Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1163

 

          

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 404 486 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ХНХ-ын сайдын Б/00 дугаар тушаалаар халагдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн ханган 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 шүүхийн шийдвэр гарсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүх 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00210 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалинд 10.404.486 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХНХЯ--наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.404.486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ХНХЯ--нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч ХНХЯ--наас улсын тэмдэгтийн хураамжид 181.422 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэн Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ХНХЯ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт                            10 404 486 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг  төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Д.Б-ыг Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9 955 890 төгрөгийг хариуцагч ХНХЯ-наас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. / хх 5-15/

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар тогтоолоор хариуцагч ХНХЯ-наас 5 440 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 16-22/

 

Хариуцагч ХНХЯ- нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг бодиттойгоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамааруулан  нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томлох үүрэгтэй.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилтныг эгүүлэн томилсон үйл баримт тогтоодохгүй байгаа тохиолдолд түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ