Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/05267

 

 

 

 

 

2022 12 13

101/ШШ2022/05267

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Ногоон талбай 6 гудамж, 41 тоот хаягт оршин суух  Д-ын А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 403 дугаар байр 57 тоот хаягт оршин суух Д-ийн У-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, гэрч П.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* нь Д.Уранчимэгтэй 2018 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг харилцан тохиролцсоны дагуу байгуулж, 5 жилийн хугацаатай сарын 0.67 хувийн хүүтэй, алдангийг 0.25 хувиар тохиролцож гэрээг нотариатаар баталгаажуулсан.

Зээлийн гэрээний дагуу жил бүрийн 9 сарын 01-ний дотор 1,800,000 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт нийт 1,160,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр нь 7,840,000 төгрөг болсон.

Бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ 55 сая төгрөгөөр хийгдсэн. Гэрээг бичгээр байгуулахдаа 25,000,000 төгрөгөөр хийсэн нь үнэн. Гэхдээ энэ 9 сая төгрөгийн зээлийн гэрээтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ ямар ч хамааралгүй байхад хариуцагч тал хольж хутгаж худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрсдийн хадгаламжаа хааж, 9,000,000 төгрөгийг хариуцагчид бэлэн өгсөн. Энэ нь хадгаламжаас 7,100,000 төгрөгийн зарлага гарснаар нотлогдоно. Гэрч П.Буяндаваа нь хариуцагчийн гэр бүлийн хүн тул түүний өгсөн мэдүүлэг ашиг сонирхлын зөрчилтэй байна.

Бидний хооронд мөнгө төгрөгийн харилцаа байсан бөгөөд 2021 оны 5 сарын 19-ний өдөр 47,730,000 төгрөгийг шилжүүлж байсан баримт ч хэрэгт байгаа.

Зээлийн гэрээний алданги 5,031,428 төгрөг болсон хэдий ч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн тул 3,920,000 төгрөгийн алданги, нийт 11,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийг бэлнээр аваагүй. Тухайн үед орон сууц худалдах зар өгсөн бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцыг 16,029,041 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа болох 52 сая төгрөгт нэхэмжлэгч Д.*******ын орон сууцыг манайх авахаар болж 2018 оны 8 сарын 26-ны өдөр Д.*******тай манай нөхөр П.Буяндаваа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Энэ гэрээг 25 саяаар хийсэн боловч жинхэнэ дээрээ 52 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ үед мөнгөний хэрэг болж 3 сая төгрөгийг орон сууцны үнэ дээр нь нэмж тооцож, дээр нь дахиад 6 сая төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлье гэсэн.

Гэтэл нэхэмжлэгчийн бидэнд шилжүүлж өгсөн байр нь цахилгаан дулаан, сууц өмчлөгчийн холбоо зэрэг газруудад 2 сая орчим төгрөг төлбөртэй байсан ба мөн манай байранд засвар хийх боллоо гэснээс болж маргаан гарч, нэмж өгнө гэж тохиролцсон 6 сая төгрөгийг нэхэмжлэгч тал бидэнд шилжүүлж өгөөгүй. Уул нь байрыг 52 сая төгрөгөөр тохирсон боловч 55 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Энэ 3 сая төгрөгийг дараах байдлаар төлсөн гэж үзэж байна. Үүнд 2 сая орчим төгрөгийн СӨХ-ийн төлбөрт нь өгсөн. Мөн 1 сая гаран төгрөгийг банкаар шилжүүлж, нэхэмжлэгчээс авсан 3 сая төгрөгийг төлж дуусгасан.

Зээлийн гэрээний гол нөхцөл нь бэлнээр мөнгийг өгсөн байхыг шаарддаг. Зээлийн гэрээ 9 сая төгрөгөөр хийгдсэн боловч 6 сая төгрөгийг бодитоор хүлээлгэж өгөөгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 8 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Д.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Ё.Цэнд-Аюушийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2021 оны 5 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2018 оны 8 сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ, Д.Уранчимэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тухай хүсэлт, 2018 оны 8 сарын 26-ны өдөрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Төрийн мэдээллийн сангийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар Хаан бакны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29/8629 дугаартай албан бичгийг авсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.Уранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 8 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,840,000 төгрөг, алдангид 3,920,000 төгрөг нийт 11,760,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд 2018 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд энэ гэрээний дагуу хариуцагч Д.Уранчимэг нь жил бүрийн 9 сарын 01-ний дотор 1,800,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээж, зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. /хх-ийн 4 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоор тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

4.Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 3 сая төгрөгийг буцаан төлсөн, 6 сая төгрөгийг хүлээн аваагүй тул төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд буцаан төлсөн үйл баримтыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: 2018 оны 8 сарын 26-ны өдөр 116,029,041 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, энэ гэрээний урьдчилгаа төлбөр болох 52 сая төгрөгт нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол 31а байрны 3 дугаар орцны 55 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар тохиролцож, мөн өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ /25 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр/-г байгуулсан. Ингэхдээ уг орон сууцыг нь 55 сая төгрөгт тооцож, 3 сая төгрөгийг зээлсэн.

Харин 6 сая төгрөгийг нэмж зээлдүүлнэ гэж тохирсон боловч 52 сая төгрөгт тооцож өгсөн. Орон сууцны СӨХ-ийн төлбөрийн маргаан үүссэний улмаас нэхэмжлэгч тал 6 сая төгрөгийг бодитоор өгөөгүй гэж тайлбарлаж байна.

5.Нэхэмжлэгчээс иргэн Д.*******, П.Буяндаваа нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.Уранчимэг, Д.******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ-үүд нь зээлийн гэрээнд хамааралгүй гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд, Д.Уранчимэг, Д.******* нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээнд ...худалдан авагч нь урьдчилгаа 52,000,000 төгрөгийг худалдагчид гэрээ байгуулах үед бэлнээр төлсөн... гэжээ. /хх-ийн 103 дугаар тал/

7.Талуудын хэн алинийх нь тайлбараар дээрх 52 сая төгрөгт нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37а байрны 55 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууцыг авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд мөн өдөр буюу 2018 оны 8 сарын 26-ны өдөр Д.*******, Д.Буяндаваа нар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-ийн 106 дугаар тал/

8.Хариуцагчаас тус орон сууцыг 52 сая төгрөгт тооцож шилжүүлэн авахдаа 3 сая төгрөгийг зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгчид илэрхийлж дээрх орон сууцыг 55 сая төгрөгт тооцож авсан гэх тайлбар гаргаж байх бөгөөд дурдсан үйл баримтууд нь гэрч П.Буяндаваагийн ...манайх өөрийн өмчлөлийн орон сууцыг 116,029,041 төгрөгөөр худалдахаар болж, зар тавьсаны дагуу нэхэмжлэгч Д.*******тай холбогдож нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа 52 сая төгрөгт өөрийнхөө өмчлөлийн 34.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өгөхөөр болсон. Бид энэ орон сууцыг 52 сая төгрөгт тооцож авсан хэдий ч худалдах худалдан авах гэрээг 25 сая төгрөгөөр байгуулсан. Энэ үед бидэнд мөнгө хэрэг болсон тул 9 сая төгрөг зээлдүүлэх боломж байна уу гэхэд нэхэмжлэгч Д.******* нь орон сууцаа 55 сая төгрөгт тооцож буюу 3 сая төгрөгийг, нэмээд 6 сая төгрөгийг бэлнээр, нийт 9 сая төгрөг зээлдүүлэхээр болсон. Харин байр шилжүүлэх ажиллагааны явцад тэдний байр СӨХ-ны төлбөрт 2 сая орчим төгрөгийн өртэй байсан болон манай байранд засвар хийх болсон гээд 6 сая төгрөгөө нэмж өгөөгүй... гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна гэж үзэхээр байна.

9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн хадгаламжийн данснаас 10,300,000 төгрөгийг авч, 7,100,000 төгрөгийг 2018 оны 8 сарын 07-ны өдөр авч хариуцагчид бэлнээр өгсөн гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч Ё.Цэнд-Аюуш, Д.******* нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэгчийн хариуцагчид 9 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбарыг нотлох үйл баримт тогтоогдохгүй байна. /хх-ийн 140 дүгээр тал/

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид 6 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчээс 6 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6 сая төгрөгийг шаардах эрхгүй байна.

Харин хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээнүүдээр хариуцагч нь 3 сая төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд 3 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

10.Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 1,160,000 төгрөг авсан гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээний үүрэгт төлөх байсан төлбөрөөс СӨХ-ны төлбөрт 2,000,000 төгрөгийг төлж нийт 3,160,000 төгрөгийг төлсөн тул төлөх төлбөргүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн СӨХ-ны төлбөрт нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн 2,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул 3 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 1,160,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Д.Уранчимэгээс үлдэгдэл төлбөр болох 1,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэгчээс алдангид 3,920,000 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 9 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул зээлийн гэрээний 2.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25 хувийн алдангийг хоног тутамд тооцно гэх зохицуулалтаар алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан тул алданги шаардах эрхгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 1,840,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уранчимэгээс 1,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Уранчимэгээс 44,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА