Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 552

 

Л.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Л.Э, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 916 дугаар магадлалтай, Л.Э-д холбогдох 1806008891144 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, Шарнууд овогт Л-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Э-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал гаргасан гомдолдоо “Шүүх шүүгдэгч Л.Э-ыг иргэн С.М, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь шинжээчийн 1464 дугаартай дүгнэлтэд “С.М-ын биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэсэн байхад Л.Э-г хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх “шүүгдэгч Л.Э-ын бие махбодид тодорхой гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүгдэгчийг буруутгасан нь хэргийн талыг барьсан, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар  заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн.

Мөн шүүгдэгч Л.Э, хохирогч Д.Д нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг нотолж чадаагүй. Энэ нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэсгийн “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэхийг эргэлзээгүй нотлоогүй, мөн цаг хугацааны зөрүүтэй байдал зэргийг шалгаж тодруулаагүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг үл харгалзан шийдвэрлэсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүх хэргийн бодит байдлыг буруу тогтоосны улмаас шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Э нь С.М, Д.Д нарын эрүүл мэндэд тодорхой шалтгаангүйгээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогджээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд хоёр хохирогч зөрүүтэй 16, 18 цаг гэж мэдүүлсэн боловч тухайн үйл явдал болох үед шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтуу байсан, үйл баримтын хувьд зөрүү байхгүй болох нь тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Л.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учраагүй талаар маргаж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан 1464 дүгээр дүгнэлтийг гомдлын үндэслэл болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч С.М, Д.Д нарт хөнгөн хохирол учирсан талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1464, 1466 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд тодорхой заасан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тогтоолд тусгахдаа гэмтэл тогтоогдсонгүй гэж 1464 дүгээр дүгнэлтийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 916 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН