Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/00913

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БОАЖС, О.б.б.ү.хд Н.Ц-д холбогдох,

 

“Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Г миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Сүүлийн үед намайг хууль бус олон тушаал, шийдвэрүүдэд гарын үсэг зурахыг Байгаль орчин аялал жуучлалын сайдын туслах дарамталж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн Захиргаа, удирдлагын газрын дарга Р.Э удаа дараа өрөөндөө чамайг ажлаас хална гэж дарамтлах болсон. Миний ажил энэ хүнд огт хамааралгүй бөгөөд яагаад ингээд байгаа шалтгаан нь ойлгомжгүй, нэг бус удаа төрийн болоод нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хууль бус тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, Л.Гийн оронд томилогдох хүн нь хүлээгээд байна гэх мэтээр шахаж байсан ба тэр болгонд нь үл хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэх хүсэл зоригоо миний зүгээс илэрхийлсээр байсан.

Мөн сайдын туслах н.Г нь миний амралтын тушаалыг өгөхгүй, ажлаас халагдах өргөдлөө өг, өргөдлөө өгвөл амралтын тушаалыг нь өгнө гэх мэтээр удаа дараа дарамталсан. Энэ талаар шаардлагатай бол баримтаар нотлох бүрэн боломжтой.

Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Б/57 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалын талаар надад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх мэдэгдэж, миний бие 11 дүгээр сарын 22-ны өдөр тушаалаа гардаж авч, танилцсан. Тушаалд миний хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу тушаал гарахаас 4 өдрийн өмнө дуусгавар болгосон байсан.

Миний бие ажилд орсон цагаас хойш өдийг хүртэл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Сонирхолтой нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн утга агуулга бүхий өгүүлбэр тушаалд бичсэн байх юм. Энэ нь надад холбогдох хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд төдийлөн ач холбогдолгүй ч гэсэн миний бие ямар нэг байдлаар ёс зүйн зөрчил гаргаж байсан удаагүй болохоо тэмдэглэх нь нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажлын цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль болоод Үндэсний хорооны хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний дагуу ажилласан билээ.

            Үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар өөрчилж байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаараа Л.Г миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэртээ өөрчлөлт оруулсан байх бөгөөд өөрчилсөн шийдвэртэйгээ холбогдуулан шүүхэд хариу тайлбар гаргасан байна.

Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгсөн гэжээ. Гэтэл миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг, тэгвэл ээлжийн амралтын чинь тушаалыг гаргаж өгнө” гэж дарамталсан тул би аргагүйн эрхэнд тушаалаа гаргуулах зорилгоор ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан ба тушаал гармагц тэрхүү хүсэлтээ буцааж авсан болно.

Иймд хариуцагчийн Л.Гийн өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Миний ажил олгогчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болохыг тодорхойлов” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, Л.Гийн талаар өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан ба хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байсан.

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд /аblе-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар нэг сарын дотоод 10 цаг 17 минут ажлаас хоцорч хангалтгүй ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба тус тушаалд “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрчлөлт оруулсан.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар ажиллаж байсан Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цад “Миний бие Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албанд ажилладаг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж өгнө үү” гэж Өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг удирдлага болгосон.

Л.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны бичиг хэргийн дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 04-нд 504 дугаараар бүртгэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гад “Чөлөөлөх” гэж цохолт хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Гт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, сахилгын шийтгэл оногдуулсан. Учир нь нэгжийн алба хаагч нарт удаа дараа ёс зүйгүй хандсан, тус нэгжид ажиллаж байгаа болон чөлөөлөгдсөн албан тушаалтны амаар болон бичгээр хандсан гомдлыг үндэслэн тус яамны удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Үүнийг Л.Г нь өөрөө мэдэж байгаа бөгөөд танилцуулж, хүлээн зөвшөөрөхгүй бол бичгээр хариу өгч болно гэж сануулсан. Гэтэл Л.Г нь өөрөө тушаалыг хүлээн зөвшөөрч, хариу гаргасан зүйл байхгүй. Ингээд Л.Г нь би ээлжийн амралтаа аваад дараа нь өөрөө өргөдөл өгмөөр байна гэсэн учраас 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ээлжийн амралт олгох тухай сайдын тушаал гарсан байгаа. 10 дугаар сарын 04-ний өдөр Л.Г нь ажилдаа ирж, сайдад хандаж ажлаас гарах тухай гарын үсэг бүхий өргөдөл өгсөн. Энэ нь үндэсний хорооны бичиг хэрэгт хүртэл бүртгэгдсэн байгаа бөгөөд үүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тушаалд үндэслэл болгосон. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 17 цаг 17 минут ажлаас хоцорсон болох нь гарсан байгаа. Хүний нөөц нь өөрийнх нь өгсөн өргөдлийг тушаалд тусгаагүй байсан. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар Л.Гийн өөрийнх нь гаргасан өргөдлийг гэж Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасны дагуу тушаах хэсэгт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Л.Г нь өөрөө ээлжийн амралтаа авсны дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгмөөр байна гэсний дагуу ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаа тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Хариуцагчийг сайд гэдэг боловч яг томилох, чөлөөлөх тушаалыг гаргадаг боловч ажил олгогч нь Орчны бохирдол бууруулах Үндэсний хороо юм. Энэ талаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 116 дугаар захирамжаар тодорхой заасан байгаа. Нэхэмжлэлд ажилд эгүүлэн тогтоолгох гэж байгаа. Гэтэл ерөнхий сайдын тогтоолд ажлын алба нь албаны дарга, ажилтнуудтай байна гэж байгаа. Гэтэл Л.Гийн тушаал нь нэгжийн дарга гэж байгаа. Ерөнхий сайдын тогтоолыг үндэслэж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А95 дугаар сайдын тогтоолын дагуу Орчны бохирдол буруулах үндэсний хорооны бүтцийг шинэчлэн 8 хүний орон тоотой баталсан. Иймд уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цад холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, эрүүл мэндийн даатгалыг төлөөлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны “Захиргаа, хамтын ажиллагааны нэгж”-ийн даргаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар “Л.Гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны ахлах ажилтан  Л.Гийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2018/05 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Л.Гийн Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар ажиллаж байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Л.Гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай Б/57 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албан сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/299 дүгээр тушаал, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Тус яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны ахлах ажилтан Л.Г нь удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаа, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд /able-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт шалгалтаар тус тус тогтоогдож байгаа тул 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай...” гэж нэхэмжлэгч Л.Гийг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Л.Г миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Сүүлийн үед намайг хууль бус олон тушаал, шийдвэрүүдэд гарын үсэг зурахыг дарамталж, чамайг ажлаас хална гэж дарамтлах болсон.

...миний амралтын тушаалыг өгөхгүй, ажлаас халагдах өргөдлөө өг, өргөдлөө өгвөл амралтын тушаалыг нь өгнө гэх мэтээр удаа дараа дарамталсан. ...тушаалыг 11 сарын 22-ны өдөр гардаж авч, танилцсан. Тушаалд миний хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу тушаал гарахаас 4 өдрийн өмнө дуусгавар болгосон байсан.

Миний бие ажилд орсон цагаас хойш өдийг хүртэл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн.

Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн утга агуулга бүхий өгүүлбэр тушаалд бичсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд төдийлөн ач холбогдолгүй ч гэсэн миний бие ямар нэг байдлаар ёс зүйн зөрчил гаргаж байсан удаагүй болохоо тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин ажлын цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль болоод Үндэсний хорооны хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний дагуу ажилласан билээ.

            Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгсөн гэжээ. Гэтэл миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг, тэгвэл ээлжийн амралтын чинь тушаалыг гаргаж өгнө” гэж дарамталсан тул би аргагүйн эрхэнд тушаалаа гаргуулах зорилгоор ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан ба тушаал гармагц тэрхүү хүсэлтээ буцааж авсан болно...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, Л.Гийн талаар өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан ба хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байсан.

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ний хооронд /аblе-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар нэг сарын дотоод 10 цаг 17 минут ажлаас хоцорч хангалтгүй ажилласан.

...ажлаас нь чөлөөлсөн тус тушаалд “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан.

Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж өгнө үү гэж Өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг удирдлага болгосон.

Ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны бичиг хэргийн дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 04-нд 504 дугаараар бүртгэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гад “Чөлөөлөх” гэж цохолт хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

 

Ажил олгогч болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Орчин бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын үүрэгт ажлаас нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь ойлгомжгүй, өөр үндэслэлийг заасан байна.

 

Өөрөөр хэлбэл ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь ажил олгогч ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байна.

 

Ажилтны ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал буюу ажилтны ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч тал 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг гаргахаас өмнө ажилтанд хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдсэн гэх баримт тогтоогдохгүй байна.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгч Л.Гийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор тушаалдаа заагаагүй буюу тэтгэмж олгоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар Л.Гийг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг ажлын албаны даргад даалгасан боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Л.Г тухайн Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын ажил эрхэлж, хөдөлмөрийн зохих нөхцөлд тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, цалин авч байсан нь тогтоогдсон тул зохигч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 21.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-г зөрчихгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

            Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлээ удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон гэх үндэслэлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас халсан гэж үзэхээр байна.

 

            Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.

 

            Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээх бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээндээ ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй тул “ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халах хууль зүйн боломжгүй юм.

 

   Өөрөөр хэлбэл ажил олгогч шинээр томилсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, түүнчлэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн Л.Гийг удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Л.Гийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Л.Гийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гомдлоо Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалд гаргасан бөгөөд шүүх дээрх тушаалд гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын Б/63 дугаар тушаалаар Л.Гийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалд өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 гэж, Л.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гэж нэмж, ахлах ажилтан гэснийг захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн дарга гэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэснийг эхлэн чөлөөлсүгэй гэж тус тус өөрчилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална”, 38.1.1-д “ажилтан санаачилсан”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах боломжтой бөгөөд “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байх боловч уг өргөдлийг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

           

Нэхэмжлэгч Л.Г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 6,573,960 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Л.Гийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин 1,205,243 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 54,783 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.Гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Л.Гийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2019 оны 8, 9, 10 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Л.Гийн ажилгүй байсан ажлын 120 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6,573,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.Гт олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд нэхэмжлэгч Л.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+120,133 төгрөг/ нийт 190,333 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгж даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6,573,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгосугай

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  190,333 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС