашигласан байсан.

 Тухайн газарт манайх 2002 онд нэг хүлэмж барьсан. Гэтэл тэр хэсэгт нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын цэг гарсан байгаад гомдолтой байна. Ер нь өөрийн эзэмшлийн газраа өгөхгүй тул маргааныг зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн тайлбарын агуулга “...Э хуулийн дагуу газар өмчилж авсан нь улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаа, гэрчилгээ, кадастрын зураглал, Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын тодорохойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2009 оны А/161 захирамж болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн газар дээр хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтэд Ц.Э-гийн өмчлөлийн газрын 654 м.кв газарт хариуцагч Д.Б хашаа барьсан гэсэн дүгнэлт гарсан. Ц.Э-гийн өмчлөлийн газар хэн нэгний өмчлөлийн газартай давхцаж олгогдоогүй.  Иймд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Ц.Э-гийн өмчлөлийн газарт 654 м/кв газар оруулж хашаа барьсан, Ц.Э-гийн өмчлөлийн газарт хүлэмж, 00 зэргийг барьсан зургийг харуулсан баримт хэрэгт авагдсан тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Нэхэмжлэгч Ц.Э нь өөрийн өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашаа, бие засах газар/модон/, ногооны хүлэмж зэргийг буулгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч маргасан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-д “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ...”, энэ хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж тус тус заасан.

 Энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг биелүүлсэн байдал, хэргийн оролцогчдын мэтгэлцсэн байдал, тэдгээрийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан эсэхийг нотлон харуулах зорилготой байхаас гадна анхан шатны шүүх зохигч болон нарийн бичгийн дарга оролцоогүй шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхгүй байх ойлголт юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1203 дугаар тэмдэглэлд нарийн бичгийн дарга О.Энхцэцэг хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын ирцийг даргалагчид илтгэхдээ нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нар ирсэн гэж танилцуулсан. Зохигчдын тайлбар, мэтгэлцээн, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч хэргийн талаар асууж тодруулсан байдал зэргийг хуульд заасны дагуу бичиж шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна. /хх-61-64 тал/

4.Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/01229 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон дээрх хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарыг нэрлэн заагаагүй нь шийдвэрийн агуулгыг алдагдуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.-т "шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх тогтоох хэсгээс бүрдэнэ", 118.2.-т "удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

5. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаж залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6. Хариуцагч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/01229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

               ШҮҮГЧИД                                            М.МӨНХДАВАА

 

 

                                                                                           З.ТҮВШИНТӨГС