Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Батбаяр,

хохирогч Д.Д,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Л.Эад холбогдох эрүүгийн 1806008891144 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Л.Э, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Их Говь Энержи” ХХК-д мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ..... тоотод оршин суух,

 Сум дундын 11 дүгээр шүүхийн  2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:..../,

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Д.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Л. Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эаас 871.202 төгрөг гаргуулж хохирогч Д.Дд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 155.038 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Б.Батжаргал гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. Шүүх шүүгдэгч Л.Эыг иргэн С.М, Д.Д нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар хуудаст бичигдсэн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1464 дугаартай:

“С.Мын биед....дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт гарсан байхад Л.Эыг 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээс “...шүүгдэгч Л.Эын бие махбодид тодорхой гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1467 дугаар шинжээчийн дүгнэлт...зэргээр тогтоогдож байна” гэж шүүхээс дүгнэсэн атлаа С.Мын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь шүүгдэгчдийг буруутгах талыг барьсан, бодит байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч Л.Э нь мөрдөн байцаалтад “Д.Д, С.М нар нь архи уучихаад согтуурхаад улмаар надад хандаж муу хулгайч, новш гэх зэргээр хараагаад байхаар нь би тэдэнд хандаж боль гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр ирж маргаан үүсгэсэн. ...миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Би цохиулаад урдаас нь хариу үйлдэл огт үзүүлж, зодолдоогүй...Тэд Одгэрэл, Энхзул нартай зодолдоод байсан” гэж мэдүүлсэн.

Мөн хохирогч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд “2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед...Э согтуу ирээд надтай үг солилгүй шууд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон...” гэж, хохирогч С.М мөрдөн байцаалтад “...Оройн 19 цагийн орчим бид нар Чойр өнгөрөөд явж байхад автобусны голд манай ажилтан Дгийн нүүрэн тус газар цохиж харагдсан...” гэж тус тус цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх мэт хэргийн талаар нотолбол зохих асуудлыг эргэлзээгүй нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсгийн “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангагдаагүй.

Дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх байдлыг эргэлзээгүй нотлоогүй, мөн цаг хугацааны зөрүүтэй байдал зэргийг шалгаж тодруулаагүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 Шүүх дээр дурдсан байдлаар хэргийн бодит байдлыг буруу тогтоосны улмаас шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Эад зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Хохирол төлбөр тооцоог одоо болтол төлж барагдуулаагүй, гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Э нь хохирогч С.М, хохирогч Д.Д нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдон тогтоогдсон. Прокурор хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байдаг. Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгт шинжээчийн дүгнэлтийг бичихдээ   хохирогч С.Мын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж буруу бичсэнийг  давж заалдах шатны шүүх  дүгнэлтээрээ залруулах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Д.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д /хх-18-19/, хохирогч С.М /хх-15-16/, гэрч С.Т /хх-9-10/, шүүгдэгч Л.Эын /хх-69/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1466 дүгнэлт /хх-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1464 дүгнэлт, гэрэл зураг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Батжаргал: “хэргийн бодит байдлыг буруу тогтоож, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.Хавтаст хэрэгт буй :

хохирогч Д.Дгийн “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед “Айраг” гэх газар өнгөрөөд явж байтал миний хажууд явж байсан 2 ажилтан хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би сандлаасаа босоод тэр хоёрыг боль гэж хэлтэл урдаас манай байгууллагын ээлжийн мастер Э согтуу ирээд надтай үг солилгүй шууд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тухайн үед хэсэг бужигнаад салаад би хойно очоод суутал манай ажлын Мын хамар нь муруйчихсан цус гараад байж байхаар нь би “яасан юм” гэхэд Э сая мөргөчихлөө гэсэн. Тэгээд маргаан хэсэг намжсаны дараа Э над дээр ирээд “та миний шүдийг цохьсон байна гээд миний нүүр рүү дахин 3-4 удаа цохьсон. Энэ үед ажилчид ирж салгасан. Дараа нь Баянзүрхийн товчоон дээр ирэхэд Э дахин ирээд “ална” гээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгээд би цагдаа дуудсан. ...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

хохирогч С.М “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 8 цагийн орчим миний ажиллаж байсан “Их говь энержи” ХХК-ийн ажилчид Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу албаны унаагаар гарсан. Оройн 19 цагийн орчим бид нар Чойр өнгөрөөд явж байхад автобусны голд манай ажилтан Дгийн нүүрэн тус газар манай байгууллагын мастер Э цохиж харагдсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол Э надад хандаж шууд миний нүүрэн тус газар мөргөсөн. Тухайн үед миний хамраас их цус гарч хавдсан ба манай ажлын Батгэрэл гэх залуу намайг салгаад хойшоо авч явсан. Оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны орчим бид нар ирэхэд Д Эад хандаж ахын дүү ахтайгаа уулзвал уулз, би цагдаа шүүх гээд яахав гэж хэлтэл Э нь Дгийн нүүрэн тус газарт өмнө нь цохьсон зүүн нүд хэсэг рүү дахин нэг удаа цохьсон. Тухайн үед Дгийн зүүн нүд тагларсан, их хавдсан байсан. Бид хоёр Эад огт гар хүрээгүй. ...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

гэрч С.Т “...уулын мастер Э нь оператор Д, М нартай муудалцсан байдалтай дундуур нь хүмүүс ороод салгачихсан байсан. Шөнө 23 цагийн үед Баянзүрхийн товчоо орчимд ирэхэд тэнд М, Д нар бууна гээд автобус зогсоод хүмүүс буусан. Нэг харахад Д Э нар дахиад зодолдчихсон ба тэр зодооны дараа Дгийн нүүр ам нь их хавдаж зүүн талын шанаа орчмоор нь цус гарч байсан. Харин Эад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. ...” /хх-9-10/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд  2018 оны 1 сарын 13-нд “Их говь энержи” ХХК-ийн ажилчид Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу албаны унаагаар явцгаах үедээ автобусанд архи уун согтуурсан байх бөгөөд шүүгдэгч  Л.Э, хохирогч Д.Д,С.М нар нь согтуугаар хоорондоо маргалдаж,Л.Э нь Д.Д,С.М нарыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1466 тоот “...Д.Дгийн биед зүүн нүдний зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1464 тоот “...С.Мын биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын улайлт, хамар, уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын өнгөц язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-35/  гэх дүгнэлтүүдээр бусдын биед гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгтээ “...хохирогч С.Мын биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж  хавтаст хэрэгт байхгүй дүгнэлтийг бичсэн нь  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.

Гэхдээ давж заалдах шатны шүүх дүгнэлтээрээ үүнийг зөвтгөх боломжтой бөгөөд хэргийн зүйлчлэлд   нөлөөлөхгүй юм.

Хохирогч С.Мын биед үзлэг хийсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1464 тоот   нэг л дүгнэлт байх бөгөөд энэ дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон, энэ талаар эргэлзээ төрүүлэх баримт хэрэгт байхгүй байна.

Хохирогч С.М нь анхан шатны шүүхэд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн  бөгөөд  шүүх хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтын хүрээнд хохирогч Д.Дд учирсан  871.202 төгрөгийн хохирлыг  зөв тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хохирогч нар   энэ гэмт хэргийн улмаас учирсан  хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь цаашид нээлттэй.

Хэргийн үйл баримт тогтоогдсон, зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1077 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ