Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2022/00435

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2022/00435

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт хорооллын 13 дугаар байрны 21 тоотод оршин суух, Т ургийн овогт Ж-ын А,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 14-29 тоотод оршин суух, М ургийн овогт Д.П-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.П-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн билээ.

1.2. Гэтэл Д овогтой П нь 2009 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм.

1.3. Шүүхийн үзлэгээр тухайн газар миний газар гэж тогтоогдсон. Иймд уг маргааныг шийдвэрлэж, миний газрыг Д.П-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.П нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй газар дээрх обьектыг 2002 онд манай дүү Д.Минсэл нь Гэрлээ гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан.

2.2. Тухайн үед уг обьект 3.50 x 8 харьцах хэмжээтэй түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би зэргэлдээ урдах 4 x 3,50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн галын өрөөг 2006 онд барьсан.

2.3. Би галын өрөө барьсан хугацааг тоолж үзэхэд 16 жилийн өмнө барьсан байсан. Тухайн үед манай үсчний газар гар галлагаатай байсан.

2.4. Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй обьектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр шилжүүлж худалдаж авсан юм.

2.5. Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Тухайн газар нь миний эзэмшлийн газар болно. Иймд Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Нэхэмжлэлд дурдагдсан галын өрөө гэх өрөөг нэхэмжлэгч тайлбартаа 2009 онд барьсан гэдэг, хариуцагч 2005 онд энэ газрыг худалдаж аваад 2006 онд барьсан гэдэг. Газрын албанаас хийсэн кадастрын зураг дээр маргаан бүхий газарт давхцал хэсэг байна гэх хариуг өгсөн.

3.2. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг түүний тайлбарын дагуу 2009 оноос хойш тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тусгай хугацаа үйлчлэхгүй, ерөнхий 10 жилийн хугацаа үйлчилнэ. Эрх зөрчигдсөн үе буюу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд өнгөрсөн байна гэж үзэж байна. Эрх зөрчигдсөн тухай маргааныг 10 жилийн дотор шүүхэд гаргах ёстой байсан.

3.3. Д.П-г барилгыг барьж байхад барилгыг бариулахгүй зогсоох тухай сануулсан зүйл байдаггүй.

3.4. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Увс аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаар албан бичиг, лавлагаа, Б.Энэбишийн тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Энэбишээс мэдүүлэг авсан бөгөөд түүний шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

:

1. Нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн билээ. Д.П 2009 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм. Шүүхийн үзлэгээр тухайн газар миний газар гэж тогтоогдсон тул газрыг Д.Пагмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Д.П нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Маргаж буй газар дээрх обьектыг 2002 онд манай дүү Д.Минсэл нь Гэрлээ гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг обьект 3.50 x 8 харьцах хэмжээтэй түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би зэргэлдээ урдах 4 x 3,50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн галын өрөөг 2006 онд барьсан. Би галын өрөө барьсан хугацааг тоолж үзэхэд 16 жилийн өмнө барьсан байсан. Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй обьектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр шилжүүлж худалдаж авсан юм. Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Иймд Ж.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлд дурдагдсан галын өрөө гэх өрөөг 2009 онд барьсан гэдэг, хариуцагч 2005 онд энэ газрыг худалдаж аваад 2006 онд барьсан гэдэг. Газрын албанаас хийсэн кадастрын зураг дээр газрын давхцал хэсэг байна гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг түүний тайлбарын дагуу 2009 оноос хойш тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тусгай хугацаа үйлчлэхгүй, ерөнхий 10 жилийн хугацаа үйлчилнэ. Эрх зөрчигдсөн үе буюу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд өнгөрсөн байна гэж үзэж байна. Д.П-г барилгыг барьж байхад барилгыг бариулахгүй зогсоох тухай сануулсан зүйл байдаггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж няцаасан.

 

4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.А-д Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Улаангом сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 8516000458 дугаартай 5400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, хариуцагч Д.П-д Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Улаангом сумын 12 дугаар баг, Зах дотор байршилтай, нэгж талбарын 8516009136 дугаартай 47.0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Ж.А-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг Улаангом сумын 3 дугаар баг, Д.П-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг Улаангом сумын 12 дугаар баг гэж багийг зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч тухайн газар нь 3 дугаар багт харьяалагдаж байгаад 12 дугаар баг болж харьяалал өөрчлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Зохигчид маргаан бүхий газар нь тус бүр өөрийн эзэмшлийн газар гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

6. Хариуцагч Д.П 2000 оноос хойш тухайн газарт түлээний байр байсан үеэс одоог хүртэл засварлаж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг тогтоолгохоор Б.Энэбишийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүүхээс хангаж шийдвэрлэсэн ба гэрч Б.Энэбиш Анх зах байгуулагдаж байх үед 2000, 2001 онд байх манайх битүү захын хашааны урд талд хойноо зайтай угсармал цайны газар барьсан Манайх цайны газраасаа хойшоо захын төмөр торон хашаатай залгаж галлагааны өрөө хийсэн. Тэр үед Ж.А нь манай хашааны доод талд нөхөр Баянзулын хамтаар сэлбэг зардаг байсан бөгөөд Д.П нь манай цайны газар болон Ж.А-ийн запас, сэлбэгийн дэлгүүрийн дунд үсчин, гоо сайхны газар ажиллуулдаг байсан. Д.П нь үсчний газрынхаа хойно гал түлдэг галлагааны өрөөтэй байсан бөгөөд үсчний газрынхаа хажуу талаасаа уг өрөө рүүгээ орж галлагаагаа хийдэг байсан. Д.П-ийн уг үсчний газар болон галлагааны өрөө нь их олон жил болсон. Харин Ж.А уг захад Д.П-ийн үсчний газрын хажууд газар эзэмшиж байсан эсэхийг нь би мэдэхгүй, ямар ч байсан Ж.А нь запас сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байсныг сайн мэдэж байна. Би энэ хүмүүсийг хэзээ газар авсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн газар нь Улаангом сумын 3 дугаар багт харьяалагддаг байсан. Одоо Улаангом сумын 12 дугаар багт харьяалагддаг болсон байсан гэж мэдүүлсэн. Гэрч Б.Энэбиш хариуцагчийн тогтоолгох гэсэн нөхцөл байдлын хугацааг сайн санахгүй байна гэж мэдүүлсэн тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргааны зүйл болж байгаа газарт Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, геодези, зураг зүй хариуцсан мэргэжилтэн нарыг оролцуулан үзлэг хийж, хэмжилт хийхэд Ж.А-ийн эзэмшлийн нэгж талбарын 8516000458 дугаартай 5400 м.кв газарт Д.П нь давхацуулан үсчний барилгаас үргэлжлүүлэн галын өрөө барьж, ашиглаж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

8. Маргаан бүхий газар Ж.А-ийн эзэмшлийн газар болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч Д.П-ийн Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

9. Нэхэмжлэгч Ж.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...Өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.3-т ...Шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, мөн зүйлийн 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж зааснаар хариуцагч Д.П-ийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэзмшлийн газрыг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

10. Нэхэмжлэгч Ж.А дээрх галын өрөөг Д.П нь 2009 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй гэж, хариуцагч Д.П Тухайн газар нь миний эзэмшлийн газар, уг газарт галын өрөөг 16 жилийн өмнө буюу 2006 онд барьсан гэж галын өрөө барьсан хугацааг зөрүүтэй хэлдэг боловч нэхэмжлэгчийн тайлбарласнаар галын өрөө барьсан хугацааг 2009 он гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Улаангом сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 8516000458 дугаартай 5400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Ж.А-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн, өмнөх гэрчилгээг шүүхэд баримтаар ирүүлээгүй байх боловч нь нэхэмжлэгч Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Ж.А-г тухайн газрыг 2003 оноос хойш эзэмшиж байна гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж, мөн зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 75.2.4-т заалтад хамаарахгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа үйлчлэхээр байна.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг түүний тайлбарласнаар 2009 онд галын өрөө барьсан гэх хугацаанаас тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дууссан байна.

Нэхэмжлэгч Ж.А 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн хугацаагаар хэтрүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа 2019 онд дууссан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг түүний тайлбарын дагуу 2009 оноос хойш тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тусгай хугацаа үйлчлэхгүй, ерөнхий 10 жилийн хугацаа үйлчилнэ. Д.П-г 2009 онд барилгыг барьж байхад барилгыг бариулахгүй зогсоох тухай сануулсан зүйл байдаггүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ