Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00671

 

Х Б ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 991 дүгээр магадлалтай,

Х Б ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Бд холбогдох

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үр дагаварыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Д Ж”ХХК нь Х Бтай 2014.11.05-ны өдөр 1720002765 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х Б ХХК болон Б.Б нар нь 2014.11.05-ны өдөр 1720002765-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Б.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн. Х Б ХХК-ийн өмнө гүйцэтгэх “Э Д Ж”ХХК-ийн хүлээсэн үүргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн 101/ШШ2018/00471 дугаартай шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Б.Бы өмчлөлийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Бтай байгуулсан 2014.11.05-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ юм. Учир нь уг гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, хугацаа зэрэг нь бичигдээгүй байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Б ХХК нь “Э Д Ж”ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам нартай байгуулсан гэрээнийхээ үүргийг хангуулахаар манай гэр бүлийн ганц өмч болох 2 өрөө байраар бусдын авсан зээлийг төлүүлэх гэж байгаа нь шударга бус байна. Х Бнаас зээл аваагүй бөгөөд бусдын өмнөөс 80 000 000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж барагдуулах хүсэл зориг байгаагүй. “Э Д Ж”ХХК нь байрыг барьцаалж 80 000 000 төгрөгийн зээл авсныг мэдээгүй. Д.Лхагвадорж 10 000 000 төгрөгт барьцаалж байгаа, хоёр, гурван сарын дараа барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн. Банкны ажилтан надад хэлээгүй. Х Бтай ипотекийн гэрээ байгуулан байр худалдаж аваагүй, зээл аваагүй байхад банк гэрээ байгуулан өмчийг барьцаалсан нь хууль бус байна. Иймд Х Бтай байгуулсан 2014.11.05-ны өдрийн 1720002765-01 тоот баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, барьцаанаас чөлөөлөхийг Х Б ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Б нь банктай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-д: Зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно гэж заасныг уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан мөртлөө одоо мэдээгүй, бусдын зээлийг төлөх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2014.11.05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаж, бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, үүрэг гүйцэтгэгч “Э Д Ж”ХХК болон Ц.Цэрэнбадам нар нь Х Б ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1720002765 дугаартай Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, Б.Бы өмчлөлийн 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1720002765-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үр дагаварыг арилгуулахыг хүссэн хариуцагч Б.Бы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 991 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Х Б” ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа иргэний хуулийн 64.2.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож, тайлбар, мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Хуулийн этгээдийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд Итгэмжлэлд хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байхыг хуулиар шаардаж дээрх шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь тус хуулийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх бөгөөд ИХШХШТХуулийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан Аж ахуйн нэгжийн гэрчилгээнд Х Бны гүйцэтгэх захирлаар М.Болдоо гэх хүнийг 2014 онд томилж улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэн өөрчлөлт оруулсан байна. Хуулийн этгээдийн эрх баригч, гүйцэтгэх захирал М.Болдоо 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А/1006 тоот тушаал гаргаж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримтлан тусгай активын захирал Н.Цэгцэд итгэмжлэл олгосон байх боловч шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд ямар эрх, үүрэгтэй оролцох талаар эрх олгоогүй байхад Н.Цэгц нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн Н.Цэгцэд олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байх бөгөөд өөрт нь олгоогүй эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.Батцэнгэлд өөрөө гарын үсэг зуран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг олгосон нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг үүсэгсэн, шүүх хуралд оролцсон тайлбар, мэдүүлгийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь хуулиар тогтоосон журам зөрчсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгч банк нь гуравдагч этгээдтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт тоочин заасан заавал биелүүлэх эрх зүйн хэм хэмжээг зөрчиж гэрээ байгуулсан нь 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Гэтэл давж заалдах шатны шүүх ипотекийн гэрээний 1.1-д Банк болон “Эл Ди Жи” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, түүний хүү, хугацаа, барьцаагаар хангагдах шаардлага зэргийг дурьдсан тул Б.Бтай байгуулсан барьцааны гэрээнд дурьдах шаардлагагүй гэж үзсэн нь хуулийг илтэд нэхэмжлэгч талд ашигтайгаар хуульд нийцээгүй тайлбарлаж шийдвэрлэсэн нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан Х Б ХХК, “Э Д Ж”ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. /хх-1-3, 85/

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байв.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

1. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Х Б ХХК, Б.Б нарын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д нийцсэн байна. Б.Б нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 3-30 дугаар байрны 15 тоот, 2 өрөө орон сууцыг Х Б ХХК, “Э Д Ж”ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцаалуулжээ.

Түүнээс гадна барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэхээс хамаарна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/000471 дүгээр шийдвэрээр Х Б ХХК, “Э Д Ж”ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэж, “Э Д Ж”ХХК-иас 148 582 092 төгрөгийг гаргуулж Х Б ХХК-д олгохоор болсон байна. Үндсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул барьцааны гэрээгээр үүргийг хангуулах шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.”. гэж заасан ба уг хэм хэмжээг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, шүүхийн хууль хэрэглээ үндэслэлтэй болжээ.

2. “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...зээл авах хүсэл зориг байгаагүй..., 10 000 000 төгрөгийн зээлд барьцаална гэж бодсон, гэтэл 80 000 000 төгрөгийн зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан..., барьцааны гэрээнд зээлийн хэмжээг тусгаагүй байсан тул мэдэх боломжгүй байсан...,” гэжээ.

Барьцааны гэрээний 1.1-д Банк болон “Э Д Ж”ХХК нарын хоорондын 2014 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 1720002765 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  гэрээний 1.3.5-д заасан хэмжээгээр хангуулах талаар зааснаас үзэхэд хэний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн хэмжээ, хугацааны талаар мэдээлэл тусгагдсан, төөрөгдсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

3. Шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 88 дугаар зүйлийн 88.1, 153 дугаар зүйлийн 153.4, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн шийдвэрийг гаргасан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 991 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА