Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00697

 

                                                                        Л.Г-ийн нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2031 дүгээр магадлалтай,         

Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбатад холбогдох          

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, Б.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие 2019.05.31-ний өдрөөс тус албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Сүүлийн үед намайг хууль бус олон тушаал, шийдвэрүүдэд гарын үсэг зурахыг Байгаль орчин аялал жуучлалын сайдын туслах дарамталж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн Захиргаа, удирдлагын газрын дарга Р.Эрдэнэбулган удаа дараа өрөөндөө чамайг ажлаас хална гэж дарамтлах болсон. Миний ажил энэ хүнд огт хамааралгүй бөгөөд яагаад ингээд байгаа шалтгаан нь ойлгомжгүй, нэг бус удаа төрийн болоод нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хууль бус тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, Л.Г-ийн оронд томилогдох хүн нь хүлээгээд байна гэх мэтээр шахаж байсан ба тэр болгонд нь үл хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэх хүсэл зоригоо миний зүгээс илэрхийлсээр байсан. Мөн сайдын туслах н.Ганзориг нь миний амралтын тушаалыг өгөхгүй, ажлаас халагдах өргөдлөө өг, өргөдлөө өгвөл амралтын тушаалыг нь өгнө гэх мэтээр удаа дараа дарамталсан. Энэ талаар шаардлагатай бол баримтаар нотлох бүрэн боломжтой. Ингээд 2019.11.15-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Б/57 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалын талаар надад 2019.11.18-ны өдөр анх мэдэгдэж, миний бие 11.22-ны өдөр тушаалаа гардаж авч, танилцсан. Тушаалд миний хөдөлмөрийн гэрээг 11.11-ний өдөр буюу тушаал гарахаас 4 өдрийн өмнө дуусгавар болгосон байсан. Миний бие ажилд орсон цагаас хойш өдийг хүртэл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн.

Харин ажлын цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль болоод Үндэсний хорооны хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний дагуу ажилласан билээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар өөрчилж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь 2019.12.26-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаараа Л.Г миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэртээ өөрчлөлт оруулсан байх бөгөөд өөрчилсөн шийдвэртэйгээ холбогдуулан шүүхэд хариу тайлбар гаргасан байна. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 зааснаар тодорхойлж, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгсөн гэжээ. Гэтэл миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг, тэгвэл ээлжийн амралтын чинь тушаалыг гаргаж өгнө гэж дарамталсан тул би аргагүйн эрхэнд тушаалаа гаргуулах зорилгоор ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан ба тушаал гармагц тэрхүү хүсэлтээ буцааж авсан болно. Иймд хариуцагчийн Л.Г-ийн өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Ажил олгогчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болохыг тодорхойлов гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, Л.Г-ийн талаар өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан ба хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байсан. Мөн 2019.09.02-ны өдрөөс 09.30-ны хооронд /аblе-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар нэг сарын дотоод 10 цаг 17 минут ажлаас хоцорч хангалтгүй ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.11.15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба тус тушаалд Тушаалд өөрчлөлт оруулах тухай 2019.12.26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрчлөлт оруулсан. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар ажиллаж байсан Л.Г нь 2019.11.04-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбатад миний бие Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанд ажилладаг 2019.11.04-ний өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж өгнө үү гэж өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 заасныг удирдлага болгосон. Л.Г-ийн 2019.11.04-ний өдрийн ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны бичиг хэргийн дэвтэрт 2019.11.04-нд 504 дугаараар бүртгэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар 2019.11.06-ны өдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулгад чөлөөлөх гэж цохолт хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Л.Г-йг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгж даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,573,960 төгрөгийг гаргуулан Л.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Л.Г болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Л.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,333 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2031 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Л.Г нь удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, 2019.09.02-ны өдрөөс эхлэн 09.30-ны өдрийг хүртэл нийт 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь Аble-дотоод сүлжээний цаг бүртгэлд хийсэн хяналт, шалгалтаар тус тус тогтоогдсон бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4.23.4.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл нэгжийн даргадаа мэдэгдэлгүйгээр ажлын 2 болон түүнээс дээш цагийг тасалж явсан бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ” гэж заасны дагуу Л.Г-т 2019.09.30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж тайлбар, саналаа ирүүлэх боломжоор хангасан. Гэтэл Л.Г нь хариуцлага хүлээхээс зайлсхийн 2019.10.07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/51 дүгээр ээлжийн амралт олгох тухай тушаал гаргуулан ээлжийн амралтаа аваад тайлбар, саналаа ирүүлээгүй тул ээлжийн амралттай байх хугацаанд түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй юм. Ийнхүү Л.Г нь ээлжийн амралтаа эдлээд ажилдаа эргэж орохдоо ажлаас гарах өргөдлөө 2020.11.04-ний өдөр нэг цэгийн үйлчилгээнд өгсөн, 2019.11.04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад хандан өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ гаргасан, 2019.11.06-ны өдөр сайд ажлын албаны дарга Ч.Гантулга руу чөлөөлөх хэмээн цохолт хийсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх "...ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон цаг хугацаа, тушаалын агуулга, зохигчийн тайлбар зэргийг харьцуулбал хариуцагчийн ...ажилтан санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэх тайлбар эргэлзээтэй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нь түүний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэхэд учир дутагдалтай, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-д “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ хэмээн заасан байдаг. Гэтэл Л.Г нь өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэлтээ өгсөн ба ажил олгогчийн ямар зүй бус нөлөөлөл байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх ажилтан санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар эргэлзээтэй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нь түүний өөрийн хүсэл зориг байсан гэхэд учир дутагдалтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн ажил олгогч нь тушаалын үндэслэлээ "...Л.Г нь удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаа, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь 2019.09.02-ны өдрөөс эхлэн 09.30-ны өдрийг дуустал хугацаанд /аblе-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Дээр дурдсан баримтууд нь хэргийн материалын 53, 57, 58, 65, 97, 102 зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар Л.Г-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл тухайн Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн дарга гэсэн орон тоо нь анхнаасаа байгаагүй ба энэ нь хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2018.06.20-ны өдрийн 116 дугаар захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/34 дүгээр тушаал зэргээс тодорхой харагддаг. Шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэхүйц байх байтал нэхэмжлэгчийн эгүүлэн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох боломж нөхцөлийг харгалзалгүйгээр шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Л.Г Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбатад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ ажлын байр буюу албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тухайлан ярьж тохирсон байх ёстой бөгөөд эдгээр нөхцөлүүд нь ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэр, ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлог зэргээс үл шалтгаалж аливаа хөдөлмөрийн гэрээнд нийтлэг, адил хэмжээгээр хамаардаг.

Аливаа гэрээ, хэлэлцээр нь талуудын хүсэл зоригийн адил тэгш илэрхийлэл байдгаас үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын хооронд нэгэнт тохирч байгуулсан бол түүнийгээ аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй болдог.

Хөдөлмөрийн гэрээгээр талууд эрх, үүргээ харилцан тохиролцохоос гадна, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг урьдчилан нэрлэн заасан бол хөндлөнгийн байгууллага тэдний хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн хувьд чиг баримжаа болгож, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлахаас гадна ажилтны гаргасан зөрчлийг нэг бүрчлэн тогтоохоос гадна энэ нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, холбогдох хуульд заасан зөрчилд хамаарах ёстой байдаг.

Л.Г-ийг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.11.15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017.10.26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/299 дүгээр тушаал, тус яамны хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг үндэслэн удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь 2019.09.02-ны өдрөөс 09.30-ны өдрийг дуустал хугацаанд /able-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар тус тус тогтоогдож байгаа тул 2019.11.11-ний өдрөөр дуусгавар болгон яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах ажилтны ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан өөрөө хүсэлт гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй болсон гэж хэд хэдэн үндэслэлийг заажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар Л.Гйг томилсон бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч тус албан тушаалд томилогдсон өдрөөс хойш ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй тул Л.Г-ийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж хууль зүйн хувьд дүгнэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.11.15-ны өдрийн Б/57 дугаар тушаалд дурдсан “...удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь 2019.09.02-ны өдрөөс 09.30-ны өдрийг дуустал хугацаанд /able-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар тус тус тогтоогдсон...” гэх үндэслэлүүд болон тайлбараа хариуцагч нотлож чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ. Л.Г-ийг тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ажил олгогч тушаалыг дараа нь өөрчилж, 2019.12.26-ны өдрийн Б/63 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалын 1-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.11.11-ний өдрийн Б/57 дугаар тушаалд дараах өөрчлөлт оруулсугай. 2-т Тушаалын үндэслэх хэсгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 гэсний өмнө 38.1.1 дэх заалт гэж, Сахилга хариуцлагыг сайжруулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/299 дүгээр тушаал гэсний дараа Л.Г-ийн 2019.11.04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, гэж тус тус нэмсүгэй гэсэн өөрчлөлт оруулжээ.

Л.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон цаг хугацаа, тушаалын агуулга, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан ажилтан санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар эргэлзээтэй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нь түүний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэхэд учир дутагдалтай талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын ажил албан тушаалд Л.Г-ийг эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд зөв тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Л.Г-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын албан тушаалд томилсон атлаа 2019.11.15-ны өдрийн Б/57 дугаартай “Л.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай”  тушаалдаа “...Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах ажилтан...” гэж зөрүүтэй бичсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.            

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА 

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД