Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1164

 

                                                                                                        

                                                                      Ү.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00708 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ү.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЖЭБ” ХХК--д холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл 72 852 796 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 74 852 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ү.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2018 оны 1  дүгээр сарын 18-ны өдрөөс “ЖЭБ” ХХК--ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийн нүүрсний ачилт буулгалтын талбайд нэхэмжлэгч Ү.У- нь өөрийн 0000УН, 0000УН, 0000УН дугаарын ачигч механизм болох ковшоор нүүрс ачиж буулгахаар “ЖЭБ” ХХК--тай тохиролцсон. Анх тохиролцохдоо нэг машин нүүрсийг ачиж буулгахад 120 юанаар тохиролцсон ба 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ба энэ хугацаанд 233 ачилт буулгалт хийсэн ба “ЖЭБ” ХХК--иас нийт 27.960 юань буюу 10.240.000 төгрөгийн ажил хийсэн. 2018 оны 03 сарын 21-ний өдөр ярихад удахгүй хийнэ гэсэн. 2018 оны 03 сарын 30-ны өдөр манай Голомтын дансанд мөнгө ороод ирлээ 1 дэх өдөр тооцоогоо хийгээд дуусгачих учраас Ү.У-ийг дахин талбай дээр ажиллах санал тавьсан. Ачилт буулгалт нь тухайн үед нэг бүрийн үнэлгээ нь 110 юань байсан 100 юаниар хийхээр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс ажил эхэлсэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 788 ачилт буулгалтыг хийсэн. Тэгээд өмнөх ачилтын хөлсийг төлөөгүй тул ачилтыг 110 юаниар хийхээр тохиролцсон. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 455 ачилт, буулгалт хийсэн. Мөн “ЖЭБ” ХХК--ийн гаалийн талбайг цэвэрлэх ачилт буулгалтыг 10 ачилтаар тооцож ачилт бурийг 110 юаниар тооцож хийсэн. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 131 ачилт, 2018 онь 8 дугаар сард 128 удаагийн ачилт буулгалт хийсэн. 9 дүгээр сард 623 удаагийн ачилт буулгалт хийсэн. Юаны ханшийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ханш болох 1 юань = 381.39 төгрөгөөр бодов. “ЖЭБ” ХХК- нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 50.000 юань буюу нийт 38.139.000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Одоо 72.852.796 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр төлөх дутуу байна. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ЖЭБ” ХХК--тай тохиролцоо хийж төлбөрөө төлөөгүй тохиолдолд нүүрсний ачилт буулгалтын тээвэрлэлтийг зогсоож бүх тооцоог 100% барагдуулсны дараа ажлыг хийхээр тохиролцсон. Мөн тохиролцоонд тооцоо нийлж “ЖЭБ” ХХК--ийн санхүүгээр баталгаажуулсан. 2018 оны 10 сарын 01-ний өдөр “ЖЭБ” ХХК--тай ковшийн ачилт буулгалтын тоог нийлсэн тухай баримт үйлдсэн. Ийм хариуцагч “ЖЭБ” ХХК--иас хөлсөөр ажилласны төлбөр 72.852.796 төгрөг хууль зүйн туслалцаа авсаны 2.000.000 төгрөг, нийт 74.852.796 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЖЭБ” ХХК- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зарим баримт бичиг компанийн оффис нүүсэнтэй холбогдуулан алга болсон байх бөгөөд энэхүү  нотлох баримтууд нь тус хэргийн тооцооллыг гаргахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэлд хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаагүй байх бөгөөд тус гэрээг харж байж бид анх тохиролцсон үнээ тодорхойлох боломжтой байхад дан ганц Ү.У-ийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээр тооцооллыг гаргах боломжгүй юм. Ачилт буулгалтын тоог нийлсэн баримт хэдий байгаа ч манай компанийн ажилтантай хуйвалдсан гэх үндэслэл бидэнд байгаа тул Ү.У-ийн ачилт буулгалт хийхэд бүртгэдэг хар дэвтрийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Захирлын зүгээс хотын оффист ажилладаг болохоор тухайн үед миний бие ихэнх төлбөрийг төлөөд барагдуулсан гэх ойлголттой байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэл ирэх үед л маш их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсныг мэдсэн даруйдаа бичиг баримтаа хайтал тухайн үед санхүү болон кемп хариуцаж байсан ажилтнууд ар гэрийн шалтгаантай гэх үндэслэлээр гэнэт ажлаа хаяж явсан тул дээрх нотлох баримтуудыг гаргуулж байж миний бие хариу тайлбараа өгөх хүсэлтэй байгааг ойлгоно уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч “ЖЭБ” ХХК--иас 72.852.796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.У-т олгож, үлдэх 2.000.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532.215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ЖЭБ” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 522.214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.У-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ЖЭБ” ХХК- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Гүйцэтгэх захирал И.Баттулга миний бие нэхэмжлэгч Ү.У-тэй 2018 онд нүүсний ачилт буулгалт хийлгэх амаар болон бичгээр ямар ч гэрээ, хэлцэл, хөлсөөр ажиллах гэрээ ч байгуулаагүй байхад хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгч Ү.У-ийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон хуурамч нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Нэхэмжлэгч Ү.У- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг тодорхойлохдоо “ЖЭБ” ХХК- буюу захирал н.Саран гэж тодорхойлсон байхад шүүх нь хэрэгт авагдсан “ЖЭБ” ХХК--ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэмд н.Саран гэдэг хүн бүртгэлгүй, н.Саран гэх хүн нь компанийг төлөөлөх эрх байхгүй. Миний бие аль ч шатны шүүхийн байгууллагад Саямандахын Батчимэг гэх хүнийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй бөгөөд шүүхэд авагдсан итгэмжлэлүүдийн болон шүүхэд өгсөн хариу тайлбар, захирлын тушаал гэх мэт баримтуудад зурагдсан компанийн гүйцэтгэх захирлын гарын үсгүүд зөрүүтэй, хуурамч байхад шүүх нь зөрүүтэй нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүй, хуурамч нотлох баримтыг үнэлж, дүгнэж хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ү.У- хариуцагч “ЖЭБ” ХХК--д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 72 852 796 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд өгсөн 2 000 000 төгрөг ниит 74 852 796 төгрөгииг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ү.У- нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаад хад дахь гаалийн хяналтын бүс дэх  хариуцагч “ЖЭБ” ХХК--ийн Нүүрсний ачилт буулгалтын талбайд өөрийн 0000УН, 0000УН, 0000УН дугаарын ачигч механизм болох ковшоор нүүрс ачиж буулгах,  “ЖЭБ” ХХК- нь хэлэлцэн  тохиролцсон хөлсөнд нэг машины ачилт буулгалтын хөлсийг 100-110 юаниар тооцож төлөх үүрэг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас гаргасан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрийг хуульд заавал бичгээр байгуулах талаар заагаагүй, талууд гэрээний гол нөхцлийг тохиролцсон болохыг тодорхойлсон болон ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан тул шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийн  хүчин төгөлдөр байдлын зөв дүгнэсэн  байна.

 

Компанийг төлөөлж Баярмагнай гарын үсэг зурж, “...”ЖЭБ” ХХК--ийн пүү 0000000 СТА000...” гэсэн тэмдэг дараастай “...ковшоор нүүрс ачиж буулгалтын тоог нийлсэн тухай”  бичмэл баримтад “...нийт 2507 ачилт буулгалт хийсэн байна. 1 дүгээр сарын 10 240 000 төгрөг ороогүй болно” гэсэн болон “...ковшийн түрээсийн тооцоог дутуу хийсэн, бүх тооцоог 100 хувь хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх...” агуулга бүхий Компанийн талбайн эрхлэгч З-ын гарын үсэг зурж “ЖЭБ” ХХК--ийн тамга бүхий бичмэл, мөн компанийн санхүүгийн тэмдэг бүхий “тооцоо хийх” гэсэн бичмэл нотлох баримтуудаар талууд гэрээний гол нөхцлийг тохиролцсон, ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал дээр дурдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байхаас гадна “...Ачилт буулгалтын тоог нийлсэн баримт хэдий байгаа...”, “...манай компанийн ажилтантай хуйвалдсан гэх үндэслэл бидэнд байгаа..., “Ү.У-ийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээр тооцооллыг гаргах боломжгүй...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Хариуцагч “ЖЭБ” ХХК- нь  С.Б итгэмжлэл олгож /хх-ийн 13, 60/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч тэрээр хэргийн 6-7 дугаар талд авагдсан дээрх баримтуудыг үгүйсгээгүй ба компанийг төлөөлж Н.Б, Компанийн талбайн эрхлэгч Н.З зэрэг хүмүүс хариуцагч байгууллагад ажилладаггүй гэх баримт хэрэгт байхгүй, “...”ЖЭБ” ХХК--ийн тооцоо нийлсэн нярав Н.Б одоог хүртэл хар дэвтрийг хөтөлж байгаа...”  гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч үгүйсгээгүй байна. /хх-ийн 52/

 Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр гар утас, аудио бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх боловч уг ажиллагаанд хариуцагч тал оролцоогүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон  нь буруу байхаас гадна Ү.У-ийн авто ачигчийн жолоочоор ажиллаж байсан гэх Б.М нарын гараар бичсэн тодорхойлолтууд, бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд хэрэгт авагдсан байх боловч энэ нь  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх дээрх тооцоо нийлсэн баримтууд нь “ЖЭБ” ХХК--ийн тамга, санхүүгийн тэмдэг, пүүний тэмдэг зэргээр баталгаажсан гэж зөв дүгнэсэн ба эдгээр баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн талбайд 2018 оны 1 дүгээр сард 10 240 000 төгрөгийн, 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 372 буюу 37 200 юанийн,  6 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 788 буюу 78 800 юанийн, 6 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 455 буюу 50 050 юанийн, 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 131 буюу 14 410 юанийн, 8 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 128 буюу    14 080 юанийн, 623 буюу 68 530 юанийн, талбайг цэвэрлэхэд 10 буюу 1 100 юанийн ачилт буулгалт хийсэн.

 

Дээрх байдлаас үзэхэд шүүх нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч талын төлсөн гэх  нийт 100 000 юанийг хасч  10 240 000 төгрөг, 164 170 юанийн үлдэгдэл төлбөр байна гэж үзсэн нь зөв байна.

 

Монгол Банкнаас зарласан 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ханшийг үндэслэн  1 юанийг  төгрөгт хөрвүүлж хариуцагч “ЖЭБ” ХХК--иас 72 852 796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.У-т олгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн ба харин өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй ба түүний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй гэж дүгнэн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгт олгосон 2 удаагийн итгэмжлэл болон хариуцагчийн тайлбар, “ЖЭБ” ХХК--ийн захирлын 2019 оны А/000 тоот тушаал зэрэг бичиг баримтад хариуцагч “ЖЭБ” ХХК--ийн 000000 гэсэн регистрийн дугаар бүхий СТА0000000000000000 гэсэн дугаартай тамга дарагдсан ба эдгээр бичиг баримтад захирал И.Б гарын үсэг зураагүй, гарын үсэг нь зөрүүтэй, хуурамч гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан  гаргаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гардуулсан  2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хариуцагч тал давж заалдах гомдол гаргах хугацааг тоолж, гомдлоо  гаргасан байх тул С.Б гэх хүнийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн “...манай компанид хувьцаа эзэмшигч биш ямар ч хамааралгүй хүмүүсийн гар утсанд үзлэг хийж үүнийгээ нотлох баримт болгосон...” гэх давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй боловч бусад бичмэл нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал тогтоогдож, хариуцагч тал тэдгээрийг үгүйсгэж чадаагүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00708 дугаар үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 522 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ