Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 124/2017/0030/З |
Дугаар | 72 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 72
С.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”,
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0767 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: С.Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Д.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ийг Увс аймгийн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0767 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3”, гэсний дараа “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15” гэж нэмж бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Д.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул гомдол гаргаж байна.
4. Учир нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Б-ийг ажлын байрандаа байгаагүй талаар гэрчилсэн гэрч С.Дашнямын шүүхэд өгсөн мэдүүлгийг анхаарч үзээгүй байна. Тус гэрчийн мэдүүлгээр Түргэн суманд хяналт шалгалтаар очих үед нэхэмжлэгч С.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн уг мэдүүлэгт нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга руу ажлын цагаар согтуу ярихдаа зүй бусаар харьцсан талаар хэрэгт авагдсан байгаа.
5. Түүнчлэн нэхэмжлэгч С.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.8, 9.2.9, 9.3.4 болон Түргэн сумын Дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.4 дэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдэд ямар арга хэмжээ авах талаар тодорхой тусгаж, зохицуулсан байхад анхан шатны шүүх уг сахилгын арга хэмжээ авсан аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
6. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч С.Б нь ажлын байрандаа шалтгаангүйгээр байгаагүй, ажлаа тасалсан зөрчил гаргасан мөн ажлын байрандаа архи ууж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул уг сахилгын шийтгэлийг ногдуулсан.
7. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0767 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Б-ийг “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр Түргэн сумын Дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг зөрчсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
10. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр зохицуулсан байна.
11. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “...Хөдөлмөрийн гэрээ болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. ...С.Б нь аймгийн Засаг даргатай утсаар согтуу ярьж сүрдүүлсэн, зүй бусаар харьцсан, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлын байрандаа байгаагүй, удаа дараа ажил тасалсан, ажлын цагаар архидан согтуурсан...” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй.
12. Учир нь, хариуцагчаас С.Б-ийг “2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлын байрандаа байгаагүй, удаа дараа ажил тасалсан” гэж буруутгасан байх боловч аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тухай” А/134 дүгээр захирамжаар цаг агаарын хүндрэлтэй байдлаас шалтгаалж Улаангом хотоос гадагш гарах бүх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарласнаас болж нэхэмжлэгч нь ажилдаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдсон ба 2017 оны 3 дугаар сарын 24, 29, 30-ны өдрүүдэд ажил тасалсан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, албан хаагчийг ажил тасалсан гэдгийг гэрчийн мэдүүлэг нотлохгүй болно.
13. Түүнчлэн нэхэмжлэгчийг буруутгасан “ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан” гэх үндэслэлийг нотолсон баримтгүйгээс гадна гэрч С.Дашнямын “...аймгийн Засаг дарга надтай уулзахдаа Түргэн сумын сургуулийн захирал С.Б өөртэй нь утсаар ярихдаа зүй бусаар харьцсан талаар танилцуулсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
14. Дээрх байдлаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч С.Б-ийг ажлаас халсан захиргааны актын үндэслэл болсон сахилгын зөрчлийг давтан гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй буюу шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж тайлбар, саналаа гаргах боломж олгоогүй, мөн аймгийн Боловсролын газраас албан ёсны саналыг нь авалгүй шийдвэр гаргаж хууль зөрчжээ.
15. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасан шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй буруутай бөгөөд тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.
16. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...нэхэмжлэгч С.Б-ийг ажлын байрандаа байгаагүй талаар гэрчилсэн гэрч С.Дашнямын мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй, ...уг мэдүүлэгт нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга руу ажлын цагаар согтуу ярихдаа зүй бусаар харьцсан талаар байгаа. ...С.Б нь ажлын байрандаа шалтгаангүйгээр байгаагүй, ажлаа тасалсан, мөн ажлын байрандаа архи ууж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул уг сахилгын шийтгэлийг ногдуулсан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
17. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2017 оны Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ тухайн маргааныг зохицуулсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь хуульд нийцсэн байна.
18. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0767 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА