Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00370

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй,

Х-д холбогдох,

Ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 404 486 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/30 дугаар тушаалаар халагдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0091 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн ажилд эгүүлэн томилоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 шийдвэр гарсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00210 тоот тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт цалинд 10 404 486 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-наас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 404 486 /Арван сая дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батогтоход олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Х”-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар хариуцагч “Х”-аас улсын тэмдэгтийн хураамжид 181 422 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх иргэн Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Д.Б нь Ханд холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 404 486 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах 3 сарын хугацааг өнгөрсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Быг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч ажил олгогч өнөөдрийг хүртэл ажилд нь томилсон тухай шийдвэр гаргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно гэж, 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй гэж зохицуулжээ.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй тул ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан 3 сарын хугацаа ажилтныг ажилд нь томилсон тушаал гарч, шүүхийн шийдвэр биелэгдсэн үеэс тоологдож эхлэх тул “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хууль буруу хэрэглэсэн...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хоёр шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд зохигчийн маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн,  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00695 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                                    ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД