Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2023/00025

 

 

 

 

 

 

 

2023           05           26                                                   223/МА2023/00025

 

 

Ц.Э.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар 15-ны өдрийн 151/ШШ2023/00255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Бт холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Ц.Э, өмгөөлөгч С.Сувдмаа нарын тайлбарын агуулга: “...2009 оны 7 дугаар сарын 27-ны А/163  тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч, 7-8 жилийн өмнөөс хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэрэг бусад зүйлээ байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Газрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. Газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр 654 м.кв газар давхардалтай байна гэсэн. Энэ газар дээр хүлэмж, нойл барьсан. Тэднийг зөөгөөд өөр газар барих боломжтой.

Газрын кадастр, гэрчилгээ хоёр зөрүүтэй байна. Гэрчилгээ олгохдоо 0.4 м.кв олгосон харин 0.7 м.кв газрыг хууль бусаар авсан тодорхой болж байна. Кадастр давхацсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ хэлж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёул 0.4 м.кв газар эзэмшсэн байдаг. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг 0.7 м.кв газар илүү эзэмшсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дээр хариуцагч тал хүлэмжээ 2021 онд барьсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн.  Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа, кадастр хийхэд энэ хүний газар мөн гэсэн дүгнэлт гарсан байгаа. 654 м.кв руу орж хашаа барьсан нь буруу байна гэдгийг нотлоод, тэр газрыг чөлөөлүүлэх гэж байгаа болохоос илүү газар авах гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж шүүхэд хандсан. 2020, 2021 онд коронавирус гараад боломжгүй болоод 2022 онд шүүхэд хандсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү. 4000 м.кв газар баталгаатай байгаа үлдсэн 7000 м.кв газраа хүүхдүүддээ хувааж өгөөд захирамж гаргуулах гэж байгаад чадаагүй гэсэн ийм зүйлийг яриад байгаа. Энэ үйл ажиллагаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж харж байна. Тиймээс давхардсан хэсгийг Д.Баас чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг, Л.Баатар-Эрдэнэ нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1995 онд өмч хувьчлалаар компани аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан тул 4000 м.кв гэж хэмжилтэд орсон. Түүнээс хойш 2008 оны 4 сард кадастрын зурганд орж байхад манайх зургаа авхуулсан. Харин Э гэдэг нөхөр өөрөө өмчлөлийн хашаатай байж хаа хамаагүй зам байсан сул газар дээр зураг авхуулж мэдээллийн санд суулгуулсан. Ингэхдээ эзгүй хойгуур, хулгайгаар манай газар руу орж давхардуулсан байсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нутгийн хүмүүс байна, учраа олох байх гэж найдаад өдийг хүрсэн. Сум, багийн Засаг дарга, газрын даамалд шийдвэрлүүлэх гэж удаа дараа очиж байсан боловч шийдэхгүй өдий хүрсэн. Мөн Э ээжтэйгээ ирж 2 удаа ална гэж заналхын, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох болсон. Э тус газрыг эзэмшдэггүй, газрын 2/3-ыг зарж борлуулсан. Манай хашаа руу орсон. 300 м.кв газрыг худалдсан, газрын үндсэн хэсэгтэй нэмж ахин борлуулах гээд байгаа тул бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Э хууль бус газар аван зарж, хэл ам хийж явдаг, төгсөрсөн газрын наймаачин хүн. Манайх 7 хүүхэдтэй учир өмчлөлийн гэрчилгээнд заагдсан хүүхдүүдээ салгаж авч чадахгүй Эд газрын багахан хэсгийг алдахад хүрсэн. Эгийн зурганд харагдаж байгаа манай 4000 м.кв-аас үлдсэн хоосон байгаа хэсгийг газрын асуудлаа шийдэж байгаад хүүхдүүддээ авч өг гэж газрын даамал, дарга нар хэлсний үндсэн дээр тэр хэсгийг өмчлөл болгож амжихгүй байна.

Урьд 2009 онд кадастр хийлгээд тэмдэглүүлсэн газар руу Ц.Э орж кадастр хийлгэсэн. Тэр талаар мэдээд 2018 онд нэхэмжлэл гаргахад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар татгалзсан байдаг. 2009 онд өмчлөлийн гэрчилгээ гарсан ч захирамж хэзээ гарсан гэдэг нь асуудалтай. Хэрэгт байхгүй, сумын захиргаа өгөх ёстой гэтэл захирамж нь байхгүй. Тухайн хэрэг нь Иргэний хэрэг үү, Захиргааны хэрэг үү гэдэг нь мэдэгдэхгүй байна. 2009 онд өмчлөлийн гэрчилгээгээ авсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа барих ёстой. 2009 онд эрх нь зөрчигдсөн бол 2019 онд хугацаа нь дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн талууд эвлэрэн хэлэлцэх саналтай байна...” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т  зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 18634349052919 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах 654 м.кв газрыг чөлөөлөхийг Д.Бт даалгаж,   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд

1.Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Д.Бын урьд газрын зураглал дээрх давхардуулсан кадастрын зураг хийлгэн улмаар өмчлөл болгон авсныг хэн нь эхлээд газрын бичиг баримтаа бүрдүүлж өгсөн эсэхийг нарийвчлан тогтоогоогүй. Үүнээс гадна захиргааны хууль бус шийдвэрээр газар олгосон уу, эсхүл иргэний хэргийн өмчлөх маргаан мөн үү гэдгийг харгалзан үзээгүй.

2.Нэхэмжлэгч хууль ёсны дагуу захирамж болон өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байсан юм бол тухайн асуудлаа албан ёсоор зохих байгууллагуудаар нь шийдвэрлүүлэхгүйгээр 12-13 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн газар дээр давхардуулан кадастрын зураг хийлгэсэн байх магадлалтай байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин  шүүх хуулийн хугацаанд гаргасан захирамжаа гардуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан хариуцагчийн эрх зүйн байдал нь дордох болсон. Үүнийг шүүх үндэслээгүй маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцааж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Э, өмгөөлөгч С.Сувдмаа нарын давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч тал нийтийн эзэмшлийн талбай болон манай газрыг оруулан хашаалж аваад хүлэмж, 00 барьсан. Энэ талаар зохих газарт гомдол гаргасан. Өөрсдөд нь хүртэл хэлэхэд хүлээж авахгүй хэрүүл маргаан гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас зохигчийн эрх зөрчигдсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй гэж үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Ц.Э Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот, 4,000 м.кв өөрийн өмчлөлийн газрын 654 м.кв газарт хууль бусаар барьсан ногооны хүлэмж, бие засах газар /модон/, хашаа зэргийг буулгаж чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаарт “...Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь шаардах эрхтэй байна...” гэж дүгнэж бичсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлаж нэхэмжлэгч Ц.Эгийн Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоот хаягт байршилтай 18634349052919 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах 654 м.кв газрыг чөлөөлөхийг Д.Бт даалгаж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах бус иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг болно.

Мөн үг, үсэг, тоо, утга найруулга зэргийг техникийн шинжтэй илэрхий алдаа гэж үзнэ. Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байгааг техникийн шинжтэй илэрхий алдаа гэж үзэх боломжгүй.

2.Анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШЗ2023/00755 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэний Ц.Эгийн өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сум 4 дүгээр баг Үдлэгийн 2-06 тоотод байршилтай 4112040161 /18634349052911/ нэгж талбарын дугаар бүхий газрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар бусдад барьцаалах, тэмдэглэл хийхийг Төв аймгийн Улсын бүртгэлд даалгах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж шийдвэрлэхдээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалт нь шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд нэхэмжлэгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар арга хэмжээ авахуулахаар нэхэмжлэгч тал эдэлдэг онцгой эрх байдаг, Энэхүү хэрэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул дээрх зүйлд заасан “нэхэмжлэгч” гэдэгт хамааралгүй болно...” гэсэн үндэслэлийг заасан мөртлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3. дахь заалтыг удирдлага болгож, захирамжид гомдол гаргах зохигчийн эрхийг хязгаарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

3.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар 15-ны өдрийн 151/ШШ2023/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

        ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

 

                                                                                    З.ТҮВШИНТӨГС