Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2022/00023

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй, Д.П-д холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2022/00435 дугаар шийдвэртэй,

Ж.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.П-д холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ”Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн билээ.

Гэтэл Доржхорлоо овогтой Пагмаа 2009 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд түүнээс ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм.

Шүүхийн үзлэгээр тухайн газар миний газар гэж тогтоогдсон. Иймд уг маргааныг шийдвэрлэж, миний газрыг Д.П-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Д.П-гийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах.

3.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: “Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй газар дээрх обьектыг 2002 онд манай дүү Д.М нь Гэрлээ гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан.

Тухайн үед уг обьект 3.50x8 харьцах хэмжээтэй, түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би зэргэлдээх 4 x 3,50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч, залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн галын өрөөг 2006 онд барьсан. Би галын өрөө барьсан хугацааг тоолж үзэхэд 16 жилийн өмнө барьсан байсан. Тухайн үед манай үсчний газар гар галлагаатай байсан.

Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй обьектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр шилжүүлж худалдаж авсан юм. Надад нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Тухайн газар нь миний эзэмшлийн газар болно. Иймд Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан галын өрөө гэх өрөөг нэхэмжлэгч тайлбартаа 2009 онд барьсан гэдэг, хариуцагч 2005 онд энэ газрыг худалдаж аваад 2006 онд барьсан гэдэг. Газрын албанаас хийсэн кадастрын зураг дээр маргаан бүхий газарт давхцал хэсэг байна гэх хариуг өгсөн.

Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг түүний тайлбарын дагуу 2009 оноос хойш тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан тусгай хугацаа үйлчлэхгүй, ерөнхий 10 жилийн хугацаа үйлчилнэ. Эрх зөрчигдсөн үе буюу 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд өнгөрсөн байна гэж үзэж байна. Эрх зөрчигдсөн тухай маргааныг 10 жилийн дотор шүүхэд гаргах ёстой байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Д.Пг барилгыг барьж байхад бариулахгүй зогсоох тухай сануулсан зүйл байдаггүй.

Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2022/00435 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.П-д холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч Ж.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Баянбүрд захын газрыг 2003 онд  талийгаач нөхрийнхөө хамт 5400 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж байсан. 2013 онд манай нөхөр нарс барсны дараа, түүнээс хойш 1 жилийн дараа 2014 онд уг газар надад шилжиж ирсэн. Уг газар дээр Д.П болон манайх зэрэгцээд амьдарч байсан. Би уг газрыг одоохондоо хэрэглэхгүй байгаа юм чинь нэг нэгэндээ тустай дэмтэй байя гэж бодоод юм хэлэхгүй байсан. Д.П-д уг газрыг миний эзэмшлийн газар гэж хэлэхэд юм дуугардаггүй байсан. 2014 оноос эхлэн миний эзэмшлээр гэрчилгээ гарсан учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснийг нэг талыг барьсан гэж үзэж гомдолтой байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн хугацаа буюу 2014 онд миний нэр дээр шилжүүлсэн хугацаанаас хойш тооцоолох боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшилдээ байлгах хугацаанд эд хөрөнгийн үр шимийг хүртэнэ гэж заасан. Гэтэл иргэн Д.П уг эзэмшлийн газар дээр барилга барьсан. Уг барилгыг үндсэн 4 ханатай барилга гэж тайлбарлах боломжгүй байна. Тэр хүн миний барьчихсан барилгын 2 ханыг ашиглаж, нэг хана өрөөд хучилт хийчихсэн барилга байдаг. Тийм барилгыг бариад галлагааны өрөө хийж байсан. Нөгөө талд нь бас нэг илүү газар байсныг нөгөө талын айл ашиглаж байсан. Энэ жил тэр талын айлыг нь буулгачхаад кадастрын зургаа барьж очоод үүнийг битүүлж бариарай, дараа нь та нар буулгахад асуудал болно гэхэд миний авч очсон зургийг  үзээд ойлгосон. Үүний дараа би Пагмаа дээр очоод энэ чинь миний эзэмшлийн газар гэдгийг чи мэдэж байгаа, чи ингэж  болохгүй шүү гэж хэлэхэд маргаан үүссэн.

Иргэн Пагмаагаас газраа чөлөөлүүлж авах хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 05-нд шүүхэд гаргасан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомлдолтой байна. Иргэн Ц.Пагмаа нь тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзээд гомдол гаргасан. Би 5400 мкв газрынхаа  газрын татвар, төлбөрийг иргэнийхээ үүргийн дагуу төлж барагдуулсан. Хэрэв Пагмаа нь надтай зөвшилцсөн бол хэдий хугацаанд байлгах талаар тохирч болно. Надтай огт зөвшилцөхгүй байгаа.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ний 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, Д.Пгийн хууль бус эзэмшлээс миний газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Би хүсэлт гаргаж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар хэмжилт хийлгэж хэний газар гэдгийг нь тогтоолгосон. Уг хэмжилтээр миний эзэмшлийн газар гэдэг нь тогтоогдсон. Тэгээд яагаад миний газар дээр үл хөдлөх хөрөнгө барихыг зөвшөөрчихсөн юм бэ гэж үл хөдлөхөөс асуухад таны хууль ёсны өмчлөлийн газар учраас бид нар хэзээ ч зөвшөөрөл өгөхгүй гэж хэлсэн. Газрын албанаас шүүх ийм шийдвэр гаргачихлаа, би газар эзэмших эрхээ алдаж хүнд газраа өгчихөж байгаа юм уу гэж асуухад та өөрөө хүсэлт тавиагүй тохиолдолд таны газрыг хэнд ч эзэмшүүлэх үндэслэлгүй, таны газар эзэмших гэрээ, кадастрын зураг байхад таны газрын гэрчилгээ хүчинтэй гэж хэлсэн. Тийм учраас татвараа төлөөд явж байгаагийн хувьд би Д.Пг миний газрыг хууль бусаар эзэмшээд байна гэж үзэж байна” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “ Ж.А-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 435 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Талуудын хооронд газрыг хууль бусаар эзэмшиж байна гэсэн маргаан гарсан. Тухайн маргаантай холбоотой асуудлаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрх байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна, яагаад гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2003 оноос хойш нөхрийн хамт 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 мкв газрыг гэрчилгээтэй эзэмшиж ирсэн. Нөхөр нь нас барсны 1 жилийн дараа Ж.Ад шилжиж ирсэн талаар тайлбарладаг. Д.Пгийн нэхэмжлэлд 2006 онд тухайн газрыг өргөтгөж барьсан гэдэг. Энэ объектыг барьж байхад ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн үйлдлийг гаргаагүй. Хариуцагч нь уг газрыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлдэг. Ингээд галлагаатай байсан учраас галын өрөөний зориулалттай яндан гаргачихсан, өөрийнх нь үсчний газартай залгаа хэсэг байсан. Үүнийг 2006 оноос хойш ашиглаж ирсэн гэж хариуцагч тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд тухайн үл хөдлөх хөрөнгө барьсан гэж хэлдэг.

Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх хэзээ зөрчигдсөн вэ гэдэг дээр ач холбогдол өгөх ёстой гэж үзэж байна. Уг байр хэзээ баригдсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нь зөрүүтэй хэлээд байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2009 оноос хойш гэж үзвэл эрх зөрчигдсөн үеэс буюу 2009 оноос эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэж үзэхээр байна. Сая гаргасан тайлбартаа 2014 онд миний нэр дээр уг газар нь шилжиж ирсэн учраас 2014 оноос тоологдох ёстой гэж тайлбар гаргасан. Тухайн объектыг очиж үзэхэд 2 ханатай байсан. Нэхэмжлэгчийн объектын ханыг ашиглаад байх зүйл байхгүй. 2006 онд аль эсвэл 2009 оноос ашиглаад ирсэн объект байна.

Нэхэмжлэгч нь би татвараа төлж ирсэн гэж хэлсэн. Газрын татварыг Д.П ч мөн адил төлж ирсэн баримтаа хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч нь 2009 оноос хойш Д.П-д шаардлага тавьсан гэдэг. Энэ шаардлагаа хууль журмын дагуу шүүхэд хандаад нэхэмжлэлээ шүүхэд гаргаад явах боломж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандаж байгаа учраас энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2022/00435 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ж.А хариуцагч Д.П-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ж.А-ийн газар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй, тухайн газар нь миний эзэмшлийн газар тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “ нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргасан байна.  

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ж.А эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5.1. Шүүх нэхэмжлэгч Ж.Аг бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр дүгнэлт хийхдээ зөвхөн зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн хугацааг 2009 оноор тогтоож, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хуульд нийцээгүй байна.

Тухайлбал, шүүх шийдвэртээ : нэхэмжлэгч Улаангом сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/380 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багт байршилтай, нэгж талбарын 8516000458 дугаар бүхий 5400м2 газрыг 15 жилийн хугацаагаар Ж.Ад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, өмнөх гэрчилгээг шүүхэд баримтаар ирүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь “ Миний бие 2003 оноос эхлэн нөхөр Г.Б-ын хамтаар Улаангом сумын 12-р багийн нутагт байрлах Баянбүрд захад  5400 м2 талбай бүхий газрыг  эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан” гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Ж.Аг тухайн газрыг 2003 оноос хойш эзэмшиж байна гэж үзсэн болно” гэж,

мөн шийдвэрт: ..нэхэмжлэгчийн тайлбарласнаар маргаан бүхий газарт галын өрөө барьсан хугацааг 2009 он гэж үзлээ. ..нэхэмжлэгч Ж.А-ийн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг  түүний тайлбарласнаар 2009 онд галын өрөө барьсан гэх хугацаанаас тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дууссан байна” гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох боловч тухайн маргаж буй асуудлын талаар хэргийн оролцогч 2 тал өөр өөр тайлбар гаргаж байгаа тохиолдолд тайлбарын үндэслэлээ баримтаар нотлохыг шаардана.

Хэргийн оролцогч нэг талын тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тухайн тайлбарыг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхээс гарах шийдвэрийн үндэслэл болгож болно.

Энэ хэргийн хувьд талуудын маргаж буй газар дээр галын өрөө барьсан гэх хугацааг нэхэмжлэгч 2009 онд, хариуцагч 2006 онд барьсан гэж маргаж буй тохиолдолд аль нэг талын тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн нэг талын тайлбарт үндэслэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцээгүй байна.  

5.2. Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуульд: “ газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг  ойлгоно гэж тус тус  заасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Ж.Ад хэзээ үүссэн талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайлбал нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2003 оноос түүний эзэмших эрх үүссэн гэдгийг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.

Аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх нь зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхойлогдох тул зөвхөн зохигчийн тайлбараар газар эзэмшиж байсныг нотлох боломжгүй.

Хэрэгт Улаангом сумын 3-р багт байршилтай, нэгж талбарын 8516000458 дугаар бүхий 5400м2 газрыг 15 жилийн хугацаагаар Ж.Ад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ / хх-ийн 5-р тал/ авагдсан байх ба уг газар эзэмших эрхийг нэхэмжлэгч 2014 онд эрх залгамжлалаар шилжүүлэн авсан уу, шинээр эзэмшсэн үү, эсхүл нөхөр Г.Б-ын хамт 2003 оноос  эхлэн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан эсэх нь тус тус тодорхойгүй байна.

5.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 2-т : шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс, эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн үеэс, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.А-ийн  газар эзэмших эрх хэзээ зөрчигдсөн, шаардах эрх нь хэзээ үүссэнийг тогтоохын тулд маргаан бүхий газрыг эзэмших эрх түүнд хэзээ, хэрхэн үүссэнийг тодруулах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд  дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдол бүхий эдгээр нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ж.А-ийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2022/00435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуу /70.200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН