Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              А.М, П.Э, Б.О

                                          Б.А, Ц.Д нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       П.Э,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Х.О, С.Д, О.С

Нарийн бичгийн дарга                             Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.С, шүүгдэгч П.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Х овгийн А-н М

 

Монгол улсын иргэн, О овгийн Ц-н Д

 

Монгол улсын иргэн, Т овгийн Б-н А

 

Монгол Улсын иргэн, А овгийн П-н Э

 

Монгол Улсын иргэн, Б овгийн Б-н О.

 

А.М нь тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 “хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх, ... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх", 2.24.9 “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой  аймгийн  сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс П.Э-р дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан,

 аймгийн  сумын нутаг  газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь  дугаарын дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан,

 аймгийн  сумын  багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-г тоёота приус 20 загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны              дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

аймгийн  сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж, уг гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны             дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 аймгийн  сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын ногоон өнгийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны  дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүд,

 

П.Э нь өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой  аймгийн  сумын нутаг дэвсгэрт нь тоёота приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

 

Б.О нь  аймгийн сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө  зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүй, өөртөө давуу байдал бий болгохын тулд найз П.Эаар дамжуулан  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 08  сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн гэмт хэргийг,

 

Б.А нь  аймгийн  сумын нутаг  газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Верна аксент загварын өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Дгээр дамжуулан  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны  дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

 

Ц.Д нь өөрийн найз Б.Аыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн сумын нутаг  газарт Верна аксент загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан түүний Хаан банкны  дансанд 400.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн А-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар албан тушаалын байдлаа ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О овгийн Ц-н Д, А овгийн П-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овгийн Б-н А, Б овгийн Б-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрхийн байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох  ял дээр нэмж нэгтгэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч Онч овгийн Ц-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А овгийн П-н Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Т овгийн Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б овгийн Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд сар бүр 555.555 /таван зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр, шүүгдэгч П.Э, Ц.Д, Б.О, Б.А нарт тус бүр оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд сар бүр 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тус тус хэсэгчилэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, П.Э, Ц.Д, Б.О, Б.А нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, П.Э, Ц.Д, Б.О, Б.А нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Энэ хэрэг хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын                дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар захирамжаар:

Шүүгдэгч А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М гэж алдаатай бичсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.М гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч А.М-д оногдуулсан 20 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц 3 жилийн хугацаанд сар бүр 555.555./ таван зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож гэснийг 555 555.төгрөг 56 мөнгө / таван зуун тавин таван мянга таван зуун тавин таван төгрөг  тавин зургаан мөнгө/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр... гэж тус тус залруулж,

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо:

... А, Ц.Д нар нь олон жилийн өмнөөс ойр дотно нөхөрлөж байгаа, үерхэл нөхөрлөлдөө үнэнч үе тэнгийн монгол эрчүүд. 2018.07.22-ны өдөр А бага зэргийн согтуурлын байдалтай машин жолоодож явахдаа замын цагдаа А.Мтой тааралдаж бичиг баримтаа хураалгасан.

Маргааш өглөө нь А, Д нар журмын хашаанаас хураагдсан машинаа авахаар хоёулаа хамт явж байхдаа А М-тай утсаар ярьж, өөрийнх нь хэлж өгсөн дансанд замын цагдаа М-н тушаагаарай гэсэн 400.000 төгрөгийг түүний хэлсэн ёсоор орлогын утган дээр А гэсэн нэрээр Д өөрийн данснаас гар утсаараа шилжүүлжээ.\1хх-235тал\

Энэхүү 400.000 төгрөгийг Д-г      дугаар данс руу шилжүүлэхээс өмнө 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө А-н эхнэр Б.Э өөрийн Хаан банкны  данснаас Д-н дээрх данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.\3хх-185тал\

Эдгээр үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх Д-г ...бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... эд зүйл \400,000Т\ өгсөн гэм буруутай гэжээ.

Д-н үйлдсэн гэх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдлыг авч үзвэл: Д найз А-н хүссэнээр, өөр бусдаас асууж түүнд М-н гар утасны дугаарыг олж өгсөн, мөн өөрийн мобайл банкаар түүний торгуулийн мөнгийг М-д дамжуулан шилжүүлсэн үйлдлийн сэдэлт зорилго нь хэрэгтэй цаг үед нь сайн найздаа туслах ёстой гэсэн түүний үзэл бодол, итгэл үнэмшил, жудагтай монгол эр хүний чин сэтгэлийн илэрхийлэл байсан.

Үүнийх нь төлөө Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь бусдад нөхөрсгөөр туслан хамтын хүчээр эв найртай амьдрах учиртай хүн хэмээх оюун ухаант амьтны журамт үүрэг зорилго, "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээн үр хойчдоо үеийн үед сурган хүмүүжүүлсээр ирсэн монголчуудын үндэсний түүхэн соёл, уламжлалт зан заншилд харшилж байна.

Монголын * ард түмэн бид түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан.

Үндсэн хуулийн шүүд байгуулал болох шүүх ард түмнийхээ үндэсний эрхэм зорилготой эсрэгцэж болох шийдвэр гаргах нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй нь мэдээж.

Олон улсын хүний эрхийн тунхаглал болон Монгол улсын Үндсэн хуулиар бол ямар ч хэцүү хатуу цаг үед, ямар нэгэн хэлбэрээр хязгаарлах ёсгүй үндсэн 4 эрхийн нэг нь хувь хүний итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөө билээ.

Д өөрийн өвөг дээдсээс өвлөж авсан үндэсний уламжлал, зан заншлынхаа дагуу "зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэг монгол эр хүний итгэл үнэмшлээр найздаа туслах зорилгоор М-н утасны дугаарыг олж А-н мөнгийг замын цагдаагийн дансанд дамжуулан шилжүүлсэн. Цөөхөн хүн амтай жижигхэн Э хотод ямар ч хүний ажлын газар ба нэрийг нь мэдэж байхад, түүний утасны дугаарыг хэн ч, хэзээ ч олох амархан.

Нэг хүн нэгээс илүү оператор компанийн дугаартай болсон, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар бүх ангийн сурагчид гар утастай болсон өнөө үед хэн нэгний гар утасны дугаарыг сайн найздаа туслах зорилгоор бусдаас асууж сураглах нь ямар ч гэмт хэргийн шинжгүй, зүгээр байдаг л нэгэн нийтлэг асуудал.

Монголд сайн таних найз битгий хэл, бэлэн мөнгөө бариад гуйсан огт танихгүй хүний мөнгийг ч хэлсэн дансанд нь мобайлдаад өгөх сайн санаатай хүн маш олон бий.

Монголчуудын дүнд нэн түгээмэл энэ үйлдэлд Д-г гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн үүднээс бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4-т хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэнтэй зөрчилдөж байна.

Тухайн үед Д өөрийн найз А-тай хамтран гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан амласан бэлтгэсэн, А-ыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн хатгасан гэж үзэхээр үйл баримт болон нотлох баримт хэрэгт огт байхгүй. Цахим үйлчилгээ өргөн дэлгэрсэн одоогийн нийгэмд цалин орлоготой хүн бүр, тэр байтугай боломжийн ажил амьдралтай айлын насанд хүрээгүй хүүхэд хүртэл интернэт банкны үйлчилгээ авч хэрэглэж байгаа нь нийтэд ил болсон нотлох шаардлагагүй үнэн.

Ийм байтал мобайл банкны хаа сайгүй, хэн ч хамаагүй, хүссэн цагтаа хийдэг, гэмт үйлдлийн санаа зорилгогүй цахим үйлчилгээг гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал болгон Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх аргагүй байна.

Яг үнэндээ бол А-ын 400.000 төгрөгийг Д андын ёсоор атгаг санаагүйгээр замын цагдаад шилжүүлж өгөөгүй байсан ч гэсэн А журмын хашаанаас машинаа авахын тулд торгуулийн мөнгөө М-с авсан дансанд өөр ямар нэгэн арга хэлбэрээр хийх байсан гарцаагүй нөхцөл байдал тухайн үед үүссэн байсан. Түүнчлэн Д нь замын цагдаа М-ыг огт таньж мэдэхгүй учир А-ын хахууль өгсөн гэх хэрэгт Д зуучлагч байх боломжгүй нь тодорхой.

М-ын эзэмшдэг Хаан банкны дансанд 800.000 төгрөг биш, харин нэг л удаа А гэсэн нэрээр 400.000 төгрөгийн орлого орсон байхад А, Д нарыг хоёуланг нь М-д 400,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай гэж үзэх нь шударга бус хэрэг.

Ингэж жинхэнэ монгол хүний мөс чанартай идэр насны залуугийн цаашдын амьдралд ялтай байдал бий болгож, төрдөө болон шударга шүүхэд итгэдэггүй иргэний тоог нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ? М-д мобайл банкаар шилжүүлсэн мөнгө нь Д-н өөрийнх нь эзэмшил өмчлөлийн эд зүйл биш байсан учир түүнийг замын цагдаад хахууль өгсөн гэх нь хууль зүйн хувьд нэн эргэлзээтэй асуудал.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх-ийн 1 дэх хэсэгт.... эд зүйл өгсөн... гэж хуульчилсан бөгөөд үүнийг үгийн шууд утгаар нь дээрх нөхцөл байдлаар тайлбарлахад: Д М-д өөрийн мөнгөө өгөөгүй бөгөөд хахууль өгсөн гэх гэмт хэргийн хамтран оролцогч буюу гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн аль нь биш гэсэн хариу гарч байна. Иймд Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А ял шийтгэлгүй, бүрэн дунд боловсролтой, жолоодох эрхийн үнэмлэхээс өөр мэргэжлийн үнэмлэх гэрчилгээгүй, эхнэр хүүхдийн хамт гэр хороололд амьдардаг, тухайн үед эрхэлсэн ажилгүй, тогтмол цалин орлогогүй байсан. Түүний эхнэр Б.Э нь дээд боловсролтой боловч ажлын байрны хомсдолын улмаас эрхэлсэн ажилгүй учир тэрээр Монгол улсын өнөөгийн нийгмийн "эмзэг бүлэг"-т хамаарагдах нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн. А нэг шил пиво уусан хэрнээ машин жолоодож явсан нь хуулиар хориглогдсон үйлдэл мөн.

Үүний улмаас анхан шатны шүүх А-ыг М-д 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулжээ. А өөрөө 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө замын цагдаа М-той утсаар ярьж 400,000 төгрөгийг М-ын хэлж өгсөн дансанд Д-н мобайл банкаар дамжуулан шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа.

Хахуульд өгсөн гэх энэхүү 400,000 төгрөгийн хэмжээг өнөөдрийн мөнгөний ханш, үнэ цэнэтэй харьцуулж үзэхэд: энэ нь Монгол улсын Засгийн газраас тогтоодог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх бөгөөд улсын төсөв их наяд буюу 14 оронтой тоогоор тооцоологдож байгаа өнөө үед төсвийн жилийн орлого, зарлагаас дунджаар 22-26 сая дахин бага байна.

Манай нийгэмд 4 оронтой тоо бүхий автомашины улсын дугаар дуудлага худалдаагаар 400 гаран сая төгрөгөөр зарагдаж байгаатай зүйрлэхэд түүнээс мянга дахин бага, чинээлэг айлын ахлах ангийн сурагчийн хувийн хэрэглээний дансанд байдаг л бага хэмжээний мөнгө ажээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хувийн нөхцөл шалтгааныг авч үзвэл: тухайн үед А өөрийн эзэмшлийн Верна аксент загварын машинаар хүн зөөж\халтуур хийж\ өдрийн талх хоолны мөнгө олж амьжиргаагаа залгуулж байжээ. Үүнээс өөр орлогогүй гэр бүлийн тэргүүн А-ын хувьд жолоодох эрх нь түүний амьдралын эх үүсвэр болсон, эдийн засгийн ач холбогдол бүхий эрхэм зүйл байсан түл үг эрхээ алдсанаар А өөртөө болон гэр бүлдээ ноцтой хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Нөгөө талаасаа ийм гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нийгмийн хүчин зүйл бас байна. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

Монгол улсын төр засаг өнөөгийн байдлаар ард иргэдээ ажлын байраар хангалттай хангаж, иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй нь нийтэд ил тод үйл баримт. Хээл хахуулийн гэмт хэрэг нь "цагаан захтан"-ын хэрэг гэж нэрлэгддэг.

Ийм төрлийн гэмт хэрэг хамгийн нууц нөхцөл байдалд далдуур сэм хийгдэж, үүний цаана улсын төсөв хөрөнгө, нөөц баялагтай холбогдох олон мянган тэрбумаар хэмжигдэх хэмжээтэй хохирлын асуудал нуугдаж улмаар нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хохироож байдаг. Харин А-ын хувьд замын цагдаагийн хэлсэн ёсоор өөрийн нэрийг ил тодоор бичиж, түүний дансанд мөнгөө нууц бусаар шилжүүлсэн. Тэрээр ямар нэгэн тендер, концесст оролцоогүй, ашигт малтмалын орд лиценз эзэмших эрх, архи пивоны тусгай зөвшөөрөл хахуулиар авч өөртөө давуу эрх олж, хууль бус арга хэлбэрээр баяжаагүй, төрөөс төрсөн тэрбумтан болоогүй.

А жолоодох эрхээ хадгалж үлдсэнээрээ өөртөө ердийн байдлаасаа илүү ашиг орлого олох гээгүй, харин гэр бүлээ тэжээн тэтгэх эр хүний журамт үүрэг зорилгоо л гүйцэлдүүлсэн. А замын цагдаад 400.000 төгрөг өгснөөрөө бусдын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, өөрөөсөө бусад хэн нэгэнд шууд бодит хохирол учруулаагүй, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд шууд хор уршиг учруулах нөхцөл байдал үүсгээгүй.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан ... гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй А-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой гэж үзэхээр байна. Нийгмийн амьдрал өөрөө баялаг учир хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн энэхүү заалтаар, хэрэгт холбогдсон хүн бүрийг яллагдагч болгохгүй байх, заавал яллан шийтгэхгүй байх уян хатан эрх мэдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад олгосон.

Энэ нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан Монголын ард түмний хууль зүйн баталгаажуулалтын шууд тусгал ажгуу.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийн хувийн байдалд түүний хөдөлмөрт хандах хандлага, зан төлөв, гэр бүлийн байдал, ялтай байдлыг тус тус хамааруулдаг. А-ын эрхэлсэн ажилгүй байх үедээ жолоодох эрхээ алдахгүйгээр хөдөлмөрлөж \халтуур хийж\, гэр бүлээ тэжээх гэсэн хүсэл эрмэлзэл нь түүний хөдөлмөрт хандах эерэг хандлагын илэрхийлэл юм. Зан төлөвийн хувьд , тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эхний тайлбараасаа шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх хүртлээ болсон үйл баримтыг үнэн зөв мэдүүлж, чин шударга байсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нь дэндүү шударга бус хэрэг болно.

Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол улсын иргэн, "эмзэг бүлэг"-ийн хэмээх тодотгол бүхий А-н хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай гэж үзэж байна. Шударга ёс гэдэг ойлголт нь тодорхой тогтоож, хайрцагласан ухагдахуун биш.

Нэгэн төрлийн үйлдэл, үйл ажиллагааг өөр хооронд нь жишсэнээр, тухайлбал яг адил төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг харьцуулж, шүүгчдийн гаргасан үнэлэлт, үндэслэлээр шүүхийн шударга ёсны хэмжүүр тогтоогдоно. Монгол улсад олон мянган тэрбумын хохирол учруулсан, авлигын гэмт хэрэгт холбогдсоноороо түмний танил болсон ч эрх чөлөөтэй яваа этгээдүүд олон байдгийг монголчууд нийтээрээ мэддэг нь нууц биш. Жинхэнэ "цагаан захтан"-ууд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхад А мэтийн жирийн иргэнд шүүхээс ял оноож, идэр залуусын ирээдүйн ажил амьдралын зам мөрд ял шийтгэлийн хар толбо үлдээх нь харамсалтай бөгөөд нэн шударга бус явдал.

Анхан шатны шүүх М-н Хаан банкны дансанд А гэсэн нэрээр орсон 400.000 төгрөгийн орлогын Хаан банкны тамга тэмдэгтэй дансны хуулгыг А замын цагдаад хахууль өгснийг нотлох баримт хэмээн үнэлэн дүгнэжээ.

Банкны дансны хуулга нь тухайн дансанд хэзээ, хэдэн төгрөгийн, ямар зориулалт нэртэй орлого зарлага орж гарч байгааг цахим төхөөрөмжийн программаар бүртгэн баталгаажуулдаг мөнгө санхүүгийн бүртгэл тооцооны цахим мэдээллийн сангийн хуулбар. Хаан банкны тамга тэмдэг нь  тоот дансыг М эзэмшдэг бөгөөд дансны хуулбар үнэн гэдгийг нотолж байгаа хэлбэр.

Иймээс энэхүү цахим мэдээллийн санд А нэрээр бүртгэгдсэн 400.000Т-ийн орлого нь А хахууль өгсөн, эсхүл торгууль төлснийг нотлох баримт болох хууль зүйн чадамжгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар .... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт буюу эд мөрийн баримтад тооцогдох боломжтой.

Хяналтын прокурор Н.Д яллах дүгнэлтийн хавсралтад ... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Смарт барьцаалан зээлдүүлэх газрын 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган шүүхэд шилжүүлсэн тухай дурджээ. Хаан банк болон Смарт барьцаалан зээлдүүлэх газар 2 хоёулаа адилхан хувийн хэвшлийн, ашгийн төлөөх аж ахуйн нэгж байгууллага.

Банк, хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрын мөнгө санхүүгийн мэдээлэл нь байгууллага, хувь хүний нууцад хамаарах тул уг мэдээлэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах журмаар шийдвэрлэгдэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 14-т нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан үзвэл: Дээр тайлбарласнаар 400.000 төгрөгийн орлого нь А-г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө өөрөө мэдэж байгаа учир замын цагдаагийн хэлсэн үнийн дүнгээр торгууль төлсөн үү, эсхүл цагдаад хахууль өгсөн үү гэдгийг нотлох хууль зүйн чадамжгүй.

А яллагдагчаар татагдсаны дараа мөрдөн байцаалтын үед мэдүүлэг \3хх-219тал\ өгөхдөө, мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө, замын цагдаад саатуулагдах үедээ бага хэмжээний согтолттой байсан учир 400.000 төгрөгийн торгууль төлсөн гэж ойлгосон дахин давтан хэлсэн байдаг.

Иймд М-н дансны хуулга болох, Хаан банкнаас гаргуулсан эд мөрийн баримтаар А-ыг хахууль өгсөн гэх гэмт хэрэгт шууд буруутгахад эргэлзэх үндэслэлтэй байх тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байваас хуульд илүү нийцтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ А согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон М-н хэлснээр түүний хувийн дансанд мөнгө шилжүүлсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад дээр дурдсан хуулийн заалтуудыг анхан шатны шүүх огт хэрэглэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргажээ.

Хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, шийтгэгдсэн М нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 4 шүүгдэгчдээс гадна түүнд залилуулсан гэх өөр олон хохирогчдоос өөрийн дансаар мөнгө авсан.

Хавтаст хэрэгт авагдсан М-ын банкны хуулгаас харахад түүний дансанд 50.000, 100.000, 200.000 төгрөгийн орлого олон байна.

Гэтэл илэрсэн, илрээгүй бүх этгээдээс цөөхөн хэд нь хахууль өгсөн гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээж, зарим нэг нь эрүүгийн хэргийн хохирогч болж торгууль төлсөн гэх мөнгөө буцаан авч, ихэнх нь ямар ч гэм зэмгүй үлдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр... ялгаварлан гадуурхагдахгүйгээр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчимтай зөрчилдөж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн А-ыг замын цагдаад хахууль өгсөн гэм буруугүйд тооцох, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4 болон 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6 заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Д, Б.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б.А, Ц.Д нарт холбогдох хэсгийг хууль ёсны болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч О.С нар давж заалдах гомдолдоо:

... 2019 оны 08 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө Б. О нь  улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон явж байхад нь цагдаа М нь саатуулан зогсоон шалгаж, архи уусан юм уу гэхэд үгүй пиво уусан гэсэн ба улмаар Их хаадын цуваа хорооллын урд талын зам дээр байсан байцаагч А-тай уулз гэсэн. Тэр цагдаатай уулзаад би цэргийн ангид ажилладаг юмаа гээд учир байдлаа хэлсэн. Маргааш надтай уулзаарай гээд жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түлхүүр аваад үлдсэн. Ингээд цуг байсан М цагдаа дугаараа үлдээ гэсэн, торгууль 400.000 төгрөг байдаг гэсэн. Маргааш нь 9 цагийн үед М утасдаад 12 цагаас өмнө асуудлаа шийд гэсэн.

Үүний дагуу торгуулийн гэх 400.000 төгрөгийг найз Э өгүүлсэн. Учир нь найз Э-г М-ыг таньдаг гэхээр нь учир байдлыг хэлээд машинаа авах гэхэд Э-д өөрийг нь явуул гэсэн. Ингээд Э торгуулийн гэж хэлсэн 400.000 төгрөгийг өгсөн тул машины түлхүүр болон бичиг баримтыг өгч явуулсан үйлдэл болсон.

Үйл явдал болж өнгөрснөөс хойш 2020 нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2019 оны 08 дугаар сарын 05-ны шөнө болсон үйл явдлаа дүгнэвэл О нь өөрийн гаргасан зөрчилд торгууль төлж байна гэж ойлгож, нэхсэн торгуулийн мөнгийг олж цагдаа М-д өгсөн.

Ингэснээрээ тэр торгуулийн арга хэмжээг төлж, машин болон бичиг баримтууд авсан. Машинаа журмын хашаанд л байгаа гэж ойлгож байсан. Энэ нь түүний өгсөн тайлбар болон мэдүүлэг мөн гэрч П.Эын мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Яг энэ үйлдэлтэй адил төстэй харилцааг ахад нь 200.000 төгрөг л байна гэсэн мэдүүлэгтэй үйл явдлыг хуурсан, хуурагдсан гэж үзэж 2 өөр зүйл заалтаар, 2 өөр байдлаар зүйлчлэн оруулж ирсэн нь бодит байдал буюу шударга ёсонд нийцсэнгүй.

О нь М-д хандан намайг битгий торго, битгий шалгаж материал бүрдүүл гэж гуйгаагүй. Битгий торго гэснийхээ хариуд өөрт чинь мөнгө төгрөг өгье битгий зөрчил болгож торгооч гэж гуйгаагүй.

Харин өөрийгөө торгууль төлж байна, машинаа авлаа л гэж ойлгосон.

Түүнийг зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүй, өөртөө давуу байдал бий болгохын тулд 400.000 төгрөг хахууль өгсөн гэмт хэргийг шүүгдэгч П.Эыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой найз О зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгохоор А.Мод 350.000 төгрөгийн гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 22.5-д зааснаар 2,.700.000 төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн.

Шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Шүүгдэгч О ашиг сонирхлын үүднээс тодорхой ямар нэг үйлдэл, хийхийг амлаад хахууль авсан зүйл тогтоогдохгүй байна.

О-н хувьд хахууль буюу мөнгө өгснөөр надад битгий зөрчлийн хэрэг үүсгэ, бүртгэлд битгий оруул хэрэв үүнийг хийвэл өөрт чинь 400.000 төгрөг өгье гэж амласан объектив талын үйлдэл тогтоогдоогүй.

М-н хувьд тэрээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл зөрчлийг илрүүлж, гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэгдээгүй, драйгер багажаар согтолтын хэмжээг тогтоогоогүй. Энэ үйлдэл нь М албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Харин О-д торгууль 400.000 төгрөг байдаг маргааш ирж уулз 12 цагаас өмнө шийд... шөнийн 2 цагийн үед саатуулан зогсоож, драйгер багажаар үлээлгэх зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлж буй мэт дүр үзүүлсэн үйлдэл нь О-н хувьд төөрөгдсөн гэж үзэхээр байна.

Мөн гэрч Б-н мэдүүлгээр тэрээр торгох, жолооны эрх хасах арга хэмжээ авах эрхгүй гэсэн байдаг.

Иймд О-г Эрүүгийн хуулийн 22.5-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тогтоосон шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн шүүх дүгнэлт хийхдээ анхаарч болох нөхцөл байдлыг анхаараагүй орхисон байгаа тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд надад оногдуулсан ял буюу уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо:

... 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр найз О над руу ярьж журмын хашаа хаана байдгийг асуусан. Шөнө цагдаа М саатуулж, торгуулийн мөнгө 400.000 төгрөг төлөөд асуудлаа шийдүүл гэсэн. Ингээд журмын хашаанд очиход машин нь байгаагүй. Харин түүнийг зогсоож саатуулсан гэх газар нь машин нь байсан.

Би М цагдааг таньдаг тул утасдахад чиний оролцох асуудал биш, чи хүрээд ир О-тэй харьцахгүй гэсэн. Ингээд О торгууль гэж хэлсэн 400.000 төгрөгийг нь аваад очиход машины түлхүүр, бичиг баримтыг өгсөн юм. Гэтэл намайг прокурорын газраас хахууль өгсөн гэж ялласан. Шүүх уг хэрэгт буруутай байна гэсэн.

Би М-той О-н өмнөөс 400.000 төгрөг өгье, битгий мэдээлэлд оруул гэж амласан зүйл байхгүй. О-д цагдаа М торгууль нь 400.000 төгрөг гэж өөрөө хэлсэн байсан.

О торгуулж байна гэж ойлгосон. Түүнээс гадна журмын хашаанд машинаа байгаа гэж ойлгосон байсан. Ер нь бол М торгох эрхгүй юм байна. Гэтэл торгож байна, арга хэмжээ авч байна гэх мэтээр ойлгуулж, хуулийн дагуу ажилласан мэт ойлголт төрүүлсэн.

Миний хувьд О-д дарга чөлөө өгөхгүй байна гээд М-д хэлсэн, торгуулийн мөнгийг нь өгсөн.

Иймд 2.700.000 төгрөгөөр торгосныг зөвшөөрч чадахгүй байна.

Би М-той найзыг битгий торгоорой ингэсний төлөө хахууль болгож мөнгө өгье гэж ер амлаагүй. Би М-ыг торгох арга хэмжээ авах эрхтэй гэдгийг мэдэх ч үгүй.

Иймд шийтгэх тогтоолоор надад оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.М, П.Э, Б.О, Б.А, Ц.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д, О.С, шүүгдэгч Б.О, П.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Орхон аймгийн прокурорын газраас А.Мыг  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 “хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх, ... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх", 2.24.9 “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой  аймгийн  сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс П.Э-р дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан,

 аймгийн  сумын нутаг  газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан,

аймгийн  сумын  багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-г тоёота приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны  дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 аймгийн сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж, уг гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны  дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 аймгийн  сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын ногоон өнгийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг,

 

П.Эыг өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой  аймгийн  сумын нутаг дэвсгэрт нь тоёота приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

 

Б О-г  аймгийн  сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө  зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүй, өөртөө давуу байдал бий болгохын тулд найз П.Эаар дамжуулан  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 08  сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн гэмт хэргийг,

 

Б.Аыг  аймгийн  сумын нутаг  газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Верна аксент загварын өөрийн эзэмшлийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Дгээр дамжуулан  аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны  дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

 

Ц.Дг өөрийн найз Б.Аыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн сумын нутаг газарт Верна аксент загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан түүний Хаан банкны  дансанд 400.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх   шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, торгох ялаар шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар огт дүгнэлт хийгээгүй, тухайлбал:  шүүгдэгчид хууль бусаар олсон орлого байгаа эсэх, мөн хохирогч нарын хохирлыг ямар үндэслэлээр гаргуулахгүй гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, хохирогч Э.Б, Ч.Б нар хэргийн материалтай танилцаад хохирлоо гаргуулна гэсэн байхад бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг бодитой тогтоох нь шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг зөв сонгон хэрэглэх төдийгүй хохирогчийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцэхгүй орхисон  гэж үзсэн үндэслэлүүд байгаа эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн олсон хууль бус орлогын хэмжээг тогтоох түүнийг улсын орлого болгох талаар дүгнэлт хийгээгүй, хэдэн төгрөгийн авилга авсан, хэдэн төгрөгийг залилан авсан талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

           Анхан шатны шүүх хохирлыг гаргуулахдаа хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс төлбөрийн хэмжээг ихэсгэх буюу багасгах эрхтэй боловч хохирогчийн хохирол гаргуулахаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад  огт дүгнэлт хийгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хохирлын талаар шууд дүгнэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

           

            Мөн улсын яллагчийн саналаар шийтгэх тогтоолд шүүгчийн захирамжаар залруулга хийхдээ шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хийх залруулгыг тогтоох хэсэгт хийсэн, шүүгдэгч А.Мод оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр залруулахдаа мөн алдаатай тооцож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасан шаардлага хангаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч нарын болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дугаар зүйлийн  2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

           2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.С, шүүгдэгч П.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА