Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/02758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, шүүгч Б.Ц, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г Т ХХК /рд: 5784298/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцахолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 401,512,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Иргэдийн төлөөлөгч О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Г Т ХХК нь Б Охолбогдуулан хохирол 401,512,821 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.   

Манай “Г Т” ХХК нь Б о н сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/64 дугаар гэрчилгээ авч, хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 12 сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар гэрээ байгуулж нарийвчлан үнэлгээ батлуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний нөхцөлийг мөрдөн ажиллаж байсан.

Гэтэл Б о сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Г Т” ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт нийт 211,050,021 төгрөгийг төлсөн бөгөөд 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21,8 га газраа бүхэлд нь хашаалсан байдаг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газарт ашиглах эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид нийт 401,512,821 төгрөгийн хохирол учраад байна. Г Т ХХК-с шүүхэд хандан А/355 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны 344 дүгээр тогтоолоор хариуцагчийн буруутай үйлдлийг, мөн нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан асуудлаар зохих журмын дагуу шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дүгнэсэн байдаг. Энэ тогтоолд анхнаасаа тухайн газар ашиглах эрхийг олгох ёсгүй байсан гээд сайд өөрөө өөрийнхөө тушаалыг хүчингүй болгосон байна гэсэн байдаг. Манайд газар ашиглах эрх олгогдоогүй байсан бол манайх төлбөр төлөхгүй байсан. Хашааны зардал нь хашаа барьсан зардал бөгөөд хашаа нь доошоо төмөр бетон цутгалттай тул зөөх, бусад байдлаар ашиглах боломжгүй.

Төрийн захиргааны байгууллага манай газар ашиглах эрх олгохоосоо өмнө тухайн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар эрх олгох боломжтой юм уу гэдгээ өөрсдөө судалсан байх ёстой. Гэтэл анхнаасаа олгох ёсгүй байсан газар манайд олгосон. Тэгээд манайх ашиглах боломжтой гээд зардал хөрөнгө гаргаж хохирсон. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Г Т ХХК-д учруулсан хохирол 401,512,821 төгрөгийг хариуцагч Б Онаас гаргуулж өгнө үү гэв.

            2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...Газар ашиглах гэрээгээр нэхэмжлэгч нь тухайн газрыг ашигласан эсэхээс үйл хамаараад жилд 86,328,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Энэ нь газар ашиглах гэрээнээс гадна тусгай хамгаалалтай газрын тухай хуулиар газар ашиглагчийн үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл, уг газар ашиглах эрх нь тухайн газрын байгалийн унаган төрх хэв шинжийг хадгалаад эргүүлээд төрд хүлээлгэн өгөх зориулалтаар ашигладаг газар.

Г Т ХХК нь 2014-2019 оны хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхээ аваад үүнийхээ дагуу газраа ашиглаад, газрынхаа ашигтай чанарыг гаргаад ашиглаж байсан. Ийм учраас гэрээний дагуу жилд газрын төлбөрт 86,328,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнийг хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн газрыг 2014 оноос хойш ашиглаж байсан. Тусгай зөвшөөрлийн 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч ашиглах эрхээ эдэлсэн учраас хохирол гэж үзэхгүй. Газрын тухай хуулиар газрын төлбөр орон нутгийн төсөвт ордог. Тиймээс орон нутгийн төсөвт ордог төлбөрийг манайх буцаан олгох боломжгүй.

Нэхэмжлэгч төлбөрийг нь нэхэмжлээд байгаа хашаа нь хөдлөх хөрөнгө учраас үүнийг зөөх, ашиглах боломжтой. Түүнчлэн, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар газар ашиглагч нь анх газраа ямар байдлаар хүлээж авсан тэр байдлаар буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө төрийн нийтийн өмч, дараагийн байгууллага ашиглах эрх нь нээлтэй байдаг учраас анх байсан байгалийн унаган төрхөөр нь буцаагаад хүлээлгэж өгөх үүрэг нь байдаг. Тиймээс хохиролд тооцох боломжгүй.

Б О нь газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох эрх хэмжээ байдаг. Газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Б О сайд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл тухайн 5 жилийн аль ч үед газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй. Тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалын улмаас ямар нэгэн гэм хор, хохирол учирсан, сайдын гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Мөн, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39.2-т ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч бараг 5 жил газраа ашигласан, хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан гэв.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Газрын төлбөр гэрээний дагуу ашиглаж байсан бол төлөх ёстой байх. Хашаа хашсан нь анх байсан хэмжээнд нь буцаан олгох хуультай байдаг бол нэхэмжлэх хэрэггүй мэт санагдлаа гэв.

4. Нэхэмжлэгч талаас өгсөн баримт: улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.12.29-ний өдрийн 2014/64 дугаар газар ашиглах гэрээ, 2016.05.01-ний өдрийн 16/05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 231 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.09.23-ны өдрийн 344 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.07.10-ны өдрийн А/355 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016.03.28-ны өдрийн 09/553 тоот албан бичиг, кассын орлогын ордер, Г Т ХХК-ийн 2022.03.21-ний 05 дугаартай албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016.03.25-ны 132 тоот албан бичиг, Уран ган ХХК-ийн 2022.04.01-ний 22/76 тоот албан бичиг, Г Т ХХК-ийн 2022.09.19-ний 38, 39 тоот албан бичгүүд, Т Х ХХК-ийн 2022.09.20-ны 12 тоот албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, Хос тэс ХХК-ийн 2022.09.20-ны 24 тоот албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ.

5. Хариуцагч талаас өгсөн баримт: Итгэмжлэл, газар ашиглах гэрчилгээ, гэрэл зураг, газрын зураг, итгэмжлэл.

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г Т ХХК нь хариуцагч Б Охолбогдуулж хохирол 401,512,821 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч талаас “хариуцагч нь хууль зөрчин газар ашиглах эрх олгосон, анхнаасаа олгох ёсгүй газар ашиглах эрх олгосны улмаас хохирол учирсан” гэх тайлбарыг, хариуцагч тал “нэхэмжлэгч гэрээний дагуу газар ашиглах эрхээ хэрэгжүүлсэн, ашигласан эсэхээс үл хамаарч газрын төлбөр төлөх ёстой, газар ашиглагч нь газрыг анх байснаар нь хүлээлгэн өгөх үүрэгтэй, сайдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэв.

2. Шүүх дараах үйл баримтыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.1. Б о н сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газар 21.8 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч Г Т ХХК-нд 5 жилийн хугацаатай, 2014.10.01-ний өдрийн 2014/64 дугаар газар ашиглах гэрчилгээ олгосон байна. /хх-3/.

Улмаар Г Т ХХК 2014.12.29-ний өдрийн 2014/64 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулжээ. /хх-8-9/

2.2. Г Т ХХК нь дээрх гэрээний дагуу газрын төлбөрт 2015.04.13-ны өдөр 51,796,800 төгрөг, 2016.03.25-ны өдөр 129,253,201 төгрөг, 2019.06.26-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 211,050,021 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг зэрэг банкны баримтаар /хх-11-12/,

Ашиглуулахаар олгосон газарт У Г ХХК-иар хашаа хийлгэж төлбөрт 2016.05.05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016.05.16-ны өдөр 90,462,800 төгрөг, нийт 190,462,800 төгрөг төлсөн нь 2016.05.01-ий өдрийн 16/05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, кассын орлогын ордер, У Г ХХК-ийн 2022.04.01-ний өдрийн 22/76 тоот албан бичиг зэрэг баримтаар /хх-10, 75, 128/ тус тус тогтоогдож байна.

2.3. Б О сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд Г Тд ХХК-д газар ашиглах эрх олгосон 2014.09.19-ний А-337 дугаар тушаал багтжээ. /хх-46/

2.4. Г Тд ХХК нь дээр дурдсан А/355 дугаар тушаалын Г Тд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 231 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож “... анхнаасаа уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах хуулийн зохицуулалт байхгүй...” гэж,

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.09.23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж “...хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ, ... маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Г Т ХХК-ийг газар ашиглахдаа хууль зөрчсөн гэж түүний газар ашиглах эрхийг цуцлаагүй, өмнөх актаа хууль бус гэж өөрөө хүлээн зөвшөөрч 2014.09.19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг хүчингүй болгосон...” гэж тус тус дүгнэжээ. /хх-13-23/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээр дурдсан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр Г Т ХХК-нд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаал нь анхнаасаа хууль бус болохыг тогтоосон байна.

2.5. Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардана.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”,

101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна”,

102 дугаар зүйлийн 102.2-т “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус тушаалын улмаас учирсан хохирлоо тус хууль зүйн үндэслэлүүдээр шаардах эрхтэй байна. 

2.6. Нэхэмжлэгч нь газрын төлбөрт 211,050,021 төгрөг төлсөн, хашаа хийлгэж 190,462,800 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэж нийт 401,512,821 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү зардлууд нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирлын тухай ойлголтод хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар ашиглагч нь “тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;”, “газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээх, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх” үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нэгэнт дуусгавар болсон тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрыг нөхөн сэргээж, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь ашиглаж байсан газраа буцаан хүлээлгэн өгөхдөө хашаалсан газраа буулгах, өөр газар зөөн байршуулах, дахин ашиглах, бусдад худалдан борлуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй бөгөөд хашаа нь хөдлөх хөрөнгөд хамаарна.

Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...хашааг зөөж авч явах боломжгүй...” гэх тайлбар үндэслэлгүй, энэ байдлыг нотолсон бичгийн баримтгүй байх тул анх газрыг хашаалахад гарсан зардал гэж 190,462,800 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “манай компанид газраа хашаалах үүрэг өгсөн” гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016.03.25-ны 132 тоот албан бичгийг үндэслэн тайлбарлаж байх боловч уг бичигт “...Г Т ХХК-ийн 21.8 га газарт хатуу цэг тогтоож, хашаа барьж үйл ажиллагаа эхлэхийг зөвшөөрсөн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн нь тус тайлбарыг нотлохгүй байна. /хх-127/

Харин газрын төлбөр төлсөн 211,050,021 төгрөгийн шаардлагын хувьд, хариуцагч байгууллага анхнаасаа олгох ёсгүй газрыг олгож, дараа нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон гэм буруутай үйлдэл гаргасан, энэхүү гэм буруутай байдал нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч нь газрыг хууль ёсны дагуу ашиглаж байгаа гэж үзэн Газрын тухай хууль, гэрээнд заасны дагуу тухайн үедээ газрын төлбөрт 211,050,021 төгрөг төлж хохирсон үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч олгох ёсгүй газрыг олгоогүй байсан бол нэхэмжлэгч газрын төлбөр төлж хохирохгүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.7. Хариуцагч талаас “...сайдын буруутай үйл ажиллагаа биш, гэм хор учруулсан гэж үзэхгүй”, “газар ашигласан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж тайлбарлан маргаж байх боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр олгох ёсгүй газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь хууль бус болохыг тогтоосон, хууль бус тушаалын үндсэн дээр байгуулсан газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б Онаас 211,050,021 төгрөгийг гаргуулан Г Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190,462,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...Газрын төлбөр гэрээний дагуу ашиглаж байсан бол төлөх ёстой байх. Анх байснаар нь буцаан олгох хуультай байдаг бол хашаа хашсан төлбөрөө нэхэмжлэх хэрэггүй мэт санагдлаа...” гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан бөгөөд хашааны төлбөрийн тухайд холбогдох хэсэг нь үндэслэл бүхий гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,165,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,213,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Б Онаас 211,050,021 төгрөгийг гаргуулан Г Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190,462,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,165,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Онаас 1,213,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Т ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  У.С

                                          ШҮҮГЧИД                                  Б.Ц

                                                                                                Т.Э