Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2020/00730

 

Ү.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00708 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1164 дүгээр магадлалтай,

Ү.Уийн нэхэмжлэлтэй

“Ж Э Б”ХХК-д холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл 72 852 796 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 74 852 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагвагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ү.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс "“Ж Э Б”" ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагаан хад дахь Гаалийн хяналтын бүсийн нүүрсний ачилт буулгалтын талбайд нэхэмжлэгч Ү.У нь өөрийн 2407УН, 2409УН, 8185УН дугаарын ачигч механизм болох ковшоор нүүрс ачиж буулгахаар "“Ж Э Б”" ХХК-тай тохиролцсон. Анх тохиролцохдоо нэг машин нүүрсийг ачиж буулгахад 120 юанаар тохиролцсон ба 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ба энэ хугацаанд 233 ачилт буулгалт хийсэн ба "“Ж Э Б”" ХХК-иас нийт 27.960 юань буюу 10.240.000 төгрөгийн ажил хийсэн. 2018 оны 03 сарын 21-ний өдөр ярихад удахгүй хийнэ гэсэн. 2018 оны 03 сарын 30-ны өдөр манай Голомтын дансанд мөнгө ороод ирлээ 1 дэх өдөр тооцоогоо хийгээд дуусгачих учраас Ү.Уийг дахин талбай дээр ажиллах санал тавьсан. Ачилт буулгалт нь тухайн үед нэг бүрийн үнэлгээ нь 110 юань байсан 100 юаниар хийхээр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс ажил эхэлсэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 788 ачилт буулгалтыг хийсэн. Тэгээд өмнөх ачилтын хөлсийг төлөөгүй тул ачилтыг 110 юаниар хийхээр тохиролцсон. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 455 ачилт, буулгалт хийсэн. Мөн "“Ж Э Б”" ХХК-ийн гаалийн талбайг цэвэрлэх ачилт буулгалтыг 10 ачилтаар тооцож ачилт бурийг 110 юаниар тооцож хийсэн. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 131 ачилт, 2018 онь 8 дугаар сард 128 удаагийн ачилт буулгалт хийсэн. 9 дүгээр сард 623 удаагийн ачилт буулгалт хийсэн. Юаны ханшийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ханш болох 1 юань = 381.39 төгрөгөөр бодов. "“Ж Э Б”" ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 50.000 юань буюу нийт 38.139.000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Одоо 72.852.796 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр төлөх дутуу байна. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "“Ж Э Б”" ХХК-тай тохиролцоо хийж төлбөрөө төлөөгүй тохиолдолд нүүрсний ачилт буулгалтын тээвэрлэлтийг зогсоож бүх тооцоог 100% барагдуулсны дараа ажлыг хийхээр тохиролцсон. Мөн тохиролцоонд тооцоо нийлж "“Ж Э Б”" ХХК-ийн санхүүгээр баталгаажуулсан. 2018 оны 10 сарын 01-ний өдөр "“Ж Э Б”" ХХК-тай ковшийн ачилт буулгалтын тоог нийлсэн тухай баримт үйлдсэн. Ийм хариуцагч “Ж Э Б”ХХК-иас хөлсөөр ажилласны төлбөр 72.852.796 төгрөг хууль зүйн туслалцаа авсны 2.000.000 төгрөг, нийт 74.852.796 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "“Ж Э Б”" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зарим баримт бичиг компанийн оффис нүүсэнтэй холбогдуулан алга болсон байх бөгөөд энэхүү нотлох баримтууд нь тус хэргийн тооцооллыг гаргахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэлд хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаагүй байх бөгөөд тус гэрээг харж байж бид анх тохиролцсон үнээ тодорхойлох боломжтой байхад дан ганц Ү.Уийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээр тооцооллыг гаргах боломжгүй юм. Ачилт буулгалтын тоог нийлсэн баримт хэдий байгаа ч манай компанийн ажилтантай хуйвалдсан гэх үндэслэл бидэнд байгаа тул Ү.Уийн ачилт буулгалт хийхэд бүртгэдэг хар дэвтрийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Захирлын зүгээс хотын оффист ажилладаг болохоор тухайн үед миний бие ихэнх төлбөрийг төлөөд барагдуулсан гэх ойлголттой байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэл ирэх үед л маш их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсныг мэдсэн даруйдаа бичиг баримтаа хайтал тухайн үед санхүү болон кемп хариуцаж байсан ажилтнууд ар гэрийн шалтгаантай гэх үндэслэлээр гэнэт ажлаа хаяж явсан тул дээрх нотлох баримтуудыг гаргуулж байж миний бие хариу тайлбараа өгөх хүсэлтэй байгааг ойлгоно уу гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00708 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч "“Ж Э Б”" ХХК-иас 72.852.796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Ут олгож, үлдэх 2.000.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532.215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "“Ж Э Б”" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 522.214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Ут буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1164 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00708 дугаар үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 522 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: ““Ж Э Б”” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ихбаряын Баттулга /РД:УУ90022415/-нь ““Ж Э Б”” ХХК-ийг Болдын Анар /РД:87042813/-тай хамтран 2017 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл компаний гүйцэтгэх захирлаар томилогдон компаний өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хуурамч нотлох баримтыг үндэслэж, хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, буруу дүгнэлт гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь хянаж дүгнэхдээ “нэхэмжлэгч талын хүсэлтээр гар утас, аудио бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх боловч уг ажиллагаанд хариуцагч тал оролцоогүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу” гэж дүгнэсэн мөн “манай компанид хувьцаа эзэмшигч биш ямар ч хамааралгүй хүмүүсийн гар утсанд үзлэг хийж үүнийгээ нотлох баримт болгосон” гэх гомдол нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байж хуулийг буруу хэрэглэж, анхан шатны хууль бус шүүхийн шийдвэрийг үлдээж, компанийг 72 852 796 төгрөгний төлбөрт оруулсанд гомдолтой байна. Учир нь компаний гүйцэтгэх захирал И.Баттулга нь нэхэмжлэгч гэх Ү.Утэй 2018 онд нүүрсний ачилт буулгалт хийлгэх амаар болон бичгээр ямар ч гэрээ, хэлцэл, хөлсөөр ажиллах гэрээ ч байгуулаагүй байхад хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгч гэх Ү.Уийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон хуурамч нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Нэхэмжлэгч гэх Ү.У нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг тодорхойлохдоо ““Ж Э Б”” ХХК буюу захирал Саран гэж тодорхойлсон байхад шүүх нь хэрэгт авагдсан ““Ж Э Б”” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэмд Саран гэдэг хүн бүртгэлгүй, Саран гэх хүн нь компанийг төлөөлөх эрх байхгүй байхад үүнийг үнэлж, дүгнэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж ИХШХШТХ-ийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр гаргаж, компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Мөн шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөвийг бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүй, нотлох баримтыг шаардлага хангахгүй нотлох баримтуудыг үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр юм. ““Ж Э Б”” ХХК- ийн гүйцэтгэх захирал И.Баттулга нь аль ч шатны шүүхийн байгууллагад Саямандахын Батчимэг гэх хүнийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй бөгөөд шүүхэд авагдсан итгэмжлэлүүдийн болон шүүхэд өгсөн хариу тайлбар, захирлын тушаал гэх мэт баримтуудад зурагдсан компаний гүйцэтгэх захирлын гарын үсэгүүд зөрүүтэй, хуурамч байхад шүүх нь зөрүүтэй нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүй, хуурамч нотлох баримтыг үнэлж, дүгнэж хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Ү.У нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүдтэй тооцоо нийлсэн хуурамч бичгийн нотлох баримт болон манай компанид хувьцаа эзэмшигч биш ямар ч хамааралгүй хүмүүсийн утсанд үзлэг хийж, үүнийгээ нотлох баримт болгож хэт нэг талын байр суурийг хамгаалж, хуулийг буруу хэрэглэж, компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 25-ны өдрийн 181 /ШШ2019/00708 дугаар үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч болон бусдад ойлгомжтой байх гэсэн зарчмыг алдагдуулсан шүүхийн магадлал байна. Иймд шийдвэр болон хууль бус магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ү.У, хариуцагч “Ж Э Б”ХХК-д холбогдуулан ажлын хөлсний дутуу 72 852 796 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд өгсөн 2 000 000 төгрөг ниит 74 852 796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 72 852 796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх боловч магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Ү.У нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс дэх “Ж Э Б”ХХК-ийн нүүрсний ачилт буулгалтын талбайд өөрийн 2407УН, 2409УН, 8185УН дугаарын ковшоор нүүрс ачиж буулгах, талбайг цэвэрлэж ачилт хийх, “Ж Э Б”ХХК нь 1 удаагийн ачилт буулгалтыг 100-110 юаниар тооцож хөлс төлөх тухай талуудын тохиролцоог ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Гэрээгээр тохирсны дагуу нэхэмжлэгч нь 2018.01.18-2018.09 сар дуустал хугацаанд 110 991 796 төгрөгийн ажил хийсэн, хариуцагч нь 100 000 юань төлсөн, 72 852 796 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бол захиалагч буюу “Ж Э Б”ХХК хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь хэрэгт байгаа баримтын хүрээнд нотлогдсон байна.

Шүүх хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохдоо ““Ж Э Б”ХХК-ийг төлөөлж Баярмагнайгийн гарын үсэг зурж, компанийн пүү 518335 СТА0288... гэсэн тэмдэг дарсан, бичмэл баримтад ...нийт 2507 ачилт буулгалт хийсэн байна. 1 дүгээр сарын 10 240 000 төгрөг ороогүй болно...” гэсэн мэдээлэл, “...ковшийн түрээсийн тооцоог дутуу хийсэн, бүх тооцоог 100 хувь хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх... агуулга бүхий компанийн талбайн эрхлэгч Золжаргалын гарын үсэг зурж “Ж Э Б”ХХК-ийн тамга бүхий бичмэл баримт, мөн компанийн санхүүгийн тэмдэг бүхий тооцоо хийх гэсэн баримтад тулгуурлан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх зохигч талуудад  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн  өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, магадлалд тусгажээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх ба харин магадлалын тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1164 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...181/ШШ2019/00708 дугаар гэсний дараа “шийдвэрийг хэвээр” гэж нэмж оруулан, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА