Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/MA2017/0222

 

   

 

 

 

 

 

 

 

 

“Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэцэн” ХХК “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актаар ногдуулсан 11.743.562 төгрөгийн төлбөрөөс 166.526 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 тоот акт”-ын 2.080.761 төгрөгийн торгууль, 2.764.751 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6.560.523 төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Партизаны нутаг” ХХК-с 67.839.600 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал буюу барилгын цахилгаан хэрэгсэл худалдаж авахаар зарлагын падаан бичүүлж аваад 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 624 дугаартай орлогын ордероор 74.622.900 төгрөг тушааж, мөн өдрөө НӨАТ-ын 0012308654 дугаартай падааныг бичүүлж аваад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн болох нь хоёр талын гэрээгээр нотлогдож байхад шүүх үүнд бодит дүгнэлт хийсэнгүй. Хавтас хэрэгт “Сэцэн” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, 2012 онд Орхон аймгийн Татварын хэлтэст гаргаж өгсөн аж ахуйн орлогын болон НӨАТ-ын тайлангууд, “Партизаны нутаг” ХХК-ийн НӨАТ-ын тайлан, нэхэмжлэгч “Сэцэн” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёрын хооронд хийгдсэн бараа нийлүүлэх гэрээ, эдгээр баримтуудаа үндэслэн энэ талаарх тайлангаа тухайн ондоо үнэн зөвөөр гаргаж өгсөн тухай баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдсоор байтал энэ талаар шүүх дүгнэлт хийсэнгүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 482 дугаартай “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд ч “Сэцэн” ХХК-ийн тухай огт дурдаагүй байхад “Партизаны нутаг” ХХК-д тухайн дүүргийн татварын улсын байцаагчийн тогтоосон актыг үндэслэн “Сэцэн” ХХК-ийг буруутгаж байгаа явдал нь зүйд нийцсэнгүй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасанчлан татварын улсын байцаагч нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын Татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй” болохыг тухайлан заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон”  байхад шүүх үүнд мөн дүгнэлт хийсэнгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-ын 52-3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэжээ. Гэтэл Татварын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102-ын 1 дүгээр хавсралтыг шүүх үндэслэж байгаа явдал нь хуулийн дээрх заалтуудыг зөрчлөө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү”  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар нь “Сэцэн” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 тоот актаар 11.743.562,70 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч  хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Татварын улсын байцаагчийн актын 1.1, 2.2 дахь заалтаар тогтоосон нөхөн татвар, торгууль, хүү, алданги болох 166.526,70 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж үлдэх хэсэгт нь дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ төлбөрийн хэмжээг буруу тогтоосон байна.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын 2.1 дэх заалтаар нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийг 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй худалдан авалтанд оруулж хассан 67.839.000 төгрөгийн зөрчилд 6.783.900 төгрөгийн нөхөн татвар, 2.035.170 төгрөгийн торгууль, 2.757.966 төгрөгийн алданги ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ               “2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0012308654 тоот падаанаар “Партизаны нутаг” ХХК-иас 67.839.000 төгрөгийн худалдан авалт хийсэн, худалдаж авсан бараагаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн зэрэг нь санхүүгийн баримтаар нотлогдсон гэж” тайлбарласан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан бөгөөд  “Сэцэн” ХХК нь “Партизаны нутаг” ХХК-аас худалдан авалт хийсэн, бараа материалын үнийг төлсөн нь нотлогдохгүй байна. Тодруулбал,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлд заасан анхан шатны баримтын бүрдэл дутуу, өөрөөр хэлбэл бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн болон бараа материалын орлого авсан баримтгүй, бараа материалын тайланд тусгаагүй, хэрэгт “Партизаны нутаг” ХХК-ийн зарлагын баримт болон орлогын ордер байх ч дээрх компани “Сэцэн” ХХК-д 67.839.000 төгрөгийн хий бичилттэй падаан олгосон нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/0000228  дугаар акт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар удирдамжийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Татварын хяналт шалгалт хийх томилолтоор” Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Сэцэн” ХХК-д шалгалт хийсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй.

Ийнхүү Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 тоот актын 2.1 дэх заалт Татварын ерөнхий хуульд нийцсэн байх тул “хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байхад шүүх дүгнэлт хийгээгүй, татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон заалтыг зөрчсөн, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалыг үндэслэсэн нь буруу” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин шүүх Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэхдээ нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн  166.526,70 төгрөгт багтсан торгууль алданги, хүүг нэмж тооцсон дүнгээр тогтоосон нь буруу байх тул өөрчлөлт оруулж актын 2.1-т зааснаар ногдуулсан 2.035.170 төгрөгийн торгууль, 2.757.966 төгрөгийн алданги төлөхөөс өршөөх нь зүйтэй.

Түүнчлэн актын 2.1 дэх заалтаар 6.783.900 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан, энэ нь хууль зүйн үндэслэлтэй талаар шүүх дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрт “6.560.523 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд дээрх хэмжээнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдаа гаргасан байх тул зөвтгөж  шийдвэрлэлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “66 дугаар зүйлийн 66.1” гэснийг “109 дүгээр зүйлийн 109.2” гэж,  2 дахь заалтын “2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6.560.523 төгрөг болгон багасгасугай” гэснийг “2.035.170 төгрөгийн торгууль, 2.757.966 төгрөгийн алданги төлөхөөс “Сэцэн” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                           

                                ШҮҮГЧ                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                             Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН