Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2022/02026

 

 

 

 

 

 

 

 

    2022           11            23                                        210/МА2022/02026

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * анд холбогдуулан гаргасан хохирол 401,512,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 * ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн * дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Улмаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/64 дугаар гэрчилгээ авч, хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар гэрээ байгуулж, нарийвчлан үнэлгээ батлуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

1.2 Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. * ХХК нь газарт ашиглах эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид газрын төлбөрт 211,050,021 төгрөг, хашаа барьсан зардал 190,462,800 төгрөг, нийт 401,512,821 төгрөгийн хохирол учирсан.

1.3 * ХХК-аас шүүхэд хандан * дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны 344 дүгээр тогтоолоор “...хариуцагчийн буруутай үйлдлийг, мөн нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан асуудлаар зохих журмын дагуу шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй” болохыг тус тус дүгнэсэн. Манайд газар ашиглах эрх олгогдоогүй байсан бол манайх төлбөр төлөхгүй байсан. Хашааны зардал нь хашаа барьсан зардал бөгөөд хашаа нь доошоо төмөр бетон цутгалттай тул зөөх, бусад байдлаар ашиглах боломжгүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт зааснаар * ХХК-д учруулсан хохирол 401,512,821 төгрөгийг хариуцагч * наас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 * ХХК нь 2014-2019 он хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхээ аваад үүнийхээ дагуу газраа ашигласан, гэрээний дагуу жилд газрын төлбөрт 86,328,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнийг хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг 2014 оноос хойш ашигласан учраас хохирол гэж үзэхгүй. Газрын тухай хуулиар газрын төлбөр орон нутгийн төсөвт ордог төлбөрийг буцаан олгохгүй.

2.2 Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хашааны зардал нь хөдлөх хөрөнгө учраас үүнийг зөөх, ашиглах боломжтой. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглагч нь анх газраа ямар байдлаар хүлээж авсан тэр байдлаар нь буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тиймээс хохиролд тооцох боломжгүй.

2.3 Байгаль орчин аялал жуулчлалын яам нь газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох эрх хэмжээний хүрээнд дуусгавар болгосон тушаалын улмаас ямар нэгэн гэм хор, хохирол учирсан, сайдын гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Мөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт “ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно” гэж заасан. Нэхэмжлэгч 5 жил газраа ашигласан, хүлээлгэж өгөх үүрэгтэй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг баримтлан * наас 211,050,021 төгрөгийг гаргуулан * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190,462,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,165,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * наас 1,213,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүхээс “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан хохиролд хамаарч байна” гэж дүгнэсэн атлаа “хөдлөх хөрөнгийн хувьд буруутай этгээдээс шаардах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хөдлөх хөрөнгийн хувьд хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулж болохгүй гэх хориглосон зохицуулалт байхгүй. Нөгөөтэйгүүр * ХХК нь зөвхөн тухайн 21,8 га талбайд зориулан суурилуулсан хашаа бөгөөд одоо нэгэнт тухайн газраа ашиглах боломжгүй болсон тул уг хашааг салган авбал дахин ашиглах боломжгүй болно.  

4.2 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх ёстой учир 21,8 га газарт зориулан хашаалсан хашааг салгаад өөрөөр дахин ашиглах, зарах боломжтой эсэхийг шүүх яаж дүгнэсэн нь ойлгомжгүй.

4.3 Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор “... * ХХК-аас газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт төлсөн төлбөр, ... 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21,8 га газраа бүхэлд нь хашаалсан,... хариуцагч нь ... өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан асуудлаар зохих журмын дагуу шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй” болохыг тус тус дүгнэсэн байдаг.

* ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт нийт 211,050,021 төгрөгийг төлсөн бөгөөд 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21,8 га газраа бүхэлд нь хашаалсан байдаг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газарт ашиглах эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид нийт 401,512,821 төгрөгийн хохирол учирсан. Нэхэмжлэгч компани уг газрыг хашаалахад нийт 190,462,800 төгрөгийн зардал гаргасан болох нь * ХХК-тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16/06 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, * ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 22/79 тоот албан бичиг, кассын орлогын ордерын баримтуудаар нотлогддог. Мөн хашааг буулган өөр бусад байдлаар ашиглах боломжгүй тухай тодорхойлсон * ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот, “Хос тэс” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24 тоот албан бичгүүд хэрэгт баримтаар авагдсан байхад шүүх дээрх баримтуудыг үнэлэхгүйгээр шууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

4.4 * ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж эхлээгүй, газраа ашиглаагүй байсан учраас газраа нөхөн сэргээх, засаж тохижуулах үүрэг үүсээгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсан Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дах хэсгийн 4-т заасан үүрэг нь ашиглаж байгаа газар нь хуулийн дагуу зохих ёсоор дуусгавар болоход хамааралтай болохоос манай тохиолдолд буюу сайд өөрийнхөө анх олгосон тушаалыг хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа учир хуулийн дээрх зохицуулалтыг ашиглах боломжгүй. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дах хэсгийн 4 -т заасан үүрэг нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дах хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болсон тохиолдолд хамааралтай буюу манай тохиолдол хамаарахгүй.

4.5 Мөн өнөөдрийн байдлаар тухайн газрыг * ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон байгаагаас үзвэл энэ компанид газар ашиглах эрх олгохын тулд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж дүгнэхээр байна. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг огт олгож болохгүй гэж дүгнэсээр байхад яагаад өөр компанид болохоор ашиглах боломжтой болдог вэ, Төрийн байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд нийцсэн, ардчилсан, тэгш шударга байх зарчмыг баримтлах ёстой байтал хуулийн этгээдүүдэд тэгш бусаар хандаж байгаад туйлын гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 * наас 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгодог. Тус хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар газар ашиглагч тухайн газрыг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх үүргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, тухайн газар дээр байгаа хөрөнгийг буулгаж, газрыг анхны байдалд шилжүүлж, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Түүнчлэн, * ХХК-аар хашааг бариулж, төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн хөлсийг адилтган тогтоосон баримт байсан. Иймд тухайн хөлсийг бүрэн төлсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тухайн хашаа нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд хуулиар уг хашааг зайлуулах үүрэг хүлээсэн тул хохиролд тооцох боломжгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 6.1 Анхан шатны шүүх "...хариуцагч олгох ёсгүй газрыг олгоогүй байсан бол нэхэмжлэгч газрын төлбөр төлж хохирохгүй байсан” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. * ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн * дугаар тушаалаар 21,8 га газрыг ашиглах эрх олгосон ба газар ашиглах эрх гэрээний 2.4, 4.2-т зааснаар төлбөр төлөх үүрэгтэй. Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн газар ашиглаж байх хугацааны төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзэх үндэслэл биш төдийгүй газрын төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт ордог болно.

6.2 Мөн * ХХК нь тухайн газраа 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 жил 10 сар газраа аялал жуулчлалын зориулалтаар ашигласан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах дээд хугацааг 5 жилээр олгодог бөгөөд энэ хугацаанд ямар ч саадгүйгээр нэхэмжлэгч нь газраа ашигласан. Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу газраа ашиглаж байсныхаа төлөө төлсөн газрын төлбөр нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан бусдад учирсан гэм хор гэж үзэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг заасан. Хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалснаар газрыг хүлээлгэн өгөх асуудал уг маргааны зүйлээс өөр юм. Тушаал нь анхнаасаа хууль бус байсан тул газар ашиглах эрх дуусгавар болж байгаа. Хариуцагч байгууллага өөрөө анх газар олгосон захирамжаа хүчингүй болгосон буюу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой асуудал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд дахин дүгнэлт өгөхгүй талаар анхан шатны шүүх шийдвэрт тусгаж өгсөн. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. * ХХК-тай холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэжээ.

8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Газар ашигласан бол гэрээний дагуу төлбөр төлөх ёстой. Тухайн газрыг анх байсан хэмжээнд буцаан олгох хуультай байдаг бол хашааны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг зохигчдын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * анд холбогдуулан хохирол 401,512,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * д холбогдуулан гэм хорын хохиролд газрын төлбөр болон хашаа бариулсан зардал гаргуулахаар шаардсан бөгөөд уг гарсан зардлаа бодит хохирол гэх агуулгаар тодорхойлжээ.

4. Нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг газраас салгаж болох эд хөрөнгө, салгаж үл болох эд хөрөнгийн хүрээнд ялган зааглаж тодорхойлоогүйгээс түүнд учирсан хохирлыг анхан шатны шүүх тодруулаагүйгээр шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Иймд шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,110,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА  

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ЗОЛЗАЯА  

 

Д.ЦОГТСАЙХАН