Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр             Дугаар 181/ШШ2019/00708                    Улаанбаатар хот

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5-р баг, Хайрхан хаягт оршин суугаа, Лувсан овогт Үрнээгийн  /рд:ХЙ70112565/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 1/8, Гурван гал худалдааны байр, 4 давхар, 404 тоот хаягт оршин байгаа, /рд:5185335/-д холбогдох,  

 

74,852,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 01 сарын 18-ны өдрөөс “Жэй Эс Би” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагаан хад дахь Гаалын хяналтын бүсийн нүүрсний ачилт буулгалтын талбайд нэхэмжлэгч Ү. нь өөрийн 2407УН, 2409УН, 8185УН дугаарын ачигч механизм болох ковшоор нүүрс ачиж буулгараах “Жэй Эс Би” ХХК-тай тохиролцсон.

Анх тохиролцохдоо нэг машин нүүрсийг ачиж буулгахад 120 юанаар тохиролцсон ба 2018 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ба энэ хугацаанд 233 ачилт буулгалт хийсэн ба “Жэй Эс Би” ХХК-иас нийт 27,960 юан буюу 10,240,000 төгрөгийн ажил хийсэн.

Энэ төлбөрийг цагаан сарын өмнө төлнө гэсэн боловч төлөөгүй. Дараа нь шинийн 8-нд ажил цуглахаар өгнө гэсэн боловч өгөөгүй. Талбай хариуцсан менежер Базар болон нягтлан бодогчтой удаа дараа ярьсан боловч янз бүрийн зүйл ярьж өгнө түр байж бай гэдэг байсан.

2018 оны 03 сарын 10-нд захирал Саран тухайн талбай дээр ирэхэд Базар захирал ирчихлээ өөрийн биеэр уулз гэсэн. Тэгээд очиж уулзахад 10 хоногийн дараа тооцоог хийнэ гэж ярилцаж салсан. 2018 оны 03 сарын 21-ний өдөр ярихад удахгүй хийнэ гэсэн. 2018 оны 03 сарын 30-ны өдөр манай Голомтын дансанд мөнгө ороод ирлээ 1 дэх өдөр тооцоогоо хийгээд дуусгачих учраас ийг дахин талбай дээр ажиллах санал тавьсан.

Ачилт буулгалт нь тухайн үед нэг бүрийн үнэлгээ нь 110 юан байсан 100 юанаар хийхээр тохиролцсон. 2018 оны 03 сарын 30-ны өдрөөс ажил эхэлсэн 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл 788 ачилт буулгалтыг хийсэн. Тэгээд өмнөх ачилтын хөлсийг төлөөгүй тул ачилтыг 110 юанаар хийхээр тохиролцсон.

2018 оны 06 сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл 455 ачилт, буулгалт хийсэн. Мөн “Жэй Эс Би” ХХК-ийн гаалийн талбайг цэвэрлэх ачилт буулгалтыг 10 ачилтаар тооцож ачилт бүрийг 110 юанаар тооцож хийсэн.

2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 07 сарын 19-ний өдөр хүртэл 131 ачилт, 2018 оны 08 сард 128 удаагийн ачилт буулгалт хийсэн. 09-р сард 623 удаагийн ачилт буулгалт хийсэн. Хийсэн ажлыг хүснэгтээр илэрхийлвэл:

Д/д

Хугацаа /2018 он/

Ачилт буулгалтын тоо

Нэг бүрийн тохиролцсон үнэ /Юанаар/

Нийт үнэ /Юанаар/

Нийт үнэ /Төгрөгөөр/

1

1 сар

233

 

 

10,240,000

2

3 сарын 30 – 4 сарын 18

372

100

37,200

14,187,708

3

6 сарын 10 – 6 сарын 18

788

100

78,800

30,053,532

4

6 сарын 19 – 06 сарын 30

455

110

50,050

19,088,569.5

5

7 сарын 01 – 7 сарын 19

131

110

14,410

5,495,829.9

6

8 сард

128

110

14,080

5,369,971.2

7

9 сард

623

110

68,530

26,136,656.7

8

Талбайг цэвэрлэх ачилт буулгалт

10

110

1,100

419,529

 

 

 

 

 

110,991,796

Юаны ханшийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2018 оны 03 сарын 30-ны өдрийн ханш болох 1 юан  = 381.39 төгрөгөөр бодов.

нь 2018 оны 04 сарын 21-ний өдөр 50,000 юан, 2018 оны 09 сарын 11-ний өдөр 50,000 юан буюу нийт 38,139,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Одоо 72,852,796 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр төлөх дутуу байна.

2018 оны 09 сарын 15-ны өдөр “Жэй Эс Би” ХХК-тай тохиролцоо хийж төлбөрөө төлөөгүй тохиолдолд нүүрсний ачилт буулгалтын тээвэрлэлтийг зогсоож бүх тооцоог 100% барагдуулсны дараа ажлыг хийхээр тохиролцсон. Мөн тохиролцоонд тооцоо нийлж “Жэй Эс Би” ХХК-ийн санхүүгээр баталгаажуулсан. 2018 оны 10 сарын 01-ний өдөр “Жэй Эс Би” ХХК-тай ковшийн ачилт буулгалтын тоог нийлсэн тухай баримт үйлдсэн.

Иймд хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас хөлсөөр ажилласны төлбөр 72,852,796 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны 2,000,000 төгрөг, нийт 74,852,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанийн зарим баримт бичиг компанийн оффис нүүсэнтэй холбогдуулан алга болсон байх бөгөөд энэхүү нотлох баримтууд нь тус хэргийн тооцооллыг гаргахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Нэхэмжлэлд хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаагүй байх бөгөөд тус гэрээг харж байж бид анх тохиролцсон үнээ тодохойлох боломжтой байхад дан ганц Ү.ийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээр тооцооллыг гаргах боломжгүй юм.

Ачилт буулгалтын тоог нийлсэн баримт хэдий байгаа ч манай компанийн ажилтантай хуйвалдсан гэх үндэслэл бидэнд байгаа тул Ү.ийн ачилт буулгалт хийхэд бүртгэдэг хар дэвтрийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна.

Захирлын зүгээс хотын оффист ажилладаг болохоор тухайн үед миний бие ихэнх төлбөрийг төлөөд барагдуулсан гэх ойлголттой байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэл ирэх үед л маш их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсныг мэдсэн даруйдаа бичиг баримтаа хайтал тухайн үед санхүү болон кемп хариуцаж байсан ажилтнууд ар гэрийн шалтгаанаар гэх үндэслэлээр гэнэт ажлаа хаяж явсан тул дээрх нотлох баримтуудыг гаргуулж байж миний бие хариу тайлбараа өгөх хүсэлтэй байгааг ойлгоно уу гэжээ.  

­­­­­­­­

ҮНДЭСЛЭХ нь:­­

 

Нэхэмжлэгч Ү. нь хариуцагч “Жэй Эс Би” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 72,852,796 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 74,852,796 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ү.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэг. Зохигч талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-1-2х/, /хх-20х/, хэрэгт авагдсан “Жэй Эс Би ХХК-тай ийн түрээсийн ковшийн ачилт буулгалтын тоог нийлсэн тухай” /хх-6х/, “JSB ХХК-д хүсэлт гаргах нь” /хх-7х/, “Тооцоо хийх” /хх-7х-арын нүүр/ зэрэг бичгийн нотлох баримт, үзлэг хийж бэхжүүлсэн Ви чат /We chat/-аар харилцсан текст, аудио бичлэг /хх-62-63, 64-94х/ зэргээс үзэхэд Ү. нь өөрийн өмчлөлийн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс зөөвөрлөн “Жэй Эс Би” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаад хад дахь гаалийн хяналтын бүсэд буулгах, нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд үүссэн дээр харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй учир талуудын амаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд нэхэмжлэгч Ү. нь хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг шаардах эрхтэй юм.

Шүүх нэхэмжлэгч Ү.ийн нэхэмжлэлдээ дурдсан үлдэгдэл төлбөр болох 72,852,796 төгрөгийн дүнгийн тооцооллыг “Жэй Эс Би ХХК-тай ийн түрээсийн ковшийн ачилт буулгалтын тоог нийлсэн тухай”, “JSB ХХК-д хүсэлт гаргах нь”, “Тооцоо хийх” зэрэг бичгийн нотлох баримт, үзлэг хийж бэхжүүлсэн Ви чат /We chat/-аар харилцсан текст, аудио бичлэг зэрэгтэй харьцуулан үзээд үнэн зөв байна дүгнэх үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч талын “...бид анх тохиролцсон үнээ тодорхойлох боломжтой байхад дан ганц Ү.ийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээр тооцооллыг гаргах боломжгүй юм”, “Ачилт буулгалтын тоог нийлсэн баримт хэдий байгаа ч манай компанийн ажилтантай хуйвалдсан гэх үндэслэл бидэнд байгаа...” гэсэн тайлбар, татгалзал няцаагдсан болно.

Тайлбарлавал:

а/. Нэхэмжлэгч Ү. нь хариуцагч “Жэй Эс Би” ХХК-ийн гаалийн хяналтын талбай хариуцсан захирал гэх н.Саранд 2018 оны 07 сарын 05-ны өдөр Ви Чат /We chat/-аар “1 сарын 18-26-ны хүртэл 10,240,000 төгрөг. 3 сарын 30 - 4 сарын 18 хүртэл 372 х 100 = 37,200 юань. 6 сарын 10 – 18 хүртэл 788 х 100 = 78,800 юань. 6 сарын 19 – 7 сарын 3 хүртэл 530 х 110 = 58,300 юань. 2 ковш талбайд 1.2 цаг х 2 = 2.4 цаг ажилласан. Цагийн 4 читоноор тооцохоор тохиролцсон ба 10 читон х 100 = 1,000 юань. Ингээд бүгд 37,200 + 78,800 + 58,300 + 1,000 = 175,300 юань + 10,240,000 төгрөг. Ийм тооцоо байна” гэж, мөн 2018 оны 07 сарын 30-ны өдөр Ви Чат /We chat/-аар “Сайна уу тооцоо хэзээ вэ нийт 128,150 юань + 10,240,000 төгрөг үлдэгдэл байна” гэж тус тус бичихэд нь н.Саран нь “Сайн байна уу Урнаа эгчээ. Би өчигдөр эмнэлгээс гарлаа, хүүгээ хэд хоног харж байгаад 1, 2 өдрөөс ажилдаа орноо. Тэгээд төлбөрийг нь бүтэн төлнөө”, “Баярлалаа Урнаа эгчээ” гэж хариу бичсэн байна.

Үүнээс үзэхэд хариуцагч тал нь У.ийн гаргасан тооцоолол, дүнд маргаагүй, төлбөрийг бүтэн төлөхөөр зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна. 

Түүнчлэн, тооцоо нийлсэн баримтууд нь “Жэй Эс Би” ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг, пүүний тэмдэг зэргээр баталгаажсан байхаас гадна хариуцагчийн гаргасан “манай компанийн ажилтантай хуйвалдсан” гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

б/. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан тооцоолол нь хариуцагч талтай тооцоо нийлсэн баримтанд дурдагдсан ачилт, буулгалтын тоо, үнэтэй тохирч байхаас гадна хариуцагч тал нь нэхэмжлэгч талын тооцооллыг эс зөвшөөрсөн тайлбарыг өгдөг боловч өөрийн зүгээс аливаа тооцоолол гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талын тооцооллыг баримтаар нотлоогүй.

“Тооцоо хийх” гэсэн баримтанд “Тооцоо хийх нь” гээд “9 сарын тооцоо” гэж бичсэн байх тул тооцоо нийлсэн баримтууд болон талуудын Ви чат /We chat/-аар харилцсан текст, аудио бичлэгт дурдагдаагүй 623 х 110 = 68,530 юань гэсэн дүнг уг 9 сарын тооцоо гэж үзэхээр байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас нэхэмжлэгч Ү.т төлөх нийт ажлын хөлс нь 10,240,000 төгрөг + (372 + 788) х 100 + (455 + 131 + 128 + 623 + 10) х 110 = 10,240,000 төгрөг + 116,000 юань + 148,170 юань = 10,240,000 төгрөг + 264,170 юань болж байна.

Үүнээс хариуцагч тал 50,000 юанаар 2 удаа буюу нийт 100,000 юань төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул 10,240,000 төгрөг + 164,170 юанийн үлдэгдэл төлбөр байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан “Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа”-наас үзэхэд 2018 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар 1 юань нь 381.39 төгрөгтэй тэнцэж байх тул 164,170 юань нь 62,612,796 төгрөгтэй тэнцэх тооцоолол гарч байна.

Иймд хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас 10,240,000 + 62,612,796 = 72,852,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.т олгон шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь тэдгээрийн өөрсдийн сонголт байдаг тул үүнтэй холбоотой гарсан өмгөөлөгчийн ажлын хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гурав. Хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

а/. Хариуцагчийн төлөөлөгч С.Батчимэг нь 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 03 сарын 11-ний өдөр мэдсэн болох нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Батчимэг нь тус шүүхэд хандан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан байх боловч “Жэй Эс Би” ХХК-ийн захирал аудит оруулахаар шийдвэрлэсэн, С.Батчимэгийг томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй юм.

Учир нь шүүх аливаа компанийн ажлын чөлөө цагт тохируулан шүүх хурал явуулах үүрэг хүлээхгүй бөгөөд харин аливаа компани шүүх хуралдаан товлогдсон цагт тохируулан өөрийн ажлыг зохион байгуулах учиртай.

Түүнчлэн, хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө өөр хүнийг томилолтоор ажиллуулах, эсхүл өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох замаар товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжтой байжээ.

б/. Шүүх 2019 оны 03 сарын 01-ний өдөр “Жэй Эс Би” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн талбайн нярав н.Баярмагнайгийн хөтөлдөг гэх хар дэвтрийг тус шүүхэд 2019 оны 03 сарын 11-ний өдрийн дотор ирүүлэхийг хариуцагчид даалган захирамжилсан.

2019 оны 03 сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хурал шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй үндэслэлээр хойшилж, 2019 оны 03 сарын 25-ны өдөр товлогдсон.

Ийнхүү захирамж гарснаас хойш 25 хоногийн хугацаанд шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй тул нэхэмжлэгч нь уг нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ “Тооцоо нийлсэн баримтууд, Ви чат /We chat/-аар харилцсан текст, аудио бичлэгээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдох учир заавал хар дэвтэр шаардлагагүй” гэсэн үндэслэлээр татгалзсан.

Иймд захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас 72,852,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.т олгож, үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жэй Эс Би” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 522,214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.т буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.