Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2019/00695

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Аймаг, сум, дугаар баг, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт  Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, байр хаягт байрлах “Х яам”-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,404,486 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн төлөөлөгч   О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Аймаг дахь  политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х сайдын Б/30 дугаар тушаалаар халагдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн ханган 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 шүүхийн шийдвэр гарсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын  дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00210 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалинд10,404,486 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 Хариуцагч Х яам шүүхэд болон төлөөлөгч  О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч “Х яам”-нд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,404,486 төгрөг гаргуулах Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х яам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 тоот шийдвэрээр Д.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,955,890 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 тоот шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,326,744 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэрээр урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,440,878 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00210 тоот тогтоолоор “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр  сарын 10-ны өдрийн 1990 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч Х яам шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,404,486 төгрөг шаардаж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Б- шүүхэд ханджээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд 2018 оны 05 дугаар  сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /өдөрт 47,727 төгрөг х218 өдөр/ 10,404,186 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-од олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг /нэг өдөрт 47,727 төгрөгөөр/ тогтоосныг баримталж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х яам”-наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,404,486 /Арван сая дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Х яам”-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч “Х яам”-наас улсын тэмдэгтийн хураамжид 181,422 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

4. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ