Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00874

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б.Э.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б.х.т.” ХХК холбогдох,

 

“Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 250,738,500 төгрөг, учирсан хохирол 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гэрч  Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б.Э.Э” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Б.х.т” ХХК-тай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-г байгуулж 3493 УБ болон 5523 УН улсын дугаартай Хьюндай-500 маркийн 2 ширхэг экскаваторыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон нүүрс олборлолтод зориулан нэг бүрийн нэг сарын түрээсийн төлбөр 49,500,000 нийт 99,000,000 /НӨАТ болон 2 ээлжийн операторын цалин орсон/ төгрөг байхаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан юм.

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэлтэйгээр биелүүлж тухай бүр тооцоо нийлж хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байсан гэвч “Б.х.т” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.

“Б.х.т” ХХК-тай бидний зүгээс дор дурдсанаар тооцоо нийлж тус бүр хоёр талаас тамга дарж баталгаажуулсан байдаг. Үүнд:

“Б.х.т” ХХК нь 2018 оны 11 сарын 03-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний”-дагуу “Б.Э.Э” ХХК-д 2018 оны 10 сарын 47,025,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

“Б.х.т” ХХК нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний”-ний дагуу “Б.Э.Э” ХХК-д 2018 оны 11 сарын байдлаар 91,966,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй

“Б.х.т” ХХК нь 2019 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар 75,900,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

“Б.х.т” ХХК нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний” дагуу “Б.Э.Э” ХХК-тай 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон тооцоо нийлж “Б.х.т” ХХК нь 189,738,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

“Б.х.т” ХХК нь 2019 оны 02 сарын 21-ний өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний” дагуу “Б.Э.Э” ХХК-тай 2019 оны 01 сарын тооцоо нийлж “Б. х.т” ХХК нь 66,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

Бидний зүгээс удаа дараа дээрх төлбөрийг төлөх шаардлагыг хүргүүлж удирдлагуудтай нь очиж уулзаж байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрөө төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй бөгөөд манай байгууллага нь өнгөрсөн хугацаанд машин механизмд гарсан гэмтэл, ажилчдын цалин бусад зардлуудаас гарсан санхүүгийн эрсдэлийг өөрсдөө үүрч их хэмжээний хохирол амссан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний 4.5-д “Түрээслэгч тал гэрээний 2.1-д заасан төлбөрийг Түрээслүүлэгчид заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, “318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заасны дагуу хариуцагч “Б.х.т” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 250,738,500төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн энэ асуудлаар Өмгөөллийн “Легал Полиси” ХХН-тэй 2019 оны 04 сарын 15-ны өдөр “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байгаа юм. Өмгөөллийн үйлчилгээний нийт төлбөрийг 12,500,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 “учруулсан хохирлыг арилгуулах” гэсний дагуу энэхүү төлбөрийг мөн шаардаж байгаа болно.

Дээр дурсан Өмгөөллийн “Легал Полиси ХХН”-д төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” хэмээн заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн бол өмгөөллийн үйлчилгээ авч, илүү төлбөр төлөх шаардлага байхгүй байсан тул үйлчилгээний төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөр 250,738,500 төгрөг, учирсан хохирол 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Б.х.т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““Б.Э.Э” ХХК, “Б.х.т” ХХК нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ О.О гэдэг хүн “Б.Э.Э” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл О.О нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Б.х.т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Б.А гэдэг хүнд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Яагаад гэвэл гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь тухайн үед Амарболд гэдэг хүн байх ёстой байхад О.О гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэн шаарддаг. Гэтэл хэрэгт байгаа тооцооны актуудын он сар зөрдөг бөгөөд гэрээ нь дугааргүй хэрнээ тооцооны акт нь 15 гэсэн дугаартай байгаа учраас гэрээний үндсэн дээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрх нь тогтоогдохгүй. Одоо бол тооцоо нийлсэн акт нь хэрэгт хамааралгүй байдаг. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 12,500,000 төгрөг шаардаж байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Үүнийг учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд заавал өмгөөлөгчтэй оролцуулах албагүй, нэхэмжлэгчийн эрх юм. Тиймээс хохирол тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК нь “Б.х.т” ХХК-д холбогдуулан “Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 250,738,500 төгрөг, учирсан хохирол 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Б.х.т” ХХК нь хариуцагч “Б.Э.Э” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээ байгуулж, уг гэрээгээр 34-93 УБ болон 55-23 УН улсын дугаартай Шар өнгийн Хьюндай-500 маркийн 2 ширхэг экскаваторыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон нүүрс олборлолтод түрээсээр ашиглуулах, түрээсэлж буй техник хэрэгслийн нэг бүрийн нэг сарын түрээсийн төлбөр 49,500,000 төгрөг байх ба үүнд НӨАТ болон 2 ээлжийн операторын цалин багтаж, түрээслэгч тал түрээсийн төлбөрийг 30 хоногоор тооцоо нийлж 35 хоногт багтаан шилжүүлж байхаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэлтэйгээр биелүүлж тухай бүр тооцоо нийлсэн,

...хариуцагч “Б.х.т” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 250,738,500төгрөг гаргуулж өгнө үү.

Өмгөөллийн “Легал Полиси ХХН”-д төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн бол өмгөөллийн үйлчилгээ авч, илүү төлбөр төлөх шаардлага байхгүй байсан тул үйлчилгээний төлбөр 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулах...гэж тайлбарладаг.

 

Хариуцагч “Б.х.т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан байдаг.

Гэтэл О.О нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Б.х.т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Б.А гэдэг хүнд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм.

Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харагдаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэн шаарддаг. Гэтэл хэрэгт байгаа тооцооны актуудын он сар зөрдөг бөгөөд гэрээ нь дугааргүй хэрнээ тооцооны акт нь 15 гэсэн дугаартай байгаа учраас гэрээний үндсэн дээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрх нь тогтоогдохгүй.

Одоо бол тооцоо нийлсэн акт нь хэрэгт хамааралгүй байдаг. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 12,500,000 төгрөг шаардаж байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Үүнийг учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд заавал өмгөөлөгчтэй оролцуулах албагүй, нэхэмжлэгчийн эрх юм. Тиймээс хохирол тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

            Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

 

                Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.2-т “Түрээслэгч нь эд гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан тул хариуцагч “Б.х.т” ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч болох “Б.Э.Э” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөө заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заажээ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-гээр тогтоогдож байх бөгөөд талууд түрээсийн гэрээ байгуулагдсан дээр маргаагүй, гэрээний зүйлийг хүлээн авч, эзэмшиж ашигласан үйл баримтад маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа О.О нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Б.х.т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Б.А гэдэг хүнд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа үндэслэлээр эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар тайлбарласан боловч хариуцагч тал 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа дээрх талаар дурдаагүй байсан ба харин талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаагүй гэж тайлбарласан бөгөөд “Б.х.т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу гэрээ байгуулагдахад захирал Б.А томилогдсон явдал нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

 

                Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлсөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан нь Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлсөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “гэрээний хугацаа нь техник хэрэгслийг шилжүүлэн өгснөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна.”, 5.3-т “Гэрээний хугацаанд талуудын аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээний 5.1-д заасан хугацаагаар шууд сунгагдана” гэж талууд тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч талууд гэрээг цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд гэрээнд заасан хугацаагаар сунгагдахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө”, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар “хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө” гэж тус тус заажээ.

 

Гэрээний 2.2-т “Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг 30 хоногоор тооцоо нийлж 35 хоногт багтаан шилжүүлж байхаар тохиролцов” гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу талууд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Хьюндай-500 маркийн 34-39 УБ, 55-23 УН улсын дугаартай экскаватруудыг түрээсэлж нийт 280,891,500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 2018 оны 12 сарын 27-нд 153,000 төгрөг, 11 сарын 28-нд 2,000,000 төгрөг, 12 сарын 09-нд 5,000,000 төгрөг, 12 сарын 25-нд 18,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 5,000,000 төгрөг, нийт 30,153,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нийт 250,738,500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд тооцоо нийлсэн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн актаар 47,025,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 91,966,500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 75,900,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 66,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 11, 12, 15, 18, 21, 13, 14, 16, 17, 19, 20, 22 дугаар тал/

 

Түүнчлэн гэрээнд заасан тээврийн хэрэгслүүд болох Хьюндай-500 маркийн экскаватор болох 34-39УБ, 55-23 УН улсын дугаартай экскаваторыг тухайн хугацаанд түрээслүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 13, 14, 16, 17, 19, 20 дугаар тал/

 

 Гэрээний дагуу хариуцагч “Б.х.т” ХХК-иас 2018 оны 10, 11, 12, 2019 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 250,738,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК нь бусдаас хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нь зохигчийн эрхийн асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн эрхийн дагуу эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн мөнгийг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй, мөн хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар өмгөөллийн хөлсөнд 2,300,000 төгрөг төлсөн байх бөгөөд өмгөөлөгчийн зардалд 12,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Б.х.т” ХХК-иас түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр болох 250,738,500 төгрөгийг нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан.

 

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад  асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4 хуудас бичгийн нотлох баримт нэмж гарган өгч, гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргасан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасны дагуу даруй шийдвэрлэсэн.

 

Мөн зүйлийн 105.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болдог байна. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж, мөн хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

Хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гэрч оролцуулах хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоогүй байсан, эсхүл бололцоотой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны үед хүсэлт гаргасан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд нь өөрийнх нь хүсэлтийг хангаагүй үйл баримтыг “шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож хүсэлт гаргаж байгааг зөвтгөх боломжгүй байна.

 

Учир нь шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийн татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэрэг хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “татгалзан гаргах үндэслэл байхгүй” гэж хариулсан, ийнхүү хариулснаас хойш шүүгчийг татгалзах гаргах хүсэлт гаргах хүртэл хугацаанд “гэрч оролцуулах хүсэлт”-ийг хангаагүй шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгч татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хамааруулж байгаа болно.

 

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай.

 

Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзах гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос биш, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй болохыг тэмдэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Б.х.т” ХХК-иас 250,738,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,474,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.х.т” ХХК-иас 1,441,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б.Э.Э” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС