Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00769

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1494 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Машин механизм тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 250,738,500 төгрөг, учирсан хохирол 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ”-ний үүрэгт 250,738,500 төгрөг, учирсан хохиролд 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 250,738,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,474,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ХХК-иас 1,441,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1494 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,441,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1494 тоот магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч талын зүгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.1. 1494 тоот магадлалын хянавал хэсэгт “Талууд тооцоо нийлсэн актыг гэрээний дагуу cap бүр үйлдсэн баримт хэрэгт авагдсанаас үзвэл 2018.11.03-ны өдрийн актаар 47,025,000 төгрөгийн, 2018.12.18-ны өдрийн актаар 91,966,500 төгрөгийн, 2019.01.24-ний өдрийн актаар 75,900,000 төгрөгийн, 2019.02.21-ний өдрийн актаар 66,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг хариуцагч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна” гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон тооцоо нийлсэн гэх 5 удаагийн актан дээр бичигдсэн дугаар болон байгуулсан cap, өдөр нь хоорондоо зөрүүтэй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын төлөөлөгч нь хоёр өөр гэрээ /өөр харилцаа/ байгаа талаар мэдүүлсээр байхад шүүх уг баримтыг үнэлж 1492 тоот магадлалын үндэслэл болгосон хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй, харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т: Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

4.2. 1494 тоот магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “Б” ХХК нь гэрээний дагуу 2 эксковаторыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашиглаж, гэрээнд зааснаар тооцоо нийлж байсан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд гэрээний дагуу түрээсийн зүйлийг нэгэнт авч ашиглан төлбөрийг төлөхөөр харилцан тооцоо нийлсэн тул гэрээг эрхгүй этгээд байгуулсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй юм гэжээ. “Б” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь 2018.05.03-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Амарболд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Харин 2018.10.12-ны өдөр байгуулсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээг “Б” ХХК-г бүрэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл. Мөн тооцоо нийлсэн гэх таван актын удаагийн гуравт нь гарын үсэг зурсан М.Баасандорж болон Ж.Гантулга нарт хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс ямар ч эрх олгоогүй байхад тооцоо нийлсэн акт үйлдэх, түүнд гарын үсэг зурсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Харин анхан шатны шүүх энэ талаар: хариуцагчийг хариу тайлбартаа дурдаагүй, давж заалдах шатны шүүх талууд харилцан тооцоо нийлсэн гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзсэнд гомдолтой байгаа болно.

4.3. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэсэн үндэслэл бий болсон гэж үзэж шүүх хуралдааны үед шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийг өөрийнх нь хүсэлтийг хангаагүй нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож хүсэлт гаргаж байгааг зөвтгөх боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Харин хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бол үндэслэлтэй эсэх, зөвтгөх боломжтой эсэхээс үл хамааран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасны дагуу тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4.4. Хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн гэх таван удаагийн актын гуравт нь гарын

үсэг зурсан “Б” ХХК-ийн уурхайн дарга М.Баасандоржийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. /энэ хүсэлтээсээ шүүгчийн зөвлөгөө, ятгалгаас болж шүүх хуралдаан дээр татгалзсан/ Улмаар хариуцагч талын зүгээс 2020.04.22-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хэргийг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж “Б” ХХК-ийн уурхайн дарга М.Баасандоржийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг дахин гаргасан боловч, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн оролцогч нарт хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, мөн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 250,738,500 төгрөг, учирсан хохиролд 12,500,000 төгрөг, нийт 263,238,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 250,738,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 12,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2018.10.12-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр талууд “Хьюндай-500” маркийн 2 ширхэг экскаватор /34-93 УБ болон 55-23 УН улсын дугаартай/-ыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон нүүрс олборлолтод түрээсээр ашиглуулах, түрээсэлж буй техник хэрэгслийн нэг бүрийн нэг сарын түрээсийн төлбөр 49,500,000 төгрөг байхаар, үүнд НӨАТ болон 2 ээлжийн операторын цалин багтах, түрээслэгч тал түрээсийн төлбөрийг 30 хоногоор тооцоо нийлж, 35 хоногт багтаан шилжүүлж төлөхөөр харилцан тохиролцсон.

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчийн тайлбар, тооцоо нийсэн акт болон бусад баримтаар хариуцагч нь гэрээний дагуу, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд “Хьюндай-500” маркийн хоёр эксковаторыг түрээсэлж, түрээсийн төлбөрт нийт 280,891,500 төгрөг төлөхөөс 30,153,000 төгрөгийг төлж, 250,738,500 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй болох нь тогтоогджээ. 

11. Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасанд нийцсэн, шүүхүүд талуудын тооцоо нийлж, баталгаажуулсан актыг үндэслэн хариуцагч “Б” ХХК-аас түрээсийн төлбөрт 250,738,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин, нэхэмжлэгч өмгөөллийн хөлсөнд төлсөн гэж 12,500,000 төгрөг нэхэмжилсэн, шүүх уг хөлсийг гэрээний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2018.10.12-ны өдөр байгуулсан “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх” гэрээг “Б” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, ...шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзсаныг ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой, гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж хууль зөрчсөн гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, хоёр шатны шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хариуцагчийн гэрч асуулгах, шүүгчээс татгалзах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

13. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00874 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1494 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.10-ны өдөр төлсөн 1,441,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ