Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 224/МА2023/00010

 

Ж.А-ийннэхэмжлэлтэй, Д.П-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00087 дугаар шийдвэртэй,

Ж.А-ийннэхэмжлэлтэй, хариуцагч Д.П-д холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Урнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай.

2. Нэхэмжлэгч Ж.А-ийннэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие 2003 оноос эхлэн талийгаач нөхөр Г.Баянзулын хамтаар Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ аваад эзэмшиж байгаад 2014 онд иргэн Ж.А миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авч, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн. Гэтэл Д.П 2009 оноос эхлэн өөрийн байраа хойш сунган миний эзэмшил газар дээр 12,8 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд би энэ хугацаанд ямар ч татвар, түрээс авч байгаагүй. Одоо уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж надтай маргалдаж ойлголцохгүй байгаа юм. Иймд уг маргааныг шийдвэрлэж, миний газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагч Д.П-гийн татгалзлын үндэслэл: “Ж.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй газар дээрх объектыг 2002 онд манай дүү Д.Минсэл Гэрлээ гэх хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг объект 3.50x8 харьцах хэмжээтэй түлээний өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба би харалдаа  4x3.50 хэмжээ бүхий газрыг м.кв-ыг нь 150,000 төгрөгөөр худалдан авч залгаж барилга барин үсчний үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ тухайн түлээний өрөөг нурааж шинэчлээд үсчний өрөөний галын хэсэг болгосон. Тухайн үед манай үсчний газар гар галлагаатай байсан юм. Би дүүгийнхээ худалдаж авсан уг маргаж буй объектыг ашиглаж байсан ба дүүгийнхээ 5 жилийн сургалтын төлбөрийг нь төлж өгөөд өөрийн нэр дээр болгож худалдаж авсан юм. Надад нэхэмжлэгч Ж.А-ийнгазар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй болно. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00087 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийнхариуцагч Д.П-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч Ж.А давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. Шүүх Иргэнийхуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Миний бие Улаангом сумын 12 дугаар багт байрлах Баянбүрд захад 5400 м2 талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2003 оноос өөрийн нөхөр Г.Баянзултай хамтран, 2014 оноос дангаараа эзэмшиж байсан. Гэтэл 2009 онд Д.П гэгч нь бидний эзэмшдэг газраас 12.8 м2 газарт бидэнд мэдэгдэхгүйгээр хууль бусаар барилга барьж, хулгайн журмаар ашиглаж ирсэн. Энэ үеэс эхлэн удаа дараа бидний хооронд маргаан гардаг болсон.

Хариуцагч Д.П тухайн газар миний эзэмшлийн газар, уг газарт галын өрөөг 16 жилийн өмнө буюу 2006 онд барьсан гэж тайлбарлаж буйг ямар нотлох баримтаар баталгаажуулсан нь тодорхойгүй байна. Хариуцагч өмгөөлөгчтэйгөө хамтран хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж худлаа тайлбар гаргасаар ирлээ.  Д.П нь газар эзэмших болон үл хөдлөхийн гэрчилгээг 2016 онд 47м2 талбайтайгаар өөрийн нэр дээр албан ёсоор гаргуулан авсныг миний бие өмнөх шүүх хурлуудын явцад анх удаа мэдсэн.

6.2. Иргэний Хуулийн 106.1-т заасан бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхээ хэрэгжүүлэх нэг урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгө нь хууль бусаар,тодорхой этгээдийн эзэмшилд байх ёстой байдаг. Хариуцагчийн тайлбарласанчлан маргаж буй объект нь өөрийнх нь биш, дүүгийнх нь байсныг өөрөө ашиглаж байсан гэх зэргээр тухайн үед эзэмшигч нь тодорхойгүй байсан.

Иргэний хуулийн 182.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой эрхүүдийг Улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлагатай байдаг. 2016 онд тухайн объектын Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч Улсын бүртгэлийн байгууллагаас эзэмшигч тодорхой болгосноор хуулийн дагуу миний шаардах эрхээ хэрэгжүүлэх бодит боломж үүссэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хамаарах хөөн хэлэлцэх хугацааг 2016 оноос эхэлж тоолох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, Геодези зурагзүй хариуцсан мэргэжилтэн нарыг оролцуулан хэмжилт хийхэд Ж.А-ийнэзэмшлийн нэгж талбарын 8516000458 дугаартай 5400 м2 газраас Д.П нь давхцуулан үсчний газраас үргэлжпүүлэн галын өрөө барьж ашиглаж байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй нь хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хуульд нийцээгүй дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.3. Нэхэмжлэгч миний бие өөрийн эзэмшлийн талбайн газрын татварыг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төлсөөр ирсэн. Гэтэл Д.П нь миний эзэмшлийн 12.8 м2 газрыг 2006 оноос хойш (түүний тайлбараар тус талбайд нэмж объект барьсан хугацаа) зөвшөөрөлгүйгээр, хулгайн замаар ашиглаж газрын төлбөр огтоос төлөхгүй байгаа нь намайг өнөөдрийг хүртэл хохироосоор ирсний нэгэн том илрэл болж байгаа тул Д.Пгийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн тэрээр шүүхэд кадастрын зураглал биш гар зураглал гаргахдаа хэмжээг буруу буюу илүү зурж өгч буй нь хуульд нийцэхгүй байна.

Хуулийн дагуу одоо баригдсан байгаа үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх нь эзэмшлийн газрын кадастрын зурагт багтаж байгаа бол надад ямар нэгэн маргаан үүсгээд байх шаардлага байхгүй. Гэвч түүний 2016 оноос хойш албан ёсоор эзэмшиж буй газрын кадастрын зураглал, 2022 онд Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, Геодези зурагзүй хариуцсан мэргэжилтэн нарын хяналт шалгалтын дүгнэлт зэргээр түүний барьсан барилга нь миний эзэмшлийн талбайн 12.8 м2 талбайг хамарсан байгаа нь нотлогдож байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг 2016 оноос хойш тоологдох ёстой нь батлагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгч Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Пгийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нь удаа дараа хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Д.Птай 2-3 удаа уулзаж газрынхаа талаар хэлэхэд надад хариу тайлбар хэлээгүй. Хажуу талын айл буулгахад би кадастрын зургаа харуулж ийм учиртай гэдгээ хэлсэн. Д.П нь уг газрыг минийх гэж үзээд байгаа. 2003 онд тухайн газрыг манай нөхөр эзэмшихээр авсан. Бид нарын газрын урд талд Улаангом менежментийн жижиг барилга байсан. Д.П нь уг газрыг хойшоо сунгаж галын өрөө, урагшаа сунгаж үсчнийхээ газрыг томсгож авчхаад 2002 онд 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэж худлаа хэлсэн. Энэ газрыг хэнээс авсан нь тодорхойгүй байна.

2003 онд газрын кадастр гэж байгаагүй, газар эзэмшүүлэх гэрээ гэж байсан. Шүүхээс нотлох баримт гаргуулахад 2008 оны газрын гэрчилгээ гарч ирсэн. Уг гэрчилгээнд миний хамтран эзэмших нэр байхгүй байсан. 2013 онд манай нөхөр өвчний улмаас нас барсны дараа 2014 онд надад шилжүүлж өгөхөд кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ зэрэг баримт бичиг миний нэр дээр шилжсэн. Тийм учраас Д.Пг энэ газраа чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг тавьсан. Би өнөөдөр хүртэл газрын төлбөр, татвараа иргэнийхээ хувьд төлж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна“ гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Урнаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж дараах 3 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

8.1. Шүүхээс нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг 2003 оноос хойш эзэмших эрхтэй байсан гэж үзсэн тухайд 2003 оны Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, 2003 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариат гэрчилсэн тэмдэглэл гэсэн 2 баримтад үндэслэсэн. 2003 оны Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр Г.Баянзулд 5400 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тухайн гэрээнд нэхэмжлэгч Ж.Аг хамтран эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл аливаа хэлбэрээр хийгдээгүй байдаг. Мөн тухайн газар нь гэр бүлийн хамтын зориулалттай бус, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар байдаг.

Ийм учраас нэхэмжлэгчийг тухайн гэрээний дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй. 2003 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариат гэрчилсэн тэмдэглэлийг үндэслэж нэхэмжлэгчийг тухайн газрыг 2003 оноос эзэмшиж байсан гэж үзсэн. Тухайн тэмдэглэл нь маргаан бүхий газар дээр байрлаж буй Баян бүрд үйлчилгээний төв буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Г.Баянзул, түүний хамтран өмчлөгч нь Ж.А гэдэг бүртгэлийг гэрчилсэн агуулгатай баримт байна. Тухайн нотариатчийн тэмдэглэл нь нэхэмжлэгчид аливаа хэлбэрээр газар олгосон шинжтэй баримт биш, аливаа хэлбэрээр нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болохыг тогтоосон баримт биш юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх 2 баримтад үндэслэж, нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа учраас тухайн газрыг 2003 оноос эзэмшиж байсан гэсэн хууль бус дүгнэлтийг хийсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Өөр хэлбэрээр Монгол улсын иргэнд газар эзэмших эрх үүсэх боломжгүй.

Хэрэгт авагдсан 2008 оны газар эзэмших эрхийн гэрчилгээнээс харахад тухайн газрыг Г.Баянзул нь дангаар эзэмшихээр гэрчилгээнд бичигдсэн байдаг. Тухайн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ж.А-ийннэр аливаа хэлбэрээр дурдагдаагүй байна. Шүүхээс нэхэмжлэгчийг 2003 оноос маргааны зүйл болсон газрыг эзэмшсэн гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

8.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэ заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь өмчлөгчийн өмчлөл хууль ёсны байх ёстой. Маргааны зүйл болсон газрыг 2003 оноос 2013 оны хооронд нэхэмжлэгчийн талийгаач нөхөр болох Г.Баянзул дангаараа эзэмшиж байсан. Ж.Ад эзэмших эрх үүсээгүй байсан байна. 2014 оноос нэхэмжлэгч нь өв залгамжлалын дагуу шилжүүлэн авч гэрээ, гэрчилгээ бичигдсэний дагуу тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмших эрх нь үүссэн.

Шүүхээс нэхэмжлэгчийг 2003 онд газар эзэмших эрхтэй байсан учраас хариуцагч нь 2006 онд маргааны зүйл болсон газар дээр галын өрөө барих үед нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн болохыг мэдэх буюу мэдэх боломжтой байсан гэж үзэж 2006 оноос хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ 2014 онд нэхэмжлэгч Ж.Ад газар эзэмших эрх шилжсэн гэрээ, гэрчилгээ зэрэг баримтаас харахад нэхэмжлэгч нь 2014 оноос өмнө газар эзэмших эрхгүй учраас нэхэмжлэгчийн 2014 оноос өмнөх үйл баримтад нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2014 оноос өмнө газар эзэмших эрхгүй этгээд байсан учраас түүний өмчийн эрхтэй холбоотой субьектив эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл бүрдээгүй байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2003 оноос 2013 оны хооронд газар эзэмших эрхгүй байсан учраас 2006 онд хариуцагчийг маргаан бүхий газар дээр галын өрөө барихад бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах субьектив эрх хөндөгдөөгүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байсан байна.

Зохигчдын хэн аль нь маргааны зүйл болсон газрыг анхан шатны шүүх болон өмнөх давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өөрийн эзэмшлийн газар гэж маргасан байдаг. Хариуцагчийн зүгээс тухайн газрыг өөрийн эзэмшлийн газар гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчийн үсчний газрын харалдаа урдах 4х3 хэмжээтэй газрыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарууд нь баримтаар нотлогдоогүй байдаг.

Хэрэгт авагдсан Ж.А-ийн85160000458 дугаартай эзэмшил газрын хувийн хэргээс үзэхэд Г.Баянзул нь 2003 онд тухайн газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж эхэлсэн үеэс газар эзэмших эрх 2014 онд нэхэмжлэгчид шилжиж ирэх хүртэлх хугацаанд кадастрын зураг огт хийгдээгүй байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд дээр дурдсан нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргагдаагүй байдаг.

8.3. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчийн хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчид байх бөгөөд тухайн үед газрын кадастрын зураглал хийгдээгүй байсан. Нэхэмжлэгч нь өөрийн газрын хил заагийг нарийн тогтоогоогүйн улмаас 2014 оноос маргааны зүйл болсон газар нь яг хэний эзэмшлийн газар байсан вэ гэдгийг маш бодитойгоор тодорхойлох боломжгүй байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2014 онд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэж газрын кадастрын зураглал хийгдсэнээр тухайн маргааны зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар гэдэг нь бүрэн бодитойгоор тогтоогдсон.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр маргааны үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн 2006 онд хариуцагч нь галын өрөө барьсан байна. Энэ үед нь нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг 2006 оноос хойш тооцож 2016 онд өмчийн эрхийн талаар шаардах эрх дуусгавар болсон байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А-ийндавж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00087 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ж.А хариуцагч Д.П-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ж.А-ийнгазар дээр байшин барилга барьсан зүйл байхгүй, тухайн газар нь миний эзэмшлийн газар тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “ нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргасан байна. 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ж.А эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч энэхүү шаардах эрх хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаатай байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхээр дээрх хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх тул нэхэмжлэгч Ж.А нь дээрх хуульд заасан 10 жилийн хугацааны дотор шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.А нь Улаангом сумын 3-р багт байршилтай нэгж талбарын 8516000458 дугаар бүхий 5400 м2 газрыг 2003 оноос эхлэн нөхөр Г.Баянзулын хамт эзэмшиж байгаад 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өв залгамжлалаар шилжүүлэн авсан болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга иргэн Г.Баянзул нарын хооронд байгуулсан 2003 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/380 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 000489776 дугаар гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т : “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул   маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ж.А нь нөхөр Баянзулын хамт 2003 оноос эзэмшиж байгаад 2014 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон  байх тул түүний бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө  шаардах эрх нь нөхөр Баянзулын хамт эзэмшиж байсан үеэс эхлэн тоологдоно.

4.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ж.Агийн:  “ Д.П нь 2009 оноос эхлэн  өөрийн үсчний байраа хойшоо сунгаж,  миний эзэмшлийн газраас  12.8 м2 талбайг ашиглан галын өрөө барьж, одоог хүртэл ашиглаж байгаа” гэх тайлбарыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд  нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөнийг 2009 онд мэдсэн гэж үзэж, уг хугацаанаас эхлэн бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна. 

4.3. Нэхэмжлэгч Ж.А нь газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн үе буюу 2009 оноос эхлэн хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан арван жилийн хугацааг хэтрүүлэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан  нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

4.4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2006 онд үүссэн гэж дүгнэсэн нь буруу боловч  нэхэмжлэгч Ж.А бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах шаардлага гаргах /нэхэмжлэл гаргах/ хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа өнгөрсөн тул  шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасантай нийцсэн гэж дүгнэв.

4.5. Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.А урьд нь өөрийн хөрөнгийг бусдын  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх нотлох  баримт хэрэгт авагдаагүй болно.

5. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А-ийндавж заалдах гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.А-ийндавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далин мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.Уламбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН  

                       ШҮҮГЧИД                                     Л.АЛТАН

                                                                                        Н.МӨНХЖАРГАЛ