Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1077

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Д.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806008891144 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнх-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Д.Доржсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806008891144 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Л.Э нь хохирогч С.Мөнх-Очир, Д.Доржсүрэн нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 01 сарын 13-ны өдөр 16 цагийн үед унаа "Айраг" гэх газар өнгөрөөд явж байтал миний хажууд явж байсан 2 ажилтан хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би сандлаасаа босоод тэр хоёрыг соль гэж хэлтэл урдаас манай байгууллагын ээлжийн мастер Э согтуу ирээд надтай үг солилгүй шууд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тухайн үед хэсэг бужигнаад салаад би хойно очоод суутал манай ажлын Мөнх-Очирын хамар нь мууруйчихсан цус гараад байж байхаар нь би "яасан юм" гэхэд Э сая мөргөчихлөө гэсэн. Тэгээд маргаан хэсэг намжсаны дараа Э над дээр ирээд "та миний шүдийг цохьсон байна гээд миний нүүр рүү дахин 3-4 удаа цохьсон. Энэ үед ажилчид ирж салгасан. Дараа нь Баянзүрхийн товчоон дээр ирэхэд Э дахин ирээд "ална" гээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгээд би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Хохирогч С.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 01 сарын 13-ны өглөө 8 цагийн орчим миний ажиллаж байсан "Их говь энержи" ХХК-ийн ажилчид Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу албаны унаагаар гарсан. Оройн 19 цагийн орчим бид нар Чойр өнгөрөөд явж байхад автобусны голд манай ажилтан Доржсүрэнгийн нүүрэн тус газар манай байгууллагын мастер Э цохиж харагдсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол Э надад хандаж шууд миний нүүрэн тус газар мөргөсөн. Тухайн үед миний хамраас их цус гарч хавдсан ба манай ажлын Батгэрэл гэх залуу намайг салгаад хойшоо авч явсан. Оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо, товчооны орчим бид нар ирэхэд Доржсүрэн Эад хандаж ахын дүү ахтайгаа уулзвал уулз, би цагдаа шүүх гээд яахав гэж хэлтэл Э нь Доржсүрэнгийн нүүрэн тус газарт өмнө нь цохьсон зүүн нүд хэсэг рүү дахин нэг удаа цохьсон. Тухайн үед Доржсүрэнгийн зүүн нүд тагларсан, их хавдсан байсан. Бид хоёр Эад огт гар хүрээгүй. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч С.Тайванбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

... уулын мастер Э нь оператор Доржсүрэн, Мөнх-Очир нартай муудалцсан байдалтай дундуур нь хүмүүс ороод салгачихсан байсан. Шөнө 23 цагийн үед Баянзүрхийн товчоо орчимд ирэхэд тэнд Мөнх-Очир, Доржсүрэн нар бууна гээд автобус зогсоод хүмүүс буусан. Нэг харахад Доржсүрэн Э нар дахиад зодолдчихсон ба тэр зодооны дараа Доржсүрэнгийн нүүр ам нь их хавдаж зүүн талын шанаа орчмоор нь цус гарч байсан. Харин Эад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэр 3 гуравуулаа л архи уусан байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1466 дугаартай:

Д.Доржсүрэнгийн биед зүүн нүдний зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1464 дугаартай:

С.Мөнх-Очирын биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын улайлт, хамар, уруулын дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын өнгөц язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,

 

Шүүгдэгч Л.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

... манай ажилчид автобус дотроо архи ууцгаасан. Доржсүрэн, Мөнх-Очир нар нь архи уучихаад согтуурхаад улмаар надад хандаж муу хулгайч, новш гэх зэргээр хараагаад байхаар нь би тэдэнд хандаж боль гэж хэлсэн. Удалгүй тэр 2 над дээр ирээд маргаан үүсгэж байгаад Доржсүрэн нь миний нүүрэн тус газарт хэд хэдэн  удаа шалтгаангүйгээр цохисон. Би цохиулаад урдаас нь хариу үйлдэл огт үзүүлж зодолдоогүй. Тэгээд уг хэрүүл маргаан үргэлжилсээр байгаал орой 22-23 цагийн орчимд Баянзүрхийн товчоон дээрээс цагдаа дээр ирж байцаалт өгсөн. Би тэр хоёрт гар хүрээгүй, би архи уугаагүй байсан. Тэд Одгэрэл, Энхзул нартай зодолдоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

-гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Цагдаагийн байгууллагад гаргасан Л.Эын өргөдөл /хх-ийн 7/

-хохирогч Д.Доржсүрэнд учирсан гэмтэлийн гэрэл зураг /хх-ийн 12-13/

-толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Л.Эын бие махбодид тодорхой гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1467 дугаартай: Л.Эын биед баруун нүдний алимны салстын улайлт, дух, хүзүүний зулгаралт, доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/, толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 31/ зэргээр тогтоогдож байна.

Л.Эын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар гэмтлийн зэрэгт хамаараагүй учир түүний гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд холбогдох албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Дээрх баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Э болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хэт нэг талыг барьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, Л.Эын гаргасан гомдолыг шалгаагүй, зөвхөн Л.Эыг яллах байдлаар нотлох баримт бүрдүүлсэн гэсэн нь үгүйсгэгдэж байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-44/,

Хохиролын талаархи баримтууд /хх-ийн 58-63/, шүүх хуралдаанд хохирогч Д.Доржсүрэнгийн гаргаж өгсөн хохиролын талаархи 35 ширхэг худалдан авалтын баримт, тархины цахилгаан бичлэгийн дүгнэлт 2 хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Эыг иргэн С.Мөнх-Очир, Д.Доржсүрэн нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Доржсүрэн нь нийт 1.026.240 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгуулж хохирол нэхэмжилснээс 155.038 төгрөгийн нэхэмжлэлийг хоол идсэн баримт, шашны байгууллагаар үйлчлүүлсэний төлбөр төлсөн баримт, шатахуун худалдан авсан баримтууд байх учир хэрэгсэхгүй болгож, 871.202 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Доржсүрэнд олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч С.Мөнх-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч Л.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эаас 871.202 төгрөг гаргуулж хохирогч Д.Доржсүрэнд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 155.038 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Мөнх-Очир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ