Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00067

 

 

 

 

 

 

 

     2024         01           05                                    210/МА2024/00067

 

 

ГТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/02928 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ГТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БЯ-нд холбогдох,

Хохиролд 401,512,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ГТ ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан.

Улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/64 дугаар гэрчилгээ авч, хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар гэрээ байгуулж, нарийвчлан үнэлгээ батлуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний нөхцөлийг мөрдөн ажиллаж байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

ГТ ХХК-аас захиргааны шүүхэд хандан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хохирлын асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

Иймд хариуцагч байгууллагын тушаалаар Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га газрыг ашигласны төлбөрт 211,050,021 төгрөг, газрыг тойруулан барьсан хашааны өөрийн зардлын үнэ 113,472,800 төгрөг, хашааг барих, буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг, нийт 401,512,821 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ГТ ХХК нь 2014-2019 оны хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхээ аваад үүнийхээ дагуу газраа ашиглаад, газрынхаа ашигтай чанарыг гаргаад ашиглаж байсан. Ийм учраас гэрээний дагуу жилд газрын төлбөрт 86,328,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнийг хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг 2014 оноос хойш ашиглаж байсан. Тусгай зөвшөөрлийн 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч газар ашиглах эрхээ эдэлсэн учраас хохирол гэж үзэхгүй. Газрын тухай хуулиар газрын төлбөр орон нутгийн төсөвт ордог. Тиймээс орон нутгийн төсөвт ордог төлбөрийг манайх буцаан олгох боломжгүй.

ГТ ХХК нь тухайн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, газрын албаны дансанд төлбөрийг төлсөн, энэ байгууллагад төлөөгүй. Иймд газрын төлбөрийг манай байгууллага хариуцахгүй.

21.8 га газрыг хашаалсан хашааг зөөх, ашиглах боломжтой. Нөгөө талаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар газар ашиглагч нь анх газраа ямар байдлаар хүлээж авсан тэр байдлаар буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй.  Тиймээс хашааны талаар гаргасан шаардлага нь хохиролд тооцогдохгүй.

БЯ- нь газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл тухайн 5 жилийн аль ч үед газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй. Тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалын улмаас нэхэмжлэгчид ямар нэгэн гэм хорын хохирол учирсан, мөн сайдын гэм буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар БЯ-наас газрын төлбөрт төлсөн 211,050,021 төгрөг, хашаа барих, буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг, нийт 288,040,021 төгрөгийг гаргуулан ГТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,472,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,165,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЯ-наас 1,598,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГТ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албаны эрх хэмжээнд хамаарна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт газрын төлбөрийн орлогыг аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөвт оруулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж хуулиар тодорхой зохицуулсан.

Мөн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/64 дугаартай Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, ГТ ХХК-ийн гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны   дансанд газрын төлбөрийг төлөхөөр заасан.

Иймд дээрх хууль болон гэрээнд заасны дагуу БЯ- газрын төлбөрийг авдаггүй тул тус яамыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн ГТ ХХК-ийн тухайн газрыг тойруулан барьсан хашааг барих, буулгах, тээврийн зардалд зарцуулах зардлыг 76,990,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоож шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй бөгөөд тухайн компанийн хашааг барихад шаардагдах зардлыг тус яамнаас хариуцах үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2014 онд хариуцагч яамны сайд хууль бус шийдвэр гаргасан. Сайд нь 2019 онд уг буруу шийдвэрийг гаргаснаа хүлээн зөвшөөрч уг шийдвэрийг хүчингүй болгосон. Энэхүү хууль бус шийдвэрийн үндсэн дээр тухайн газар дээр гурван талт гэрээ байгуулагдсан. Анхнаасаа байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байсан. БЯ- газрын төлбөрийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 болон 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хууль бус шийдвэр гаргаж, ГТ ХХК-д газартай болсон гэх итгэл үнэмшил төрүүлээгүй байсан бол ийм зардал гаргахгүй байсан. Уг зардалд хашааны тээврийн зардал буюу барих, буулгах зардал багтаж байгаа. Барааны материалын өртөг үнээр хашааг буулгаад, нэг газарт хадгалахаар бол хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, тээвэрлэж байгаа зардал нэгэнт гарчихсан тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Газрын төлбөрийг дүүргийн Газрын алба авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Төсвийн тухай хуульд зааснаар улс нэгдсэн төсөвтэй. Аль дүүргийн Газрын албаны дансанд хийснээс үл хамааран хариуцагч буюу сайдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн хохирол учирсан тул уг хохирлыг гаргуулах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ГТ ХХК нь хариуцагч БЯ-нд холбогдуулан газрын төлбөрт төлсөн 211,050,021 төгрөг, газрыг тойруулан барьсан хашааны үнэ 113,472,800 төгрөг, хашааг барих, буулгах зардалд 76,990,000 төгрөг, нийт 401,512,821 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 21.8 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ГТ ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2014/64 дугаартай гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч ГТ ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/64 дугаартай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./1хх 3, 8-9/

    

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон байх ба уг тушаалын хавсралтын 24-т ГТ ХХК-д Ташгайн ам нэртэй газарт 21.8 га газар ашиглах эрх оржээ.

 

Нэхэмжлэгч ГТ ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 13-23, 46/

 

4. Харин, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хашаа барих, буулгах, тээвэрлэх зардлаар хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

4.а. Гэрээний 2.4-т газрын төлбөрийн хэмжээг 1 жилд 86,328,000 төгрөг байхаар тохиролцож, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны эзэмшлийн, Улаанбаатар хотын банкин дахь 2603007906 тоот дансанд 2014, 2015, 2016 онуудын газрын төлбөрт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 51,796,800 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 129,253,201 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 211,050,021 төгрөг төлсөн байна. /1хх 11-12/

 

4.б. Гэрээний “дөрөв”-ийн 2-т “газрын төлбөрийг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 2.4-ийн б, в-д “газрын төлбөрт 1 жилд 86,328,000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх” үүргийг нэхэмжлэгч ГТ ХХК тус тус хүлээсэн байх бөгөөд талуудын энэ тохиролцоо нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

4.в. Нэхэмжлэгч 5 жил газар ашиглах эрхтэй байснаас уг хугацааг дуусахаас 2 сарын өмнө түүний газар ашиглах эрхийг олгосон тушаал хүчингүй болсноор газар ашиглаагүй 2 сарын төлбөрийг буцаан шаардах эрхтэй байж болно.

 

4.г. Харин, нэхэмжлэгчээс газрын төлбөрт төлсөн 211,050,021 төгрөг нь түүний газрыг ашигласан 4 жил 10 сарын төлбөрт хамаарч байх бөгөөд тэрээр сүүлийн 2 сарын газрын төлбөрийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр төлбөр буцаан шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх газрын  төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.    .

 

4.д. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар газар ашиглах эрх хүчингүй болсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т зааснаар газар ашиглагч этгээд буюу нэхэмжлэгч нь ашиглаж байсан газраа чөлөөлж, 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар 4 жил 10 сарын хугацаанд газрыг ашигласан байх ба үлдэх 2 сарын хугацаанд газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан байдлыг харгалзах үзэж тухайн газрыг хамгаалсан хашаа барих, буулгах, тээврийн зардалыг ашигласан хугацаанд нь хувь тэнцүүлэн хохиролд тооцох боломжтой байхад анхан шатны шүүх бүхэлд нь буюу 76,990,000 төгрөгийн хэмжээгээр хохирлыг гаргуулсан нь үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэнэ.

 

Иймд Х ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тооцоход тухайн хашааг буулгах зардал 22,725,000 төгрөг, тээврийн зардал 3,600,000 төгрөг, нийт 26,325,000 төгрөг байх тул газар ашиглах нийт 5 жил буюу 60 сараас 2 сард ногдох хохиролд 877,500 /26,325,000/60сар=438.750*2сар/ төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана. /2хх 3-24/

 

5. Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21.8 га газрыг тойруулан барьсан хашаа нь газраас салгаж болох эд хөрөнгө гэж үзэж, хашааны үнэ 113,472,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

6. Иймд нэхэмжлэгчийн шаардлагаас гэрээ цуцалсантай холбоотой хохиролд 877,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ГТ ХХК-д олгож, үлдэх 400,635,321 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч тал хариуцагчийг хууль бус шийдвэр гаргаж төлөх ёсгүй төлбөр төлүүлсэн гэх үндэслэл зааж гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарч байхад анхан шатны шүүх мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамааруулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй. Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийн хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх Монгол улсын мөнгөн тэмдэгт “төгрөгийг” хэрэгсэхгүй болгохоор заасан нь найруулгын хувьд алдаатай болсныг анхааруулав.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/02928 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БЯ-наас 877,500 төгрөгийг гаргуулж ГТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400,635,321 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1,598,150” гэснийг “25,610” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БЯ- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ