Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1494

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч “БХТ” ХХК-д холбогдуулан гаргасан машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 250 738 500 төгрөг, учирсан хохирол 12 500 000 төгрөг, нийт 263 238 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “БХТ” ХХК-тай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-г байгуулж 3493 УБ болон 5523 УН улсын дугаартай Хьюндай-500 маркийн 2 ширхэг экскаваторыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон нүүрс олборлолтод зориулан нэг бүрийн нэг сарын түрээсийн төлбөр 49 500 000 нийт 99 000 000 /НӨАТ болон 2 ээлжийн операторын цалин орсон/ төгрөг байхаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэлтэйгээр биелүүлж тухай бүр тооцоо нийлж хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байсан гэвч “БХТ” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. “БХТ” ХХК-тай бидний зүгээс дор дурдсанаар тооцоо нийлж тус бүр хоёр талаас тамга дарж баталгаажуулсан. “БХТ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний дагуу “Б” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 47 025 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. “БХТ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний дагуу “Б” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 91 966 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. “БХТ” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 75 900 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. “БХТ” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу “Б” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон тооцоо нийлж “БХТ” ХХК нь 189 738 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. “БХТ” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу “Б” ХХК-тай 2019 оны 01 сарын тооцоо нийлж “БХТ” ХХК нь 66 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний 4.5-д Түрээслэгч тал гэрээний 2.1-д заасан төлбөрийг Түрээслүүлэгчид заасан хугацаанд төлөх үүрэгтэй, Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасны дагуу хариуцагч “БХТ” ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 250 738 500төгрөг гаргуулж өгнө үү. Өмгөөллийн үйлчилгээний нийт төлбөрийг 12 500 000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэсний дагуу энэхүү төлбөрийг мөн шаардаж байгаа болно.

Дээр дурсан өмгөөллийн “Легал Полиси” ХХН-д төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй хэмээн заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн бол өмгөөллийн үйлчилгээ авч, илүү төлбөр төлөх шаардлага байхгүй байсан тул үйлчилгээний төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөр 250 738 500 төгрөг, учирсан хохирол 12 500 000 төгрөг, нийт 263 238 500 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Б” ХХК, Болд хүдэр транс ХХК нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан. О.Оюун-Эрдэнэ гэдэг хүн “Б” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл О.Оюун-Эрдэнэ нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “БХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Б.Амарболд гэдэг хүнд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Яагаад гэвэл гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь тухайн үед Амарболд гэдэг хүн байх ёстой байхад О.Оюун-Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэн шаарддаг. Гэтэл хэрэгт байгаа тооцооны актуудын он сар зөрдөг бөгөөд гэрээ нь дугааргүй хэрнээ тооцооны акт нь 15 гэсэн дугаартай байгаа учраас гэрээний үндсэн дээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрх нь тогтоогдохгүй. Одоо бол тооцоо нийлсэн акт нь хэрэгт хамааралгүй байдаг. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 12 500 000 төгрөг шаардаж байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Үүнийг учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд заавал өмгөөлөгчтэй оролцуулах албагүй, нэхэмжлэгчийн эрх юм. Тиймээс хохирол тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БХТ” ХХК-аас 250 738 500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 474 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БХТ” ХХК-аас 1 441 642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээ байгуулсан, үүнтэй бол маргахгүй. Харин анхан анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн 5 удаагийн тооцоо нийлсэн акт нь “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ” нь №15 гэсэн дугаартай гэж бичигдсэн. Харин талуудын хооронд байгуулсан, мөн хавтаст хэрэгт авагдсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээ нь ямар нэг дугааргүй болно. Харин “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр биш 12-ны өдөр гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрээ болон тооцоо нийлсэн гэх 5 удаагийн актанд бичигдсэн дугаар., байгуулсан cap, өдөр нь хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх 00874 тоот шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байна. “БХТ” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Амарболд байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээг “БХТ” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулж, тус гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн үйлдэл юм. Харин анхан шатны шүүх зөвхөн энэ талаар хариу тайлбартаа дурдаагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд шүүх тус хүсэлтийг өөрийнх нь хүсэлтийг хангаагүй нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож хүсэлт гаргаж байгааг зөвтгөх боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь гаргасан бол үндэслэлтэй эсэх, зөвтгөх боломжтой эсэхээс үл хамааран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн гэх таван удаагийн актын гуравт нь гарын үсэг зурсан “БХТ” ХХК-ний уурхайн дарга М.Б-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хэргийг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж “БХТ” ХХК-ийн уурхайн дарга М.Баасандоржийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах нь хүсэлтийг дахин гаргасан боловч, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн оролцогч нарт хуулиар олгосон эрхийг анхан шатны шүүх эдлүүлээгүй, хариуцагч талын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “БХТ” ХХК-д холбогдуулан “Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний үүрэгт 250 738 500 төгрөг, учирсан хохиролд 12 500 000 төгрөг, нийт 263 238 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигч компаниудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-гээр түрээслүүлэгч нь 34-93 УБ болон 55-23 УН улсын дугаартай Хьюндай-500 маркийн 2 экскваторыг нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтод түрээсээр ашиглуулах, түрээслэгч нь техник тус бүрийн нэг сарын түрээсийн төлбөрт 49 500 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээж, тооцоог 30 хоног тутам нийлж, 35 хоногт багтаан төлбөрийг шилжүүлж байхаар талууд харилцан тохиролцсон байна. /хх-8-10/

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “Б” ХХК нь гэрээний дагуу 2 экскваторыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашиглаж, гэрээнд зааснаар тооцоо нийлж байсан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд гэрээний дагуу түрээсийн зүйлийг нэгэнт авч ашиглан төлбөрийг төлөхөөр харилцан тооцоо нийлсэн тул гэрээг эрхгүй этгээд байгуулсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

            Гэрээний нөхцлийн дагуу 2 экскваторын түрээсийн төлбөрийг тооцвол нийт 280 891 500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүссэн байх бөгөөд үүнээс 30 153 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байна.

 

            Талууд тооцоо нийлсэн актыг гэрээний дагуу сар бүр үйлдсэн баримт хэрэгт авагдсанаас үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн актаар 47 025 000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн актаар 91 966 500 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн актаар 75 900 000 төгрөгийн, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн актаар 66 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг хариуцагч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна.

 

            Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэн, төлбөрийг гэрээнд зааснаар тооцон, сар бүрийн төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлэн баталгаажуулсныг үндэслэн 250 738 500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 12 500 000 төгрөгийг гэрээ зөрчигдсөнөөс учирсан шууд хохиролд тооцох үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 441 642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ