Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/00991

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Хтай 2014.11.05-ны өдөр 1720002765 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х ХХК болон Б.Б нар нь 2014.11.05-ны өдөр 1720002765-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Б.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн. Х ХХК-ийн өмнө гүйцэтгэх Э ХХК-ийн хүлээсэн үүргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн 101/ШШ2018/00471 дугаартай шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Б.Бы өмчлөлийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хтай байгуулсан 2014.11.05-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ юм. Учир нь уг гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, хугацаа зэрэг нь бичигдээгүй байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Э ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ц нартай байгуулсан гэрээнийхээ үүргийг хангуулахаар манай гэр бүлийн ганц өмч болох 2 өрөө байраар бусдын авсан зээлийг төлүүлэх гэж байгаа нь шударга бус байна. Хнаас зээл аваагүй бөгөөд бусдын өмнөөс 80 000 000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж барагдуулах хүсэл зориг байгаагүй. Э ХХК нь байрыг барьцаалж 80 000 000 төгрөгийн зээл авсныг мэдээгүй. Д.Лхагвадорж 10 000 000 төгрөгт барьцаалж байгаа, хоёр, гурван сарын дараа барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн. Банкны ажилтан надад хэлээгүй. Хтай ипотекийн гэрээ байгуулан байр худалдаж аваагүй, зээл аваагүй байхад банк гэрээ байгуулан өмчийг барьцаалсан нь хууль бус байна. Иймд Хтай байгуулсан 2014.11.05-ны өдрийн 1720002765-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, барьцаанаас чөлөөлөхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Б нь банктай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-д: Зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно гэж заасныг уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан мөртлөө одоо мэдээгүй,  бусдын зээлийг төлөх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2014.11.05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаж, бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн,  нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, үүрэг гүйцэтгэгч Э ХХК болон Ц.Ц нар нь Х ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1720002765 дугаартай Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэгдсэн, Б.Бы өмчлөлийн 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1720002765-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үр дагаварыг арилгуулахыг хүссэн хариуцагч Б.Бы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК нь Б.Бтай барьцааны гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156.2 дахь хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ болон үүргийг хангах хугацаа зэргийг гэрээндээ зааж өгөөгүй нь Иргэний хуулийн 156.3, 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Банк 2 өрөө байрыг хэдэн төгрөгийн барьцаанд, машиныг хэдэн төгрөгний барьцаанд, хэзээ төлж барагдуулах талаар ямар нэгэн тодорхой зүйл дурдаагүй, тодорхой бус байгаа нь барьцааны гэрээнд тавьсан хуулийн шаардлагыг хангахгүй байгаагаас болж Б.Б гэрээний агуулга, нөхцөлийн талаар төөрөлдөхөд хүргэсэн. Банк нь тээврийн хэрэгслийг худалдан 50 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байдаг атлаа шүүхэд 148 582 092 төгрөгийн нэхэмжлэл гаргаж шүүх хэргийг шийдвэрлэхдээ хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг даалгасан байгаа нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан “Х” ХХК, “Э” ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус” гэж маргажээ. /хх-1-3, 85/

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Э” ХХК-тай 1720002765 дугаартай зээлийн гэрээ байгуулж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр нэхэмжлэгч хариуцагч нар хариуцагчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22010055303 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 3-30 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан 1720002765-01 тоот гэрээг  бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-14-22/

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээгээр хариуцагч нь 1720002765 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт заасан барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна гэсэнтэй нийцжээ. Хэдийгээр хариуцагч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, хэдий хэмжээний үүргийн гүйцэтгэлд орон сууцаа барьцаалж байгаагаа мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 1.1-д “Банк болон Э ХХК нарын хоорондын 2014 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 1720002765 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 1.3.5-д заасан хэмжээгээр хангуулах” талаар тохиролцож гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэнтэй, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулах зохицуулалттай юм. Талууд гэрээнийхээ 1.4-т “барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэхүү гэрээний 1.3.5-д заасан хэмжээгээр тодорхойлогдоно” гэж заасан. Гэрээний 1.3.5-д “Банкны шаардлага” гэж үндсэн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн хэмжээ, хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал, уг эд хөрөнгөтэй холбоотой төлсөн татвар, хураамж, төлбөр зэрэг барьцаалагчаас гарсан зардал болон хохирлыг ойлгоно гэжээ. /хх-18/

 

Зээлийн гэрээний үүрэгт 148 582 092 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдахаар шаардсан үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-8-13/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээнд тавигдах үндсэн шаардлага болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт  заасантай нийцжээ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-100-104/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД