Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

О.Ирээдүй, Д.Нямцэцэн, А.Пүрэвсүрэн

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0084/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

               Прокурор                                      Г.Уянга /онлайн/

               Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ө.Өлзиймаа, Д.Золзаяа

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолтой, Амарсайханы Пүрэвсүрэн, Даваасүрэнгийн Нямцэцэн, Оюунцэцэгийн Ирээдүй нарт холбогдох, 2118000000076 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Ирээдүй, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны 37 тоотод оршин суух хаягтай, урьд нь:

2018 оны 03 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил 6 сар хорих ялыг хоёр дахин багасгаж 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, интернэт тоглоомын газар очих, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн, ТБ00262955 регистрийн дугаартай, Тайшир, овогт Амарсайханы Пүрэвсүрэн,

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг Ган зам 2 дугаар хэсэг, 2 дугаар байрны 5 тоотод бүртгэлтэй, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 56 байрны 139 тоотод түр оршин суух хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч шийдвэрлэсэн, ТЕ02272114 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Даваасүрэнгийн Нямцэцэн,

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар баг 18-59 тоотод оршин суух хаягтай, урьд нь

-2021 оны 01 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2. д зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял ногдуулж шийдвэрлэсэн, ТЕ01302017 регистрийн дугаартай, Шавь нар овогт Оюунцэцэгийн Ирээдүй.

Шүүгдэгч Д.Нямцэцэн, А.Пүрэвсүрэн нар нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад Загтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч О.Ирээдүй нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Д.Нямцэцэн, А.Пүрэвсүрэн, Э.Түмэн-Өлзий, Б.Батболд, Б.Мишээл нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Тайшир овогт Амарсайханы Пүрэвсүрэн, Алаг адуу овогт Даваасүрэнгийн Нямцэцэн нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шавь нар овогт Оюунцэцэгийн Ирээдүйг сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.Пүрэвсүрэнг 01 жилийн хугацаагаар оршин суух газраасаа явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Нямцэцэнг 01 жил 01 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ирээдүйг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Нямцэцэнд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.2.т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар 01 жил хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч О.Ирээдүйд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3200000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Нямцэцэнд оногдуулсан 02 жил 01 сар хорих ял, шүүгдэгч О.Ирээдүйд оногдуулсан 01 жил 02 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4.д зааснаар А.Пүрэвсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Нямцэцэн нарын цагдан хоригдсон 40 хоног ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч О.Ирээдүй цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг тариур, 17 ширхэг тариурын зүү, 1 ширхэг ахуйн хэрэглээний газ, 16 ширхэг тарианы хөвөн, 1 ширхэг тарианы хөвөнгийн уут, \Л/сос15 гэх бичигтэй шар өнгийн хайрцаг 2 ширхэг, \Л/оос)5 гэх бичигтэй хуванцар сав 2 ширхэг, тебатин эмний хоосон уут 18 ширхэг, шар өнгийн тагтай гол хэсгээрээ зүсэгдсэн, дотор хэсгээр нь хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хажуу талдаа бөөрөнхий цоорсон сав 1 ширхэг, таггүй 1,25 литр багтаамжтай Кока кола нэртэй ундааны хоосон сав, Чук гек нэртэй чихрийн цаас 1 ширхэг, бортого хэлбэртэй болгосон тугалган Цаас 3 ширхэг, дотроо хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй уут 3 ширхэг, таггүй 500 грамм багтаамжтай усны хуванцар хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгт хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг, эмийн капсул 36 ширхэг, дуслын уут 1 ширхэг, ногоон өнгийн тагтай 1.25 литрийн багтаамжтай ундааны хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгтээ хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг устгуулахаар, Үндэсний мөнгөн тэмдэгт /20 төгрөг, 50 төгрөг/ дэвсгэрт 2 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пүрэвсүрэнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ирээдүйд хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Нямцэцэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нямцэцэн, О.Ирээдүй нарт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ирээдүй давж заалдах гомдолдоо:

...Миний бие цагдан хоригдох хугацаандаа хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хүний эрх, эрх чөлөө гэх мэт олон зүйлийг ойлгож ухаарлаа. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна, ээждээ нэмэр болж амьдрахыг хүсэж байна. Иймд надад нэг удаа боломж олгож хорих ялаас өөр шийтгэл өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч О.Ирээдүйн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

О.Ирээдүйн хувьд гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл нь өөрийн хийж буй гэмт үйлдлийн нийгмийн хор уршгийг бүрэн дүүрэн ойлгохгүй, бусдыг дуурайх, эцэг эхийн хараа хяналт, халамж суларсан байдлууд нөлөөлж гэмт хэрэгт холбогдсон. Мөн өсвөр насны хүүхдийн хувьд хэрэг давтан хийсэн гэдэг үндэслэлээр ялыг хүндрүүлэн оноож байгаа нь тохиромжгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас төрлийн сонгох санкц нь зорчих эрхийг хязгаарлах ял байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хөнгөрүүлэх шалтгаан нь О.Ирээдүй нь гэмт хэрэгт холбогдох үедээ дээр дурдсанаар эцэг эхийн хараа хяналт, халамж суларсан, гэр бүлээсээ хол, ганцаараа байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. О.Ирээдүйн эх Оюунцэцэг нь хэлэхдээ “үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулж өөрийн дэргэдээс удаан хугацаагаар хол байлгаснаас болж ийм хэрэгт холбогдлоо, дахиж хүүгээ өөрөөсөө холдуулахгүй анхаарал халамжаа улам сайжруулж нас биед гүйцэд хүртэл нь хүний дайтай хүн болгоно, үнэхээр харамсаж байна, надаас л боллоо.” гэж ярьдаг. Мөн өмгөөлөгч миний зүгээс О.Ирээдүйн эх Оюунцэцэг нь үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сайтай, өрх толгойлж 2 хүү өсгөж, хүмүүжүүлэх ажлыг ганцаараа бие даан гүйцэтгэж амьдралын төлөө тасралтгүй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулах үеэр О.Ирээдүй нь ээж, дүүгийн хамтаар амьдарч байсан, дүүгээ харахын жуугаар ажил хийж ээждээ тус нэмэр болон амьдарч байсан. Иймд О.Ирээдүйг нийгмээс тусгаарлахгүйгээр цаашид засарч хүмүүжих боломжтой, хийж бүтээх сан дээрээ байгаа залуу хүнд боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг сольж зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1.д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт ялтан нь “...шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх...” үүрэгтэй гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Пүрэвсүрэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа уг ялыг хэрхэн эдэлж, ялтанд хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй, ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, эрхэлсэн ажил, гэрийн хаяг байршил, ямар маршрутаар хэрхэн зорчих, зорчих чиглэлийн бүс тогтоох аймаг, сум, баг, хороо газрын нэрийг тодорхой тогтоож өгөөгүйгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч А.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, яллагдагч О.Ирээдүйн өмгөөлөгч О.Золзаяа нараас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлан явуулж, 231 дугаартай шүүгчийн захирамжаар өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгч О.Золзаяагийн гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар шийдвэрээ уншин сонсгож, шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр товлон зарласан.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн дээрх захирамжтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч прокурортой ял тохиролцох ажиллагааг явуулаагүй, ял тохиролцох нөхцөлөөр хангаж, хугацаа тогтоож өгөөгүй болно.

Ингээд шүүх хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр явуулж, шүүх хуралдааныг нээхдээ “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай зарлаж, шүүх хуралдааныг явуулсан болно. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх нөхцөл шаардлагыг зөрчсөн буюу шүүх хуралдаан ердийн журмаар явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх талаар зарлаж хуралдааныг нээсэн” нь тусгагдаагүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22, 27-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлттэй байна гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Ирээдүйн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

О.Ирээдүйн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Миний гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваагүй боловч анхан шатны шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:    

Дархан-Уул аймгийн Прокуророос :

Шүүгдэгч Д.Нямцэцэн, А.Пүрэвсүрэн нарыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Ирээдүйг  2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Д.Нямцэцэн, А.Пүрэвсүрэн, Э.Түмэн-Өлзий, Б.Батболд, Б.Мишээл нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт   тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл урьд нь:

Шүүгдэгч А.Пүрэвсүрэн, Д.Нямцэцэн нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт үйлдэж, А.Пүрэвсүрэнг 2018 оны 03 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил 6 сар хорих ялыг хоёр дахин багасгаж 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, интернэт тоглоомын газар очих, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон,

Шүүгдэгч Д.Нямцэцэнг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан,

Шүүгдэгч О.Ирээдүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1.д  заасан гэмт хэрэг үйлдэж  2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1.т  зааснаар оногдуулсан 3.200.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгүүлсэн байжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн  хэргийг хүлээж аваад 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч А.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, яллагдагч О.Ирээдүйн өмгөөлөгч О.Золзаяа нараас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийн / х.хийн 75,76-р хуудас / дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлан явуулж 2021-04-22-ны өдөр 231 дугаар захирамжаар өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгч О.Золзаяагийн гаргасан хүсэлтийг хүлээн авч  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар шийдвэрээ уншин сонсгож, шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр товлон зарласан байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээс гадна  хуулийн  энэ бүлэгт буюу 17.4 дүгээр зүйлийн 4.д заасны дагуу “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх”  тусгай журмыг баримтлан  хэргийг  шийдвэрлэхээр тогтжээ.  

Гэтэл  хэрэгт дээрх тусгай журамд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2.д заасан ...гэм буруутай этгээд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх талаарх баримтгүй, тодорхойгүй  тухайлбал “... шүүгдэгч нь гэмт үйлдлээ,  шүүхээс оногдуулах ялын төрөл,  хэмжээг  зөвшөөрсөн эсэх...”  нь тодорхойгүй,

- Шүүгдэгч нар Прокурорын сонсгосон ял, албадлын арга хэмжээг зөвшөөрсөн эсэх,  хэрвээ хорих ялын төрөл, хэмжээг зөвшөөрсөн бол яагаад гарах үр дагаврыг, ял нэмж нэгтгэх асуудлыг ойлгоогүй гомдол гаргаж байгаа  нь тодорхой бус, мөн  яллагдагч прокурортой ял тохиролцох ажиллагааг явуулаагүй, ял тохиролцох нөхцөлөөр хангаж, хугацаа тогтоож өгөөгүй,

Дээрх нөхцөл байдал болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх захирамж гаргасан атлаа шүүх хуралдааныг ердийн журмаар явуулсан шинжтэй байгаа нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Пүрэвсүрэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа  шүүгдэгч нь ялыг хэрхэн эдэлж, ялтанд хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй, ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, эрхэлсэн ажил, гэрийн хаяг байршил, ямар маршрутаар хэрхэн зорчих, зорчих чиглэлийн бүс тогтоох аймаг, сум, баг, хороо газрын нэрийг тодорхой тогтоож өгөөгүйгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ  шүүгдэгч нар  урьд нь гэмт хэрэг үйлдэж  хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хугацаанд,  Эрүүгийн хуульд заасан хязгаарлалт тогтоосон хугацаанд, мөн торгох ялаар шийтгүүлээд ялыг биелүүлээгүй хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн  нөхцөлд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх”  тусгай журмыг баримтлах эсэхийг  анхаарах нь зүйтэй.

Мөн яллагдагч А.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, яллагдагч О.Ирээдүйн өмгөөлөгч О.Золзаяа нар нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлт тус тус /х.хийн 75,76-р хуудас/ гаргасан байхад шүүх 2021-04-22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлан явуулаад 231 дугаар захирамжаар өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгч О.Золзаяагийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар шийдвэр гаргасан байгаа нь  хуульд нийцэхгүй байгаа бөгөөд  өөрөөр хэлбэл нэг хэргийн хоёр холбогдогчийн, хоёр өмгөөлөгчийн хүсэлтэд өөр өөр  хариу өгсөн  байдал нь тухайлбал  хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан  тохиолдолд  хэргийг ямар журмаар шийдвэрлэх гэж байгаа  нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 1.3.,  39.7 дугаар зүйлийн 1.1., 39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Амарсайханы Пүрэвсүрэн, Даваасүрэнгийн Нямцэцэн, Оюунцэцэгийн Ирээдүй нарт холбогдох, 2118000000076 дугаартай 2 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.      

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Нямцэцэн, О.Ирээдүй нарт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

           4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                            ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                 Ц.ТУЯА